Петр I

1703 дугаар оны таван сарын арванзургааны өдөр жирвэгэр сахалтай, мөрөө шүргэн долгиотох хар хүрэн үстэй, сурвалжит язгууртан байрын залуу эр Балтийн тэнгисийн аман дахь намгархан талыг ширтэн зогссоно. Энэ бол дөнгөж гуч хүрч яваа нэгдүгээр Петр хаан бөгөөд, балчиг намаг бүхий уудам газрыг ийнхүү удтал ширтэж зогссоны эцэст хоёр ширхэг өвсийг загалмай адил хэрээслэн тавиад “Энэ газар их хот босог” хэмээн лүндэн буулгажээ. Хүн амьдрахад бэрх, балар намаг дунд хожмийн их хот, хэдэн мянган хүний хөлс хүч, амь насаар боссон агаад 1712 оноос Оросын сурвалжит язгууртан, ихэс дээдсүүд эл хотод ирж суурьшин, улмаар Петербург хот улсын нийслэл болж байсан түүхтэй.

Энэ орчлон дээр, чинхүү агуу хүмүүс л агуу их гунигийг мэдрэх ёстой.

1865 он. Нэгдүгээр Петр хааны зарлигаар намаг дээр боссон Петербург хот өдгөө хоёр өөр өнгө төрхөөс бүрдсэн том хот болжээ. Тэр нь: Эрмитаж, Адмиралтейство, хааны зуны ордон Петергроф зэрэг суут уран барилгачдын бүтээн босгосон барилга архитектурийн эрхэмсэг, сүрлэг байдал бүхий (хойд Венец гэгдэх) үзэсгэлэн төгс Петербург ба гар урчууд, цехийн ажилчид хаа сайгүй хөшилдсөн архины мухлаг, зоогийн газар, дэн буудал гээд уран барилгын ямар ч үзэмж шийдэлгүй байр сав, хоног төөрүүлэх оромж тагз хаа сайгүй бөөгнөрсөн “өөр нэг” Петербург болой. Чухам ийм нэгэн хөлсний муухан оромжуудын нэгэнд Гэмт хэрэг ба ял шийтгэл зохиолын гол баатар, хуулийн сургуулийн оюутан асан Родион Романович Раскольников толгой хоргодох ажээ. (Эл романаа бичиж байхдаа Достоевский ч тэнд амьдарч байсан гэдэг.) Раскольников ядуу зүдүү учир сургуулиа орхиж, амь зогоохын тулд дүү охиныхоо бөгжийг дэнчинд тавьжээ. Өнөөдөр тэрээр ааваас нь үлдсэн мөнгөн цагийг мөн л өнөөх мөнгө хүүлэгч эмгэнд барьцаалан хэдэн рубль авах бөгөөд, бухимдаж бачуурсан царай зүс нь долдугаар сарын Петербургийн бүгчим халуунтай нийлэн даанч давчуу, таагүй уур амьсгал төрүүлнэ. Зожиг ганцаардмал залуу эр тамтаг болсон хувцас хунар, ядуу зүдүүдээ гонсойдоггүй бололтой. Намхан адартай, авс шиг умгар өрөөнд үхдэл мэт чимээ аниргүй удсан шинжтэй. Хагас жилийн өмнө тэрээр “Гэмт хэргийн тухай” өгүүлэл бичсэн бөгөөд тэрхүү өгүүлэлдээ цухас дурдсан санаа бодол нь түүнийг сүүлийн нэг сар зовоож байгаа юм. Өгүүллийнх нь гол үзэл санаа товчхондоо ийм:

Бүх хүмүүсийг “жирийн”, “жирийн бус” гэж хоёр ангилна. Жирийн хүмүүс дуулгавартай амьдрах ёстой, хууль зөрчих эрхгүй. Жирийн бус хүн өөрийнхөө үзэл санааг хэрэгжүүлэн биелүүлэхэд (нийт хүн төрөлхтний тусын тулд ч юмуу) ямар нэгэн саад тотгор учирч байвал цус урсгаж, золиос гаргах эрхтэй гэж үзнэ. Жишээ нь Кеплер болон Ньютон нар өөрсдийнхөө нээлтүүдийг хүн төрөлхтөнд хүргэхийн тулд замд нь саад учруулсан нэг, арав, магадгүй зуун хүнийг золиосонд гаргах гарцаагүй шаардлага гарвал тэднийг зайлуулах эрхтэй, тэр ч байтугай тэгэх үүрэгтэй гэсэн үг. Гэхдээ Кеплер хэн дуртай, замдаа таарсан болгоноо алж талж, Ньютон зээл дээр өдөр болгон хулгай хийх эрхтэй гэсэн үг огт биш.

