Сайн ном гэдэг уншигчийг бодлын чандад хүргэдэг хөтөч юм даа. Анх ийм ном байдаг гэдгийг мэдсэн хэр нь төдийлөн ойшоосонгүй. Гэвч зураг хөрөг нь анхаарал татсан тул эхний нүүрийг сөхлөө. “Айл бүхэнд этгээд сонин, хаанаас гараад ирсэн, яагаад тэнд байдаг нь ч сайн ойлгогдохгүй, нэг тийм нууцлаг гэмээр эмэгтэйчүүд байдаг” хэмээн намуухнаар эхлэх энэ номын амт шимтэнд ороод, нэг л мэдэхнээ “Гэвч эцсийн мөчид нэгэн зохист уянгалаг жиргээг сонсоод царай нь гэрэлтэн, улам тодоор инээмсэглэсэн нь тэр аялгуу танил дотно санагдсаных байлаа. Урт замыг туулж өөрийг нь зорин ирсэн энэхүү эрхэм дотно найз нь олон жилийн өмнөөс хань нөхөр болж, зүрхэнд нь уяатай байсан аялгууг түүнд зориулан дуулан жиргэсээр л” хэмээх эцсийн мөрийг уншингаа гуниг, харуусал сүлэлдсэн харцаар номоо цоо ширтэн сууж байх нь тэр ээ.
Энэхүү зохиолыг Элена Алонсо Фрайле 1939 онд болсон бодит түүхээс сэдэвлэн бичжээ. Зохиолчид талархууштай нь:
- Миний хувьд түүхэн зохиол гэхээр л утга учиргүй он сар дурдаад, дарааллаар нь тоочин урсгадаг гэсэн ташаа бодол гүн бат суучихсан байж. Гэтэл энэ зохиол тийм байсангүй. Тэртээх 39 оны үйл явдлыг орчин үеийн явдалтай сүлэлдүүлэн тун чадмаг дүрсэлжээ. Яг л үлгэр домог сонсож суугаа мэт ер бусын гайхалтай мэдрэмж төрнө.
- Дайны тухай зохиолуудын дийлэнх нь ядуурал, өлсгөлөн гэх мэт материаллаг зүйлсийн талаар өгүүлдэг бол энд хүний сэтгэл рүү өнгийжээ. Өнгийх өнгийхдөө маш мэдрэмжтэй, товч тодорхой дүрсэлсэн нь үнэхээр биширмээр санагдлаа.
Агуулгын хувьд ердөө л 39 оны дайны золиос болсон Вена хотын “Дууч хөвгүүд” найрал дууны чуулгынхны, тэр дундаа Густав хүүгийн хувь заяа, түүнийг хожим сонсоод өөрийнхөө хүлээсийг тайлж дууч бялзуухай шигээ харанхуй торноос дүүлэн ниссэн Начо хүүгийн сэтгэл хөдлөм бяцхан түүх аж. Тиймээс үүнийг төлөвшлийн зохиол гэчихмээр ч юм шиг. Бид үргэлж л гомдол, цөхрөлөө урдаа барьж өөрийгөө зөвтгөх гэдэг бололтой. Чамайг тэгсэн болохоор чинь ингэсэн, чи л тэгдэг шүү дээ гээд л. Тэгээд өөрөө өөрийгөө харанхуйд түгжиж, бусдыг таних нь битгий хэл өөрийнхөө хэн болохыг ч мэдэлгүй амьдарсан болоод дуусдаг юм шиг. Ингэхэд бид хувь заяаныхаа эзэн нь юм уу эсвэл тоглоом нь юм уу. Дүүлэн нисэх далавч байсаар атал би чадахгүй гээд суугаад байдаг, эргэн тойрноо хар бараанаар харчхаад цухалдаж суудаг.
Товчхондоо амьдрахад хэцүү тийм дэндүү давчуу ертөнцийг бид өөрсдөө л бүтээдэг юм уу даа.
Түүнчлэн нээрээ тийм дээ гэж санал нийлээд, санаа алдмаар олон эшлэл таарснаас зарим нэгийг нь та нартайгаа хуваалцъя.
- Ялангуяа ямар нэг хэрэгт хутгалдчих вий гэж эмээх зүйлгүй, хэнтэй л бол хэнтэй чөлөөтэй харилцаж болдог, австри, герман аль нь болох нь хэнд ч хамаагүй, хөгжмийн хэлээр бүгд торохгүй ойлголцдог, олон хэлийн тийм гайхалтай газар оронд очихыг хүсэх ажээ. х.19
- Тэнгэрт солонго татах эсвэл од харвахыг харах тоолондоо хүүгээ бодож байх болно, тэд л биднийг ойртуулж өгнө. Солонго, харваж буй оддод улс орон, хил хязгаар хамаагүй, тэд бүх газар адилхан гэрэлтэнэ. х.66
- Энэ хувь тавиланг хэн зурж, яаж ийм тохиол бий болдог талаар өнөөдөр бид маргахгүй. Хувь тавилан гэнэ үү, тохиолдол гэнэ үү, юу ч гэсэн яах вэ. Гол нь бүх зүйл биднээс шалтгаалсангүй, бид түүхийн урхинд унасан хүмүүс. х.135
- Сэтгэл зогоох юм юу ч байсангүй, гэвч түүний ганцаардал эдгээрээс хавь илүү сэтгэлийг нь өвтгөдөг байв. Ганцаардал нь энэ ертөнцөөс ангид хэн нэгнийх ч юм шиг санагдана. Энэ хорвоод огт хамааралгүй ганцаардал мэт. х.155
Эцэст нь, “Дэлхийн хаанаас ч нэг л янзаар, бүгдээрээ адилхан харж чадах зүйлст би хайртай. Яагаад гэвэл энэ бүхэн бидэнд харь холын оронд юу болж буй тухай бодох хязгааргүй төсөөлөл өгдөг. Мөн хүмүүс бид заримдаа өөрсдийн зохиосон хил хязгаар гэгч зүйлээсээ болж ямар өөдгүйгээр нэг нэгэндээ зэрлэг балмад хандаж, арсалдаж байдгийг ч сануулдаг.” хэмээх зохиолчийн эрхэм нандин үгсийг дайя.
Та "Дууч хөвгүүд" номын подкастыг сонсохыг хүсвэл ЭНД дарна уу.
Б.Батцэцэг
СЭТГЭГДЭЛ