Английн хатан хааны төрсөн өдрийн (зургаадугаар сарын есөн) хүндэт зочдын нэрсийн жагсаалтад Нобелийн шагналт Казүо Ишигүро багтжээ. Учир нь английн Лордуудын танхимаас түүнд Сэр цол олгох болсонтой холбоотой аж. Энэ цолыг зөвхөн хатан хааны харьяатуудад олгодог бөгөөд эрэгтэйчүүдэд нь Сэр, эмэгтэйчүүдэд Дам гэдэг хэргэм хүртээдэг ба цолоо нэрийн хамт дуудуулдаг байна.
Түүний уран зохиолд оруулсан хувь нэмрийг нь үнэлж энэхүү шагналыг олгож буй ажээ. Үүнээс өмнө Казүо Ишигүро “Бүдгэрэн харагдах толгод” (“A Pale View of Hills”), “Хөвөгч ертөнцийн уран бүтээлч” (“An Artist of the Floating World”) зохиолуудаараа Мэн Бүкерийн шагналд нэр дэвшсэний дараагаар “Өдрөөс үлдсэн зүйлс” романаараа уг нэр хүндтэй шагналын эзэн болсон юм.
Түүнчлэн Казүо Ишигүро 1995 онд Их Британийн Эзэнт Улсын одон (OBE), 1998 онд Урлаг, утга зохиолын одон (Chevalier de l’Ordre des Arts et des Lettres), 2017 онд Нобелийн шагнал зэрэг утга зохиолын салбарын хамгийн нэр хүндтэй шагналуудыг хүртсэн билээ.
Ирэх жилүүдэд Монсудар хэвлэлийн газраас утга зохиолын салбар дахь Нобелийн шагналыг хүртээд удаагүй байгаа алдарт зохиолч Казүо Ишигүрогийн дөрвөн гайхалтай романыг эрхлэн гаргахаар төлөвлөөд байгаагаас хамгийн түрүүнд, “Өдрөөс үлдсэн зүйлс” (The Remains of the Day), “Хөвөгч ертөнцийн уран бүтээлч” (An Artist of the Floating World) хоёр романыг нь монгол хэлнээ орчуулан хүргэх юм.
Үе нь өнгөрч залууст адлагдах болсон хөгшин зураач Оногийн амьдралыг харуулах “Хөвөгч ертөнцийн уран бүтээлч” (An Artist of the Floating World); дэлхийн хоёрдугаар дайны үед үйл явдал нь өрнөх язгууртан ихэс дээдсийн гэрийн үйлчлэгчийн тухай “Өдрөөс үлдсэн зүйлс” (The Remains of the Day); залуу мөрдөгч Кристофер Бэнкс учир битүүлгээр алга болсон эцэг эхээ эрэн хайж буй тухай өгүүлэх “Биднийг өнчин байхад” (When We Were Orphans); мөн Английн тусгай сургуульд өрнөх хайр дурлалын сэдэвт меланхолик дистопи төрлийн “Намайг бүү явуулаач” (Never Let Me Go) зэрэг алдартай бүтээлүүд нь Монсудар хэвлэлийн газраас ойрын жилүүдэд орчуулагдан гарах юм.
Дөнгөж таван настайдаа гэр бүлээрээ Англи руу нүүж ирсэн япон гаралтай энэхүү зохиолч англи хэлээр уран бүтээлээ туурвидаг. Түүний зохиолуудаас Өдрөөс үлдсэн зүйлс” (The Remains of the Day), “Намайг бүү явуулаач” (Never Let Me Go) хоёр нь дэлхийн уншигчдад хамгийн ихээр хүрсэн билээ.
“Ишигүро ой санамж, алдаа эндэгдэл, дайн, хайр сэтгэл гэх мэт маш том сэдвүүдийг тун нарийн хөндөн урлаж, нягт нямбай бичдэг” хэмээн 1989 онд бичигдсэн “Өдрөөс үлдсэн зүйлс” романаас нь хойш түүнтэй хамтарч ажиллаж буй Альфред А.Кнопт хэвлэлийн газрын захирал, ерөнхий редактор Сонни Мехта үнэлсэн нь бий. Гучин таван жилийн карьерын туршид Ишигүрогийн зохиолуудын гол онцлог нь сэтгэл хөдлөл төдийлөн илэрдэггүй, итгэж үл болом хүүрнэгч хийгээд түүний нууцлаг, зарим нарийн ширийнийг хүүрнэлгүй орхидог өвөрмөц шинж чанар юм. Мэдээж түүний уран гярхай, бүрэн дүүрэн, баялаг бичвэрийг дурдалгүй орхиж яахан болох билээ.
Дашрамд сонирхуулхад энэхүү нэр хүндтэй цолыг Казүо Ишигүротой цуг хөл бөмбөгийн Ливерпүүл клубийн менежер асан Кенни Далглиш, жүжигчин Эмма Томпсон нарын зэрэг олны танил нэр хүндтэй эрхмүүд мөн хүртжээ.
СЭТГЭГДЭЛ