Нэн эртнээс л Ликург, Солон, Магомет, Наполеон гэх мэт хүн төрөлхтнийг тохинуулагчид өвөг дээдсээс уламжлагдаж ирсэн эртний хууль ёсыг зөрчигчид байсан бөгөөд чингэхдээ тэдний ажил хэрэгт үнэхээр хэрэгтэй гэж үзвэл цус урсгахаас ч буцдаггүй (ямар ч гэмгүй хүмүүсийнхийг ч) гэсэн санаа.

Федор Михайлович Достоевский

Достоевский уг романаа бичиж байх үедээ, 1865 оны есдүгээр сард М.Н.Катковт Шинэ романы маань үйл явдал одоо үеийнх, энэ оных” гэж бичиж байжээ. 1865 оны Орос орон: хамжлагаас чөлөөлөгдсөн хэдэн сая ард нийгмийн тэгш бус, ороо бусгаа байдлын өмнө өвдөг сөгдөн, ёс суртахууны цохилтод нугарч, итгэл үнэмшлээ гээн, эх адгаа алдсан замбараагүй байдалд хүрээд байв. Эдийн засгийн уналтаас гадна философийн шинэ үзэл санаанууд гэмт хэргийг өдөөх гол шалтгаануудын нэг болох хандлага ч ажиглагдаж байлаа. Иймэрхүү шинэ онолыг үндэслэгчдийн нэг болох Ницше хар массын амьдралыг, тэр ч байтугай бүх дэлхий ертөнцийн ирээдүйг төвхнүүлэх эрх бүхий «хүчирхэг хувь хүмүүс ба тэдний түүхэнд гүйцэтгэх үүрэг ролийн тухай» онолыг Европт боловсруулчхаад байсан цаг үе. Яг үүн шиг сая сая хүнийг үхэлд хүргэж, гаргуунд нь гарган “зарлагадах” эрхийг өөрөө өөртөө олгосон “Наполеонуудын” тухай санаа Достоевскийг ихэд зовоодог байжээ. Түүний 1863 онд хэлсэн үгийг Суслова гэгч эмэгтэй тэмдэглэлийнхээ дэвтэрт ийн бичиж үлдээсэн байна:

Бид оройн хоолоо идэж суутал Фёдор Михайлович хичээл хийж суусан жаахан охин руу харж байснаа “Тэгэхээр байна аа, ийм нэг охин, өвгөн хоёр байна гэж бодъё. Гэтэл хэн нэгэн Наполеон гарч ирээд 'Энэ хотыг юу ч үлдээлгүй устгагтун' гэж хэлнэ. Энэ ертөнц дээр дандаа л ийм юм болж байсан шүү дээ” хэмээн хэлж билээ.



Би бусдын сайн сайхны төлөө юу хийж чадах вэ?

Эзэн хаан хоёрдугаар Александрын хамжлагат ёсыг халсан явдал (1861он), цөллөгөөс Петербургт эргэж ирсэн Достоевскийн хүсэн хүлээж байсан өөрчлөлт, сайхан цаг үеийг авч ирсэнгүй. Дотны хүмүүсээ эцсийн замд нь үдэж, мөрийтэй тоглоомд автаж, өр зээлд баригдаж үлдсэн тэр үедээ их зохиолч маань Орос орны бүхий л зовлон зүдгүүр, эмзэглэл зовиурыг тээх учиртай, тухайн цагийнхаа баатрын тухай битүүхэн бодож эргэцүүлж явжээ. Тэр баатар нь мөн л түүн шиг Петербург хотын хаа нэгтээ, “Наполеонуудын” тухай бодлоор тархи толгойгоо үймүүлж, шударга ёс, хүч чадлыг эрэлхийлж яваа ядуу тарчиг эр байж таарна. Дээр дурдсан “жирийн”, “жирийн бус” хүмүүсийн тухай бодлууд нисэлдэх хөлсний, умгар өрөө рүүгээ эргэн очъё. Ядуу зүдүүдээ нэрвэгдсэн Раскольников бодож л дээ. Энэ бүх өөрчлөлт шинэчлэл, цаг үеийнхээ золиос болсон шинэ залуу хүч ямар ч дэмжлэг тусламжгүй үрэгдэн үгүй болж байна. Хаа сайгүй, хэдэн мянгаараа шүү! Хэрэв би Наполеон лугаа адил “жирийн бус хүн” мөн байлаа гэж бодоход бусдын сайн сайхны төлөө юу хийж чадах вэ? Сайхан л асуулт...

