1946 онд "Ажиглагч" сонины редактор Дэвид Эстор, Жорж Оруэллийг "Мянга есөн зуун наян дөрөв" хэмээх шинэ романаа бичихэд нь зориулж, Шотланд дахь алс холын нэгэн арлаа зээлдүүлсэн гэдэг.

Мянга есөн зуун наян дөрөв. XX-р зууны хамгийн сод бүтээлүүдийн нэг. Арал дээр байх хугацаандаа үй их зовж шаналан үхэлд ч тун ойртсон мөртөө "бүтээлч" онгоддоо хараагдчихаад байсан Жорж Оруэллийн зохиолоо дуусгах гэсэн туйлын бэрх 'аяллын' тухай өгүүлэх Роберт МакКрамын түүхийг хүлээн авна уу.

“Дөрөвдүгээр сарын нэгэн цэлмэг хүйтэн өдөр. Цагийн зүү арван гурвыг зааж байлаа”

Зохиолч Жорж Оруэллийн “1984” хэмээх шилмэл бүтээл хэвлэгдсэнээс 70 жилийн дараа ч эхний мөр урьдын адил энгийн, сэтгэл татам уншигдаж байна. Гэвч анхны гар бичмэлийг нь сөхвөл өөр нэгэн зүйлийг олж харна. Тод томруун бус, өөр бэхээр нэмж ахин бичиж, найруулгадаа үймээн самууны тухай дурдсан байдаг.

Эл бүтээл магад XX зууны хамгийн төгс бүтээл ч байж мэдэх юм. Мөнхийн шинэлэг, контемпорари хэв шинжтэй төдийгүй “Том ах”, “Давхар бодол”, “Шинхэл” зэрэг нэршлийг бид өдгөөг хүртэл ашиглаж байна. “1984” ном дэлхийн 65 хэлнээ хөрвүүлэгдэн сая сая хувь борлогдож, дэлхийн уран зохиолд Жорж Оруэлл аль хэдийн онцгой байр суурь эзэлжээ.

Орвеллиан” гэх үг өдгөө дарангуйлагч, тоталитари дэглэмд хэрэглэгддэг зүйр үг болон ашиглагддаг болсон бөгөөд Уинстон Смитийн түүх, ирээдүйгээс айх айдас өдгөө 1940-өөд оны зохиолчийн үеэс өөрчлөгджээ.

“1984” номыг тойрсон нөхцөл байдлыг сэтгэл татам бичсэн нь Оруэллийн дистопи үзэл санааг тайлбарлахад дэм болдог. Дэлхийн хоёрдугаар дайны дараа Английн зохиолч Оруэлл Шотландын нэгэн байшинд уран зөгнөлийн “чөтгөрүүдтэйгээ” ноцолдож, цөхрөнгөө барж байв.

“1984” буюу “Европын сүүлчийн хүн” гэх номын санаа Испанийн иргэний дайны дараа түүний толгойд төржээ. Оруэллийн эл бүтээл Евгений Замятины дистопи зохиолтой ямар нэгэн сэжмээр холбоотой бөгөөд 1943-1944 онд эхнэр Айлинтэйгээ Ричард хүүгээ өргөж авсны дараахан санаа нь илүү биежсэн байна. 1944 онд Жорж Оруэлл Тегераны бага хурлын үеэр холбоотон орнуудын удирдагчдын нэгдсэн уулзалтаас санаа авсан хэмээн мэдэгдэж байлаа. 

Оруэллийн хамтран ажилладаг “Ажиглагч” сонины ажилтан Исаак Дойчер “Тэрээр Сталин, Черчилл, Рузвэльт нар дэлхийг оюун ухаанаар хувааж эзлэх төлөвлөгөө боловсруулж байсан гэдэгт итгэлтэй байсан” хэмээн ярьжээ.

