Удаан хугацаанд алхаж явахад хаврын жихүүн салхи нүүр рүү нь шуурах агаад болзсон газраа хайн алхлаа. Орой болж байсан тул гэгээ тасрахаас өмнө хүрэх газраа очихоор улам хурдан алхана. Урд нь ачааны тэрэг харагдахад тэр очих газраа ирснээ мэдлээ. Ачааны машины хаалгыг тогшин захидлыг өгөхөд 30 гаран насны танихгүй эр хаалгаа нээн захидлыг аван “Суучих” гээд дохилоо. Захидлыг уншсанаа Али руу нэг хяламхийж, машины мотороо асаан хөдөллөө. Удаан алхсандаа ядран нүд нь зүүрмэглэх зуур найзынхаа хэлсэн үгсийг нэхэн саналаа.

- Санаа зоволтгүй ээ би тохирчихсон. Чи энэ захидлыг л үзүүлэхэд болно. Харин цагдаа таарвал яаж ч байсан захидлаа үзүүлж болохгүй шүү. Таньдаг хүн болохоор аюулгүй ээ. Тэр юу хийхээ сайн мэднэ хэмээн хэлсний дараа замдаа гарч билээ. Савхин хүрэм, бугуйн цаг, нүдний шил, сахлын хутга, дэвтэр харандаа, Бальзакийн ном зэргийг цүнхлэн болж өгвөл ачаа багатай явахыг хичээн цүнхээ бэлдлээ. Охин, эхнэр хоёртойгоо хэзээ ахин уулзахаа мэдэхгүй ч инээн “Удахгүй уулзана аа, удахгүй” гэж хэлээд гарч алхана. Тэрээр алхсаар ачааны машины хаалгыг нь тогшиж ороход нэгэн цагдаа буу тулган шууд буудаж байна хэмээн зүүдлээд сэрлээ. Би дэндүү их айсан бололтой гэж бодон гадагш харав. Гадаа тас харанхуй болсон учир машины урд гэрлээс өөр юу ч харагдсангүй.

- Бид хаана явна? гэхэд

- Бид тойруу замаар явж хүрэх ёстой. Замд цагдаа нар тааралдвал садаа болохоос цаашгүй гээд Али руу ахин нэг харснаа

- Ингэхэд хил даваад юу хийх гэж байгаа юм бэ дээ. Хэдэн цаас хураах нь уу, гэхэд Али үл мэдэг инээмсэглэн “Би угаас л хангалуун амьдарч үзээгүй. Тийм байх ч хэрэггүй” хэмээн бодсоноо

- Би зүгээр л эрх чөлөөг хүссэн юм гэхээс өөр үг хэлсэнгүй.

- Би олон ч хүн хил давуулж байлаа. Тэд бүгд л өөр өөрсдийн хүсэлтэй. Мэдээж хэнийх нь сураг сонсогдоогүй. Хүсэлдээ хүрсэн үгүйг нь мэдэхгүй л юм. Гэхдээ чамд аз хүсье гэхэд

- Баярлалаа гэхээс өөр үг хэлсэнгүй.

- Харин чи тэднийг хил давуулахдаа тэндээ үлдэхийг хүсэж байгаагүй гэж үү.

- Хүсэж байсан удаа бий. Гэхдээ энд надад болоод л байна гээд инээх нь яагаад ч юм түүнд худал инээж буй мэт санагдана. Ямартай ч энэ жолоочоос хил даваад л салах хойно элдэв зүйлсээ тоочхыг хүсэлгүй унтаж амрахын түүс боллоо. Чемоданаа бариад удаан алхсан тул жаахан чилчихсэнд баруун гар нь үе үе бадайрна. Цонхоор харан явахад ахин нүд нь анилдлаа. Нэг мэдэх нь ээ охиныхоо сургууль дээр явж байв. Ашгүй ахин уулзах нь хэмээн догдлон охиноо хайх аж. Удалгүй нэг танхимын хаалгыг онгойлготол охин нь цүнхэндээ ном, дэвтрээ хийж байв. Охин дээрээ очтол тэрбээр өөрийг нь харсангүй. Удалгүй гаднаас цагдаа нар орж ирэхэд Али-н зүрх хүчтэй цохиллоо. Тэд охин дээр очоод

- Чи Филиз Али мөн үү гэхэд охин тэдэн рүү гайхан харлаа.