Раскольниковын хөлсний байшингаас яг долоон зуун гучин алхамын зайд мөнгө хүүлэгч эмгэн Алена Ивановна амьдран сууна. Өмнө нь хоёр ч удаа үнэт эдлэл дэнчинд тавихаар очихдоо Раскольников эмгэнийг сайтар судалжээ. «Энэ эмгэнийг алагтун, тэгээд сүмд гэрээслэн үлдээсэн мөнгийг нь аваад өөртөө биш юмаа гэхэд, өлсгөлөнгөөр, өвчин эмгэгээр үхэж, үрэгдэж байгаа хүмүүст зориул. Тэр мөнгийг нь шинэ залуу ирээдүйн татаж босох “авралын гар”, шударга бус нийгмийг нэг шат дээш гаргах “Архимедийн тулах цэг” болгогтун. Ингэсэн цагт л шударга ёс сэргэх болно» хэмээн дотоод дуу хоолой нь итгэл үнэмшлээр нөр цуурайлна. Нэг муу сүрьеэтэй, ядуусын эцсийн зоосыг шулагч (дүү охиных нь бөгч, аавынх нь цаг ороод) ёдрын эмгэний амь нас жингийн таваг дээр юу дарах юм бэ? Нэг амьдралыг хөнөөгөөд оронд нь зуун амьдралыг тэтгэнэ, энэ бол энгийн тоо бодлого! Байж болох сайхан л хариулт...


Зоригтой урагшил! Цоо шинэ замыг цээжээрээ түрэн гарга! Зөвшилцөл гэдэг заль мэх. Зөвшилцөл хүнийг тэр чигээр нь өөртөө сэмхэн сорон шингээнэ. Зөвшилцлөөс сэрэмжилж болгоомжил, учир нь чи нэг л удаа энэ зам руу гулссан бол бодол санаагаа нэг мөсөн бузарлан гутаах болно.

Салтыков-Шедрин “Аниргүй зогсоол”


          Зохиолын эхлэл хэсэг үзэл онолоор толгой тархи руу түншсэн, ямар нэг том үйл явдлын өмнөх бадрангуй, байж ядан давчидсан мэдрэмжийг эрхгүй дүрэлзүүлж “Алив ээ Раско, очоод гавлыг нь хага цохь. Родя минь сүхээ аваад бос, Родка минь, бүгдэд нь Наполеон гэдгээ, дээд хүн болохоо батлан харуул. Авдар савыг нь хуу хоослоод зовж зүдэрсэн хүмүүст тусла. Мармеладовт хоёр мянгыг, Катерина Ивановнад таван мянгыг атгуулж орхи. Дуня чинь мөнгөний төлөө хөгийн шаартай гэр бүл болох дээрээ тулж, хонгорхон Соня ар гэрээ тэжээх гэж биеэ үнэлж байхад наад эмгэний чинь амь нас хэнд хүртээлтэй юм бэ” хэмээн хашгирмаар санагдаж байсан юм шүү. Энэхүү аюумшигтай, зэрлэг, санаанд багтахын аргагүй асуулт л Раскольниковыг бүтэн сар зовоосон байж таарлаа. Шууд утгаараа биш ч гэлээ, гудамжны худалдаачин эхнэр нөхөр хоёр “мөнгө хүүлэгч эмгэн маргааш 18 цагт гэртээ ганцаараа байна” хэмээн хэлж, уушийн газар бильярд тоглож байсан залуу оюутан “юуны төлөө гэдгээ өөрөө ч мэдэхгүй хорвоогийн тоос хөдөлгөж яваа ганц эмгэний амиар мянган амь амьдралыг илжрэл, ялзралаас аварч болохгүй гэж үү” хэмээн асууж, гэрийнх нь гаднаас хэн нэгэн “Родя, одоо эсвэл хэзээ ч үгүй, 18 цаг юу юугүй болчихлоо” хэмээн орилох зэргээр зай чөлөөгүй шавдуулсаар түүнийг эмгэнийд аваачна. Гэвч хүссэн юм хүзүүгээр ороох цагт, бүгд болоод өнгөрсөн хойно бүх юм түүний санаж эргэцүүлснээс өөр байсныг тэр ухаарна. Хэнийх гэдэг нь хамаагүй, хүний амь нас гэдэг ямагт үнэ цэнтэй байх ажээ!



