Дээр нэг найз эгч арван жилийн сурагч ахуйнхаа дурсамжийг хуваалцаж билээ. Ээжийг нь хөгжлийн бэрхшээлтэй (мэдээж хүүхдүүд хөгжлийн бэрхшээлтэй гэдэг үг мэдэхгүй нь ойлгомжтой. Сохор эсвэл дүлий, хазгар, доголон г.м) өөрийг нь мөн аавгүй гэж шоолдог байсан тухай. Ангийнх нь хамгийн хөөрхөн охин түүнийг буланд шахаж байгаад алгадсан тухай. Ангийн хөвгүүн гаран дээр нь тамхиа хэрхэн унтраасан сорвийг надад үзүүлж байсан. Яг алганы ар хэсэгт бүдэгрээгүй цагаан сорви байж билээ. Өө тэгээд өөр зөндөө дурсамж, сэтгэлийн шархаа ярьсан санагдана. Хүүхэд бага тусмаа сэтгэлийн шарх нь их гүн байдаг. Томчууд бол хүүхэд юм чинь мартчихна л гэж боддог.
Тэр үе бол бидний шилжилтийн гэж тодотгодог 90-д он. Улс орон ардчилсан засагт шилжин хуучны юм бүхэн ул болж, ард түмэн үүрээ эвдүүлсэн шоргоолж аятай "гахай" чирэх нь чирч үүрэх нь үүрч, ажлаас халагдах нь халагдаж ер нь л нийгмээрээ шинэ ертөнцөд хөл тавьж амьдрах санаатай дээр доргүй хөдөлцгөөж эхэлсэн үе байсан. Хүүхдийнхээ хүмүүжилд анхаарах битгий хэл хоногийн хоол тасалдсан ороо бусгаа үе гэж хэлж болно. Ер нь бидний амьдарч яваа энэ цаг үед ч улс орны үүх түүх цугтаа урагшилж, бид тэр түүхийг бичилцэж байдаг билээ.
Мо Яны "Эргэлт"ийг уншиж байх явцад тэр яриа дахин толгойд бууж суув. Өнөөдрийг хүртэл хүүхдийнхээ унтсан цагийг ийм үр бүтээлтэй өнгөрүүлж байснаа санахгүй юм. Бүхэл бүтэн ном уншаад дуусчихдаг. Хурдан уншья гэж яарамгүй хөврүүлж уншсан хэр нь л. Ногоон моддыг харангаа Хэ Жиүг ангиас хэрхэн өнхөрч гарсныг төсөөлөн инээдээ барьж ядав. Хажуугаар нь том амт Лю багшийг яаж үг сүггүй чадаж байгааг хараад онгирох сэтгэл төрж байлаа. Намайг тэгж "өнхрөөд ч болов зайл!" гэсэн бол би заяа нь өнхрөхгүй зүгээр уйлаад нүүрээ даран гүйж гарах байсан болов уу гэх шиг дэмий зүйл ч бодоод амжив. Бүр нэг бүтэлгүй нөхөрт ч заавал нэг дур булаам чанар байдаг шүү дээ.
Тэр ангийнхандаа дээрэлхүүлж явсан эгч маань одоо сайхан амьдардаг, чадалтай ч нэгэн болсон яг л Хэ Жиү шиг хэхэ. Харин буландаад алгадаж явсан хамгийн хөөрхөн охин мөн л Лү Вэньли шиг хэцүүхэн хувь тавиланг туулж яваа дуулдсан.

Хүний амьдрал гэж сонин. Энэ "эргэлт" хэмээх бэсрэгхээн дурсамжийн номноос улс орны шилжилт хөдөлгөөн, ороо бусгаа үе иргэд бидний амьдрал ахуйд толины тусгал мэт л нөлөөлж явдагийг илүү энгийнээр ойлгоод авчихна.
Хөнжил нөмөрч цоорхой шаахай угласан Хэ Жиү манай хүнээс арван юань зээлээд хэлсэн үг их сэтгэл хөдөлгөлөө.
Та нар өөрсдөө уншина биз. Анх удаа эд хэрэгслийн тухай бичсэн хэсгийг уншаад нүднээс нулимас гарлаа хэхэ.
Газ-51 гэдэг ачааны машины тухай дурсамж их хүчтэй. Эд хэрэгслийн тухай үнэн амьтай дурсамж дурдатгал гэж л тэр байх.
Мөн сурах нөхцөл боломж тааруу байх тусам хүн илүү их шамдаж зүтгэдэг шиг. Манай хүн хөвөнгийн үйлдвэрт ажиллаж байхдаа Их сургуульд орж чадахгүй эргээд л нутаг явна гэхээс "үхрийн хашаанд хашсан адуу шиг байж ядаж байсан" гэж дүрсэлсэн нь миний амьдралд ч бас тохиож байсан явдал билээ. Юу юучгүй хэрнээ би их том мөрөөдөлтэй охин байж билээ. Одоо ч тийм.
Бэсрэг энгийн ном хэр нь өгүүлэх санаа томтой олонтой. Жирийн дорд гаралтай, багшдаа нэр хоч өгсөн хэргээр сургуулиас хөөгдөж асан манай Мо хүү эдүгээ Нобелийн шагналт зохиолч болно гэдэг...
Бичлэгийн хэлбэр донж энгийн сайхан. Хятад хэлнээс буулгасан орчуулагч бүсгүйн чадлыг гайхсан шүү. Монгол хэлний мэдлэг, найруулгын чадвар өндөртэй ховорхон орчуулагчдын нэг бололтой.
Баярлалаа намайг Мо Яньтай уулзуулсан бүх хүнд.
Тэнгис Нандин
2018 05 26🌿
СЭТГЭГДЭЛ