Номын утга нь тэнгэр мэт агуу, дэлхий мэт өргөн, далай мэт гүн.

Номыг унших нь тэнгэрт нисч, дэлхийг тойрч, далайд шумбах мэт…

Сайн ном уншихыг өөр юутай зүйрлэн хэлж болох вэ? Сайхан хүмүүстэй уулзан танилцаж гүн бодолд дарагдсан дүр төрхийг нь сэтгэлдээ зураглан, үзэж туулсан бүхнийг нь чагнан дотроо догдлон суухтай; оршин буй бодит ертөнцөөсөө салан нисээд номын хуудаснаас олж нөхөрлөсөн тэр хүнээсээ салж хагацаж чадалгүй, амьдралын тааж таамаглах аргагүй нугачаан дундуур хамт алхахтай; гуниг шаналанг нь ойлгож хуваалцан, баяр хөөрийг нь амталж мэдрээд сэтгэл хөдлөлөө барьж дийлэлгүй огшин уярахтай; хүсэл мөрөөдлөөр нь хамтдаа жигүүр хийн дүүлж, хүрч, авч чадаагүй аз жаргалынх нь хойноос чин сэтгэлээсээ, үнэн зүрхнээсээ харуусан дуулахтай зүйрлэнэ; хайрлан уйлахтай зүйрлэнэ.

...Энэ зуур би хүмүүс заавал үгийн хүчээр л бие биеэ эрж хайж, олж ойлгож байх албатай биш гэдгийг, яагаад зарим яруу найрагч хажууд нь чимээгүйхэн алхаж, хамтдаа байгалийн гоо сайхныг мэдрэх хүн хайдгийг ойлгосон билээ. Хажууд минь огт ам нээлгүй алхлах, өмнө минь дув дуугүй ажиллах энэ хүнээс би яг юу сурснаа хэлж мэдэхгүй ч, надад олон жилийн турш багшилсан хэн хүнээс хамаагүй илүү ихийг заасан гэдэгт итгэлтэй байна. Арьсан хүрэмт Мадонна.

 

Хүмүүс нэгнээ яасан өнгөцхөн дүгнэж, таньж ойлгосон хэмээн хичнээн итгэвч тэрхүү итгэл үнэмшил нь ямар туйлбаргүй болохыг; ямар гээчийн хийсвэр хөнгөн, өчүүхэн жижигхэн зүйлс биднийг аз жаргалаар дүүргэн жингүйдүүлж, хичнээн дааж давшгүй хүнд хэцүүг бид ажиггүй даван туулж тэсч үлддэгийг; бид амьдралдаа дундуурыг, дутуу дулим санагдах бүхнийг өөртөө хэрхэн бий болгодог, эцэст нь тэр хоосон орон зай биднийг харуусан шаналахад хүргэж, түүнээ дүүргэх гэж яаж зовдгийг тэр өгүүлжээ.


Хүмүүсийн бие биедээ ойртож дотносох зай хязгаартай байдаг юм байна. Түүнээс дотогш ойртох гэсэн алхам бүр улам холдуулж хөндийрүүлдэг.


Бид хэн нэгэнтэй ойртон дотносож, бодол сэтгэлийг нь танихын хэрээр, бие биедээ нууцлаг зүйсээ нээх тусмаа үнэ цэнээ алддаг байхаа даа. Өмнөх шигээ бүхий л сул талаа нууж, түүнд аль болох сайхан сэтгэгдэл төрүүлэх гэж хичээхээ болих үед... Ямар ч гутрал зовлонтой байсан инээмсэглэн уулзаж, бүтэн оройжин хөтлөлцөн зугаалж, хөгжилтэй зүйлс ярин үргэлжид инээлдэн баясаж, хүсэл мөрөөдлийнхөө тухай төсөөлөл болгоноор харанхуй гудамнаа гэрэл цацрааж чадахгүй болох үед... Өмнө нь “битгий л мэдчихээсэй” хэмээн тас нууж байсан гутрал зовлон, өвчин зовиур бүрээ ний нуугүй тоочиж, хэзээ ч юм тохиолдсон золгүй, бүтэлгүй түүхээ залхтал нь чалчиж, цог золбоог нь дарж орхисон зовлон гачлан болгоноо дундаа тэгнэх юм шиг санаж байхдаа, нөгөө хүнийхээ хамаг хүлээлт, баяр хөөрийг үгүй хийж байгаагаа ойлгож ухаарах сэхээгүй болсон үед... Жаргал, баяр хөөр хүлээсэн итгэл найдварыг нь энэ мэт илэн далангүй байр байдал нь үгүй хийж эхлэх тэр л үеэс аятай таатай байсан харилцаа нуран унадаг байх. Энэ бодлыг минь эрс буруутган “харилцаа болгон заавал хэн хэндээ инээд хөөр, сайн сайхныг өгөхөд биш хүнд бэрх үед нь ч өмөг түшиг болж, хатуу хэцүүг даван гарахад нь нэг нэгэндээ туслахад оршдог юм.” гэх хүн олон байгаа байх л даа. Тэгвэл инээд хөөр, сайн сайхныг л өгөх чинь уй зовлонгоо давахад нь тусалж буй хэрэг биш гэж үү? Хоосон өрөвдөж, энэрэх чинь хэнд ямар хэрэгтэй гэж? Үнэндээ амьдралд бидний хүсдэг шиг, итгэж найддаг шиг нөхцөл тийм ч их тохиодоггүй шүү дээ. Үнэн хөрсөн дээрээ өөрөөсөө тэсвэр тэвчээр гаргасан, хүч хариуцлага шавхаж шаардсан харилцаа цаг хугацаа өнгөрөх тусам нуран унахад бэлэн болдог гэж бодож байна.