Хүн ёсноос давж гарсан, тэрбумд ганц л тохиох агуу жолоодогч болохын тулд; эгэл жирийн, тарчиг амьдралын буулганаас салж “өөр нэг” Петербургийн намаг балчгаас тасран дүүлэхийн тулд; нийгмийнхээ ялзралыг арилгаж, өвчин эмгэгийг нь илааршуулан, гаж буруу тогтолцоог засч залруулан, шударга ёсыг тогтоох эрх мэдлийг олж авахын тулд ямар их шаналанг нуруундаа үүрэх хэрэгтэйг одоо тэр ойлгоно. Магадгүй тэр энэ их шаналал, ийм төрлийн зовиурыг дааж чадахаар “жирийн бус” хүн биш, хүнлэг энэрэнгүй, жинхэнэ “жирийн” хүн байсан ч юм билүү. Энэ бол үзэл санааны үндсэн дээр хүнд гэмт хэрэг өдүүлсэн жишээ. Энэ зохиолын гайхалтай чанар нь уншигч, дүр болгоны бодол санаа, дотор хүнийг таньж, түүнтэй хамт бодож, зөрчилдөж, сэтгэл хөдлөлийг нь өөр дээрээ мэдэрдэгт байгаа юм. Тиймээс Раскольниковын энэ бүх шаналлыг өөр дээрээ тусган бодож үзээд, эцэст нь “алив Родя сүхээ аваад гар” хэмээн хашгирч байсандаа зовж, гэмших сэтгэл уншигчид төрнө. Ерөөс хүнийг шүүх эрх мэдэл хэнд байж болох талаарх Достоевскийн эл үзэл санаа 150 жилийн дараа ч үнэтэй хэвээрээ байна.

Гэмт хэрэг ба ял шийтгэл романы гол санааг эртний Герегийн долоон мэргэний нэг Питтакийн (2×2=6 буюу Суут жаран сэтгэгч. 2001. Г.А) дөрвөн үг бүхий асуултаар тайлбарлан харвал илүү тодорхой зүйл харагдаж мэдэх юм. Питтакийн «Сайн хүн байх хэцүү юу» гэсэн энэ асуулт үг тус бүрийн өргөлтөт утгаараа илүү гүнзгийрдэг билээ.

Сайн хүн байх «ХЭЦҮҮ» юу?

Сайн «ХҮН» байх хэцүү юу?

Сайн хүн «БАЙХ» хэцүү юу?

«САЙН» хүн байх хэцүү юу? 

Эндээс бас нэг асуулт, магадгүй зохиолын хамгийн гол, чухаг асуулт урган гарна. Раскольниковын зориглон хийсэн энэ үйлдэл гэмт хэрэг мөн үү? Эсвэл, бусдын сайн сайхны төлөө өөрөө өөртөө оноосон ял шийтгэл юм уу? Хуулийн ангийн оюутан ахуйдаа бодож олсон, хуулиас давсан эрхмүүдийн тухай, тэрхүү онол санаан дээр нь тулгуурлан бодох гээд үзье. Гэмт хэрэг үү? Ял шийтгэл үү? Энэ асуултын хариуг уншигч танд үлдээе.


Бүх зүйл өөрийнх нь гарт байх боловч тэр хулчгар зангаасаа болоод бүхнийг тавьж орхидог.


Ер нь энэхүү зохиолын аль нэг дүрийг сайн, эсвэл муу хэмээн дүгнэх боломжгүй. Алив чи ихэнх дүрийг нь нэг өгүүлбэрээр дүгнээд хэлээдэх гэвэл би ингэж хэлнэ: Усны найрлага үгүй мөс гэж байдаггүй шиг, угтаа амьд бүхэн Будда мэт.

Достоевскийн ямар ч зохиолоос хүнлэг, нигүүлсэнгүй, бурханлиг сэтгэл үнэртэнэ. Соня, Мишкин ван, Алеша Карамазов гээд л... Гэмт хэрэг ба ял шийтгэл зохиолын мөс мэт хүйтэн дүрүүдээс ч та ус мэт уян зөөлөн шинжийг олж харж болно. Архинд толгойгоо мэдүүлсэн, азгүй эр Мармеладов, амьдралд нухлагдсан хөөрхий эхнэр Катерина Ивановна, цөлөгдсөн эрчүүдийн “сахиулсан тэнгэр” хонгорхон Соня, “дарь эх” Пульхерия Александровна, ухаалаг-дур булаам Дуня, хэрэв хүсвэл Лизаветаг хүртэл оруулаад эд бүгд “хүний төлөө өөрийгөө ч зольж чадах хүнлэг, энэрэнгүй дүрүүд” болой. Тэд зөвхөн хайрладаг, хүлцэн тэвчдэг. Тэдэнд хүнлэг сэтгэлээс өөр юу ч байхгүй. Итгэлийн гурван үндэс болсон ядам, дагинас, сахиулсанд итгэе. Энэ зохиолд эмэгтэй эсрэг дүр гэж байхгүй!

Миний хамгийн хайртай “усны найрлага бүхий мөс” бол Мармеладов, Свидригайлов хоёр. Тэд бол яах аргагүй сонирхолтой, сонирхолтой болохоор зөрчил ихтэй, хялбар ойлгогдож, амар хайрлагдахгүй дүрүүд. Свидригайлов яахав хийх ажилгүй, мөнгө үрэн зоргоороо тэнүүчилж явдаг хөзрийн луйварчин, магадгүй алуурчин. Санаа зорилго нь өнгөн дээрээ цэвэр ариун санагдахгүй ч гэлээ, би л хувьдаа түүнийг муу хүн хэмээн хэлж чадахгүй.