Оруэлл 1942 оноос хойш Дэвид Асторын “Ажиглагч” сонинд номын тоймч, дараа нь сурвалжлагчаар ажиллаж байв. Оруэллийн редактор түүний туйлын шулуун, шударга, ёс суртахууныг эрхэмлэдэг чанарыг үнэлдэг байсан бөгөөд 1940 онд Оруэллийг биширч, ивээн тэтгэж байжээ. Тэдний эл нөхөрлөл "1984" номыг бичигдэхэд маш чухал нөлөө үзүүлсэн юм.

Оруэллийн бүтээлч байдалд болон “Амьтны Ферм” бүтээл төрөхөд “Ажиглагч” сонинд ажиллаж байсан нь маш их дэм үзүүлсэн байна. Дэлхийн II дайн дуусах үед, “Ням гараг”  уран зохиолын сэтгүүлд ажиллаж байсан нь эл “үлгэр” илүү адармаатай, бараан зохиол болоход нөлөөлсөн. Түүний “Ажиглагч” сэтгүүлд нийтэлсэн номын тоймуудаас харахад  ёс суртахуун болон хэл яриа хоорондын харилцан холбоонд илүүтэй татагдаж байсан нь тодорхой харагддаг.

Ажлаас гадна өөр ч нөлөө байжээ. Хүү Ричардаа өргөж авсны дараахан гэр нь шавжид идэгдсэн гэдэг. Мөн өдөр тутмын амьдралд болж буй террористуудын үйл ажиллагаа түүнийг шинэлэг санаагаар дүүрэн байлгасан гэдэг. 1945 онд Оруэллыг “Ажиглагч” сонины томилолтоор Европт явж байхад эхнэр нь хагалгааны үеэр наркозноос болж нас барсан мэдээг хүлээн авчээ.

Тэрээр гэнэт л гоонь, ганц бие эцэг болон Ислингтоны байрнаасаа гарч, эхнэртээ харамсахгүйн тулд өөрийгөө ажлаар булж, тасралтгүй ажиллаж байлаа.

Жишээлбэл, 1945 онд тэрээр олон хэвлэлд зориулж 110000 мянган тэмдэгт бүхий эх бэлдэж өгсөн бөгөөд “Ажиглагч” сонинд л гэхэд 15 номын тойм бичиж өгчээ.

Сонингийн захирал Асторийн гэр бүл Шотландын Жура арал дээр үл хөдлөх хөрөнгө эзэмшдэг байв. Арнлуссагаас долоон миллийн цаана, Өвөр Хебридийн хадархаг нуруудаас хойд зүгт Барнхилл хэмээх байшин эзэмшдэг байж. Анхандаа Астор эл байшиндаа амрахыг Оруэллд санал болгожээ. Ийнхүү 1945 оны тавдугаар сард Оруэлл амьдралынхаа хэлтэрхийг эвлүүлэхээр урт хийгээд хүндхэн аяллаа эхлүүлж, Жура руу галт тэргэнд суужээ. Энэ тухай тэрбээр найз Артур Коестлерт “Умар туйл руу хөлөг онгоц зэхэхтэй л адил” хэмээн дурссан байна.

Гэвч энэ явдал Оруэллийн хувьд эрсдэлтэй алхам байжээ. Түүний бие сайнгүй байсан төдийгүй 1946-1947 онд XX зууны хамгийн хүйтэн өвөл тохиосон аж.


Их Британид дайны үеэс илүүтэй дайны дараа илүү тоосонцортой байсан болохоор цээжээр нь үргэлж өвддөг байлаа. Тийм хэдий ч ядаж л Лондонгийн утга зохиолын уур бухимдлаас холдож, шинэ бүтээлтэйгээ харьцах эрх чөлөөтэй болсон байлаа. Найздаа “Би сэтгүүлзүйн доор боомилуулж байна” хэмээн хэлсэн бөгөөд нэмж “Яг л хохь соруулсан жүрж шиг л болж байна” гэж байж.

