Зарим талаараа бид хэн нэгэн орчуулагч гадаадын зохиолчийн роман орчуулж гаргатал нэрийг нь ч дуулаагүй явах нь элбэг байх юм.  Японы утга зохиолчдоос өнөөгийн бид Нацүмэ Соүсэки, Акүтагава Рюүносүкэ, Кавабата Ясүнари зэрэг зохиолчдыг сайн мэдэх болсон ч Оэ Кензабүро хэмээх нэрийг дуулсан нь ховор болов уу гэж тунгаана. Ийнхүү түүнтэй би ч “Тэжээмэл” гэх хүүрнэл бүтээлээр нь танилцаж буйдаа бага зэрэг өөрийнхөө мэдлэггүйгээ чамлаад бүр хожуу мэдсэнээс одоо мэдэж авч байгаадаа л баярлаж сууна.

Уг зохиолч маань Акүтагавагийн нэрэмжит шагналыг хорин гуравхан насандаа хүртэж, үүгээр ч зогсохгүй Кавабата Ясүнаригийн дараагаар Нобелийн утга зохиолын шагналыг Японоос хүртсэн хоёр дахь хүн болсныг мэдээд туйлын их гайхаж бүтээлийг нь шуудхан л унших хүсэл төрж, бичиглэлийнх нь загвар ямар бол, цааш яаж өрнөх бол хэмээн их л бодон номыг нь шүүрээд авлаа. Том шагнал авсан болгоныг л гайхан биширч, шилж сонгож уншдаг гэж та намайг бүү бодоорой. Энэ чинь зүгээр л сонирхолтой хэрэг шүү дээ.

“Тэжээмэл”-ийг дэлгэсэн цагаасаа хойш завсарлага авалгүй уншсаар байгаад дуусгасны дараа надад нэгэн дурсамж шууд л орж ирсэн. Нацүмэ Соүсэки зохиолчийн “Гарц” романы өмнөтгөлийг уншиж байхад хамгийн эхэнд нь нэг ийм өгүүлбэр байв - “Японы утга зохиолд ихэнх тохиолдолд юу ч өрнөдөггүй, Япончуудын амьдрал нь ч тиймэрхүү”. 

Үүгээрээ Японы утга зохиол ямар ч утга учир агуулдаггүй гэж хэлэх гээгүй болохыг би үргэлж боддог. 

“Тэжээмэл”-ийг уншиж эхлэхэд дүүтэйгээ хүүр нясгах хөндийгөөс гарч ирэх манай гол баатар Сэтэрхий уруулттай тааран тэжээмэл болгон барьсан гөлөгийг нь ажин атаархах сэтгэл, тэнгэрээс нүргэлэн унах онгоцыг хараад гайхшрах явдал хийгээд үүнээс улбаалан гөлөгний оронд гарч ирэх “Шинэ тэжээмэл”  зэрэгтэй танилцах үйл явц зохиолчийн дүрслэн бичих чадвараар бидний нүдний өмнө буухад эхэндээ юу ч өрнөхгүй байгаа мэт боловч зохиолыг уншаад дуусахад зүрх сэтгэлд ямар нэгэн амьдрал оргилдоо хүртэл буцалсан юм шиг санагдана. Энэ л Японы утга зохиолын юу ч өрнөхгүйн гайхамшиг юм. Харилцан яриа нь хэзээ ч урт үргэлжлэхгүй атлаа заавал нэг сэмхэн ёгтлол агуулж, байгаль дэлхийн зүйрлэл тэдэнтэй уусан нэгдэнэ.

Оэ Кэнзабүро тухайн үедээ хорин гурван настай байсан гэхэд аль хэдийн түүний бичгийн хэл Японы утга зохиолтой уялдан газарт шаасан гадас шиг л өөрт нь бат бэх бүрэлдэн тогтжээ. Зохиолынхоо дүрслэлийг цочмог халуун зангаар биш тогтуун тайван байдлаар нямбай хүүрнэн өгүүлсэн нь гол баатар болох жаал хүүг өсөж том болж буйг сайтар ойлгуулахаас гадна эхлэлээсээ төгсгөл хүртэл бүхий л зүйл нь уялдаатай байсныг олж харж болно.

Ингээд гол ажилдаа орон зохиолын төгсгөлд өсөж том болсон хүүгээр дамжуулж буй утга учрыг ойлгоход “Хоёрдмол Япон орон бид хоёр” гэх Нобелийн шагнал хүртэхдээ Оэ Кензабүрогийн уншсан лекц нь тус дэм боллоо.

