"Надад таалагдсан зохиолууд"
(Та ч гэсэн уншиж үзээрэй)
1. Г.Г.Маркес "Зуун жилийн ганцаардал"
Шидэт реализмын сонгодог төлөөлөл болсон уг бүтээл зохиогчоо домог болгон мөнхрүүлсэн юм. Колумбийн жижиг тосгонд төрж өссөн Габо өөрийн туулсан амьдрал, үзэж харсан, сонссон дуулснаа гайхалтай уран сэтгэмжээр баяжуулан, үлгэр домог, зүүд зөн, далд ертөнц, ид шид, дом шившлэг зэрэг хийсвэр зүйлүүдтэй чадмаг сүлжиж, эротик дүрслэлээр баялаг хэн бүхнийг гайхшруулах сод бүтээл туурвиж чаджээ.
Олон жилийн дараа болох үйл явдлаар зохиол эхэлдэг нь анхнаасаа ямар нэг хил хязгаар байхгүй, харьцангуй цаг хугацаа, орон зайд чөлөөтэй хөрвөнө гэсэн дохио тэмдэг гэлтэй.
Амьдрах ая тухтай шинэ газар хайж Макондо тосгоныг байгуулсан Буэндиагийн гэр бүлийн түүхээр хүн төрөлхтний явж ирсэн зам мөр, хайр дурлал, үзэл бодлын зөрүү, улс төрийн тэмцэл, нийгмийн хямрал зөрчил, иргэншлийн хөгжил дэвшлийн нүргээн дунд хувь хүн хэрхэн хувьсан өөрчлөгдөж, ганцаардаж байгааг хийсвэр ертөнцтэй сүлэлдүүлэн урнаар дүрсэлж чадсанд энэ зохиолын гайхамшиг оршино.
Хэтийдсэн хуял тачаал, цусан төрлийн ойртолт нь эцэстээ мөхөл сүйрлээр төгсөх гашуун хувь тавилантайг, хүний бүтээн босгосон, шунан тэмүүлсэн бүхэн эцсийн бүлэгт нуран унах цаг хугацаатай гэдгийг Буэндиагийн сүүлчийн удам шоргоолжинд бариулан, далайн хүчит шуурганд Макондо суурин газрын хөрснөөс арчигдаж ор мөргүй алга болж байгаагаар дүрслэн харуулдаг билээ.
Байгалийн их сүр хүчний өмнө хүн бол өчүүхэн өт хорхой төдийхөн зүйл шүү дээ.
Ийнхүү саяхан амьдрал өрнөж, хүмүүс холхилдож, дуу шуугиантай байсан тэр суурин зохиол дотроо ч алга боллоо. Хүний гэм нүглийг байг аль хэмээх бурхан цээрлүүлж, үйлийн үрийн төлөөсөнд нэгэн гэр бүлийн удам угсаа сүйрч байгаа нь энэ дээ. Ямар нэгэн гайхалтай төгсгөл хүлээж байсан уншигчид энэ бүхэн гэнэтийн цохилт болох нь гарцаагүй.
Ямар хачин учир утгагүй үйл явдлууд вэ гэж ундууцан бодож ч магадгүй. Хорвоо ертөнц гаднаас нь ажиглахад эмх цэгцтэй мэт харагдавч гүндээ бол тайлж таамаглахын аргагүй нууцуудтай хаос шинжийг агуулж байдгаараа онцлогтой. Энэ нууцад нэвтэрч орох, түүнийг бодит амьдралтай зэрэгцүүлэн, ямар ч хийсвэр дүрслэлийг гаргаж болох уран сэтгэмжийн шавхагдашгүй эх булаг нь уран зохиол өөрөө юм.
Гэхдээ Габо зохиолч болохоор "Миний зохиолд ямар нэгэн ид шид байхгүй. Гашуун үнэн, гашуун реализм" гэж хэлсэн байх юм. Зохиолын үйл явдлын зарим хэсэг үнэхээр болсон явдал ажээ. Өөрөө оролцсон, өвөөгөөсөө сонссон хууч яриа, аман домгуудыг эвлүүлж зохиол бичиж суухдаа итгэхэд бэрх гайхамшигтай үйл явдлуудыг дотроо төсөөлж, тэр ид шидэндээ өөрөө итгэж, өрөөлийг бишрүүлэхээр уран сэтгэмж онгод авьяасаа хурцалж байсан нь гарцаагүй.
Нөгөө ертөнцийн элч цыган өвгөн Мелькиадесийн "Энэ удмынхны эхнийх нь модонд хүлүүлж, эцсийнх нь шоргоолжинд бариулна" гэсэн нууц бичээс ийнхүү биелэлээ олжээ. Гайхалтай юм даа.
Үхэшгүй мөнх хутгийг олсон ч байж мэдэх тэр хэрмэл цыган өвгөн Буэндиагийн удмын долоон үеийн хувь заяаг нэвт шувт харж байжээ. Хурандаа Аурелианотай адилхан нэртэй олон хүмүүс толгой эргүүлэх боловч тэр бүхнийг хэн нь хэн бэ гэдгийг ялгаж салгах гэж тархи толгойгоо гашилгах хэрэггүй. Зохиолын үйл явдал өөрөө хаашаа ч хөрвөх чадалтай, өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийн холбоос нь давхцаж, бас урд хойноо орж байдаг харьцангуй шинжтэй, үлгэр домог үнэн бодит амьдралтай ялгахын аргагүй холилдсон энэ үйл явдал дунд тэдний хэн нь ямар учиртайг, ямар хувь тавилантайг тааж таамаглах аргагүй болохоор л тэр дээ.
Нэг гэр бүлийн самуурлаар нийт хүн төрөлхтний мөхөл сүйрлийг ёрлон бэлгэдсэн зохиол гэж товчхон дүгнэж болно. Эротик дүрслэл нь энэ зохиолын амин чухал холбоос тул тэр хэсгүүд байхгүй бол давсгүй хоол мэт болохоос гадна үйл явдлууд нь үнэмшилгүй болох юм. Габо гуай гашуун үнэнийг бичсэн шүү хэмээн зөрүүдлэсэн нь учиртай л байж. Секс гэдэг зөвхөн үр удмаа үлдээхэд зориулагдсан зүйл биш, хайр энхрийлэл янаг амрагийн амтат бал бурам, амьдралын салшгүй нэг хэсэг атал түүний тухай зохиолоос уншихдаа ичиж цэрвэж байгаа хүмүүс байвал насанд хүрээгүй байна гэсэн үг хэхэ. Анх уншиж байгаа хүнд учир начир нь олдохгүй нэлээн хүнд зохиол шүү гэдгийг дашрамд хэлье.
Нийтлэгч: Хөх Толбот Д.Төмөр-Очир
СЭТГЭГДЭЛ