XVIII зуунаас өмнө эмэгтэйчүүдийн хувьд зохиол бүтээл бичихэд хэд хэдэн саад бэрхшээл тулгарч байв. Зохиол бүтээлээ бичих орон зай буюу өөрийн гэсэн өрөө, санхүүгийн хараат бус байдал гэх мэт. Оксфордод Баллиол (1263), Кингс (1441) гэх коллежууд байсан ч тэнд эмэгтэй хүн сурах тухай бодох ч хэрэггүй байв. Эмэгтэйчүүдэд боловсрол олгох коллеж байгуулах тухай яригдах боловч хөрөнгө мөнгө босгох гэхээр гацчихдаг байж.

Эмэгтэйчүүдэд өөрийн гэсэн өрөө, мөн сар бүр 500 фаунд өг. Тэр цагт тэд өөрсдийн бүтээлээ хангалттай туурвих болно. Виржиниа Вүүлф

Эмэгтэйчүүд тэр үед мөнгөгүй байсан хэрэг үү?

Тэр үеийн эмэгтэйчүүдийн гол ажил үүрэгт цэвэрлэгээ, хоол хүнс бэлтгэх, хүүхэд асрах ажил багтаж байв. Хүүхдээ есөн сар тээнэ. Гурваас дөрвөн сар тасралтгүй хөхүүлж асарч тойлно. Дор хаяж таван жил түүнтэй тоглож, хүмүүжүүлж, харж хандах хэрэгтэй болно. Тэгэхээр гурваас таван хүүхэдтэй эмэгтэйчүүдэд коллеж босгох мөнгө олж цуглуулах ямар ч боломж байсангүй. Гэр бүл нь хөрөнгө мөнгөтэй байлаа ч дур мэдэн зарцуулах эрхгүй байжээ. 1870 онд Англи улсад гэрлэсэн эмэгтэй цалин авч, өөрийн өмч хөрөнгөтэй байж болохыг хуулиар зөвшөөрчээ. Энэ нь Баллиол коллеж үүсэн байгуулагдсанаас даруй 600 жилийн дараа гэсэн үг. Энэ мэтчилэн нэг хүйсийн хүмүүс нь амар тайван, чинээлэг хангалуун амьдарч байхад нөгөө хүйсийнхэн нь айж бэргэн, ядуу зүдүү, итгэх ирээдүйгүй аж төрж байсан байна. Энэ бүхэн эмэгтэй зохиолчийн оюун ухаанд яаж нөлөөлж болох талаар Өөрийн гэсэн өрөө номын эхний бүлэгт өгүүлнэ.

Өгүүлэхдээ: эмэгтэй хүний онцлог, зохиол бүтээлийн ондоошил, хүйсийн харилцан адилгүй чадвар зэргийн ээдрээ, учир зангилааг зохиомол өгүүлэмжид оруулан уран яруу хүүрнэнэ. Хүүрнэхдээ: эмэгтэй хүний зохиомол бүтээл нь баримтаас илүү үнэнийг агуулсан байх талтайг давхар нотлон харуулах болно. Харуулахдаа: хэдий эмэгтэйчүүдийн өгүүлэмж ярь шальхан амттан шиг, эсвээс тавагны ёроол дахь хээ хуар нэвт харагдах тунгалаг шөл мэт санагдавч амттан болоод шөл цөм байж гэмээ нь зоогийн ширээ сая цогц болох зэргээр уран тансаг, баялаг зүйрлэлийг ашиглажээ.

Тэгвэл ядуурал уран зохиолд ямар нөлөө үзүүлдэг вэ?

Хүмүүс асуултыг биш хариултыг л хүлээдэг. Хариултыг, эрдэм мэдлэгтэй, аливаа үзэл онолд хоосон автаагүй, бие хэлний зөрчил төөрөгдлөөс ангижирсан, өөрийн ажлын үр дүн болоод үнэлэлт дүгнэлтээ номын санд хадгалагдаж буй номуудад оруулан хүн төрөлхтөнд үлдээж чадсан хүн л өгч чадна. Хүн гэдэг, аварга том номын сангийн зөгийний сархинаг мэт нүднүүд дээр өрөөтэй нэрс дунд төөрсөн нэгэн бодол мэт. Энэ уул овоо шиг их цаасан дундаас өчүүхэн би үнэн хариултыг яаж олох юм бэ? Гарчгуудыг нь унших төдийд л үй олон багш, санваартан индэр дээр гараад хугацаагаа хэтрүүлэн ярьж байгаа дүр зураг сэтгэлд буух ажээ. Тэгвэл Өөрийн гэсэн өрөө номтой хамт хариултыг олох гээд үзье.

