Улс төрийн зүтгэлтэн, нобелийн шагналт (1991) зохиолч Надин Гордимер 1923 онд Өмнөд Африкийн Бүгд Найрамдах улсад еврей дүрвэгчийн гэр бүлд мэндэлжээ. Бага залууд нь Апартеид дэглэм (арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл) бүрэлдэн тогтсон байсан бөгөөд Гордимерын уран бүтээл бүхэлдээ энэ системийн эсрэг чиглэж, Апартеид дэглэмийг үзэн ядах үзэл нэвт шингэсэн байна. Тэрээр 1939 онд анхны өгүүллэгээ бичиж, улмаар 1949 онд «Нүүр нүүрээ харалцан» (Face to Face) нэртэй анхны өгүүллэгийн түүврээ гаргасан байна. Гордимер өөрийн уран бүтээлд нь Райнер Мария Рильке, Марсель Пруст, Виржиниа Вүүлф нар нөлөө үзүүлсэн хэмээн хүлээн зөвшөөрчээ.
Тэрээр амьд ахуйдаа нийт 15 роман, 16 өгүүллэгийн түүвэр хэвлүүлжээ. Та бүхэнд танилцуулж буй эл түүврийн хувьд 1982 онд Penguin хэвлэлийн газрын сонголтоор анх хэвлэгдсэн бөгөөд зохиолчийн 1956-1980 оны хооронд бичсэн шилмэл 7 өгүүллэг нь багтсан болно. Тухайн үед хувь хүнийг дарлах, арьс өнгөөр гадуурхах байдал хэрээс хэтэрч, газар нутаг заан хүчээр нүүлгэж, өөр арьст хүмүүс хоорондын гэрлэлт, бэлгийн харилцааг хуулиар хоригложээ. Хар арьснууд байнга биеийн байцаалттай явах болж эх орондоо харь иргэд лугаа адил гадуурхагдах болов. «Зургаан тохой газар» түүвэрт багтсан өгүүллэгүүдэд энэ бүх шударга бус тогтолцоо, хүнлэг бус дэглэмийг дүрслэн шингээж, ёгтлон харуулсан ажээ.
Миний хувьд зохиол бичнэ гэдэг нь амьдралыг шинээр нээхтэй л адил. Хүмүүний амьдралын утга учрыг олж нээхийг оролдож буй хэрэг.
Хойд насандаа аятай тухтай байх гэсэндээ энэ насныхаа амьдралаас хумсалж, тасалж өгдөг хаа газрын ядуус аа гэж!
Зургаан тохой газар өгүүллэгт газрын эзэн эр өөрийн зарцын дүүг зохих ёс заншлын дагуу оршуулахаар хүнд суртлын эсрэг тэмцэж буй тухай өгүүлнэ. Дүүгийнхээ цогцсыг авахын тулд дөрвөн сарынхаа ажлын хөлстэй тэнцэхүйц хэмжээний төлбөр төлж буй ахын хүлцэнгүй номхон байр байдлын цаана ямар их уур бухимдал нуугдаж байсан бол. Оршуулгын цуваанд гэлдрэх хүмүүсийн байгаа байдал авс ачсан тэргийг чирч яваа илжигтэй ижилхэн ч гэмээр харагдаж буй зүйрлэл зэрэг нь боолын хөдөлмөр эрхэлж буй уугуул иргэдэд учирч буй хүнлэг бус байдал, хил хязгаарын зөрчил үхсэн хойно нь ч байсаар байгааг тодорхой харуулах болно.
Харин Таатай уур амьсгал, нөхөрсөг оршин суугчид өгүүллэг нэгдүгээр биеэс, эсээ ч гэмээр өнгө аясаар бичигджээ. Энэ өгүүллэг нь гагцхүү арьс өнгөний ялгаа, хар арьстнуудаас өөрийгөө илүүд үзэх үзлээсээ болон ярьж хөөрөх хүнгүй ганцаардаж буй хижээл эмэгтэйн айдас ганцаардлын тухай бол Бадмааргийн өнгөт шигтгээ өгүүллэгт хоёр нөхрийн есөн хүүхэдтэй эх хүнээр дамжуулан хэдэн сая Африк гаралтай эмэгтэйчүүдийн туйлын хүсэл мөрөөдөл, дуу хоолойг илэрхийлэх гэж оролджээ. Есөн хүүхэдтэй, ар гэрийн өч төчнөөн ажлын хажуугаар уугуул иргэдийн тэгш эрхийн төлөө, Апартеид дэглэмийн эсрэг тэмцэж буй Энэтхэг эмэгтэй, эх хүнийг харуулах болно. Ерөөсөө амар тайван амьдрал гэдэг гагц өөрийгөө, гэр бүлээ тэргүүнд тавьснаар ирэхгүй, хаалга цонхоо төмөр тороор хамгаалж үргэлжийн айдастай амьдрах нь амар тайвныг өгөхгүй. Тиймээс хар арьстан, өнгөт арьстан, цагаан арьстнууд нэг газар шороон дээр хамт өсөж буй үр хүүхдийнхээ эрх чөлөө, тэгш эрх, хүнлэг энэрэнгүй нийгмийн төлөө тэмцэх хэрэгтэй гэсэн үзлийг эл өгүүллэгт гүнзгий шингээжээ.
