1. Лев Толстой “Иван Ильичийн үхэл”

“Энэ тууж бол Толстойн хамгийн хурц, хамгийн тод, хамгийн цогц бүтээл” хэмээн үнэлэгдсэн “Иван Ильичийн үхэл” хэмээх энэхүү туужид шүүхийн танхимын тэргүүлэгч гишүүн Иван Ильич онош нь тодорхойгүй өвчинд нэрвэгдэн, зовж тарчлан хэвтэхдээ өнгөрүүлсэн амьдралаа эргэцүүлэн бодож буй тухай өгүүлнэ.

Өнгөцхөн харахад түүний амьдралд харамсах зүйл үгүй мэт. Тэр шүүхийн байгууллагад цалин сайтай, өндөр албан тушаал хашиж, алдар нэртэй хүмүүсээр хүрээлүүлж, бусдын л адил гэр бүлийн амьдрал зохион тансаг сайхан байшинд амьдарч, хэний ч хувь заяаг шийдэж чадах эрх мэдэл өөрт нь байгааг бодон баясаж, амьдралдаа сэтгэл хангалуун явдаг байлаа. Гэтэл үхэл гэгч хаалгыг нь тогшиход тэрээр амьдралынхаа “үнэн”-тэй нүүр тулна.

Тэрбээр үхэлтэй тэмцэх гурван сарын хугацаандаа эхлээд түүнээс айн зугтаж, дараа нь нүүр тулан уулзаж, эцэст нь хүлээн зөвшөөрөхдөө өөрийг нь бүчин хүрээлсэн худал хуурмаг бүхнийг анх удаагаа нэвт шувт харж, туулж өнгөрүүлсэн амьдралдаа харамсавч нэгэнт оройтжээ.

Иван Ильичийг нас нөгчсөн тухай сонсоод түүнийг жинхэнэ андын ёсоор хайрладаг байсан гэх ажлын найз нөхөд нь уй гашуу болохоосоо урьтаж түүний албан тушаалд хэн томилогдох бол хэмээн бодож, насаараа ханилсан эхнэр нь түүний эд хөрөнгөнөөс өөрт нь юу оногдож болох тухай санааширч байгаагаас “үхэл” гэгч хүний мөн чанарыг тодоос тод харуулдгийн нэгэн илрэл буюу.

Энэ бол үхлийн тухай бас үнэний тухай, утга учир, агуулгатай амьдрах тухай зохиол юм. Бусдын үхэл бусдынхаараа л дуусдаг орчлонд хүний үхлийг хүнд мэдрүүлсэн зохиол бол Иван Ильичийн үхэл юм.

Үнэ: 7900 төг


2. Владимир Набоков “Профессор Пнин”

“Лолита” романаар нь манай уншигчид сайн мэдэх Набоковын 1957 онд бичсэн "Профессор Пнин" роман бол оюун санааны баялаг ертөнцтэй ч ганцаардсан дундаж давхаргын нэгэн сэхээтэн худал хуурмаг, зохиомол амьдрал ноёрхсон бохир заваан ертөнц, бэртэгчин соёл иргэншилтэй хэрхэн тулгарч байгааг харуулсан бүтээл юм.

Гэхдээ зохиолч Набоков хэт явцуу ертөнцийг дүрслээгүй, харин бодит ертөнцөөс зохиолчийн төсөөллийн ертөнц рүү, Берлин хотоос дурсамжинд нь байгаа Орос орон руу, энгийн хүмүүсийн ертөнцөөс шатрын хөлгөн дээрх ертөнц рүү гэх мэтчилэн чөлөөтэй шилждэг. Энэ бүтээлээрээ Набоков зохиол урлалын хэл, хэв маягаа улам төгөлдөржүүлсэн хэмээн шүүмжлэгч нар дүгнэдэг.

Зохиолын баатар Пнин шиг амьдралтай хүмүүсээс бидэнд авах юм байдаг болов уу, үгүй болов уу? олон хүний хувьд өрөвдмөөр, доог тохууны бай болохоор хүмүүсийн дотоод ертөнц чухам ямар байдаг, юунд баярлаж, юунд гомдож, юунд урамшин амьдралыг даван туулдаг юм бол? Ер нь цөөнх болдог хүмүүс өөрсдийнхөө хувьд жаргалтай амьдардаг уу? эсвэл? ...

