Нэгдүгээр курст ордог жил философийн багш маань оюутнуудад хандаж ингэж хэлж билээ.

“Оюутнууд хамгийн анх уншсан номынхоо үзэл санаагаар, онолоор бодлоо дүүргэж түүндээ итгэчхээд түүгээрээ л бүхнийг тайлбарлах гэж оролдож байна. Олон ном унш, олон хүний санаа бодлыг сонс. Тэгснийхээ дараа л шүүлт хий. Битгий ганцхан үзэл бодолд баригд.”

Тэдгээр оюутнуудын нэгэн адилаар би ч Ницшегээс уламжилсан супер хүний онолыг мэдэж аваад биширч билээ. . . Гэсэн ч философийн багшийн хэлснээр эрүүлээр сэтгэх ёстойг санаж супер хүний хор уршгийн талаар бодож үзсэн ч олигтой гаргалгаа хийж чадалгүй явсаар өдийг хүрэв. Харин “Гэмт хэрэг ба ял шийтгэл” романыг уншсанаар уг үзэл санааг яагаад мөхөөмөөр байснаа эргэн ойлголоо. 

Тодорхой нэг үзэл санааг бүрэн гүйцэт няцаана гэдэг тоглоом биш. 

Тиймдээ ч Достоевский бүтэн зургаан зуун хуудас үргэлжлэх роман бичсэн шиг санагдана. 

Би өдгөө хорин хоёр нас хүрж яваа болоод ч тэр үү надаас ганцхан насаар ах Раскольниковын амьдралаар хөтлөгдөх уг роман, мөн романых нь үзэл санаа маш ойр байлаа. Раскольниковын сэтгэл зүйг ойлгоход ч дөхөм санагдав. Бүхнийг төгсгөлөөс нь эхлүүлвэл би нэг зүйлийг ойлгоход маш хэцүү байсан юм.

“Хорин жил тасралтгүй дарлаж дарамтлуулахад нэг мөсөн мөхөж мөлийхгүй гэж үү? Чулууг ус идэж элээдэг. Тэгэхээр, үүний дараа яах гэж, юуны төлөө амьдрах болж байна.” Достоевский. Гэмт хэрэг ба ял шийтгэл. 593

Үнэхээр жирийн бус хүнд итгэдэг нэгэнд бол ингэж хэлж байсан залууг цөллөгт очоод хоёр жил ч бололгүй үзэл санаагаа алдахыг харах тун бэрх. Эцсээ хүртэл шүд зууж, гудамжид яваа бүхний өөдөөс тэрсэлж байсан тэрбээр ийм амархан буугаад өгчихлөө гэж үү? гэмээр сэтгэгдэл төрөх мэт болно. Зохиолчийн сүүлчийн далайлт хэтэрхий богино байв уу гэж тунгаах ч үе байна. Гэтэл энэ бүхнийг дахиад эхнээс нь бодоод үзэх хэрэгтэй.  

Родион Романовыч Раскольников бол дунд давхаргаас гаралтай бөгөөд түүний цаг үед Александр хаан шинэчлэл хийж хамжлага ардыг суллаад байв. Суллагдсан ард олон  Петербургийг зүглэж байхад тэр ч оюутан болохоор орж ирсэн нэгэн. Гэвч түүнийг олонхийн л адил ядуурал идэж, авс шиг умгар өрөөнд амьдарч байлаа.  Хамгийн гол нь түүнийг хийсвэр, нийгмээс улбаалан гарсан үзэл санаа бүхэлд нь эзэмдсэн юм.

Мармелодовтой уулзсан учрал, Сонягийн тухай яриа, ээжээс нь ирсэн захидал, Дунягийн хийх гэж буй үйлдэл, гудамжид хөсөр хаягдсан охин, өөрийн хүч чадалгүй байдал  энэ үзэл санаанд нь газрын татах хүч адил нөлөөлөв. Үр дүнд нь гэмт хэрэг нь хүний, өмчийн, үзэл санаа ба ёс суртахууны эсрэг гэх гурван хэсэгт хуваагдаж буй бол Родя хэдийн гурвууланг нь хийхээр зэхжээ. Гэхдээ тэрээр үүнээс гурав дахь гэмт хэргийг л хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрч болно гэж итгэдэг. 

Порфирийтэй хамгийн анх уулзахдаа ч уг үзэл санааны хөшүүргээ хэлнэ.