Нийгэмд дээгүүр зиндаатай хүн доод давхрагын хүнтэй гэрлэнэ гэдэг манай улсад ч гэсэн тийм амар хэрэг биш.
Надин Гордимерын «Зургаан тохой газар» түүвэр нь хэдийгээр долоон өөр өгүүллэгээс бүрдэж буй мэт боловч өгүүллэг бүр нь өөр хоорондоо холбоотой байж болохоор... Өөрөөр хэлбэл, энэ долоон өгүүллэг нь тухайн үеийн Өмнөд Африкийг, Апартеид дэглэмийн бараан сүүдэр болгоныг зангидан харуулсан нэгэн цогц бүтээл мэт дэс дараа, учир зүйгээр нарийн холбогдож чаджээ. Нэг бодлын бусад зургаан бүлэг, зургаан өгүүлэмж нь «Зургаан тохой газар» өгүүллэгээ улам тодотгоно. Эндээс үзэхэд Апартеид дэглэмийн зургаан гаж тогтолцоо, ёс бус хууль дүрмийг “Зургаан тохой газар”-т булах (манай “долоон уулын цаагуур...” гэдэгтэй утга нэг), зургаан мянган бээр алсаас ирж газар нутагт нь эзэн суусан Британичууд уугуул иргэдийн хувьд булшны нүх мэт зургаан тохой газартай ямар холбоотой зэрэг далд санааг ч шингээсэн байж болох талтай.
Зөн совин гэдэг угтаа ямар адгийн муухай зүйл вэ гэдгийг ойлгоод түүнд зэвүүцэх сэтгэл төрлөө; үнэг, зэрлэг нохой зэрэг амьтад ан хийх зөн совиндоо хөтлөгдөн туулайнууд номхон дөлгөөн, хурганууд гэмгүй цайлган байгаасай гэж хэрхэн хүсэмжилдгийг ер хэн ч ойлгож төсөөлөх билээ дээ. «Хэвлэхэд зориулаагүй» х144.
Өнгөт арьст охин болоод цагаан арьст эрийн бие биедээ татагдсан харилцаа... Энэ харилцаа тухайн үеийн хуулийг зөрчиж байв. Хотын амрагууд өгүүллэгт ийм харилцаа шүүхийн танхимд хэрхэн төгсөж буйг харуулсан бол Хөдөөгийн амрагууд өгүүллэгт хүүхэд байхаасаа тоглож өссөн, дасаж дотноссон залуусыг хуулийн зүйл заалт хэрхэн бие биеэсээ урвахад хүргэж буйг, урваад зогсохгүй ямар алуурчныг төрүүлж буйг сэтгэл сэртхийлгэм дүрслэн үзүүлжээ.
Өчигдөрхөн бидний ой тойнд ороогүй тийм л зан үйлийг одоо бид үйлдэж байна.
Эцэст нь түүний уран зохиолын тэмцэл үр дүнгээ өгч 1990 онд Нелсон Мандела шоронгоос суллагдаж, 1991 онд Гордимерт хүмүүнлэгийн үйлсийнх нь төлөө нобелийн утга зохиолын шагналыг гардуулан өгч, 1994 онд апартеид үзлийг халж Африкийн Үндэсний Конгресс засгийн эрхийг авч чаджээ. Энэхүү түүвэр танд Африк тивийг шинээр нээж, амьдралын утга учрыг ахин эргэцүүлэх боломж олгоно хэмээн итгэж байна.
Унших бол уран бүтээлийн нэгэн үзэгдэл юм. Түүнд чамаас өөр хэн ч оролцож чадахгүй агаад бусдаас тусламж хүсэх боломж ер үгүй билээ.
СЭТГЭГДЭЛ