– Яая гэхэв. Садар самуун бол садар самуун л биз! Садар самуун гэдэг үгийг л шүүрцгээж гэнэ. Ядахдаа асуулт нь шулуухан юм даа, би шулуухан асуултад дуртай. Наад садар самуун гэдэг чинь дор хаяад л байгалийн жамд үндэслэсэн, уран сэтгэмжээс ангид, цусан дотор минь шатаасан нүүрсний цог мэт ямагт оршин, мөнхөд халааж төөнөж байдаг, нас явахын хэрээр ч амархан унтарчихдаггүй тийм нэг байнгын юм бишүү?

...Родион Романыч! Та надад садар самууны тухай, бас эстетикийн тухай ярьж байх ч гэж дээ! Та чинь Шиллер, идеалист үзэлтэн юм байна!

...мэдээж юм болгонд хэмжээгээ баримтлах хэрэгтэй. Тийм биш сэн бол өөрийгөө буудахад хүрнэ шүү дээ. (Тэр хэм хэмжээгээ хэр зэрэг мэддэг болохыг, хэрэв түүнийхээ хязгаарыг давсан бол, үнэхээр өөрийгөө буудаж чадах эсэхийг бид хожим харах болно.)

...Ер нь Раскольников тун их эд юм гээч! Өөр дээрээ их ачаа үүрч дээ. Яваандаа хэрсүүжээд ирэхээр их гарын луйварчин болж магадгүй л юм, одоо бол түүнд амьдрах хүсэл дэндүү их байгаа! Энэ тухайд гэвэл олон түмэн гэдэг чинь туйлын өөдгүй амьтад шүү дээ. Чөтгөр тэднийг аваг. Гэмт хэрэг ба ял шийтгэл.


Порфирий Петрович

Бас нэг Шиллер, бас нэг егзөр дүр бол сэтгэлзүйн гигант, мөрдөн байцаагч Порфирий Петрович. Раскольниковын оюутан цагийн анд нөхөр Разумихины холын садан Порфирий бол энэ зохиолын чамгүй олон хуудсыг сэтгэлзүйн тулааны талбар болгон хувиргасан буянтай хүн. Зөвхөн Раскольников, Порфирий нарын сэтгэлзүйн тулааныг задлан шинжилсэн бичвэр маань удахгүй танд хүрч магадгүй. Свидригайлов Раскольниковыг Шиллер гэж дүгнэдэг, харин Раскольников Порфирийг Шиллер шиг хэмээн боддог. Достоевскийн бүтээлүүдэд “амьдралд романтик хандах” хандлагыг “Шиллеровщина” буюу Шиллерчирхэл гэсэн утгаар хэрэглэдэг. Мөн Свидригайлов, Порфирий хоёр Раскольниковт байн байн “Агаар, агаар хэрэгтэй” гэж хэлдэг. Энэ бүхэн санамсаргүй, зүгээр л нэг давхцал төдий зүйл биш болов уу. Аллагын талаар ч тэдгээр эрчүүд л мэдэж байдаг биз дээ? Мөрдөн байцаагч Порфирий:

Та өөр зэрэг зиндааны хүмүүсийн эгнээнд шилжих нь асуудал гэж үү? Тань шиг сэтгэл зүрхтэй хүн тав тухад хоргодож, харамсахгүй байлгүй дээ? Дэндүү удаан хугацаанд таныг хүмүүс олж харахгүй байж магадгүй нь ч бас яахав? Хэргийн учир цаг хугацаанд биш, харин танд өөрт чинь байгаа юм. Нар бол л доо, таныг бүгд харцгаах болно. Нар эн тэргүүнд нар л байх ёстой. Та яагаад дахиад инээмсэглэв, намайг ийм Шиллер шиг болохоор тэр үү?

Порфирий Петрович “нар бол, нар шиг бай” хэмээн Раскольниковт хэлж байна. Нар яана гэж? Достоевскийн нэгэн адил цөллөгт хэдэн жилийг өнгөрөөж, тэндээс гүн ухааны гол онолоо олж авсан Ван Янмин гэх хятадын сэтгэгч нарны тухай ийн хэлжээ:

Нарны гэрэл хаашаа тусах, хаана ээхийг заах утгагүй. Өчүүхэн нүх сүв ч нарны туяаг нэвтрүүлснээрээ түүний орших газар болно. Үүл манан битүү бүрхсэн үед ч өдөр шөнийг ялгаж болдог. Нарны гэрэл юунд ч боогдохгүй гэсэн үг. Нарыг үүл халхалдаг нь тэнгэр үүлийг төрүүлэх ёсгүй гэсэн үг биш шүү дээ.

