Хайр гээч гайхамшгийн, хайр гэж гамшгийн жаргал зовлонг бичих гэж хэдэн зуун жилийн турш тэргүүн зохиолчид ширээний ард нойр, хоолгүй сууж дээ. Эмили Бронтегийн Аянгат даваа, Лев Толстойн Анна Каренина, Шекспирийн Ромео Жульетта, Скотт Фицджеральдын Агуу Гэтсби, Пастернакийн Доктор Живаго гээд жагсаавал хэдэн зуугаар тоологдох хайрын романс хөвөрнө. Хүн төрөлхтөн оюун ухааныг дээлдэх хэрнээ, түүнийг нь хүчгүйдүүлэгч энэ барих барьцгүй, галзуу бяцхан зүйлийн тухай урлагийн бүхий л төрлөөр бахдан туурвисаар өдийг хүрчээ. Хайр гэж чухам яг юу юм бэ? Хүнд өөрт нь байдаг төрөлх совин билэг үү? Эсвэл юунаас ч юм өдөөгдөн бий болдог, олж хүртдэг зүйл юм уу? Хэн нэгэн хайртай хүнээ харахад, бодоход бидний тархинд юу болдог вэ? “Маш богино хугацаанд тархины 12 хэсэг идэвхижин окситоцин, допамин, вассопрессин, адреналиний нийлэмж бүхий урвал явагдан сэтгэл хөөрөлд автаж, мансуурлын байдалд ордог” хэмээн анагаах ухааны толь бичигт тэмдэглэжээ.
Зовиургүйгээр хайрлаж суръя гэвэл эхлээд цасан дээгүүр мөрөө үлдээхгүй явж сурах хэрэгтэй.
Өмнө минь буй Жамиль хэмээх хайрын туужийг Чингиз Айтматов 30 настай Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуулийн оюутан ахуйдаа бичжээ. Арагон уг туужийг франц хэл рүү орчуулж, “дэлхийн хамгийн сайхан хайрын түүх” хэмээн дүгнэсэн бол герман орчуулга нь 1500 гаруй номоос бүрдсэн “Зуркампын номын сан” цувралын хамгийн өндөр борлуулалттай бүтээлээр шалгарч байв.
Номын тухай бичихээсээ урьтан танд энгийн нэгэн зургийг дүрслэн өгүүлэх хэрэг байна. Энэ зурагт намрын бүүдгэр тэнгэрийн хаяа тэртээд харагдах агаад хөх уулсын оройгоор бөөн бөөн үүл салхинд туугдан хөвнө. Зургийн наад хэсэгт агь таанаар хучигдсан уудам тал цэлийн үзэгдэнэ. Борооны дараах эвэрч амжаагүй шавхайт зам зурайн, түүний хоёр хажуугаар хатаж хугарсан дэрс сөөг үргэлжлэх бөгөөд замын ховил дагуу хоёр хүний мөр алсрах тусам бүдгэрэн харагдана. Тэр хоёр цааш ганцхан алхахад л зургийн жаазны араар юу юугүй далд орох нь уу гэмээр санагдана. Урт шинелийнхээ хормойг бахиалынхаа түрийгээр гуядан хөлөө хол хол зөөн яваа аяны сав үүрсэн эрийг нь Данияр, харин толгойдоо цагаан алчуур зангидан, гоёлын даашинз дээрээ хилэн хантааз давхарлан Даниярын хүүдийний оосроос барьж яваа үзэсгэлэнт бүсгүйг нь Жамиль гэнэ. Тэд хаашаа явж байгаа юм бол? Яагаад явж байгаа юм бол?
