Монсудар хэвлэлийн газар “Утга зохиол” цувралдаа дэлхийн сонгодог болон орчин үеийн утга зохиолын төлөөлөл болохуйц бүтээлүүдээс сорчлон авч, монгол уншигчдад хүргэдэг билээ. Энэ жилийн есөн номоос онцлох нэгэн ном бол яах аргагүй “Утга зохиол” цувралын 22 дох дэвтэр Александр Исаевич Солженицыны Иван Денисовичийн нэг өдөр роман билээ. Амьд ахуй цагтаа зохиол бүтээлээрээ улс төрийн дээд түвшинд нөлөөлсөн зохиолч цөөхөн. Энэ роман бол Сталинизмын гэмт хэргийн тухай нийтлэгдсэн анхны тохиолдол байсан бөгөөд олон нийтийг донсолгон, хилийн чанадад шуугиан дэгдээж, урт удаан хугацааны турш байж боломгүй мэт санагдаж байсан утга зохиолын ертөнц дэх сонин содон үйл явдал байлаа. Улс төр, нийгэмд Солженицын ийнхүү асар нөлөөтэй болсон нь олон учир шалтгаантай хэдий ч тэдний дундаас алийг нь ч онцгойлон ялгаж боломгүй хоёр зүйлийг нэн тэргүүнд дурдах ёстой: Эхнийх нь, зөвлөлтийн иргэн хүний хувьд коммунизмын сүүдэртэй бараан талыг үнэн мөнөөр нь хэлж, цензур, дарамттай цаг үед уран бүтээлчийн замнал төдийгүй амь насаа ч золиослохоос айгаагүй мохошгүй зориг. Дараагийнх нь, түүний утга яруу илэрхийлэх гайхалтай чадвар, бүтээлүүдийнх нь гүн гүнзгий санаа, бас дээр нь түүний бүтээлч чанар.

Их сургуулийн математикийн ангийн оюутан байсан Сольженицын 1945 онд цэрэгт, их бууны ангид техникчээр гурван жил алба хааж “Улаан од” одонгоор шагнуулж явахдаа Сталины удирдах арга барилыг шүүмжилснийхээ төлөө ардын дайсан гэгдэж Гулагт 8 жил хорих ялаар шийтгэгдсэн гэдэг. Улмаар 1950 онд Экибастуз дахь улс төрийн хоригдлуудад зориулсан чанга дэглэмтэй шорон руу шилжсэний эцэст ашгүй нэг Сталин эрлэг рүү одож Солженицын наранд гарсан юм. Суллагдсаныхаа дараа тэрээр “амьдралынхаа үлдсэн хугацааг энд үзэж өнгөрүүлснээ, ямар ч үнээр хамаагүй өгүүлэхэд зориулна” гэж өөртөө андгайлсан гэдэг. Ингээд түүний суллагдсан жил буюу 1953 онд “Хрушёвын дулаарал” эхэлж улмаар 1962 онд Иван Денисовичийн нэг өдөр роман нь хэвлэгдэж зөвхөн орос оронд л гэхэд 1 сая хувь борлогдож, гараас гар дамжин уншигдан Солженицыны алдар нэр хаа сайгүй цуурайтаж эхэлсэн ч хоёрхон жилийн дараа Брежнев Оросын коммунист намын дарга болсноор улс төр дэх цаг агаар эргээд хүйтэрсэн юм. Солженицыны гурван том романыг хэвлэхийг хориглож, хуулбарууд нь нууцаар уншигдаж явсаар Парист анх хэвлэгдэж, өөр хэлээр ч орчуулагдан түгжээ. Утга зохиол судлалд “Хорих лагерийн утга зохиол” гэж яг юуг хэлдгийг томьёолох харьцангуй хялбар: Энэ бол хорих лагерийн тухай бичигдсэн утга зохиол юм. Энэ төрлөөр уран бүтээл туурвигчид нь ихэнх тохиолдолд урьд өмнө нь хорих лагерьд хоригдож, эсэн мэнд суллагдсан хүмүүс байдаг ба тэдний нэг нь Солженицын юм.

