“Аян замын хосгүй ном… Канеттигийн бүтээлүүд дундаас уншигчийн сэтгэлд хамгийн их хүрсэн зохиол”

1960-аад онд  Марроко улсаар аяласан, хагас сар орчмын дурсамж тэмдэглэлийг зохиогч эл номоороо бидэнтэй хуваалцжээ. Шинэ газар орныг үзснээр өөрийн мэдэхгүй цоо шинэ ертөнцийг нээсэн тухай, тэр хэмжээгээрээ амьдралыг жинхэнэ мөн чанарыг ойлгож авснаа хуваалцсан тэмдэглэл бүхий бүтээл билээ. Хамгийн сонин нь Канетти аялах хугацаандаа тэмдэглэлээ бичиж өөрийн үзсэн харснаа дүрсэлсэн бус аялаад ирснээсээ 3 сарын дараа нь үүнийгээ бичиж “аян замын дараах тэмдэглэл” гэжээ. Жир нэгэн аян замын тэмдэглэл ном болон гарна гэдэг надад цаанаа л нэг нууцлаг санагдаж байлаа. Энэ тэмдэглэлүүдийн цаана ямар философи, утга учир бий бол гэхээс л тэсч ядав.

Намтар, тэмдэглэл бүхий бүтээл хэзээд үнэн түүхийг, бодит байдлыг яг үнэнээр нь, өнгө будагтай илэрхийлдэг нь сайхан. 

Тэр ч утгаараа Элиас Канетти үнэн бодит амьдралын үйл явдал, сониучхан ажиглалт, жинхэнэ мэдрэмжээ элдэв маяг чимэггүй буулгасан нь сэтгэлийг минь бүр ч илүүтэй татсан юм. Зарим зүйл ганган хээнцэр биш байх тусмаа хамгийн энгийн, үнэтэй цэнтэй байдаг. 

Түүний эл аялал ч, ном бүтээл нь ч мөн ялгаагүй. Тийм ч учраас “яг байгаагаараа” дүрслэгдсэн Марракеш хэмээх улсын дүр төрх, жир нэгэн амьдралыг харах нь огтоос мэдэхгүй ертөнцийг өмнө минь нээсэн билээ.

Магадгүй чи алдарт Парисын цамхагийг үзэж, Синне мөрнөөр хайрттайгаа зугаалж, Мачу Пикчуд очиж Маяачуудын “алдагдсан” нутгийн сайхныг харсан байж болно. Эсвэл саяхан Хавай арал дээр хүйтэн коктейл шимээд л, далайн эрэг дээр хэвтэж наранд биеэ шаран хэвтсэн тийм нэг сайхан амралтыг мэдрээд ирснийг үгүйсгэхгүй. Магадгүй дэлхийн хамгийн өндөр байгууламж Куала Лампурыг үзэж, Лас вегасын зугаа цэнгэлийн орноор аяласан ч байж болох юм.

Харин Каннетигийн эл ном чамайг үзэсгэлэнт тансаг газраар аялуулж, уулга алдуулмаар сайхан байгал орчин, барилга байгууламжийг үзүүлэхгүй ч хайрлаж хүндэлмээр хүмүүстэй танилцуулж, хүний амьдралын эгэл жирийн хэрнээ сэтгэл татам, бидний мэддэг хэрнээ анзаарч хардаггүй нарийн нандин тийм л зүйлсэд чиний анхаарлыг татах болно. 

Бид гадаад ертөнцийг гайхан биширч харан таних тусмаа өөрийн дотоод ертөнцөө өнгөлөн зүлгэж улам л гэрэл гэгээ нэмж байдаг. 

Каннетигийн харсан бүхэн ч, бидний яг энэ номоор дамжуулан харах бүхэн ч энэ л цэг дээр огтлолцох болно.