Зохиолын хүүрнэгч Сеит хэмээх жаалын ах Жамильтай суугаад дөнгөж дөрвөн сар болж байхад дайн эхэлж ах нь цэрэгт морджээ. Тэднийх гэж айл дөрвийн дөрвөн хүүгээ цэрэгт мордуулж ганц бэрээрээ сэтгэлээ дэвтээнэ. Жамиль даанч сайхан бүсгүй. Гоо үзэсгэлэнтэй, эрс шулуун, эрх дураар зантай. Ширүүвтэр, шулуун хар үсээ хоёр салаа болгон сүлжээд, цагаан алчуураа духдуулан эвлэгхэн зангиддаг нь түүний өнгөлөг бор царайд ихэд зохино. Инээхэд нь мойл хар нүд нь залуугийн цог залиар бадарч, дуулах үед нь ер бусын эрэмгий шинж харцанд нь тодорно. Эх орны дайн эхлээд гурван жилийн нүүр үзэж, хамтралд тариа хураах ажилд, дайнаас хөлдөө шарх аван буцаж ирсэн Данияр болон Сеит хүүг бэргэн эгч Жамилийнх нь хамт дайчилснаар энэ бүх түүх эхэлсэн юм. Энэ түүх хэрхэн төгсөхийг хэн л таамаглаа аж дээ.
Данияр бүрэг зожиг, үг дуу цөөтэй, наашаа гэх хамаатан садангүй, өнчин хүний зовлонг чамлалтгүй амссан залуу. Уйтгартай, тайван дөлгөөн, цонхигор ядрангуй царайтай. Түүний хувьд нөхөрлөл, дайсагнал, дотносол, атаархал огт харь юм шиг л ганцаархнаа нэгэн. Хүүхэд багацуул түүнийг ил далд шоолон, хөгшчүүл баяр хөөргүй, унж дорой амьтан хэмээн жиг жуг хийх авч түүнд хүртээлгүй.
Гэв гэнэт надад энэ хүний бусдын доог тохуу болж байдаг хачин араншин нь, мөрөөдөлд автсан мэт бодлогошронгуй байдал, зожиг дуугүй зан нь ойлгомжтой болоод явчхав. Орой үдшийн цагаар харуулын довцог дээр хэдэн цагаар ч хамаагүй сууж, шөнөдөө голын эрэг дээр очиж унтдаг, үл ойлгогдом ямар нэгэн авиаг чих тавин чагнаснаа гэнэт хөмсөг нь өргөгдөн, нүдэнд нь оч гэрэлтээд ирдгийн учрыг одоо л би бүрэн ойлголоо. Энэ бол хязгааргүй ихээр хайрлаж дурласан хүн байлаа. Зөвхөн хэн нэгэн хүнд хайр сэтгэлтэй болсондоо ч бус, алаг дэлхийн амьдрал, газар нутаг эх орондоо өгсөн ер бусын агуу хайр ийм байдаг ажээ. Тийм ээ, Данияр энэ хайраа өөрийн сэтгэлд, өөрийнхөө хөгжим дотор нандигнан хадгалж, түүгээрээ амьдарч байжээ. Хэчнээн сайхан хоолойтой байлаа ч юм бүхэнд хөндий хайхрамжгүй сэтгэлээр ханддаг бол хүнээс ийм дуу хэзээ ч гарч чадахгүй гэдэгт би итгэлтэй байв.
“Жамиль” туужаас...
Хайр магадгүй хүнд заяасан хамгийн байгаллаг мөн чанар байх. Юунаас ч гоо үзэсгэлэнг олж харах хурц нүд, юуг ч гэлээ орхин дүүлж чадах шувуу мэт эрх чөлөө, ямар ч хэцүүг даван туулах хүч тэнхээг хүн хайраас л олж авдаг болов уу. Хайрласан нэгэн л хамгийн эрмэг шийдвэр гаргаж, хайрласан хүн л хамгийн хэцүүг даван туулж чадах бизээ. Харин зохиолч хайрыг үгийн шидээр байгаль дэлхийтэй холбон сүлж, урьд хэн нэгний хөл тавиагүй байж мэдэх онгон дагшин байгалийн гоо сайхныг, хэний ч өмнө нь өгүүлээгүй байж мэдэх нандин ариун хайртай хоршуулан дуулснаараа энэ түүх хамгийн уярам, хамгийн нандин, хамгийн цэвэр сайхан нь санагдсан ч байж болох юм.
