СУИС-ийн театрын урлагийн сургуулийн оюутнууд ХБНГУ-ын Эрнст Бушийн нэрэмжит театрын сургуультай хамтран Германы сонгодог зохиолч Хайнрих фон Клайстын «Михаэль Коолхаас» туужыг пост драм жүжиг болгон найруулж тайзнаа тавьсан билээ. Эл зохиол хувь хүний эрх ашиг, үнэт зүйл рүү “эрх мэдэл” түрэмгийлэн халдсан тохиолдолд улс төр, засаглал ба хувь хүн, нийгмийн дунд ямар зөрчил тэмцэл үүсч болдгийг дэлгэн харуулсан байна. Тиймээс ч хувь хүн нийгэм хоорондын харилцааны тухай энэхүү бүтээлийг Монсудар хэвлэлийн газар "Утга зохиол" цувралынхаа тэргүүн дэвтрээр сонгон герман хэлнээс орчуулан гаргасан юм. Тус зохиолд өгүүлж байгаа үйл явдал, XVI зууны үеийн Германы нийгмийн амьдрал, Коолхаас гэгч бодит хүний түүх манай өнөөгийн нийгэмтэй ямар талаараа ижил төстэй байгаа тухай бид дээрх жүжиг дээр ажилласан оюутнуудын төлөөллөөс сонирхсон юм.


Б.Хантүшиг СУИС-ийн найруулах, жүжиглэх урлагийн тэнхмийн жүжигчний гуравдугаар ангийн оюутан

Миний хувьд энэхүү зохиолын, мөн жүжгийн маань гол дүрийн баатар болох Михаэль Коолхаасын дүр дээр ажиллаж энэхүү дүрийн бүтээсэн. Эхлээд жүжгийн зохиол маань бэлэн болоогүй байсан л даа. Бүгд энэхүү туужийг уншиж, дүр дээрээ ажиллаж эхэлсэн. Бүгд эх зохиолоо уншсаны хувьд жүжгийн зохиол бэлэн болж гарахад зарим нэг орхигдсон хэсгийн цаад утга санааг ойлгож байсан болохоор жүжигтээ нэмж суулгаж өгөхөд амар байсан. Жүжгийн зохиолоо ч цээжилэхэд түвэггүй болсон. Михаэль Коолхаас туужийг уншсаны хувьд тус бүрдээ жүжгийн хэсгүүдээ найруулах боломжтой болсон. Энэ тал дээр манай багийн уран бүтээлчид нээлттэй гар нийлэн ажиллаж чадсан. Миний хувьд ч жүжгийн найруулга дээр ажиллаж үзэх сонирхол байсан, тэр мөрөөдлөө ч энэ жүжигт биелүүлж чадсандаа баяртай байгаа. Энэ гайхалтай зохиолын гол дүр болох Коолхаасын дүрийг бүтээсэн. Коолхаас Лютцен цайзад байрлаж байх үедээ тунхаг бичиг гаргадаг хэсэг надад их чухал санагдаж, энэ хэсэг дээр нилээн тогтож ажилласан. Учир нь тэр хэсэгт Коолхаас “Би тэнгэрийн элч Михаэль байна. Би бол түрэмгийлэл, шударга бус, буруу болгоныг таслан зогсоож, галдан шатаалгахаар ирсэн Бурхан элч. Бурхан намайг илгээлээ. Та нар надтай нэгдэцгээ.” хэмээн тунхаг бичигтээ бичдэг. Энэ үед Коолхаасын оюун санаанд эргэлт гарсан болов уу. Тэрнээс өмнөх тунхаг бичиг нь “Тронкаг өг”, “Шударга ёсны төлөө тэмцэж байна” гэх жишээний арай логиктой байсан. Сүүлдээ Коолхаас хэт өөрийгөө дөвийлгөн, жирийн нэг агтчин байснаа тэнгэрийн элч, лүндэн буулгагч, шинэ засаглал тогтоогч болж хувирсан. Энэ цагаас Коолхаас өөрчлөгдөж, өөрийгөө алдаж, үйлдлүүд нь хэрээс хэтэрч байгаа. Иймэрхүү эвдэрсэн, хэр чадлаасаа хэтэрсэн Коолхаасууд манай нийгэмд борооны дараах мөөг шиг элбэг байна. Тийм ч учраас зохиолын ийм эргэлт бүхий хэсэг дээр би өөрийнхөө олж харсан адил төстэй байр байдлыг илэрхийлэх санаагаа найруулагчдаа хэлж жүжгэндээ тусгаж оруулсан. Мэдээж зохиол маань улс төрийн агуулгатай, харин манайд бол улс төр ч гэлтгүй төрийн албаны хүнд суртлаас эхлээд өнөөгийн нийгмийн хамаг л сул талыг эндээс харж болно. Зохиол дээр адуучин Коолхаас агт морьдоо зарахаар хил нэвтрэх гэтэл нэвтрэх бичиг нэхдэг. Ер нь огт байхгүй, хэрэггүй нэг бичгээс үүдсэн хүнд суртлаас болж л энэ бүх үймээн самуун, бослого тэмцэл эхэлдэг шүү дээ. Энэ ном яг л манай нийгэм рүү тусгасан толь шиг. Жишээ нь төрийн албанд очиход 13-ийн А ч билүү маягт энээ тэрээ гээд л ийш тийшээ баахан явдал чирэгдэг болдог шүү дээ. Энэ зохиол ер нь л тэр чигээрээ манай нийгэмд байгаа хүнд суртал, авилга, бидний аль хэзээний дасаж орхисон, ийм л байх ёстой юм шиг боддог болчихсон тэр зүйлсийн хор уршиг, үр дагаварыг нэг хүний үйл явдал дээр харуулж байгаа юм. Ерөөсөө Коолхаас бол ард иргэдийнхээ л нэгэн адил дарамт шахалттай тулгарсан, гэхдээ бусад шиг түүнийг хүлцэнгүй хүлээж аваагүй л дүр. Михаэль Коолхаас туужаас миний хувьд “хүн хичнээн зөв зүйлийн төлөө тэмцэж байвч, тэмцэх арга зам нь ч мөн зөв байх ёстой” гэсэн санааг олж харсан. Зөв арга замаар тэмцэх эрмэлзэл дүүрэн байвч энэ нийгмийн байгуулал, эрх мэдлийн хүч, хэргэм зэргийн түрэмгийлэл тэмцэх зөв арга зам үлдээхгүй бол тэвчээрээ барсан ганцхан иргэний бухимдал ямар том уршиг дагуулж байна вэ, тогтолцоог ганхахад хүргэдэг юм бэ гэдгийг хүмүүс уншаасай гэж хэлэх байна.