Эрхэм уншигч та эдгээр асуултын хариултыг энэхүү авсаархан бүтээлээс олж магадгүй л юм. Мөн дээр дурдсан бүтээл буюу “Иван Ильичийн үхэл” туужтай ямар холбоотой болохыг ч мэдэх боломжтой.

Үнэ: 9900 төг


3. Шота Руставели “Барсан хэвнэгт баатар”

“Монголын нууц товчоо”-г мэддэггүй монгол хүн байдаггүйтэй адил "Барсан хэвнэгт баатар" бол Гүржийн ард түмний бахархал төдийгүй уг туульсын зохиолыг дэлхийн утга зохиолын томоохон бүтээлд зүй ёсоор тооцдог. Тиймдээ ч "Барсан хэвнэгт баатар"-ыг зохиогч Шота Руставелийг Гүржийн уран зохиолын хэлийг үндэслэгч хэмээдэг.

Зохиогч энэ бүтээлээ Давид Сослани хааны хатан Тамарад зориулан бичсэн бөгөөд өөрөө Тамарагийн сангийн даамал нь байжээ. Хайр сэтгэл, нөхөрлөлийн тухай өгүүлэх энэхүү гайхалтай найраглалыг зохиогч Шота Руставелийн намтар өнөөг хүртэл бүрэн тодорхойгүй боловч түүнтэй холбоотой олон зүйл домог мэт яригдсаар байдаг. Жишээлбэл: Хатан хаандаа дурласан зохиолч сүмийн 4 хананы дунд өөрийгөө хорьсон гэгддэг бол өөр нэг баримтаар хатан хаанд дурласан ч өөр бүсгүйтэй гэрлэсэн түүнд нэгэн ялагдсан шахаас бэлгэнд ирсэн зохиолыг эх хэлнээ хөрвүүлэх тушаалыг Тамара хатан буулгаж, биелүүлснийх нь дараахан тэргүүнгүй болсон цогцос нь олдсон гэх яриа ч байдаг.

Үнэ: 3900 төг


4. Мо Янь “Эргэлт”

Хятадаас утга зохиолын салбарт Нобелийн шагнал хүртсэн анхны хүнболох Мо Янь “Эргэлт” хэмээх энэхүү намтарчилсан тууждаа, соёлын хувьсгалын хөлд хохирч хоцорсон хүүхэд ахуй наснаасаа эхлэн хожим алдартай зохиолч болох хүртэлх хувийн амьдралаа, Хятадын нийгмийн амьдралын өөрчлөлт, хувьсалтай зэрэгцүүлэн хүүрнэсэн байна.

Сүүлийн арван жилд Хятад шиг хурдан хөгжсөн улс тун цөөн гэдэгтэй хүмүүс санал нийлэх биз. Гэвч энэ хөгжил өндөр үнээр олдож хувь хүн, нийгэмд ихээхэн хохирол учруулсныг Мо Янийн энэ романд өгүүлжээ.

“Эргэлт” бол 2016 оны төгсгөлд танилцуулагдсан “Монсудар утга зохиол” цувралын дөрөв дэх бүтээл бөгөөд уг цувралаар жил бүр есөн өөр орны, есөн өөр зохиол хэвлэгдэж байх ажээ.

Үнэ: 9900 төг


5. “Сонгодог өгүүллэгийн дээжис”

Монголын орчуулагчдын эвлэлээс зарласан “Дэлхийн сонгодог богино өгүүллэгийн уралдаан”-нд ирүүлсэн залуу орчуулагчдын бүтээлүүдийн эмхэтгэл уг номоос урьд өмнө нь эх хэлнээ орчуулагдаж байгаагүй бөгөөд дэлхийн сор болсон зохиолчдын бүтээлүүдтэй танилцах боломжтой.