...Амьдралынхаа нэгэн үед зэрэгцэн явж байсан хэн нэг нь хэцүү хүнд байдалд ороход бид энэ бэрхшээл өөрсдийг нь тойрсон мэт сэтгэл тайвширч, учрах нь гарцаагүй байсан тэр гай зовлонг өөр лүүгээ татаж зайлуулсан муусайн хөөрхийсийг өрөвдөж, энэрмээр санагддаг. Арьсан хүрэмт Мадонна.

 

Гэхдээ амьдрал ямар сайхан билээ?

Гэхдээ амьдрал сайхан. Таашгүй, гэнэтийн учрал, энэрэл хайраар хичнээн баян билээ? Нэг л өглөө сэрэхэд чинь чамайг азгүй, бүтэлгүй, баяр хөөргүй болгож байсан зүйлс эерэгээр өөрчлөгдсөн байх нь ч бий. Хагацал нь учралаасаа, шаналал нь баяр жаргалаасаа цөөн. Энэхүү зохиолын гол дүр Райф болон Мария нарынх шиг хэн ч хүсэмгүй, золгүй мэт санагдах тийм л үнэн хайрыг үнэндээ хүн бүхэн амтлахсан, үзэж өнгөрөхсөн хэмээн эргэлзэлгүй хүсдэг шүү дээ.

...Чин сэтгэлээсээ хайрласан хүн энэ хайраа хэзээ ч өмлчөх гэж оролдохгүй, бусдаас ч тэгж шаардахгүй. Хайрыг хэдий чинээ түгээнэ, төдий чинээ дурласан цор ганц хүнээ шүтнэ. Хайр, тарах тусмаа нимгэрч багасдаг эд биш.

...Одоо би Мария Пүдергүйгээр амьдарч чадахгүй, өөрөөр хэлбэл энд ямар нэгэн болзол нөхцөл, шүүлтүүр ямар ч үүрэг гүйцэтгэхгүй болжээ. Анхандаа ингэж бодох нь тун хачин санагдаж байлаа. Өдгөө хүртэл тийм хүн байдгийг ч мэдээгүй хэр нь одоо түүнгүйгээр амьдарч чадахгүй болно гэж байх уу? Гэхдээ хэзээд ийм байдаггүй гэж үү? Бидэнд хэрэгтэй гэдгийг бид тэр зүйлийг олж мэдсэнийхээ дараа л ухаардаггүй гэж үү?

...Сэтгэл зөвхөн өөртэйгөө төстэй өөр сэтгэлийг олж харсан үедээ л бидэнтэй, бидний оюун ухаан, бодол санаатай зөвлөлдөх гэлгүйгээр ил гарч ирдэг юм байна. Бид тэр цагт л өөр амьдралаар буюу сэтгэлээрээ амьдарч эхэлдэг. Тэр цагт л хоёр сэтгэл бүх эргэлзээ, ичих гэдгийг мартаад, бие биеэ тэврэх гэж, бүх саадыг таягдан хаяж, өөд өөдөөсөө тэмүүлдэг. Арьсан хүрэмт Мадонна.

Хүн хэзээ ч тэвчиж тэсвэрлэхгүй гэж бодсон зүйлдээ ч дорхноо дасаж орхидог.