Нэг өдөр Жамиль үтрэм дээр аргаа барсан мэт, сулхан дуугаар,
- Чи наад цамцаа тайлаач дээ. Би угаагаад өгье гэж Даниярт хэлэв. Даниярын цамцыг голын усанд угаачхаад хатаахаар дэлгэж тавилаа. Тэгснээ дэргэд нь сууж цамцыг алгаараа илэн, элэгдсэн мөрийг нь харж толгой сэгсрэн, уртаар санаа алдсанаа дахин илж хэсэг суулаа.
“Жамиль” туужаас...
Хайрын ариун сайхан ийм л энгийн жижиг зүйлд оршин байдаггүй гэж үү? Чин сэтгэлээс гарч байгаа бүхэн жижиг гэлтгүй хүний сэтгэлийг хөвсөлзүүлэх идтэй байдаг ажээ. Хайр хэзээ ч, юуг ч шаарддаггүй, ямагт өгөөмөр байдаг. Хайрласан хүн хэзээд зовж шаналан байдаг ч үүнээ эсэргүүцдэггүй. Хэзээ ч гомдлынхоо хариуд өс хонзон санадаггүй гэж хаанаас ч билээ уншсан санагдана.
Хэдийгээр энэ номын өгүүлэмж энгийн мэт боловч хамгийн агуу зүйлийг ч энгийнд багтааж болдгийн тод жишээ болж чаджээ.
Шалиг нялуурал гэхээр юмгүй, завхай зайдан үг хэллэг нэг ч байхгүй мөртлөө хамаг зүрх сэтгэлийг хөндөж, байж суух газаргүй болгон, хүрч мэдрүүлж чадаж байгаа нь Айтматовын авьяас билгийн илбэ шид бизээ. Жамиль тууж дээрх хамгийн романтик харилцан яриа магадгүй доорх хэдэн мөр л байх:
- Надад амар байна гэж бодоо юу?
- Чи гомдсон юм уу? Их гомдсон, тийм үү?
- Чамайгаа би түүгээр солино гэж чи бодоо юу?
- Юу л гэж ярьцгаавал ярьцгааг!
- Алив наашаа эргээч, Би нүдийг чинь харъя! Хүний сэтгэлд болж буй тэр их баяр хөөр, дур хүслийг энэ мэт жирийн үгсээр бүрэн илэрхийлнэ гэдэг амаргүй. Гэхдээ ийм жирийн үгсээс тэр бүхнийг ойлгож мэдэрнэ гэдэг уншихуйн нэгэн таашаал юм даа.
Хайр хэзээ ч, юуг ч шаарддаггүй . Ямагт өгөөмөр байдаг. Хайрласан хүн ямагт зовж шаналан байдаг ч үүнээ эсэргүүцдэггүй. Хэзээ ч гомдлынхоо хариуд өс хонзон санадаггүй.
Эр нөхрөөсөө өөр хүнд хайртай болсноо хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа Жамиль бүсгүйн цэвэр ичимтгий байр байдал, ямар ч оролдлого, үйлдэл хийлгүй бүхнийг сэтгэлдээ хав дарж орхисон Даниярын тэсвэр тэвчээрийг одоо хөндлөнгөөс харсан өсвөр насны хүүхэд ч ойлгохоор болжээ. Төв Азийн сүрлэг өндөр уулсын дундаас л олж амталж болох үл илчлэгдэх сэтгэл. Ийм шаналал, ийм сэтгэлээс л ийм түүх, ийм зохиол, ийм ур чадвар төрдөг ч байж мэднэ ээ. Хайрлаж чадахгүй байгаадаа шаналах гэдэг л чухам хайр байж ч болох юм. Магадгүй хайр сэтгэлийн сайхан нь хамтын аз жаргал болоод бүхий л зүйл санасан бодсоноор бүтэхийн нэр биш яаж ч болохгүй шаналган зовоогч тэрхүү эхлэл, өрнөлдөө байдаг ч юм билүү.