Тухайлбал Акүтагава Рюносүкэгийн “Өргөмөл хүү”, “Бичтэй үзэлцсэн хавчийн түүх”, Г.Г.Маркэсийн “Мигуйн дотроо Эва бий”, Р.Л.Стивэнсоны “Маркхэйм”, Ж.Д.Сэлинжерийн “Түүх эхлээгүйн учир” зэрэг манай уншигчдын төдийлөн сайн мэдэхгүй олон гайхалтай өгүүллэг багсан ажээ.

Үнэ: 10,000 төг


6. Франц Кафка "Шүүх ажиллагаа"

Ф.Кафка "Шүүх ажиллагаа" роман дээрээ 1914 оны наймдугаар сарын дунд үеэс ажиллаж эхэлсэн байдаг. Гэвч эхний долоон бүлгээ бичсэний дараа зохиолчийн өөрийнх нь бичсэнээр цааш үргэлжлүүлэн бичих боломжгүй болж гацаанд оржээ.

Гэвч арванхоёрдугаар сар гэхэд романаа дахин үргэлжлүүлж, эхлүүлж орхисон бүлгүүдээ дуусгасан ч 1915 оны нэгдүгээр сарын дундуур уг романыг бичих ажил тэр чигээрээ тасалдахад хүрсэн байна. Түүнийг насан эцэслэсний дараа устгачихаарай хэмээн захисан "Шүүх ажиллагаа" романыг судлаач Макс Брод Берлины "Шмиде" хэвлэлийн газарт өгөн хэвлүүлжээ.

Зохиолын баатар Йозеф К-гийн тун хачирхалтай шүүх ажиллагааны тухай өгүүлэх энэхүү зохиолд ямар ч утга учиргүй гэнэтийн баривчилгаа, эсэргүүцэх чадваргүй болтол нь саажуулах явдал, танил талаа эрж хайж, ар өврийн хаалга хайх явдал хэр их газар авсныг, хууль сахиулагчдын худалдагдсан байдал хийгээд тухайн үеийн хүнд суртлыг ямар ч хачиргүйгээр дүрслэн харуулжээ.

Үнэ: 9500 төг


7. И.С Тургенев “Эцэг, хүүхэд”

Иван Сергеевич Тургеневийн "Эцэг хүү" хэмээх энэхүү роман түүний шилдэг бүтээлүүдийн нэгэнд зүй ёсоор тооцогддог. Уг роман шинэ ба хуучин үеийн үзэл санааны тэмцэл, зөрчлийг гүнзгий тусган харуулсан нь эдүгээ ч үнэ цэнээ алдаагүй хэвээр байна.

Зохиолын үйл явдал хоёр үеийн үзэл санааны зөрчил тод илэрсэн XIX зууны 60-аад онд өрнөнө. Гол дүрүүдийн нэг болох Евгений Базаров нь тайж бус гаралтай сэхээтний төлөөлөл юм. Тэрээр бүхнийг үгүйсгэх үзэлтэй, дэмий хоосон бодолд автаж үүлэн дунд хөвөх дургүй нэгэн. Харин түүний эсрэг дүр болох хуучны офицер Павел Петрович Кирсанов бол язгууртан гаралтай, бардам зантай эр бөгөөд нэг бүсгүйгээс болж сэтгэл нь бүрмөсөн хоосорсон хүн юм. Өөрчлөлтийг хүссэн залуу үе, хуучинсаг үзэлтэй дунд насныхны хоорондын зөрчил тэмцэл тэдний дунд өрнөнө.

Уг бүтээлийн гол санаа нь бүх нийтээрээ харилцан дайсагналцах нь утга учиргүй бөгөөд бүгдэд тохирох шинэ үзэл санааг бий болгох хэрэгтэй, эс тэгвэл мөхөлд хүрнэ гэдгийг харуулсанд оршино.

Үнэ: 8900 төг


8. Мүшянокоожи Санэацү “Андын сэтгэл”

Мүшянокоожи Санэацү бол үргэлжилсэн үгийн болон жүжгийн зохиолч, яруу найрагч, зураач нэгэн байсан бөгөөд түүний бага насанд хамгийн их нөлөө үзүүлсэн хүн нь Оросын алдарт зохиолч Л.Толстой ажээ.