Англи улс эрчүүдийн засаглал дор байна. Тэд мөнгөтэй, нөлөөтэй, эрх мэдэлтэй. Тэд сонины эзэн, сургуулийн захирал, яамны дарга, хувьцаа эзэмшигч, шүүгч. Тиймээс эмэгтэйчүүдийг эрх мэдэл, өмч хөрөнгөнд нь халдан тусах сүүдэр гэж хардаг байх. Өөрсдийн давуу талыг мэдчихээд түүндээ ач холбогдол өгч байр сууриа хамгаалах гэхдээ эмэгтэйчүүдийг оюун сэтгэхүй, ёс суртахуун, бие махбодийн хувьд сул дорой хэмээн зүтгэсэн байж таарна. Тиймээс толгойлогч, удирдагчдын хувьд бүхнийг байлдан дагуулж, үргэлжлүүлэн захирахын тулд маш олон хүнийг, бараг л хүн төрөлхтний тэн хагасыг өөрсдөөсөө дорд хэмээн үзэх нь амин чухал хэрэгцээ шаардлага болсоор иржээ.                            "Өөрийн гэсэн өрөө" номоос...

 

          Харамсалтай нь “Бүх ялгаж гадуурхах байдлаа авч хаяад эмэгтэйчүүдээс эрчүүдтэй адил хүчин чармайлт шаардаж тэдэнтэй адилхан ажил хийлгэ, цэрэгт явуул, далайчин болго, машин техник жолоодуул, боомт дээр ажилуул. Тэглээ гээд хэн нэг нь 'Би өнөөдөр нэг эмэгтэйг харлаа' гэж хэлэх хүртэл хиараад өгөхгүй л байлгүй. Эмэгтэйчүүдийг сул дорой гэсэн ор үндэсгүй шалтгаанаар тусгайлан авч үзэхээ болих цаг болсон” хэмээн дуугарах зоригтон тухайн үед байсангүй.

Элизабет хатан хааны үед эмэгтэйчүүд хэрхэн амьдардаг байв?

Хэрэв эмэгтэйчүүд эрчүүдийн бичсэн уран зохиолд л оршдог байсан сан бол ингэж л харагдах байлаа: баатарлаг эсвэл өөдгүй, эрхэмсэг үгүй бол арчаагүй, үзэсгэлэн гоо эсвэл үзээрийн муухай, зарим нь эр хүн шиг агуу, зарим нэг нь бүр тэднээс ч илүү. Гэвч Антигона, Клеопатра, Макбет, Дездемона, Каренина, Бовари нар бол ердөө л уран зохиолын баатрууд. Харин бодит байдал дээр тэд гэр орны ажлаас илүү гардаггүй, мөнгөгүй, эрх мэдэлгүй. Нэг үгээр уран зохиолд маш чухал байр суурь эзлэх боловч бодит байдалд хэн ч биш байв. Тэгэхээр Элизабетийн үеийн эмэгтэйчүүдийн тухай бодит баримт хайн хичнээн зузаан түүхийн номууд сөхлөө ч юу ч гарч ирэхгүй. Тэд хэзээ ч бодитоор амьдарч байгаагүй мэт хэн нэг эрийн бичсэн уран зохиолд л үлджээ.

Үнэхээр тэр үед эмэгтэйчүүд уран зохиол бичих боломж бололцоо байгаагүй гэж үү?

