Хүн төрөлхтний сэтгэлгээнд томоохон өөрчлөлтийг хэдхэн агуу хүмүүс л хийдэг аж. Үүний нэг бол улс төрийн шинжлэх ухааны эцэг гэгддэг Никколо Макиавелли юм. Түүний хийсэн улс төрийн реализм хожмын барууны философичдод нөлөө үзүүлсэн бөгөөд үүнд Монтень, Декарт, Хоббс, Локк, Руссо зэрэг олон нэрсийг дурдаж болно. Мөн Английн Оливер Кромвель, Францын Наполеон зэрэг удирдагчдад нөлөөлж, марксист онол Антонио Грамши, фашист удирдагч Бенито Муссолони нарын үзэл санааг ч төлөвшүүлсэн гэдэг. Иймд улс төрийн шинжлэх ухааны эцэг гэгддэг Никколо Макиавеллигийн “Хунтайж” ном монгол хэлнээ орчуулагдан гарчээ.
Амар амгалан нийгэмд аз жаргалтай амьдрахыг хүсэх хүсэл бол хүн төрөлхтний төрөлх чанар байх.
Бид сайхан нийгмийг хэн нэгнээс хүлээж, хэн нэгэн улс төрчийг хараан суудаг. Гэвч үнэндээ нийгмийг хэн нэгэн улс төрч, бурхан бүтээхгүй хүн л бүтээдэг.
Макиавелли эрх мэдэл албан тушаалын төлөө Медичийн гэр бүлд зориулж алдагдсан эрх мэдлээ олохын тулд энэхүү номыг туурвиж дараах захидлыг бичсэн мэт өнгөц дүгнэж болох авч “Төр баригчдын өршөөл ивээлд орохыг хүссэн хүмүүс ихэвчлэн хамгийн үнэ цэнтэй зүйлээ юм уу, хамгийн их таалагдаж таашаал өгөх зүйл, тухайлбал, хүлэг морь, зэр зэвсэг, хоргой торго, эрдэнийн чулуу болон ихэс дээдсийн сүр жавхаанд тохирох элдэв гоёл чимэглэл өргөн барьдаг. Харин миний бие эзэн дээдэс танд чин үнэнчээ батлан гэрчлэхийг хичээнгүйлэн хүсэхдээ өнгөрсөн үеийн түүхийг гүнзгий үзэж судалсан туршлага дээрээ үндэслэн, эдүгээ цагийн хичээл зүтгэлээр олж мэдсэн, агуу хүмүүсийн үйл хэрэгт хамааралтай мэдлэгээс өөр үнэ цэнтэй, эрхэм дээд зүйл олоогүй болохоо илэрхийлье. Сурсан мэдсэн болгоноо удаан хугацаанд ихэд хичээнгүйлж эргэцүүлэн тунгаасны үр дүнд бодол санаагаа төвлөрүүлж бэсрэг бүтээл болгоод Гэгээн дээдэс танд бэлэг болгон хүргүүлэв.” гэсэн зэргээс үзвэл тэр бээр эрх мэдлийн төлөө бус харин ч эмх замбараагүй өөрийн амьдарч буй Флоренц хот улсын сулран доройтсон учир шалтгааныг илрүүлэн нэгдсэн хүчирхэг улсыг байгуулахыг зорьсон “гарын авлага” бүтээхийг зорьжээ гэж үзэж болмоор.
Энэхүү бүтээлийн эхний хэсэгт ТӨР УЛС гэж юу болох түүнийг хэрхэн удирдах тухай, эрх мэдлийг ямар аргаар авах тухай аргуудыг гарган ирж түүнийг түүхэн жишээгээр тайлбарлажээ. Эрх мэдэлд хүрэхийн тулд агуу хүмүүсээр жишээ аван тайлбарлаж “Хүмүүс ихэвчлэн бусдын гаргасан замаар замнаж, хэн нэгний хэв маягийг давтдаг билээ. Гэхдээ тэр зам харгуйг нь явц цав дагаж, үлгэр жишээч хүмүүсийнхээ гавьяа зүтгэлтэй нь эн зэрэгцдэггүй юм гэхэд үзэл санаа, оюун бодлыг нь удирдлага болгох хэрэгтэй байдаг” хэмээн үзжээ.
Мөн төрийн эрхийг үнэн шударгаар бус харин овжин заль мэх, худал хуурмагаар авч эрх мэдлийг өөрийн болгож болох ч түүхэнд үлдэх нэр төрийг авч чадахгүй хэмээн дүгнэснийг өнөөгийн улс төрчдийг цөөн үгээр дүгнэн хэлсэн мэт.
Дараагийн хэсэгт улс төрч, удирдагч хүнд ямар ёс суртахуун, зан чанар байх ёстой, урвагч, зусарчдыг хэрхэн таних тухай дурджээ. Тэр бээр удирдагчдыг ялангуяа Хунтайж хүн арслан, үнэг хоёрын шинж чанарыг өөртөө хослуулах ёстой, Заналт дайсныг айлгахын тулд арслан мэт догшин байх, элдэв урхи занга, хавханд орохгүйн тулд үнэгний ов мэхтэй байх ёстой хэмээжээ. Арслан хавхнаас айдаг бол үнэг чононоос айдаг, тэгэхээр хавхнаас холуур гарчихдаг байхын тулд үнэг шиг, харин чоныг айлгадаг байхын тулд арслан шиг байх хэрэгтэй хэмээн тодорхойлжээ.
Магадгүй ийм л болохоор энэхүү бүтээлийг Америкийн улс төр судлаач, газарзүйч Жаред Даймонд 2013 онд “Нью Йорк Таймс” сонинд өгсөн ярилцлагадаа “Хэрэв АНУ -ын ерөнхийлөгч цорын ганц ном унших ёстой бол тэр нь Макиавеллигийн “Хунтайж” байх болно. “Улс төрийн шийдвэр гаргагчид төдийгүй улс төр судлаачид Макиавеллиг заавал унших ёстой хэмээн дүгнэсэн байх.
Б. Батбаатар
СЭТГЭГДЭЛ