Александр Исаевич Солженицын

1969 онд тэрээр зохиолчдын эвлэлээс хөөгдөж харин Нобелийн хороо түүний бүхий л зориг, золиосыг үнэлж Утга зохиолын шагналтнаар зарлав. Гэвч Стокхольм руу очих л юм бол орос орны үүд хаалга түүний хувьд үүрд хаагдах байсан болохоор тэр шагналаа гардан авч 1 сая ам.доллар халааслахаас татгалзаж дээр дурдсан, өөртөө өгсөн амлалтандаа үнэнч байж тэмцлээ үргэлжлүүлэхийг илүүд үзэв. КГБ түүнийг хараандаа авч байнга сүрдүүлэх болсон бөгөөд 1971 онд рицинээр хордуулах гээд бүтэлгүйтэв. Солженицыныг тойрсон бүхэл бүтэн нууц бүлэг үүсч зөвлөлт дэглэмийн эсрэг нэгдэж эхэллээ. 1974 онд Брежнев Солженицынг Оросоос хөөн зайлуулах лүндэн буулгаж, нэгэнт ардын баатар болчихсон алж ч болдоггүй этгээдийг арга буюу Баруун Герман руу цөлөв. Тэгээд ч тусыг эс олсон гэдгийг 1989-1990 оны ЗХУ-ыг задран унахад хүргэсэн бослого тэмцлүүдэд түүний зохиол бүтээлүүдийн нөлөө байсан нь харуулах бизээ.

ЗХУ-ын мөхөл мэдээллээс үүдэлтэй. Тэр мэдээллийг Иван Денисовичийн нэг өдөр эхлүүлсэн. В.А.Коротич

Эл зохиолд зөвхөн нэг өдрийн үйл явдал өрнөх хэдий ч Солженицын ганцхан өдрийн дүрслэлээр ГУЛАГ системийн хар бараан, гашуун үнэнийг тод харуулж чаджээ. И.Д.Шухов хэмээх гол баатрын бодлоор ГУЛАГ дахь харьцангуй боломжийн, бараг л сайхан гэмээр өдрийг дүрслэхээр шийдсэн нь зохиолыг бүр ч амжилттай болгосон байна. Ингэснээрээ зохиолч маань “жирийн” мэдээг уран зохиол болгох зохистой хэмжээг өөртөө тогтоож өгсөн юм. Ердөө л ганцхан өдрийг дүрслэх ч энэ ганц өдөр нь хорих лагериудын бүхэл бүтэн харгис тогтолцооны жишээ болно. Түүнчлэн ухаалаг, эрс тэс дүрүүдийг сонгосон нь Солженицыны бичлэгийн нэг онцлог юм. Хорих ангид шинээр ирсэн, нэр төр, шударга ёсны үнэр нь хараахан арилаагүй шумбагч онгоцны ахмад асан Буйновскийг тэндхийн хатуу ширүүн амьдрал дунд хамаг хүний мөс, эрээ цээрээ гээсэн Фетюковтой эсрэгцүүлэн тавьсан бол бригадын ахлагч, бусадтай нийтэч Татариныг эрх мэдлээ ичгүүргүй ашиглан хоригдлуудыг учир шалтгаангүй тарчлаан зовоодог, хорихын командлагч хүртэл эмээдэг, садист зантай дэслэгч Волковойн дүр мөн л тодотгох ажээ. Эцэст нь Александр Исаевич Солженицыны Иван Денисовичийн нэг өдөр роман бол эрхэм уншигч таны шимтэн уншвал зохих ном мөн гэдгийг хэлэх байна. 2018 онд Солженицын 100 нас хүрэх байлаа. 

СЭТГЭГДЭЛ

Your email address will not be published. Required fields are marked *

/