- Бид чамд муу мэдээ дуулгах нь. Аав чинь зугтаж яваад амиа алджээ гэх үгс сонсогдлоо. Удалгүй хар дарсан зүүдэндээ хөлрөн Али сэрэхэд мөн л замдаа явж байлаа. Нэрийг нь мэдээгүй жолооч түүн рүү хараад

- Хар дарж зүүдлээ юү. Зүгээр дээ хүмүүс сандарсандаа тэгж байдаг юм гэлээ. Үүнээс хойш Али унтахгүй гэж шийдлээ. Удалгүй

- Эрх чөлөө гэнэ ээ? гэж жолооч ахин яриа өдөх гэж хичээв.

- Чи хил даваад л эрх чөлөөтэй болно гэж бодож байна уу хэмээн ахин асуув.

- Зарим зүйлсийг бид олох хүртлээ мэддэггүй шүү дээ гэж хэлэхэд жолооч түүн рүү ахин нэг харна.

- Би чамайг хаа нэгтээ харсан юм шиг санагдах юм?

- Бид уулзаж байгаагүй л байх гэхэд ахин нэг харснаа

- Би чамайг сонин дээрээс харсан юм шиг санагдаж байна гэв.

- Магадгүй ээ хэмээн өмнөх амьдралаа ярихгүйг хичээн дуугаа хураалаа.

- Тийм ээ саналаа, чи чинь өнөөх зохиолч байна шүү дээ хэмээв.

- Номын чинь хэсгээс сонин дээрээс уншиж байсан юм байна гэхэд Али толгой дохихоос өөр үйлдэл гаргасангүй.

- Чи андуурсан байх аа. Би улс төрийн эсэргүүн гэж л чи сониноос харсан байх гэж даажигнахад жолооч инээн 

- Чи улс төрийн эсэргүүн гэж үү? гээд түүн рүү гайхсан аятай харлаа.

- Тийм ээ, хоёр ч удаа шоронд орж байсан. Анхны удаа намайг багш байхад хүүхдүүдийг тархийг угааж байна гэх үндэслэлээр, хоёр дахь удаагаа миний шүлгээс Истанбулыг шүүмжилсэн гэж мөн шоронд хорьсон гэхэд

- Бид бүгд л хүндхэн цаг үетэй нүүр тулаад байна шүү дээ гээд жолооч инээн дуугаа хураалаа. Удалгүй машины моторын чимээнээс өөр аниргүйд өөрийн эрхгүй өмнөх амьдрал нь санаанд нь орлоо.

Бичих хүсэлтэй хүүгээс эхлэн улс төрийн эсэргүүн гэж хүртэл хэлүүлэн хавчлагад залуу нас нь өнгөрч, бага ахуйдаа Дэлхийн I дайныг нүдээр үзэж, туулсан ч хүмүүс энгийн мэт амьдрахыг хичээж буй дүр зураг гээд бүгдийг саналаа. Дэлхийн II дайны үед ахин цэрэгт татагдсан ч зохиолоо бичиж л байлаа. Өөрийнх нь амьдралдаа хийж бүтээсэн зүйлс нь цаасан дээр бичигдсэн тэр л хэдэн зүйлс нь мэт санагдах ч тэднийхээ алийг нь ч авч явсангүй. Сүүлчийн жилүүдэд дээрээс ирэх хавчлага улам чангарч, хаана ч ажиллах боломжгүй мөн дээрээс нь мөнгө ч үгүй болж, өөрийг нь ахин шорон хүлээж буйг ч мэдэж байлаа. Энэ улсад түүний хувьд ирээдүй байхгүй хэмээн шийдсэний үндсэнд цагаачлах арга хайж эхэлсэн билээ. Гэвч үүнийг нь мэдсэн мэт түүнд улсаас гадаад паспорт гаргаж өгсөнгүй. Тиймээс л сүүлчийн найдвар болгон найзуудаасаа сэмээрхэн энэ улсаас дүрвэх арга чарга хайж эхэлжээ. Эхнэртээ хамгийн сүүлд “Би удахгүй Англи эсвэл Итали, Францаас захидал илгээх болно” гэж сайрхаж, удахгүй бүх зүйл сайхан болно хэмээн тайвшруулж байлаа. Гэтэл саяны хар дарсан зүүд нь санаанд ороход “Зүгээр дээ би хэтэрхий айчихаж” гэж бодож явлаа. Төдөлгүй жолооч машинаа зогсоон түүн рүү харлаа. Али нүд рүү нь ширтэхэд мөн худал инээмсэглэн