"Миний бодлоор Кеплер болон Нютон нар өөрсдийнхөө нээлтүүдийг хүн төрөлхтөнд хүргэхийн тулд замд нь саад болсон юм уу эсвэл саад тотгор бий болгосон нэг, арав, магадгүй зуун хүнийг золиосонд гаргах гарцаагүй шаардлага байна гэж үзвэл тэдгээр арав юм уу зуун хүнийг. . . зайлуулах эрхтэй, тэр ч байтугай тэгэх үүрэгтэй ч байж болох биз." Ф.М.Достоевский - Гэмт хэрэг ба ял шийтгэл, 299

Гэвч хэргээ үйлдсэнийхээ дараа тэрбээр үзэл санааныхаа боол нь болж хоцордог. 

“Би хүн алаагүй, зарчмыг алсан! Гэтэл зарчмыг алах нь алсан боловч давж гарч чадсангүй, байсан газартаа хэвээр үлдчихэж...” Ф.М.Достоевский - Гэмт хэрэг ба ял шийтгэл, 316

Эндээс л бүх юм эхэлжээ. Раскольниковын аллагын шалтгаан, жирийн ба жирийн бус хүний шинжүүд болоод Петербург дэхь ухаангүй хэрэн хэсүүчлэл нь жинхэнэ утгаараа эхэлнэ.

Хамгийн сонирхолтой нь Раскольниковын бодлууд хэсэг хэсгээрээ замхран алга болж багасаж эхлэхэд түүний эргэн тойрон дохь дүрүүд, үйл явцууд залуугийн дотоод мөн чанарыг тодорхойлж явдаг. Бүхэлдээ үзэл санааны роман байсан учраас ч тухайн цаг үеийнхээ тусгал болсон зүйлсийг харуулахыг зорьсон болоод ч тэр болов уу. Бүгд л өөрсдийн үзэл бодлоо буулгана. Чухаг нь Раскольниковын үзэл санаа хоёр хуваагдаж буйг Дуня, Соня хоёр болоод Лужин, Свидригайлов хоёроор төлөөлүүлж харуулна. 

 “Миний амьдрал баларч л байг. Гагцхүү хайртай хүмүүс минь аз жаргалтай байцгааг” Ф.М.Достоевский - Гэмт хэрэг ба ял шийтгэл, 64

Дуня, Соня хоёр бол бүхний төлөө өөрсдийгөө золиослогчид, сайхан сэтгэлийг өвөртлөгчид, бүхнийг эрх тэгшээр хүлээж авагсад байлаа.

“Шинжлэх ухаан юу гэдэг билээ: хамгийн түрүүнд өөрийгөө хайрла, яагаад гэвэл энэ хорвоогийн бүх зүйл амин хувийн ашиг сонирхол дээр үндэслэдэг гэдэг шүү дээ” Ф.М.Достоевский - Гэмт хэрэг ба ял шийтгэл, 179 (Лужиний үгс)

“Оюун ухаан гэдэг нь хүсэл тачаалд л үйлчилж байдаг эд” Ф.М.Достоевский - Гэмт хэрэг ба ял шийтгэл, 326 (Свидригайлов)

Харин Лужин, Свидригайлов хоёр хэнд ч захирагдашгүй үзэл санаатай ба түүнийхээ үнэнийг батлахын тулд хүнийг БӨӨС гэж үзээд бяц гишгэхэд ч бэлэн  хүмүүс байв. Дуняг Свидригайлов хананд шахахад, Лужин Соняг гүтгэхэд тэдгээрийн жинхэнэ дүр төрх илэрч хэн нь жигшүүрт, хэн нь гэнэн цайлган болох нь харагддаг билээ.  Тиймдээ ч уг дүр төрхүүдийг өөртөө тээж явсан Раскольников анхнаасаа л зарчимыг давж гарч чадахгүйгээ мэдэж байв. 

Эндээс нэгэн дүгнэлтийг гаргавал эмэгтэйг алахаас ч өмнө хэн нэгэнтэй зовлонгоо хуваалцахыг хүссэн учраас л Размухин толгойд нь бодол болж орж ирсэн. Алсан хойноо ч Размухиныхаар эргэлдсэн ч түүний зовлонг цуг давж гарч чадахааргүй санагдсан тул орхин одно.  Харин Соняд тэгэх чадал буй мэт санагдаж, түүний өмнө өөрийгөө мөхөс гэдгээ мэдрэн мэхийн ёслохдоо “хүмүүний бүх зовлон шаналлын өмнө л мэхийлээ” хэмээн хэлдэг. Ингээд эцсийн бүлэгт тэрбээр Соняд л бүх үнэнээ суллан тавьжээ.

“Би гэдэг хүн бусдын адил бөөс үү эсвэл хүн үү?  Гэдгээ шалавхан мэдэх хэрэгтэй байсан юм. Би давж гарч чадах уу, үгүй юу гэж? Доош тонгойж газраас авч зүрхлэх үү, үгүй юу? Дороо чичирч хавчганасан амьтан уу эсвэл эрхтэй юу...”