Сабахаттин Али энэхүү романаа зохиол доторх зохиол маягаар бичсэн ажээ. Нэг мэдэхнээ би өөрийгөө нэгэнт жаран зургаа дахь нүүр хүртэл энэ бүх үйл явдлыг хүүрнэсэн зохиолын гол дүр Расым болсныг, гартаа Хатиф задэ Райфийн хар хавтастай дэвтрийг бариад сэтгэл догдлон анхааралтай гэгч нь уншиж буйгаа олж мэдсэн юм. Учир нь би яг л тэр залуу шиг (Расым) өвчиндөө биш, өнгөрсөн дурсамжиндаа шаналан хэвтээ Райф Эфэндиг хайрлан өрөвдөж, хэзээ мөдгүй асгаран уйлхад бэлэн байлаа. Би яг л тэр залуу шиг Райф Эфэндийн гайхалтай түүх, ховорхон олдох хайранд нь атаархаж, түүний үнэн сэтгэлийг бишрэн хүндэлж, басхүү түүнийг буруутган бодож, түүнээс суралцаж байлаа. Учир нь би яг л түүн шиг Райф Эфэнди энэхүү дэвтэртээ юу бичсэнийг нь анх удаагаа уншиж байгаа шүү дээ. Тэгэхээр Расым чинь би болж таарах нь ээ? Үгүй гэж үү?

Хатиф задэ Райф гэж чухам яг хэн юм бэ? гэж та надаас асуух байх. Түүнд онцгой юм юу ч байхгүй, ердөө л дурлаж хайрлаж үзсэн, бидний хэдэн зуугаар нь хардаг ч ер анзааралгүй өнгөрдөг тийм л хүмүүсийн нэг. Эргэн тойрных нь хүмүүс түүнийг ойлгодоггүй, хамгийн гол нь тэр өөрийгөө ойлгуулах гэж оролддог хүн огт биш!

...Би дотоод сэтгэлдээ нуугдсанаараа тэднээс илүү биш, харин ч дутуу байгаагаа ойлгож байв. Одоог хүртэл ойлгож байсан шиг, олноос тасрах нь ямар нэг онцлог, давуу тал биш, харин ч дутагдал гэдгийг ухаарч байна. Энэ хүмүүс орчлонд яаж амьдрах ёстой, яг л тэр ёсоор амьдарч байна, үүргээ биелүүлж, амьдралд ямар нэг юм өгцгөөж байна. Харин би? Сэтгэл минь, модны өт шиг дотроос минь хэмлэхээс өөрөөр намайг ер нь яаж гийгүүлж байгаа юм бэ? Тийм ээ, би энэ ертөнцөд хамгийн хэрэггүй хүн гэдэг нь тодорхой. Амьдрал надгүй байлаа гээд юугаар ч дутахгүй. Надаас хэн ч юу ч хүсдэггүй шиг, би ч хэнээс ч юу ч хүсдэггүй. Арьсан хүрэмт Мадонна.

 

Туркийн зохиолч Сабахаттин Али хүний дотоод сэтгэл, бодрол бясалгалыг гайхалтай яруу тансаг, энхрий зөөлөн ч гэж хэлж болохоор, энгийн хэрнээ гүн утга агуулга бүхий үгээр дүрслэн харуулсан нь онцгой сэтгэгдэл үлдээлээ. Харилцан ярианууд нь хүртэл хэн хүнийг бодолд автуулж, ухаарал төрүүлж, сэтгэлийг нь хөндөх увидастай ажээ. Хөгжмөөр зүйрлэн хэлвэл, энэхүү романы бичлэгийн өнгө аяс нь Рэнди Эдельманы романтик аяз шиг, хэв маяг нь Марсело Зарвосын хөнгөн уянгалаг аялгуутай, харин үлдээх мэдрэмж нь Бетховены “Аниргүй”-тэй л ойртон очиж, хэзээ хойно ч сэтгэлд тань эгшгэлсээр байх болов уу. Түүний уран гоё хэтрүүлэггүй энгүүн үгсийг би яг л бороон дусал мэт арьсаараа мэдэрч, худал хуурмаг баг зүүсгэлээ тайлан, ар араасаа хөврөх үг болгон нь элдэв баг зүүсгэлгүй нүцгэн биеийн минь энд тэнд онох бороон дусал шиг бодит, танил, үнэн байлаа.


Шивэрч эхэлсэн бороон дусал тогтуун усны амар амгаланг алдагдуулна.


Хэдий сэтгэл хөдлөлөө барьж дийлэхгүй байгаа минь үнэн боловч, өмнө минь одоо ч дэлгээтэй буй энэ гэрэлтсэн, тунгалаг ногоон номоос яг юу мэдэрч, чухам юуг ойлгож таньснаа бүрэн дүүрэн илэрхийлж чадахгүй нь ээ. Утга учир, үнэ цэнг нь бүдгэрүүлэн оронцоглохын оронд уншаарай л гэж хэлж чадах байна. Тийм дээ, яалаа гэж Туркийн гайхамшигт зохиолчийн хоёр зуу гаран нүүрт арайхийн багтаасан энэ бүх сайхныг хоёрхон үгээр илэрхийлж, дүгнэж цэгнэж би чадах билээ.

СЭТГЭГДЭЛ

Your email address will not be published. Required fields are marked *

/