Данияр хэдий үг дуу цөөтэй, бүрэг зожиг боловч байгаль дэлхий түүнд сэтгэлээ илчлэхэд нь тусалж байна. Тэрээр гайхалтай сайхан дуулах бөгөөд уул ус, газар нутгийн үзэсгэлэнтэй сайхны тухай дуулахыг нь сонссон Жамиль үнэн сэтгэлийг нь таньж байна. Хүнийг таньж мэдэхэд, хүний сэтгэл рүү нэвтрэхэд хэцүү л дээ. Гэхдээ сэтгэл сэтгэлээ олсон үед таньж мэдэхэд хэцүү зүйл гэж байдаггүй ажээ.
Жамилийн гар сулран унжиж, тэрээр Даниярыг налан, толгойгоо мөрөнд нь аяархан наалдууллаа. Хурдан морь гэнэт огло харайх мэт Даниярын хоолой чичирхийлэн тасалдах шиг болсноо дахин шинэ түрлэгээр оргилов. Данияр хайрын тухай дуулж байлаа!
Миний дотор хачин болоод явчхав. Харанхуй талд гэгээ татах шиг болж, тэр гэгээ татсан уужим саруулхан талд хайрлаж дурласан хоёр хүн явж байна. Эргэн тойронд нь хэн ч байхгүй мэт тэд намайг өчүүхэн төдий ч үл анзаарна. Тэднийг дуундаа уусан шингэж, аясаар нь найгаж явахыг би хөндлөнгөөс нь зүрх догдлон харж явлаа. Тэд танигдахын аргагүй өөр болжээ. Хуучин цэрэг цамцныхаа захыг задгай тавьсан нөгөөх л Данияр боловч харанхуйн дундаас нүд нь оч татуулан гялалзах нь төсөөлөгдөнө. Нөгөөх нь миний Жамиль байлаа. Тэрээр нүдэндээ доголон нулимс гялтгануулан, чимээгүйхэн, ичингүйрсэн байдалтай Даниярт наалдан сууна. Эд урьд өмнө үзэгдээгүй аз жаргалаар бялхсан шинэ хүмүүс. Чухам үүнийг аз жаргал гэхгүй бол өөр юуг хэлэх юм бэ?
“Жамиль” туужаас...
Нэг сайхан цэлмэг өдөр Сеит хүү голын захын өтгөн бургасан дор өдөржин суужээ. Тийн сууж байгаад Данияр Жамиль хоёрыг хоорондоо юу ч юм ярилцан богц боодол барин тосгоноос явж байгааг олж харах нь тэр. Эргэж ч харалгүй алхах хосын жигүүртэй юм шиг үргэн нисэж буй тэр л агшинг Сеит хүү цааснаа буулгасан нь дээр өгүүлсэн зураг болой. Хожим энэ зураг бүхнийг илчилж Сеит дурлалт хосын хамсаатанд тооцогдон гэр бүлийхэндээ урвагч гэгдэн зэмлүүлнэ. Ингэхэд тэр хүү яг юунаас, хэнээс урвасан юм бэ? Гэр орноосоо, төрсөн ахаасаа урвасан хэрэг үү? Тэгэхгүйн тулд амьдралдаа анх удаа нүдээр үзэж бие сэтгэлээр мэдэрсэн тэр нандин хайраа таслан зогсоох ёстой байсан юм уу? Үгүй ээ тэр үнэнээс урваагүй! Амьдралын үнэнээс, хоёр хүний үнэн сэтгэлээс урваагүй.
Зурсан зураг болгонд минь Даниярын дуу шингэг!
Зурах зураг бүхэнд минь Жамилийн зүрх цохилог!
СЭТГЭГДЭЛ