Зохиолч, орчуулагч Дашийн Оюунчимэгтэй цөөн хором ярилцлаа.

Таны “Оройн ганц мод” роман нээлтээ хийлээ. Анхны уншигч нь болсон хүмүүс ам сайтай байна. Харин зохиолоо бичихэд гурван сарын хугацаа зарцуулсан гэж сонслоо. Романыг ийм богино хугацаанд бичиж болдог юм уу?

Ийм юм аа, Одоо хүн бүр зохиолч болчихоод юмыг хялбархан хийдэг, ойлгодог болчихож л дээ. Миний хувьд зохиол дээрээ богино хугацаа зарцуулсан нь ачаалал үүрч сурсаных байх. Би нэлээд орчуулга хийлээ шүү дээ. Залхуу хүн шинийг санаачлагч байдаг гэдэг шиг их ажилд дарагдаад ирэхээр аль болох богино хугацаанд яаж хийх вэ гэдгийг сийлдэг юм байна. Би орчуулгуудаа бичээчтэй сууж хийдэг. Тийм тулдаа олон орчуулгын ард гарсан. “Оройн ганц мод” романаа ч бичээчтэй сууж бичсэн юм. Түүнээс биш өөрөө суугаад шивнэ гэдэг маш хүнд ажил. Хурдан бичээчээр бичүүлж өөрөө дуудаж өгөөд явахаар ажлын бүтээмж өндөр байдаг юм. Өдөрт 25, 30 хуудсаар нь орчуулах жишээтэй. Нөгөөтэйгүүр, “Оройн ганц мод” маань нэг өдөр суугаад биччихсэн зохиол биш. Би их судалгаа хийсэн. Цаасан дээр буулгасан нь төдий хугацаа боловч 2011 оноос сэтгэл тавьж, судалгаа хийж ирсэн ажлууд л даа.

Номын нээлтийн мэдээнээс “Зохиолоо цааш үргэлжлүүлэх юм байна” гэж ойлгосон. Ер нь та одоо хэрхэн роман бичихээ мэдчихэв үү?

Дөрөв, таван жилийн хөдөлмөр маань болохоор энэ номонд оруулж амжаагүй дутуу орхичихсон зарим баримт, судалгаанууд бий. Хэрэв үргэлжлэлийг нь хийхээр бол, тэр болгоныг би өөрөө мэдэх хэрэгтэй. Ер нь хүн өөрөө сайн мэдсэн зүйлээ л бичдэг юм байна л даа. Өмнө нь би хоёр, гурван тууж, өгүүллэг бичсэн. Тэр үедээ үүнийг ойлгосон юм. Чухам яагаад би энэ их орчуулга руу яваад орчихсон бэ гэвэл ердөө л роман бичих тухайд байсан юм. 2006 онд би “Тэнгэрийн цаг болоогүй” гэж бэсрэг тууж бичээд дараа нь залгуулаад хэд гурван өгүүллэг бичсэн. Тухайн үед миний хэмжээ цаашаа явахгүй байсан байхгүй юу. Тэгэнгүүт романыг ойлгохын тухайд баахан сонгодог зохиол уншаад тэндээсээ өгүүллэг, роман нийлсэн зургаан ном сонгож орчуулсан юм. Тэгээд хувь заяаны эрхээр ч юм уу, хүүхдийн сонгодог зохиолын орчуулга руу орчихсон. Тэдгээр нь бас л хүн төрөлхтний сонгодог романууд байгаам юм. Тэр үед л надад “Роман гэдэг нь нэг иймэрхүү анзааны ийм юм байх нь” гэсэн дүр зураг харагдаж эхэлсэн гэх үү дээ.

Номыг тань гаднаас нь тандахад Монголчуудын нүүдэлчин ахуй амьдрал, тэр тусмаа Урианхайчуудын аж байдлыг өгүүлсэн юм аа даа. Яагаад гэдгийг товчхон тайлбарлаж өгөөч. Уншигчдад маань ч сонин байх болов уу?