Тэрээр дайны эсрэг, амьдралын сайн сайхан, хүн хүнээ хайрлан дээдлэх үзэл caнааг тууштай баримтлагч бөгөөд 1920 онд туурвисан "Андын сэтгэл" туужаараа хамгийн их алдаршжээ.

“Андын сэтгэл” туужид жүжгийн зохиолч Ножима болон мэргэжил нэгт Оомия хэмээх чин үнэнч 2 андын тухай өгүүлдэг. Ножима Сүгико гэдэг охинд ухаангүй дурлаж, Оомиягаас тус дэм хүсэх боловч Сүгико Ножимагийн хайраас татгалзаж, Парис руу явсан Оомияд хайрын захидал илгээнэ. Хайр дурлал нь бүтэлгүйтсэн Ножима зовлон шаналлаа тэвчин байж, анд найз Оомиятай амжилт бүтээлээрээ өрсөлдөн тэмцэлдэх тангараг өргөнө.

Уг тууж нь хоёр найзын анд нөхөрлөл, дурлалын төлөөх тэмцлээр дамжуулан идэр залуу насны гал халуун хүсэл тэмүүлэл, хайр сэтгэл, гутрал шаналал зэрэг залуусын амьдралд тохиолдох аливаа явдлыг нарийн, гярхай дүрслэн үзүүлсэн, япон охид хөвгүүдийн үе дамжин шимтэн уншсаар ирсэн сонгомол зохиол юм.

Үнэ: 5500 төг


9. Бернхард Шлинк “Уншигч”

Дэлхийн 39 хэлнээ орчуулагдаж, олон улсын бестселлер ном болсон "Уншигч" роман Европ, Америкийн утга зохиолын нэр хүндтэй шагналуудыг авсан бүтээл билээ. Профессорын гэр бүлээс гаралтай 15 настай хөвгүүн, нас бие гүйцсэн эмэгтэй хоёрын дунд гэнэт дүрэлзсэн хайр дурлал, мөнөөх эмэгтэй хотоос гэнэт алга болсноор тасарна. Найман жилийн дараа хуулийн ангийн төгсөх курсийн оюутан залуу, нацистын гэмт хэрэгтнүүдийг шүүх хурал дээр эмэгтэйчүүдийн хорих лагерийн харгалзагч асан хүмүүсийн дотор мөнөөх эмэгтэйгээ олж харна...

Үнэ: 9900 төг


10. Дарма Батбаяр “Ийнгаа миний хээр тал”

Соёлын гавьяат зүтгэлтэн, Төрийн шагналт зохиолч Дарма Батбаярын “Ийнгаа миний хээр тал” зохиолыг өнгөц харахад залуу хосуудын хайр сэтгэлийг өгүүлэх мэт боловч цаад утгаараа монголын уудам тал нутгийн ахуй амьдрал, хүмүүсийн харилцаа, ёс заншил, итгэл үнэмшил, амьдралын утга учрын талаар бичжээ.

Анар хэмээх эрдэм шинжилгээний ажилтан залуу сургуулиа төгсөөд удаагүй байгаа нэгэн. Шинжлэх ухааны нээлт хийж, түүгээрээ монгол эх орноо дэлхийд таниулах нь түүний нэг хүсэл. Энэ хүслээ биелүүлэхийн тулд аль хэдийн судалгаа, шинжилгээний ажлаа эхлүүлжээ. Тэрээр бас моринд хайртай нэгэн. Наадмаар морь үзэх гэж яваад Ийнгаа хэмээх нэгэн сайхан бүсгүйтэй санаандгүй дайралдана. Анар бусад залуус шиг анхны харцаар түүнд дурласангүй. Харин “манайд ирж морь унаарай” гэсэн үгэнд нь болсон уу, аль эсвэл далдын нэгэн совингоор татагдсан уу бүү мэд. Нэг л өглөө судалгааны ажлаа дутуу орхиод Ийнгаагийн зүг хүлгийн жолоо зална...

Үнэ: 10,000 төг

СЭТГЭГДЭЛ

Your email address will not be published. Required fields are marked *

/