Аль үнэтэй байдгаа биедээ наагаад гадуурх ажлаа хөөцөлдөхгүй л бол цаадуул чинь хүн байна гэж тоож харахгүй! 

Ялангуяа хөгшин настай хүмүүсийг халуунд халааж, хүйтэнд хөргөж хүлээлгэнэ, дахин дахин ийш тийш нь гүйлгэснийхээ эцэст "Тэрэнтэй очиж уулз" гэх товчхоон хариултыг хээв нэг хэлээд жишүү харах нь өнөөгийн тогтсон хэв гэлтэй. 

Энэ хүнд суртал, ёс суртахууны гажуудал манай нийгэмд олонтаа үзэгддэг нь үнэн. 

Би лав бичиг баримт хөөцөлдөж энэ тэрүүгээр гүйх тун дургүй. Дэс дараа гэж үгүй, дээр нь загнуулсаар байгаад бүтээж амжуулсан юу ч үгүй буцдаг.  За тэгээд биднүүсийн давхаргынхан бол эмч багш нартаа мөнхөд чихэр шоколад бариастай, дээшээгээ бол бүүд мэд ээ! Юу ч барьж гүйцгээдэг юм. 

Гартаа юм л барьж өргөхгүй бол хөдлөхгүй болсон өлөн, өмхийрсөн нийгэм. (Уучлаарай) 

Тэгэхэд хээл хахуульгүй нийгэмд хүүхдийнхээ төрсөн өдрөөр ганц торт ангид нь өгөх гэтэл эрс эсэргүүцэлтэй тулгарч байгаа юм. 

Нээрэн ч торт гаргаад өгчихбөл цаана нь торт гаргаж өгөх боломжгүй хийгээд бололцоотой нь хэд бил ээ. Ер нь өгдөг авдаг журмыг бий болгоод ч яах сан билээ? 

Би энэ зохиолыг уншиж суухдаа яг одоо монголд тулгамдаж буй асуудлыг сэтгэлээрээ мэдрэх шиг болов. Эгээ л гол дүрийн баатар Коолхаас шиг хэн нэгэнд дорд үзэгдэж буй мэт жигшүүрт мэдрэмж намайг эзэмдсэн юм. 

Хэдийгээр уг зохиолын үйл явдал Германд мянга таван зуугаад оны үеийг хамрах ч гэлээ, өнөөгийн дүр төрх надад харагдсан нь тун эмгэнэлтэй. Хэдэн зууны өмнөхөн зарим нэг улсын туулаад гарсан нийгмийн хамгийн бохир үзэгдэл өнөө цагт манайд ид цэцэглээд байна. Тэр бол хүнд суртал, анги давхарга, ялгаа. 

Х.Ф. Клайст зохиолч нэгэн бодит дүрийг амилуулж агтны худалдаачин Коолхаас нэртэй үнэнч шударга хүнийг амилуулжээ. Нэгэн удаа тэрбээр агтаа зарахаар явах боловч өөрөөсөө эрх мэдэл өндөртэй захирагч Тронкагийн ов залинд орж худалдаагаа цаашид үргэлжлүүлж чадахааргүй болно. Учир нь захирагч хэмээх дээгүүрээ холбоо сүлбээ арвинтай эр өөрийн эрх ашгийг давуулан ашиглаж агтчин эрийг хэний ч тушаалгүй хорьж цагдан, хэзээ ч байгаагүй одоо ч байхгүй эрхийн бичиг нэртэй цаасыг шаардах бөлгөө. 

Коолхаас захирагчийнхаа нэхээд байгаа эрхийн бичгийг олж авахаар заагдсан газар очих боловч тэр бүгд худал, хэзээ ч тийм бичиг байхгүйг олж тогтооно. Түүнийг бичиг авчрах нэрээр зугатаад алга болно хэмээг хардаж, ганц амин зуулга болох морьдыг нь барьцаалан үлдээх захирагч түүнийг ирээдүйд ямар том бослого гаргахыг төсөөлөх ч үгүй. Барьцаанд үлдсэн тарган цатгалан агт нь юу ч үгүй хэрзийж хариугүй голтой болсон байхыг үзээд мань эрийн уур бухимдал оволзож захирагчтайгаа нэгийгээ үзэхээр зориг шулуудвай. 

Миний морьдыг хэвийн байдалд нь эргүүлэн оруул! гэх нэрийн доор төр засагтай тэрсэлдэх залуугийн зориг, шударга ёсыг эрэлхийлэх уйгагүй чанарыг магтууштай. Тэрбээр морьдын нэрийг олонтаа ашиглах боловч үнэн хэрэг дээрээ тэр морьдын сүүдэр дор хүний эрх зөрчигдөж буйг өгүүлэхийг хүсчээ. 

Хэрвээ таны дуу хоолойг хэн ч сонсохгүй бол та яах вэ? Хэн ч таны хохирлыг барагдуулах хүсэлгүй бол эгэл жирийн иргэд бид ер хэндээ хандах болж байна?  

Энэхүү номыг анхлан уншигчид уншаад сайтар ойлгохгүй байж ч болох юм. Хүнд хэллэгтэй гэхээс илүүтэйгээр гүн агуулгатай учир юуны түрүүнд "Амьтны ферм" номыг уншиж үзэхийг санал болгож байна. Харин ном залгидаг хүмүүст бол хоёр өдөр байхад л хангалттай. Таньд Франц Кафкагийн шүтэж уншсан эл зохиол таалагдах нь дамжиггүй биз ээ. 

Удахгүй Монсудар утга зохиолын цувралын II дэвтэр "Кандид буюу өөдрөг үзэл" номын тэмдэглэлээр дахин уулзъя.

Тэмдэглэлийг: Ээнээгийн тэмдэглэл

СЭТГЭГДЭЛ

Your email address will not be published. Required fields are marked *

/