Монголд олон үндэстэн ястан, овог аймгууд байдаг. Тэдний дотроос Урианхайчууд бол их эртний овог аймаг л даа. Гэхдээ бидэнтэй л адилхан монгол хэлт овог аймаг. Алтайн Урианхайчууд алслагдмал болоод ч тэр үү надад ёс заншил, үнэт зүйлсээ маш сайн хадгалж үлдсэн юм шиг санагддаг. Улсын наадмын сурын харваа Урианхай сурын харваагаар эхэлдэг шүү дээ. Энэ нь Урианхай эрчүүд дайн тулаангүй үедээ богино зайд сур харваж бэлтгэл сургуулилт хийдэг байсан нь тийнхүү уламжлагдан ирсэн байх жишээтэй. Мөн би яагаад Урианхайчуудыг сонгож зохиолынхоо ерөнхий өнгө төрхийг бүрдүүлсэн бэ гэхээр миний маш сайн мэдэх орчин учраас тэр. Гэхдээ энэ нь зөвхөн цөөн хэдэн Урианхайчуудын асуудал огт биш. Нийт Монголын түүхийн эгзэгтэй үеүдийг нэг жижигхэн хошуун дээр болж буй үйл явдлуудаар сүлж бичихийг хичээсэн. Цаашид гарах номнуудад маань ч харагдах байх. Ер нь 100 жилийн өмнөх монголчуудын амьдрал ямар сонин байсан юм бэ гэдгийг би эртнээс анзаарч эхэлсэн л дээ. Нэг л бүрхэг, харанхуй бүдүүлэг, яр тэмбүүтэй, сүйрэл мөхлийн ирмэг дээр ирчихсэн, элэг эмтрэм дүр зураг санагдана. Гэвч оюун санааны хувьд бид ямар түвшинд байсан юм бэ гэдэг асуудал эртнээс миний сонирхлыг гойд ихээр татсан юм. Ерөөс, Монголчуудын нүүдлийн соёл иргэншил гэдэг нь нэн өвөрмөц сэтгэлгээг бий болгодог юм байна. Монголчууд бидний дэлхийд гайхуулах брэнд маань энэ юм. С.Дашдооров гуайн “Бууж мордох хорвоо” өгүүллэгийн хоёр өвгөнөөс эхлээд зүгээр л энгийн ахуй амьдралтай хэрнээ хорвоогийн явдлыг маниасаа илүү мэдэж байх жишээтэй. Энэ онцлог явдлыг нь би зохиолдоо түлхүү үзүүлэхийг хичээсэн юм. Байгаа оносон эсэхийг бүү мэд.

Урианхайчуудын амьдрал таны сайн мэдэх орчин гэснээс та чинь Ховд аймгийн Дуут сумын хүн гэв үү?

Манж амбаны үед 27 хошуу гэж байж. Тэр 27 хошууны долоо нь Урианхай хошуу, мөн тэдний дөрвөн хошуу нь л монгол хэлт Урианхайчуудх байжээ. Монгол хэлт дөрвөн хошуун нэгэнд “Оройн ганц мод” романы үйл явдал өрнөж байгаагаар зохиолд гарна. Тэр хошуу нь одоогийн Ховд аймгийн Мөнххайрхан, Дуут, Баян-Өлгий аймгийн Булган, Дэлүүн сумдын нутгийг хамарсан одоогийн нэг багашаархан аймгийн дайтай газар нутаг байж л дээ. Манай аав, ээж хоёр Мөнххайрханых, би Дуутад төрсөн боловч аймгийн төвд өссөн. Гэхдээ малчдын амьдралыг туулсан л даа. Зуны амралтаараа хонь хариулж, хониныхоо захад ном уншаад л. Хөгшчүүлээс одоо ч гэсэн суралцсаар л байна. Тухайн үед би даанч хүүхэд байсан болохоор ярьж хэлж байгааг нь нарийн сайн тогтоож авсангүй. Тэр үеийн хөгшчүүлийн чихний хажуугаар шүргээд өнгөрсөн яриа бүхэн өнөөдөр миний уншиж судалж байгаа зохиол бүтээлийн дайны юм байсан шиг санагдана. Энэ бүхэн миний дурсамжинд бий. Үүнийг харин хэрхэн уран зохиолд оруулж ирэх вэ гэж толгойгоо гашилган цаг хугацаа их алдсан байна.