Энэ асуултад Виржиниа Вүүлф Өөрийн гэсэн өрөө номдоо маш сонирхолтой нэг жишээгээр бүгдэд ойлгомжтой хариулжээ. Шекспирт дүү охин байсан гэж төсөөлцгөөе. Уильямаас ч илүү авьяастай байж мэдэх гялалзсан охин байж дээ. Гэвч ээж нь түүнийг ах шиг нь хэлзүйн сургуульд явуулахгүй болохоор тэр Овид, Виргилий, Хорас нарыг уншихгүй. Ахынхаа номоос ганц нэгийг харж, түүнийг дуурайн шүлэг найраг бичлээ гэхэд энэ тухайгаа бүгдээс нууж, эсвэл шатааж орхино. Гэрээсээ оргон театрт ирлээ гэхэд түүнийг даанч Уильям шиг хүлээж авахгүй. XVI зуунд эмэгтэй хүн сод авьяастай төрлөө гэхэд нэг бол галзуурч, үгүй бол амиа хорлож, эсвэл тосгоны гаднах оромжиндоо шоолж доромжлуулан насыг барахаас аргагүй цаг байжээ. Тэгэхээр Шекспирийн цаг үед түүн шиг авьяас билэгтэй эмэгтэй байсан бол хүн төрөлхтөнд ийм л түүх үлдээх байсан гэдгийг “Шекспирийн цаг үед түүн шиг авьяас билэгтэй эмэгтэй ганц ч төрөөгүй” гэж хэлэхээсээ өмнө бодох хэрэгтэй болох нь.

Тухайн үед эмэгтэйчүүд бичиж байв уу?

Шарлотта Бронтё (1816-1865), Мэри Энн Эванс (1819-1880), Люсил Орор Дюпен (1804-1876) нарын эмэгтэй зохиолчид эрчүүдийн шооч харцанд өртөхгүйн тулд Коррер Белл, Жорж Элиот, Жорж Санд гэсэн эрэгтэй хүний нэрээр зохиол бүтээлээ (гойд амжилт гаргаагүй ч) бичиж байжээ. Хожим XVIII зууны үед Жан Жак Руссо л анх Наманчлалдаа энэ тухай зоригтой дуугарчээ. Эндээс харахад эмэгтэйчүүд өөрийн гэсэн өрөө, өөрийн гэсэн орон зайтай байх нь XIX зууны эхэн хүртэл бүтэшгүй зүйл мэт байжээ. Энэ бүхэн зөвхөн уран зохиолд байна уу гэтэл харамсалтай нь тийм биш. Уран зураг, хөгжмийн ертөнцөд ч ийм л зам мөр эмэгтэйчүүдийг тосож байж хэмээн уншаад би өөрийн эрхгүй амандаа Шарав, Ядамсүрэн, Чойдог, Цэвэгжав, Лувсанжамц, Цүлтэм (зураач), Лувсаншарав, Мөрдорж, Жанцанноров, Шарав, Хангал, Чинзориг (хөгжмийн зохиолч) хэмээн нэрлэж байхдаа ганц эмэгтэй нэр гаргаж ирж чадаагүй юм.


          Дараа нь хүүрнэгч маань Энн Финчийн (1661-1720) шүлэг, Маргарет Кавендишийн (1613-1673) солирол, мөн Осборны захидлууд, Афра Бенийн (1640-1689) уран бүтээлийн мөрөөр таныг хөтлөн орно. Харин Афра Бенээс хойш бүх зүйл өөрчлөгдөж XVIII зууны сүүл XIX зууны эхээр амьдралын янз бүрийн шаардлага, шалтгаанаас болж хэдэн зуун эмэгтэй орчуулга хийж, үй олон муу роман бичих явдал гаарчээ. Тийм учраас бүх эмэгтэйчүүд Вэстминстер сүмд оршуулагдсан Афра Бен бүсгүйд, үг хэлэх эрхийг нь авчирч өгснийх нь төлөө цэцгийн баглаа өргөх учиртай. Ингээд XIX зуунаас уран зохиолд эмэгтэйчүүд хүч түрэн орж ирсэн бөгөөд анхны түрэлтүүд нь яруу найраг, роман байв. Мэдээж эхэн үеийн эмэгтэйчүүдийн бүтээлүүд боловсорч гүйцээгүй өттэй алим шиг байсан тул аль таарсан номоо шүүрэн унших нь тэнэг байлаа. Гэхдээ бүх “алим” өттэй байсан хэмээн бодож бас болохгүй. Магадгүй XIX зууны бүхий л “цоохор алим” дундаас өөрийн гэсэн үнэр амттай нь Жэйн Остин, Эмили Бронтё нар байсан байж болох юм. Ямартаа ч романч бүсгүйчүүдийн хувьд XVIII-XIX зууны ололт нь “Та нар уран зохиолыг мөнгөөр авчихаж чадахгүй шүү дээ. Уран зохиол бүх хүнд нээлттэй. Намайг сургуульдаа оруулалгүй, номын сангаасаа хөөсөн ч миний оюун санааны эрх чөлөөнд ямар ч хаалга цоож зүүж чадахгүй” хэмээн ойлгуулж чадсан явдал байв. Ийнхүү эмэгтэйчүүд үзэг барин суух үед утга зохиолын бүхий л эртний төрлүүд хэдийнээ хэлбэржчихсэн байлаа. Гагцхүү роман л тухайн үед “зөөлөн гарт” илүү тохирсон нялх залуухан төрөл байсантай хэн ч маргахгүй бизээ. Зохиолын гол дүр Мэри Бетон Британийн музейн номын санд байх ба хэд хэдэн ном нээж үзэнгээ тухайн ном болоод тухайн цаг үеийн талаарх үзэл бодлоо тантай хуваалцаж байгаа нь Өөрийн гэсэн өрөө номонд нэгэн амт нэмнэ.

