Монсудар хэвлэлийн газар “Соён гэгээрлийн өдрүүд”-ийн хүрээнд “Оросын алтан үеийн уран зохиол” сэдвийн дор асуулт хариултын тэмцээнийг зохион байгууллаа. Тэмцээнд Idiots, Бид, УЗА, Лицей, Асашорюү Дагвадорж, Гилийн хатан, Crime and Punishment багууд оролцсоноос “Гилийн хатан” баг нэгдүгээр байр эзэлж, “Бид”, “Лицей” багууд удаалжээ. Энэхүү тэмцээн нь монгол уншигчдын хэзээний танил болсон оросын алтан үеийн уран зохиол сэдэвтэйгээр зохиогдсон бөгөөд урьд өмнөх жилүүдийн “Японы уран зохиолын тэсрэлт”, “Испани уран зохиолын тэсрэлт” арга хэмжээнүүдээс асуулт хариултын хөгжөөнт, танин мэдэхүйн тэмцээн хэлбэрээр явагдсанаараа онцлог юм.
Гол төлөв залуучуудаас бүрдсэн ихэнх багуудын оноо жигд сайн байснаас үзэхэд залуу үеийнхэн уран зохиолыг харьцангуй ойлгож дурладаг, цөөн тооны зохиол бүтээлээр хязгаарлагдалгүй, дэлхийн сонгодог зохиолыг шимтэн уншдаг болжээ. Book quiz асуулт хариултын тэмцээн нийт дөрвөн үе шаттайгаар явагдсан бөгөөд оролцогчид мэдлэг, ухаанаа сориод зогсохгүй, авьяас чадвараараа өрсөлдөн, дуртай зохиолдоо зориулан шүлэг бичих дөрөвдүгээр үед бүтээлч даалгавараар өөрсдийн бүтээлээ туурвиад амжсаныг дурдахгүй өнгөрч болохгүй биз ээ. Нэгэн оройг уран зохиолын үдэш болгон бидэнтэй хамт өнгөрүүлсэн оюунлаг залуусдаа баярлалаа. Багуудын бүтээлч даалгавар буюу “Оросын алтан үеийн уран зохиол” сэдвийн дор, тухайн цаг үед хамаарах ямар нэг бүтээлийг онцлон сонгож бичсэн шүлгийг сонирхоно уу.
ГИЛИЙН ХАТАН баг (Газар доороос бичсэн тэмдэглэл)
Би чамайг үзэн ядаж байна Лиза
Биелээгүй хүсэл хяслын төлөө уй төрнө
Бичигдээгүй түмэн бодол минь намайг урж тасдана
Би бас чи, хүн бүхэн үнэнийг нуун, өөрийгөө хуурна
Цасыг чи сайхан гэж бодно уу
Цантсан цонхоор шалбаагт гудмыг хараад
Саяхан бударсан цасыг санана уу
Үзэсгэлэнт цасан
Унах газраа өөрөө сонгодоггүй
CRIME AND PUNISHMENT баг (Газар доороос бичсэн тэмдэглэл)
Газар доорх ертөнцийн нэгэн нууцаас нүцгэн илчилнэ гэж
Өөртөө тангараглан сараачина
Өөрийн үгээр булна
Хулчгар бас зоригтон түүний
Үнэний өчлийг
Шүүн тунгаах шаардлагагүй
Шагнан сайшаах ч хэрэггүй
ИДИОТЫ баг (Анна Каренина)
Ээ дээ хүмүүс минь
Энэ хорвоод өвчин зовиур хичнээн олон бэ
Эрүүл, бас энгүүн жаргал илэрхий ганц буюу
Хайраар бялхаж дүүрэх ганц л жаргал байх буюу
Хайр л үгүй байх
Хангалуун тарчиг ямар олон юм бэ
Хатан зоргийн илэрхийлэл
Хайрын мөнхийн дуулал
Хайрт Анна Аркадиевич Каренина минь
БИД баг (Алтан загасны үлгэр)
Ээх далай минь, загасхан минь
Эмгэнд минь ганцхан юм л хэрэгтэй гэнэ
Эргээд залуу болъё гэнэ, туслаач
Эмнэлэг хүчирсэнгүй, дийлсэнгүй
Эм тариа, ботокс үйлчилсэнгүй
Эгнэгт хоёр Солонгос нийлэхгүй шиг боломжгүй л гэнэ
Ингээд л өвгөн би чинь чамайгаа зориод алхаад ирлээ
Найзын хүсэлт авсангүй
мессеж блок хийгээд ч амжсан даа, загас минь
Ууртай эмгэн лайв хийж Ука шиг уйлна гэнэ
Улцайж дарвайсан царайнд нь
Толстойн сахал дэрвийчихжээ
ЛИЦЕЙ баг (Оросын алтан үеийн уран зохиолд)
Зүүд нойр төсөөллийн ертөнцийн минь
үүд хаалгыг нээх хана туурга бүтээсэн Пушкин
Зүрхээ базаж, сэтгэлээ булаалгахад
зүгээр л хамт ганцаардсан Лермонтов
Хүн байх хүмүүжлийг надад өгсөн Толстой
Хүрээ тэлж, өсч задрах хэрээр минь
намайг бүтээсэн русская литература
УЗА баг (Шинель)
Алгаараа дарах чулуун зам хүйтэн шуурганд дарагдсан байна
Аймшигтай өвдөлт, цус нулимсан дундаас бид хүн болж төржээ
Гэрлээр уйлах хар сар, олон зуун эрхэс бидэнд зориулж
Гэнэн төөрөгдөл, шунал тачаал, сүүдэрт нуугдах хүслийг хайрлажээ
АСАШЁОРУ ДАГВАДОРЖ баг (Алтан загасны үлгэр)
Hey өвгөн чи гоё үлгэр ярьжээ
Хүслийг чинь сонсоод хөх инээд хүржийнэ
Өвгөн чи ангайгаад
Эмгэн чинь даварсаар
Энэний оронд харин өөр үлгэр ярь чи
Намайг барьж амьдраад
Насандаа хөгжихгүй
Харин түүний оронд
Хатнаа дагаад сав
СЭТГЭГДЭЛ