Эхний бүлгээсээ л тов тодорхой. Зах дээрх тэмээний худалдаа, алс холын Атлас нутгаас элсэн цөлийг даван ирсэн тэмээчний явдал, хар захын буцалсан амьдрал, хараагүйчүүд, оршуулгын газар, хэрмийн ханаар тусгаарлагдах тэнгэр газар шиг тэс өөр амьдралын хэв маяг, гуйлгачин хүүхдүүд, биеэ үнэлэгчийн амьдралаас эхлээд л яг үнэндээ гайхах ямар ч зүйлгүй мэт боловч хүмүүний амьдрал гэдэг эглээс эгэл, энгийнээс энгийн амьдралыг дүрсэлжээ. Мөн бидний огтоос мэддэггүй улс үндэстний зөрчил, баян хоосны ялгаа, хэлний тухай асуудлыг ч хөндсөн. Харин зохиогч номондоо тэдгээрийг ил гарган бичсэн гэхээсээ илүү маш гярхай далдлаж, мөн чанарт нь шингээж өгснөөрөө магадгүй энэ бүтээлийн онцлог билээ. 

Өнгөцхөн харахад аяны тэмдэглэл гарцаагүй мөн. Харин хүмүүсийн хоорондын харилцаа, амьдралын түвшин тэдгээрийн ялгаа, хүн бүрийн амьдралыг төлөөх тэмцэл гээд нарийн ширийн зүйлийг ч гээлгүй үг өгүүлбэр бүртээ маш сайн шигтгэж өгчээ. Өдөр хоногийн хэлхээсэнд, нарнаас нарны хооронд амьдардаг жирийн л энэ түүх яг үнэндээ бидний л амьдрал, жинхэнэ төрхөөрөө бичигдсэн юм шиг. Үүнийг Сукууд, Меллад зочлов, Торын цаадах эмэгтэй, Марабугийн шүлс, Сохрууд, Домог ярьпаг бичдэг хүмүүс, Доромжлол зэрэг бүлгүүдээс  хамгийн тод томруунаар харж бас мэдэрч болно.

Газар орны тансаг сайхны тухай бичсэн аяллын бүтээл, тэмдэглэлүүдээс Каннетийн эл аяны тэмдэглэл мөн чанараараа арай өөр гэдгийг ахин дурдъя. Надад Канеттигийн хувьд тухайн орны байшин барилга, үзэж харах төдий зүйлийг л сониучирхсан бус хүмүүсийн эгэл жирийн амьдрал ахуй, зан харилцаа, ёс уламжлал, хэл соёл зэрэг хүний дотоод чанараас үүдэлтэй зүйлсэд илүү анхаарлаа хандуулж, хүн төрөлхтөний эгэл борог амьдралын мөн чанарыг ойлгох гэж л хэрэн хэсүүчлэн яваа мэт санагдсан билээ. 

Магадгүй аялахын мөн чанар нь “ямар сайхан газар вэ” гэж уулга алдан гайхан бишрэхэд бус тухайн орны аж байдал, амьдрал ахуйг өөрийн нүдээр үзэж харж, ухаарахад, хүний амьдралын олон өнгийг харан мэдэрч, өөрийн амьдралдаа нэгэн зүйлийг нээж ойлгоход оршдог болов уу? гэсэн бодол өөрийн эрхгүй төрсөн юм.

Саяхныг хүртэл аялал гэхээр ганган чамин, нүд хужирлам газраар очиж үзэх тухай л бодож мөрөөддөг байлаа. 

Харин энэ номын ачаар аяллын мөн чанар энгийн хэрнээ эгэл тэр л зүйлсэд оршдог юм байна гэдгийг ойлгож авсан билээ. Харин одоо хаа нэг тийшээ аялабал хамгийн энгийн, гаднаасаа хүний сонирхол татах зүйлгүй санагдах, эгэл борог тийм амьдралын дүр зургийг харахыг хүсэх болно. Учир нь тэнд л жинхэнэ “амьдрал буцалж” байдаг мэт. Аялал ч ялгаагүй энгийн байх тусмаа л сэтгэлд, дурсамжинд гүн гүнзгий үлддэг юм шиг ээ.

Мөн аялана гэдэг хаа нэгтээ өөрийн биеэр заавал очихоор хязгаардагддагүй нь сайхан. Оюун санаагаараа өөр ертөнцийн хаалгыг нээж орохыг ч аялал гэж би боддог. Хэсэгхэн хугацаанд өөр газар оронд авчирч, бас ахин олон олон ертөнцийн үүд хаалгыг нээж үзэхийг хүсдэг мөрөөдлийг минь өрдөж өгсөн авсаархан хэрнээ агуулга гүн бүтээлийн эзэн Элиас Канеттид баярлалаа.

СЭТГЭГДЭЛ

Your email address will not be published. Required fields are marked *

/