- Бид үүнээс цааш алхах хэрэгтэй. Хоёулаа алхаж хил давна гээд машиныхаа хаа нэгтэйгээс хүрз гарган ирээд

- Цагдаа нар таарвал юмыг яаж мэдэх вэ, хэрэг болно гээд авч буулаа.

Тэрбээр ирээдүйгээ ч мэдэхгүй үл таних нэгнийг даган алхана. Ирээдүйд юу болох нь хамаагүй энэ хилийг л давчихвал цаад асуудал нь шийдэгдэнэ хэмээн итгэнэ. Гэхдээ түүний хувьд одоо үл таних жолоочид амьдралаа даатгахаас өөр арга үгүй. Буцах зам нэгэнт үгүй болжээ. Удаан хугацааны турш алхсаар нэг мэдэхэд үүр цайж байлаа. Жолооч урд гаран явахдаа хааяа нэг эргэж харна. Жолооч алхаагаа удаашруулан гэнэт зогсчихов. Али ч мөн хажууд нь ирээд зогсохдоо ямар нэгэн муу зүйл зөгнөх мэт түүн рүү харна. Жолооч урагш заан

- Тэр харж байна уу гэхэд Али гарыг нь дагуулж хартал Болгар Улсын хил харагдах нь тэр. Урт хугацааны аяллын эцэст баярлах, сандрах нэгдэн заасан зүг рүү нь харав.

- Эндээс хойш чи өөрөө яв даа. Би буцах ёстой гэхэд Али гэнэт л дуу орж баярласнаа илэрхийлэн урагш явахдаа хойш нэг харна. Түүнийг гурав алхсаны дараа жолооч

- Мартсанаас... гэхэд Али эргэн харав. Жолооч түүн рүү ойртон

- Мартсанаас хоёулаа танилцаагүй юм байна шүү дээ. Хэзээ нэгтээ алдартай зохиолч болбол намайг танихгүй өнгөрвөл яана гэлээ. Али үл мэдэг инээмсэглэн

- Сабахаттин Али гэхэд

- Эртекин гэж хэлээд гар барьж инээснээ өнөөх гар дахь хүрзээрээ Алигийн толгой руу буулгаад авах нь тэр. Сабахаттин Али газар тэрийн унан татвалзахад

- Улсаасаа урвасан хүн зүгээр зугтчихна гэж санаа юу гэх үгсээс хойш дуу хоолой нь замхран удалгүй охиных нь дүр тодорно.

Охин цүнхэндээ номуудаа хийхэд цагдаа нар орж ирлээ.

- Чамд муу мэдээ дуулгах нь. Аав чинь зугтаж яваад амиа алджээ... гэх чимээнээр юу ч сонсогдож, харагдахаа больж нүдээ анив.

Туркийн алдарт зохиолч Сабахаттин Али 1948 оны дөрөвдүгээр сарын эхээр нас нөгчсөн бөгөөд түүнийг цогцсыг дөрөвдүгээр сарын 16-ны өдөр Болгарын хил дээрээс олсон билээ.

СЭТГЭГДЭЛ

Your email address will not be published. Required fields are marked *

/