Үүнд л өөрийнх нь гэмт хэрэг нуугдаж буйг хүлээн зөвшөөрч, харин өөрт нь тохоогдох ял шийтгэл Свидригайловын энэ бүхнийг сонссон гэх шивнээтэй хамт ирэх ажээ. 

 Дээр дурдсанчлан Раскольниковын нэг талыг Лужингаас ч илүү Свидригайлов харуулна. Раскольниковын гэмт хэргээр үзэл санаагаа гүйцэлдүүлэх гэсэн Свидригайловын төлөвлөгөө нуран унаснаар түүний талаар өгүүлж эхэлдэгийг уншигч та бүхэн санаж буй биз. Тэр бол зохиолын тайлал хэсгүүдийн нэг билээ.

“Бие тааруу байх үеийн зүүд ер бусын тод томруун, бодит байдалтай онцгой төстэй байдаг онцлогтой “,“. . .хамгийн гол нь үнэний магадлалтай байдаг.” 

Зохиолч Достоевский Раскольниковын хамгийн анхны зүүдийг эхлүүлэхээсээ өмнө зүүдийг үнэний магадлалтай байж болох талаар дурддаг. Тэгвэл сүүлийн хэсгээс Свидригайловын зүүд эхлэх мөчид уншигч та Раскольников уг хоёрын ижилхэн шинж тэмдгүүдийг харж болох юм. Хоёулангийнх нь зүүд тэдний айдас түгшүүрийн тусгал, үйлдсэн үзэл санааны гэмт хэргийнх нь түлхүүрүүд болж өгдөг. Хэдэн ч удаа сүхээр цавчсан ч үхэхгүй эмгэн мушилзан инээх инээд болоод жаахан охин мөртлөө сээтэн харах харц нь Раскольников ба Свидригайлов нарын гэмт хэргийн айдсыг адилтган буулгажээ. Хоёр биеэсээ мэдэрсэн тэр ижил төстэй зүйлс нь эдгээр зүүдээр жинхэнэ утгаараа гарч ирэв.

Раскольниковыг Свидригайловтой ингэж харьцуулсан шалтгаан нь жинхэнэ жирийн бус байх ямар гэдгийг ойлгуулах гэсэн оролдлого болов уу хэмээн таамаглаж байна. Тэрээр шөнийн турш үргэлжилсэн уг зүүднийхээ дараагаар өөрийн амиа егүүтгэдэг.  Свидригайловын энэхүү амиа егүүтгэл, Соня болон залуу эхнэртэй өгсөн мөнгө төгрөг зэрэг энэ бүхнийг сайхан сэтгэл, эрэлхэг үзэл гэж бодвол тун эндүүрэл болох юм. Тэр эцсээ хүртэл хувиа хичээсээр дууссан. Энэ бүхэн сайхан сэтгэл гэх чинь түүний сэтгэлийн бахыг л хангаж байсан ба уншигч та нэхэн санавал “Раскольниковт хоёр л зам байна. Нэг нь цөллөгт ялаа үүрэх, нөгөө нь амиа хорлох” гэж Свидригайлов хэлж байсан билээ. Тэгэхээр уг үйлдэл бол ердөө Свидригайловын ял шийтгэлээс зугталт байсан буюу өөрийн аминчхан үзэл санааны хамгаалал байсан билээ. 

Раскольников цөллөгт очсон хойноо үзэл санаандаа буулт хийж хэргээ хүлээснээ өөрийн ял шийтгэл хэмээн бодоод Свидригайловын үхлийн тухай “Үхлээс айдаг байсан Свидригайлов гэхэд л түүнийг давчихсан шүү дээ” гэж нэхэн санадаг.  Яг л үүн дээр гаргалгаа хийхийн тулд тэмдэглэлийн хамгийн эхэнд миний бичиж байсан эцсийн богино далайлтаа зохиолч маань хийжээ. 