Ерөөсөө Коолхаас бол ард иргэдийнхээ л нэгэн адил дарамт шахалттай тулгарсан, гэхдээ бусад шиг түүнийг хүлцэнгүй хүлээж аваагүй л дүр. Михаэль Коолхаас туужаас миний хувьд “хүн хичнээн зөв зүйлийн төлөө тэмцэж байвч, тэмцэх арга зам нь ч мөн зөв байх ёстой” гэсэн санааг олж харсан. Зөв арга замаар тэмцэх эрмэлзэл дүүрэн байвч энэ нийгмийн байгуулал, эрх мэдлийн хүч, хэргэм зэргийн түрэмгийлэл тэмцэх зөв арга зам үлдээхгүй бол тэвчээрээ барсан ганцхан иргэний бухимдал ямар том уршиг дагуулж байна вэ, тогтолцоог ганхахад хүргэдэг юм бэ гэдгийг хүмүүс уншаасай гэж хэлэх байна.

Энэ зохиолыг би сүслэн биширч уншлаа; урьд үзэж хараагүй тийм төгс чанарыг би эндээс алмайран мэдрэв. Франц Кафка


Ц.Хишигтогтох СУИС-Урлаг судлал, утга зохиолын тэнхмийн жүжиг, кино зохиолчийн гуравдугаар ангийн оюутан.