Улмаар эмэгтэй зохиолчид архелоги, гоо зүй, шүлэг, найраглал, шүүмж, жүжиг, түүх, намтар, аялал, тэр ч бүү хэл философи, шинжлэх ухаан, эдийн засгийн номууд бичих болсон үетэй золгоно. Гагц өөрийн намтар, үзэл бодлоо илэрхийлэх хэмжээнээс халин гарч жинхэнэ урлаг бүтээх тухай дараагийн бүлэгт яригдах болно. Вүүлф энэхүү эсээндээ олонд танигдсан ямар нэгэн зохиолын дүрийг шууд татан оруулж илэрхийлэх гэсэн санаандаа хүч нэмж байгаа нь сонирхолтой шийдэл болж чаджээ. Эсээний гол өгүүлэгч Мэри Бетон эмэгтэй романчдад нөхөрсөг зөвлөгөө өгч эцэст нь ширэн гуталтай охин, бараан хүрэн цувтай залуугийн хамт хөлсний тэрэгт суун хаашаа ч юм яван одож буй өгүүлэмж нь дээрх хүйсийн зааг ялгаа арилан бүх зүйл эргээд нэгэн цул болж хамтдаа цааш явж буй санааг илтгэнэ.

Бусдын нүд биднийг дандаа хорьж цагдаж байдаг. Тэдний бодол санаа нь биднийг агуулж буй шорон юм. Виржиниа Вүүлф 

Энэхүү эсээ нь Виржиниа Вүүлфийн 1928 онд Ньюнхэм болон Гиртоны (эмэгтэйчүүдийн) коллежид тавьсан “Эмэгтэйчүүд ба Утга зохиол” нэрт лекцээс үүдэлтэй бөгөөд та энэхүү номыг унших явцдаа дээрх коллежийн танхимд суун хоёр өдрийн турш түүний лекцийг сонсож, Британийн музейн номын санд саатан тодорхой номуудын тухай яриаг нь амтархан сонсох болно. Өөр олон философич, профессор, зохиолчдоос иш татаж сонирхолтой гаргалгаа хийх болохоор зөвхөн нэг хүнээр хязгаарлах нь ч учир дутагдалтай. Эсээний туршид тухайн үеийн олон зохиол бүтээл, дүрүүд, зохиолчдоос иш татах бөгөөд тэр болгоныг тайлбарын хамт хавсаргасан нь уншигчдад таалагдах нь дамжиггүй. Энэ номыг уншиж дуусаад “Хүмүүний биес хоёр янзын хүйстэй байдгийн адил, тэдний оюун бодолд ч мөн хоёр хүйс байдаг юм болов уу” хэмээн эргэцүүлж, эмэгтэйчүүдийн тухай үзэл бодлоо эргэн харахад хүрсэн гэдгээ нуух юун. Хэрэв та ирээдүйд ямарваа нэгэн зохиол бүтээл бичих бодол төлөвлөгөөтэй байгаа бол ӨӨРИЙН ГЭСЭН ӨРӨӨ номыг зайлшгүй унших хэрэгтэй гэж зөвлөх байна.

СЭТГЭГДЭЛ

Your email address will not be published. Required fields are marked *

/