Уншигч та бүхний мэдэж байгаачлан энэ богинохон далайлтад өртөхийн тулд гол баатар Раскольников хэчнээн их Петербургээр хэрэн хэсүүчилж, хэчнээн олон хүний үзэл бодлыг сонсож явсныг энд бичүүлэлтгүй мэдэж байгаа биз ээ. Ийнхүү тэрбээр эргийн дагуу суугаад цаад талын эргийг нэгэнтээ ширтэхэд Соня хажууд нь ирж суусныг сая  анзаарч нэг л мэдэхнээ хоёр өвдөгийг тэвэрч аваад уйлж гардаг билээ. Энэ л үед түүний үзэл санааг ямар нэгэн онол практик, нарийн үзэл тодорхойлолтууд биш бодит амьдрал гэгч өөрөө бүрэн дүүрэн буулгаж авч буй нь тэр ажээ. Юу ч болсон өөрийг нь хайрлах эхийнх нь, дүүгийнх нь, найзынх нь, мөн Сонягийн хайраар залуу хүн төрөлхтөнд жирийн, жирийн бус гэгч зүйл огт хэрэггүй болохыг ойлгож бүхнийг хайрлаж энэрэх ёстойг сая ухаарч буй нь энэ билээ. Ийнхүү зохиолч маань Свидригайловын үхлээр жирийн бус байна гэдэг нь эцсээ хүртэл хүмүүсийг бөөс мэт бодсоор, ял шийтгэл болоод өөрөөсөө зугтааж буйг ойлгуулахыг зорьжээ гэж хэлж болох юм. Эсрэгээрээ Раскольников ял шийтгэлээ хүлээж авсанаараа жинхэнэ амьдралын үнэнийг ойлгон үзэл санаанаасаа ангижирч, бие мах бодиороо хоригдож байсан ч сэтгэл зүрхээрээ эрх чөлөөг олж авав. 

Энэ эрх чөлөөнд хүрч буй үзэгдэл бол ганцхан жирийн бус хүний үзэл санааг тусгасан ч бэлгэ тэмдэг биш. Үргэлж зарчим ярьдаг, төөрөлдсөн залуу Лебезятников, амин хувиа хичээгч Лужин, увиагүй хатагтай Ивановна зэрэг хүмүүс үргэлж үзэл санааны боол нь байж эрх чөлөөг олж авахгүйг харуулж байгаа хэрэг юм.

Ингээд хамгийн анх хэлсэн шигээ би жирийн бус хүн байдаг гэдэг үзэл санааг няцаахыг хүссэн сэтгэл маань хаана нуугдаж байсныг олжээ. Тэр бол хайрлаж энэрэх явдал юм. Агуу үйл хэрэг бүтээхийн тулд хэн нэгэнг золиослох биш хүн бүхнийг хайрлахад амьдрал аяндаа бүхнийг зохицуулна. Зохиолчийн эцсийн далайлт богинохон байсан шалтгаан нь гол баатар маань романы турш уртаас, урт зовон шаналаж үзэл санаандаа захирагдан боомилогдож, тарчилж явсан болохоор л тэр юм гэдгийг уншигч би бээр анхаарах хэрэгтэй байх. Тэр урт удаан хэсүүчлэлийн зовлон шаналлыг нь биеэрээ үүрээгүй ч сэтгэлээрээ мэдэрвээс амьдралын үнэнд үзэл санаа мөхөх цаг ирж эрх чөлөөгөө олж авахыг ойлгож болох юм.

Хамгийн харамсалтай нь одоо бол ядуу зүдүү нь, баян хоосон нь ч ямар нэгэн дарамт шахалтаар бус ганцхан удаа сонссон, мэдсэн, уншсан үзэл бодолдоо автаж гэмт хэрэг өдөөж, үзэл санаагаа тулгаж буйд асуудал байна.  Эсвэл залуус бид сайн юм уншиж мэдээгүйдээ, суралцаагүйдээ ийм амар хялбар үзэл санааны боол нь бологсод ч байж болох юм. Тийм ч учраас  Соня ч, Дуня ч, ариун нандин бүх зүрх сэтгэл дийлж гарахааргүй Лужингууд ба Свидригайловууд нийгмээс төрөн гарч ахан дүүгийн ёсонд хүрэх гүүр баригдахгүй байгаа биз ээ. 

Эцэст нь тэмдэглэхэд Раскольниковын эцсээ хүртэл үзэл санаандаа үнэнч үлдэх гэсэн нь залуус бидний өөрийгөө бусдаас болж өөрчлөхгүй байх, санаагаа гээснээрээ өөрийгөө ч алдаж хэн ч биш болох юм шиг санагдах шазруун зангаас үүдэлтэй болов уу хэмээе. Бид энэ зан чанараа засаж чадваас зөв замыг олж биднийг захирч буй маш буруу ч байж болох цорын ганц үзэл санаа гэх чинь мөхөж, олон талаас сэтгэж чадах билээ.

 “Өсвөр насандаа биш, өтлөөд ч биш яг одоо уншсандаа, өөртэйгөө адил зүйл бодож явсан нас жацуу залуугийн зүрх сэтгэл, оюун санааг мэдэрсэн дээ туйлын их баярлан бахдаж байна. 

. . . Хэдэн жилийн дараа чиний олж авсан эрх чөлөөг илүү ойлгомжтойгоор тайлбарлах цаг ирнэ гэдэгт итгэнэ. Хэсэг хугацаанд баяртай Родион Романовыч Раскольников.

СЭТГЭГДЭЛ

Your email address will not be published. Required fields are marked *

/