"Гэмт хэрэг ба ял шийтгэл" 1969он. Раскольников - Георгий Тараторкин, Порфирий Петрович - Иннокентий Смоктуновский

Зургийн тайлбар: "Гэмт хэрэг ба ял шийтгэл" 1969 он. Раскольников - Георгий Тараторкин, Порфирий Петрович - Иннокентий Смоктуновский

Гайхалтай. Үүл манан битүү бүрхсэн үед ч өдөр шөнийг ялгаж болдог! Ялангуяа Петербургт. Ийм шударга бус нийгэмд өөрийн гэсэн “нар” хэрэгтэй. Юу гэсэн үг вэ гэхээр «Раскольников тэгээд нар байж чадаагүй хэрэг үү?» хэмээн Порфирийгоос асуувал «зорилго нь хэдий зөв боловч арга зам нь буруу байна. Тиймээс би буруу арга замаар цацрах гэсэн нар бүхний өмнө үүл мэт зогсох болно. Нарыг үүл халхалдаг нь тэнгэр үүлийг төрүүлэх ёсгүй гэсэн үг биш шүү» хэмээн хариулна гэсэн үг. Хожим хэргээ хүлээхээр шийдсэн хойноо ч тэр “Порфирий дээр л очихгүй юм шүү” гэж боддог. Порфирий бол түүний хувьд сэтгэлзүйн шатарчин, энэ өргийн гол өрсөлдөгч. Тиймээс хэргээ хүлээнэ гэдэг нь Раскоьниковын хувьд, өөрийнхөө ямар ч чадваргүй, сул дорой болохыг харуулж, “би чиний өрсөлдөгч байхаар хүн биш” гэдгээ хүлээн зөвшөөрч, энэхүү сэтгэлзүйн өрөгт бууж өгч байгаатай ижил. Эцэст нь Порфирий хожлын нүүдлээ хийж Раскольниковыг ацан шалаанд оруулав:

– Та намайг хэзээ баривчилъя гэж бодож байна?

– Яахав, ганц юм уу, хоёр өдөр таныг зугаалуулж болох л юм. Сайн бод л доо, хонгор минь. Бурханд залбир. Танд ашигтай шүү, гарцаагүй ашигтай.

– Би оргочихвол яахав? гэж Раскольников асуугаад нэг л хачин жуумалзав.

– Үгүй дээ, та оргохгүй. Барлаг эр бол оргоно, орчин үеийн сектант оргоно, тэр чинь бусдын бодлын боол шүү дээ, түүнд зөвхөн хурууныхаа үзүүрээр мичман Дыркад (Гоголийн “Гэрлэлт” жүжгийн дүр) заадаг шиг заахад л юунд ч хамаагүй насан туршдаа итгэж орхино. Гэтэл та өөрийнхөө онолд нэгэнт итгэхээ больсон болохоор юутайгаа оргох болж байна? Бас оргоод яах юм? Оргоно гэдэг хэцүү, бас өчүүхэн муухай явдал, гэтэл танд, юуны өмнө, аж амьдрал, тодорхой байр суурь, зохих агаар хэрэгтэй.

Дээрх хоёр дүр буюу Свидригайлов, Порфирий нар эгээ л Раскольниковын баруун зүүн мөрөн дээр суусан бурхан чөтгөр хоёртой адил санагдана. Үүний адил зарим дүрүүдийг нөлөөлөл, ижил төстэй зан чанар, амьдралын нөхцөл байдал зэргээр нь харьцуулж, хамаатуулж болно. Мармеладов Соня хоёрт, Раскольников Дуня хоёрт иймэрхүү ижилсэл элбэг анзаарагдана. Цусан төрөл болохоор арга ч үгүй биз. Свидригайлов, Порфирий нараас гадна номхон хүлцэнгүй, бусдын төлөөх сайхан сэтгэлээр нь Соня Лизавета хоёрыг ч юмуу, аль эсвэл Соня Дуня хоёрыг ч харьцуулж үзэхэд сонирхолтой дүр зураг харагдана. Зурах гээд үзэх үү?