Миний хувьд Утга зохиол цуврал дахь Хайнрих фон Клайстын «Михаэль Коолхаас» туужийг Герман эхтэй нь харьцуулж жүжгийн зохиол болгох тал дээр ажилласан. Яагаад энэ зохиолыг сонгох болсон бэ гэхээр Монголын одоогийн нийгэмд ч ажиглагдаж байгаа дүр зураг, байр байдалтай хамгийн их дөхөж очсон зохиол бол Хайнрих фон Клайстын Михаэль Коолхаас тууж байсан. Зохиолын гол дүр Коолхаас хэдийгээр шударга ёсны төлөө явсан ч эцэстээ амиа алдаж байгаа. Манай нийгэмд ч мөн үүн шиг шударга ёсны төлөө тэмцэж, эсэргүүцэж байгаа хүмүүс олон бий. Бидэнд ил харагдаж байгаа юу, эсвэл дарагдаж мартагдаж байна уу л гэхээс биш Коолхаас шиг хүмүүс байгаа гэдэгт би итгэдэг. Зохиол дээр өндөр албан тушаал, зэрэг дэвтэй хүмүүсийн тусламжийг тодорхой хэмжээгээр авдаг ч Коолхаас зорилгодоо хүрч чаддаггүй, ийм тохиолдол яг одоогийн Монголын нийгэмд их байгаа нь нууц биш шүү дээ.

Хүн бүхэнд амьдралаа залгуулдаг, хүн бүхэнд л үнэ цэнтэй зүйлс гэж бий. Бидэнд ч ялгаагүй хоолоо олж иддэг зүйлүүд байдаг. Ямар нэг эрх мэдэлтэн түүнийг нь булаах гэвэл, эрхэмлэж явдаг нэр төрийг нь ч юмуу гутаавал хэн ч дургүйцнэ. Тэсвэр, тэвчээрийн хил хязгаарт тулсан иймэрхүү үйлдэл манайд ч ажиглагдаж байгаа болохоор энэ зохиолоор жүжиг тавьбал хүмүүст хүрнэ гэж бид бодсон. Гэхдээ Монголд Коолхаас шиг үнэт зүйл, эрх ашгийнхаа төлөө тууштай тэмцэж чадах хүн хэд байна вэ гэвэл бас л өөр асуулт гарч ирэх байх. Улс төр, намын золиос болсон, амиа алдсан, хэлмэгдэж хохирсон хүмүүс хичнээн байгааг бид харж, сонсож л байгаа. Миний ажигласнаар зохиол дээр хувь хүнийг дорд үзсэн эрх мэдэлтнүүд, ард олныг үл тоосон албан тушаалтнуудад яаж ч дургүйцэж байсан хүндэтгэлтэй ханддаг. Ядаж л цол хэргэмээр нь дуудах жишээтэй. Зөвхөн энэ үзэгдэл л гэхэд бидний дунд байгааг хэн ч үгүйсгэхгүй болов уу. Мөн энэ зохиол дээр нийгмийн, нийт олны хайрыг ойшоохгүй байвал ямар хор уршиг гарч болох вэ гэдгийг маш тодорхой харуулсан, түүгээрээ ч энэ зохиол Герман төдийгүй олон улсад алдаршсан гэж бодож байна. Гол дүр Коолхааст хичнээн их саад бэрхшээл, шантарч няцах үе, үхэл зовлон тохиосон ч тэр итгэлээ алддаггүй. Зохиолоос миний олж харсан, нийгмийг ч төлөөлж байж магадгүй дүрүүдийн гол үнэт зүйл энэ байсан: хайр, итгэл, шударга ёс.

Уг зохиолын хувьд Герман эх дээрээ дөрвөөс таван өгүүлбэр нийлүүлсэн юм шиг үргэлжилсэн, нийлмэл, араасаа хөвөрсөн өгүүлбэрүүд их тохиолдож байсан бол Монгол орчуулга нь уншихад хөнгөн, зовлонгүй, ойлгомжтой, тун энгийн сайхан бичлэгтэй санагдсан. Хэдий улс төр, хувь хүний түүхийг өгүүлж байгаа ч миний хувьд уншиж байх явцад ойлгомжгүй зүйл огт тааралдаагүй. Хэдхэн цагийн дотор л уншчихсан. Мэргэжлийн хүнд үг хэллэг таарахгүй, тиймээс энэ туужийг ямар ч хүн, бүр дунд сургуулийн сурагч уншлаа ч ямар нэг асуудалгүйгээр авах зүйлээ авч чадна гэж бодож байна.

Клайстын уран зохиолын бичлэг, арга барилыг яах аргагүй хосгүй гэж хэлнэ. Түүний бичсэн зохиолууд ч бичлэгийнх нь арга барил шиг хосгүй билээ. Томас Манн

СЭТГЭГДЭЛ

Your email address will not be published. Required fields are marked *

/