Хэдийгээр энэ тухай уншигчид хэлэлцэх ёстой ч, хувь зохиолчийн хувьд “Тэнгэрийн цаг болоогүй”-гээс “Оройн ганц мод” хүртэл ямар дэвшил гарсан гэж та хэлэх вэ?

“Тэнгэрийн цаг болоогүй” ч яах вэ, хэдэн өгүүллэг, нэг бэсрэг туужаа нэгтгэн хэвлүүлсэн ном. Түүнээс хойш миний хийсэн ажил гэвэл хүүхдийн зохиолын сонгодог 50 ботийг монгол хэл дээр бэлтгэж бэлэн болгочихоод компьютертээ хадгалж байна. Аль нэг газраас хэвлэн нийтэлж олны хүртээл болгох болов уу гэж найдна. Энэ бол дан ганц миний хийх ажил биш. Үүнийг би нэг талаас, ирээдүйн оюунлаг ирээдүйг бэлтгэх, соёл гэгээрлийн бодлогоор орчуулсан. Нөгөөтэйгүүр хувь зохиолчийн дадлага туршлага, судалгааны бүтээл гэж хэлж болно. Тиймээс тухайн үед би тууж, өгүүллэгийн хүрээнд эргэлдэж байсан бол одоо роман ямар байх ёстойг олж харсан нь дэвшил юм болов уу гэж бодож байна.

Танай үеийнхэн буюу 1990-ээд оны төлөөлөл болсон яруу найрагчид бараг бүгд зохиол бичиж, роман туурвих боллоо. Энэ шилжилтийн үеийг та юу гэж харж байна вэ?

Энэ бол хүний өөрийн өсөлт хөгжилттэй холбоотой. Жишээлбэл, роман гэдгийг нэг хөөрхөн бүсгүй ч юм уу, залуу бичдэггүй. Болдог ч үгүй юм байна. Хүн төрөлхтний түүхэнд гарч байсан суутнууд байна л даа. Шолохов гэхэд л 23 настай “Дөлгөөн дон”-ийг бичсэн гэх мэт. Гэхдээ тэдний туулсан замнал өөр, би буруу дуулаагүй бол 16 настай Шолохов морьт цэргийн отряд удирдаад хувьсгалын хэрэгт оролцож явсан гэх баримт санаж байна. Тэр хүмүүс хэдий бага залуу байсан ч гэсэн асар их амьдралын туршлага хуримтлуулж чадсан байна, нөгөө талаас илүү өгөгдөл байсан байж магадгүй. Тэгэхээр роман бичнэ гэдэг амьдралыг таних, өөрийн хурааж цуглуулсан туршлага, түүнээс гадна ердөө л хувь зохиолчийн үзэл санаа юм. Үзэл санаа гэдэг нь шашинд хандах, орчлонд хандах, түүхт хандах, нийгэмдээ хандах үзэл, тэдгээрийн нэгдмэл чанар юм. Тэгэхгүйгээр хичнээн сайхан юм хийлээ ч яг роман гэх шалгуурт нийцэхгүй. Тэгэхээр манай үеийнхэн роман бичиж байгаа нь бидний нас болжээ. Нөгөөтэйгүүр роман үүрэх хэмжээний дадлага туршлага, чадал чансаа суужээ гэж ойлгож байна.

Ярилцсан: Г.Лхагвадорж

Эх сурвалж: medremj.net

СЭТГЭГДЭЛ

Your email address will not be published. Required fields are marked *

/