Дуня ба Соня

Дуня өөрийн ах Раскольниковын төлөө, Соня өөрийн эцэг Мармеладовын төлөө, дүү нарынхаа төлөө өөрийгөө зольж чадна. Тэд бол амь амьдралаас нь үнэтэй хүмүүс. Дуня-Разумихин, Соня-Раскольников гэсэн хайрын романс үүснэ. Свидригайлов Дуня хоёр зөрчилтэй, гэхдээ энд олон зүйл нуршиж, сунжирсан урт тайлбар, нотолгоо хийхгүйн тулд туслахад бэлэн байсныг нь л эргэн санацгаая. Түүний дамжуулж өгсөн мөнгөөр Разумихин ямар сайхан “бизнес төлөвлөгөө” боловсруулдаг билээ. Харин Сонягийн хойд эхийн оршуулга болоод өнчин дүү нарт нь Свидригайлов нинжин сэтгэлээр тусламжийн гараа сунгадаг. Эцэст нь нэр төрөө эрхэмлэдэг, хөрөнгө чинээтэй Лужин үлдэх шив. Түүнд зөвхөн эрх мэдэл, ашиг сонирхол нь л үнэтэй. Миний хувьд, магадгүй зохиол дээрх ганц муу дүр нь тэр байх. “Заяа муутын толгойг ширээн дээр тавьсан ч шороо руу өнхөрнө” гэгчээр өөрийгөө байнга хөөдөж, шороотой хутгаж явдаг олиггүй амьтан. Хэрэв хүсэх юм бол Лужинаас бусад дүрээс та дээр дурдсан “усны найрлага” олж харж болно. Харин Разумихин бол ямар ч “хийгүй”, итгэмээргүй сайн дүр. Магадгүй Дуня шиг амьдралын “шавар шавхай” дээр тийм ч амархан хальтирчихгүй хүнд Разумихин шиг “хийгүй” эр л тохирох бизээ. Соняг бүгд жигшин, үл хүндэтгэж байхад Дуня л түүнтэй хүн ёсоор мэндэлдэг биз дээ? Энэ ч бас санамсаргүй зүйл биш. Энэ бүхнээс харвал Соня, Дуня гэх хоёр эмэгтэйг тойрсон дөрвөн эрийн иймэрхүү зураг гаргаж болох нь.

Дуня, Соня ба эрчүүд
Зургийн тайлбар: Дуня, Соня ба зохиолын эрэгтэй дүрүүд


Свидригайлов

Даанч хэнэггүй сайхан эр дээ чи. Свидригайлов бол Раскольниковын өвөрмөц хуулбар, нэг зоосны нөгөө тал ч байж мэднэ. Үүнийгээ ч Раскольниковт хэлдэг:

Чи бид хоёр чинь нэг тэрэгний өрөөсөн дугуйнууд шүү дээ...

Раскольниковынхоос өөр байж болох ч гэлээ Свидригайловт өөрийн гэсэн, үүрч яваа “ял шийтгэл” бий. Амиа егүүтгэхийн өмнө хоног төөрүүлдэг бохир заваан дэн буудлын өрөөн дэх зүүд нь үүнийг гэрчилнэ. Ер нь зохиолд Раскольников Свидригайлов хоёр л “үүрч яваа гэм нүглийнхээ талаар” зүүдэлдэг. Зүүдэлдэг гэснээс хожим Фройд, сэрүүн байхад болсон үйл явдлыг зүүдээр тайлах боломжтой хэмээн баталсан юм шүү. Раскольниковын “цагаан гүүний тарчлаан” хэмээх зүүд бол тэр чигээрээ “Ницщегийн солиорол” мэт харагдах боловч тэр гүүний зовж тарчилсан нүднээс Соня, Дуня, Конногвардийн цэцэрлэгт талбай дахь доромжлогдож бузарлагдсан согтуу охин харагдаад байсан хэрэг шүү дээ.

"Гэмт хэрэг ба ял шийтгэл" 1969он. Свидригайлов - Ефим Копелян

Зургийн тайлбар: "Гэмт хэрэг ба ял шийтгэл" 1969он. Свидригайлов - Ефим Копелян


Свидригайлов, Свидригайлов, Свидригайлов...