Онгоцны ослоос амьд үлдсэн дайсны цэргийг тэжээх болоход хүүгийн хэлдэг “Би нүцгэлж байгаад орилмоор санагдав. Хар цэргийг амьтан мэт тэжээнэ” гэх үгсээс хавчиг бөглүү тосгоны амьдралд нэгэн шинэ зүйл өрнөж эхэлнэ. Хоолыг нь анх өгөх гээд орохдоо айж сандарч байсан хүү ховдоглон идэж эхлэхэд нь өөрийн мэдэлгүй хосгүй ховор юм идэж байгаа мэтээр түүнийг төсөөлөхөөс авахуулаад өдөр бүр түүнд хоол зөөж эхлэхдээ нэг л баатарлаг үйлс хийж байгаа мэт болно. Энэ ажилдаа Сэтэрхий уруулт, дүүгээ ч татан оролцуулж сүүл сүүлдээ хүүхдийн өрөвчхөн сэтгэл нь зооринд тэжээгдэж байсан хар залуугийн гинжийг таслахад хүртэл хүргэнэ. Үүний дараа  хар залуу яагаа ч үгүй учир тосгоноор дүүрэн “хар цэрэг яг л мал шиг номхон” гэсэн санаа тархдаг шүү дээ. 

Эндээс л хар цэргийг тэжээмэл мэт салхилуулж эхэлнэ. 

Хотын захиргаанаас түүнийг авч явах тушаал бүү ирээсэй гэж хүснэ. Гэвч эцсийн эцэст авч явах тушаал ирэхэд жаал хүү тэжээж байсан амьтнаа өөр хэн нэгэнд өгөх гэж байгаа эзэн шиг л  айж, өөр хүнд өгснөөс сул тавиулж явуулсан нь дээр гэх бодлыг өөртөө өвөрлөх ажээ. Ингээд суллахыг оролдсон ч хар цэрэг гараас мултрангуутаа яваад өгөх ууланд байсан гөлөг шиг тэжээмэл биш байсан юм . . . Эндээс л уншигч биднийг тэвдүүлжээ.

Уг зохиолын бүх л юм төгсгөлөөсөө эхлэл рүүгээ өнгийх мэт аястайгаар бичигдэх шиг.  Хүүр нясгах талбайгаас эхэлсэн зохиол яг л тэндээ дуусах мэт нарийн бичиг, хар цэрэг хоёрын хүүрийг шатаах явдлаар дуусаж байгаа нь учиртай санагдана.

 Би аль хэдийн хүүхэд байхаа больсон гэх бодол бурхны сургаал мэт сэтгэлд цуурайтна.

Зохиол эхлэхэд зүүлт болчихмоор яс хайж байхдаа бүрлээчийг санан чичирч байсан бол төгсгөлийн хэсэгт яг л томчуудтай адилаар үхэлтэй нүүр тулахдаа дасан зохицож буйгаа санан дурсдаг. Сэтэрхий уруулттай хар цэргийн талаар ярихдаа байн, байн дайсны цэрэг гэсэн тодотголтойгоор ярьж байсан ч яг үнэндээ жаал хүүд одоо түүнийг дайсан байх нь хамаагүй болж дайн л бидэнд дайсан гэдэг үг авчирдгийг битүүхэндээ ухаарчээ. Хар цэрэгтэй цуг хоригдохдоо ч бардам зангаа таягдан байж цагаан хонгоо гарган өнөөх торх дээр хүндрэхдээ “Томчууд яваад очиход атиралдан хэвтэж байсан хар цэрэг”-ийн бахархал хаашаа орсныг ч мэдэрсэн буй.

“Дайн, он удаан цуст тэмцэл, нүсэр байлдаан үргэлжилж байх ёстой. Тэртээ холын улсад хонин сүрэг, бухалдсан өвсийг хаман урсах үер адил хэзээ ч манай тосгонд ирэх ёсгүй байсан дайн. Тэгтэл миний хуруу, гарыг бяц цохихоор аав дайны цусанд биеэ будуулан байж сүх бариад ирсэн шүү дээ”

Нарийн бичгийн үхэл ч дайн дуусаж буйн ёгтлол адил амьсгал хураахдаа инээмсэглэсэн дүртэйгээр буув. Эцэст нь энэ бүхэн зохиолчийн илтгэлийнхээ сүүлийн үг дээр хэлсний адилаар “хүн төрөлхтний эдгэрэлт, эвлэрэлд өөрийн тусыг хүргэх арга замаа олохыг хүссэн зохиол болжээ.”

Энгийнээр бол бид энд хэн ч дайсан биш, харин дайн “хүүхдийн хурууг хүртэл няц цохиход хүрч” байдаг гэдгийг л ойлгон мэдэрч жаал хүү шиг бидний бодолд “бид аль хэдийн хүүхэд байхаа больсон гэх бодол бурхны сургаал мэт сэтгэлд цуурайтаж байна” гэж буух хэрэгтэй мэт санагдлаа. 

Оэ Кензабүротой би ингэж танилцаж түүний “Тэжээмэл” гэх бүтээл Японы утга зохиолын нэгэн адил юу ч өрнөөгүйгээс авахуулаад дайны талаар бүхнийг хүүрнэн өгүүлснийг сэтгэлдээ тунгаав. 

СЭТГЭГДЭЛ

Your email address will not be published. Required fields are marked *

/