Тэд л амиа егүүтгэх тухай бодолд автдаг. Харин ч Раскольниковын чадаагүйг Свидригайлов чадсан юм шүү. Тэр ч бүү хэл хийсэн гэмт хэрэгтээ шаналж, гутарч, өөрийгөө яллаж явахад нь Раскольниковыг тайвшруулж, сэтгэлээр унах хэрэггүй “хийсэн бол бүү ай”, “үхээнц царайлан цонхийж явахаа больж үз” хэмээн зөвлөдөг. Хэдийгээр Свидригайлов нэг талаас ичгүүргүй, ёс суртахуунгүй харагдаж болох ч нөгөө талаар нүцгэн үнэнийг ний нуугүй хэлчихдэг л хүн. Хүмүүс үүнийг нь яаж хүлээж авах, юу гэж нэрлэх нь түүнд хамаагүй. Тэр бол бусдаас хамааралгүй хувь хүн. Тэр ч бас Раскольников шиг өөрийгөө янз бүрээр туршиж л яваа өрөөсөн дугуй нь. Нөхцөл, боломж бүрдчихээд байхад ч Дуняг хүчирхийлээгүйг нь бод л доо. Учир нь түүнд ёс суртахууны хэм хэмжээ, сэтгэл гэж байсан бөгөөд Дунятай хийсэн халз тулаанд дийлдэж эцэстээ амиа егүүтгэдэг. Дуянгийн үлдээсэн нэг сумаар... Раскольников ч мөн Сонятай хийсэн сэтгэлзүйн тулаанд ялагдал хүлээж түүний “тушаалыг”, «Замын уулзвар тийш яв, олон түмэнд мэхийн ёсолж, газар шороог үнс. Яагаад гэвэл чи түүний өмнө нүгэл хийсэн. Тэгээд хорвоо ертөнцөд сонсогдохоор: “Би алуурчин” гэж чанга хэл» гэснийг нь биелүүлдэг. Раскольников Сенийн талбайн голд сөхрөн Петербургийн бохир заваан шороог баяр жаргалтайгаар үнсэн, олон түмэнд мэхийн ёслов. Сэтгэл дотроо үүрч дүүрч явсан хүнд хэцүү ачаа тээш нь хөнгөрөх шиг болж, тархи толгойдоо тээж явсан бодол шаналал бүхнээ уудлаад гаргачих шиг мэдрэмж төрөхөд тэрээр уяран зөөлөрч, сад тавин уйллаа. Хоржоонтой нь, энэ бүхнийг Соня тавиадхан алхмын цаанаас харж зогсдог. Гэхдээ л Раскольников “би алуурчин” гэж хэлдэггүй. Магадгүй тэр одоо хүртэл ганцхан үүнтэй л эвлэрч чадахгүй яваа ч байж мэдэх юм. Энэ роман тэр чигээрээ сэтгэл зүйн тулаан, хариу нь тийм ч амар олдохгүй тоо бодлого. Раскольников хүнлэг сэтгэлээ мөнгө хүүлэгч эмгэнийхээс авч гарсан эд зүйлтэй хамт чулуугаар даруулаад орхичихсон юм уу? Хэрэв тийм бол түүнийгээ буцааж олж авахад нь Соня гол үүрэг гүйцэтгэсэн гэдгийг хэлэх байна.

Учрыг нь бүрнээ олчихож байгаа л бол, тэр тун муу бодлого гэдэгт итгэлтэй байж болно.

          Эцэст нь хэлэхэд Гэмт хэрэг ба ял шийтгэл бол тун сайн бодлого төдийгүй, хүн төрөлхтөн энэхүү “өгүүлбэртэй бодлого”-ын хариуг 150 жил өөрснөөсөө асууж байна. Оросын нийгэмд гарч буй өөрчлөлт, хуучны ёс жаяг бүдгэрэн, хувиа хичээх нигилист үзэл дэлгэрч байгааг анзаарсан Достоевский, Раскольниковоор дамжуулан хожим биелэлээ олох гэмт хэрэг, хувьсгалт өөрчлөлт тийш татагдаж буй нутаг нэгтнүүдээ сэрэмжлүүлэх гэсэн байж ч болох юм. Сонирхуулан хэлэхэд, Гэмт хэрэг ба ял шийтгэл роман хэвлэгдсэнээс тавиад жилийн дараа, большевикууд Петербургийн өвлийн ордныг эзэлснээр дэлхийн анхны социалист улс байгуулагдах нөхцөл бүрдсэн гэдэг. Хэрэв та санаж байгаа бол Достоевский хориннаймхан насандаа “Петрашавескийн дугуйлан” хэмээх социалист сэхээтний бүлгийн гишүүн байсныхаа төлөө баривчлагдаж, улмаар буудаж хороох ял авч байсан шүү дээ. 

Хожим Орос оронд Иосиф Сталин хэмээх “жирийн бус” нэгэн төрөн гарч эрх мэдлийг гартаа авсан ба Достоевскийн урьдчилан харж байснаар 15 сая гаруй энгийн иргэд буюу “жирийн” хүн түүний бодлого, шийдвэрээр амь насаа алдсан билээ.

Харин Достоевскийн зохиол бүтээлүүдийг хүн төрөлхтөн одоо ч уншиж, түүнээс одоо ч суралцсан хэвээрээ байна. Цаашид ч тэрээр хүн төрөлхтний сэтгэлзүйн багш хэмээгдэж, зарим нэг “жирийн биш” хүмүүсийг бодвол, хүнлэг, нигүүлсэнгүй, сайн талаар түүхэнд нэрээ үлдээсэн “жинхэнэ жир биш хүн” гэгдсээр байх бизээ.

СЭТГЭГДЭЛ

Your email address will not be published. Required fields are marked *

/