Хачирхалтай нь “Амьтны ферм” ном нь амжилт олсон нь түүнд өөр нэгэн бэрхшээлийг авчрав. Олон жил ард түмэн хайхрамжгүй, үл тоомсорлосны эцэст дэлхий нийт түүний оюун ухаанаар сэргэжээ. “Хүн болгон л над дээр ирж байна” хэмээн найздаа гомдоллож, “Намайг лекц уншихыг, захиалгын зохиол бичүүлэхийг, энд тэнд очиж тэдэнтэй нэгдэхийг хүсэж байна. Гэвч тэд энэ бүхнээс ангижирч, хэрхэн ахин бодох хүч олох гэж хэрхэн зүдэрдгийг мэдэхгүй байна” хэмээжээ.

Журад эдгээр анхаарал сарниулах зүйлсээс холдсон ч Хебридийн арал дээрх энэхүү бүтээлч, эрх чөлөөний амлалт нь түүнд өөрийн үнээр ирсэн юм. Олон жилийн өмнө бичигдсэн “Би яагаад бичдэг вэ” хэмээх номонд бүтээлээ дуусгах тэмцлийг дараах байдлаар илэрхийлсэн байдаг. 

“Ном бичнэ гэдэг аймшигтай ядарсан тэмцэл юм. Хэрэв ямар нэгэн чөтгөрт хөтлөгдөөгүй бол энэ зүйлийг эсэргүүцэж, ойлгож хэзээ ч хийж чадахгүй. Чөтгөр гэдэг нь нялх хүүхдийн анхаарлыг татахтай адил мэдрэмжийг хэлж байгаа юм. Хүн өөрийн хувийн шинж чанараа сайжруулах гэж байнга хичээхгүй л бол уншиж болмоор зүйл бичиж чадахгүй нь ойлгомжтой” гэжээ. 

Энэ нь алдарт Орвеллиан код байжээ. “Сайн зохиол цонхны шил шиг л зүйл

Жура арал дээр “тэсгим хүйтэн” өвлийг үдсэний дараа тэндэхийн тусгаарлагдмал, байгалийн онгон зэлүүд байдал нь таалагдаж эхэлжээ. Тэрээр агентдаа “Би энд номтойгоо тэмцэлдэж байна” хэмээн бичиж, “Энэ оны эцэст л дуусаж магадгүй. Ямар ч байсан би оны эцэст даваагаа давсан байна. Би сайн байж, сэтгүүлчийн ажлаас намар болтол холдох хэрэгтэй байна” гэжээ.

 Бранхилл дахь байшин нь далай руу харсан, том биш ч цэлгэр гал тогоотой, дөрвөн унтлагын өрөөтэй байшин аж. Жаахан эртний хийцтэй ч энгийн. Цахилгаан байхгүй учир хийн түлшээр ус буцалгаж, хоол хийдэг байж. Оруэлл тамхи ороон татдаг байсан бөгөөд гэр нь тухтай хэдий ч эрүүл мэндэд нь сөрөг нөлөөтэй байв. Зайгаар ажилладаг радио нь гадаад ертөнцтэй холбогдох цор ганц хэрэгсэл нь ажээ.

Оруэлл эл байшинд ердөө ор, ширээ, хос сандал, тогоо, тавагтайгаа л иржээ. Энэ байдал нь хээнцэр зүйлгүй ч тухтай ажиллах боломжийг нь олгосон байна. Нутгийнхан түүнийг Эрик Блэйр хэмээн жинхэнэ нэрээр нь таних бөгөөд өндөр нуруутай, гунигтай харцтай, цонхигор царайтай түүнийг өөрийгөө хэрхэн давах бол хэмээн санаа зовдог байж. Тэрбээр нялх Ричард болон түүний асрагч, мөн чадварлаг эгч Аврилийг өөрийн эгнээнд элсүүлсэн нь зөв шийдвэр болсон юм. Ричард Блэйр аавынхаа тухай хожим нь “Аврил байгаагүй бол аав энэ номыг бичиж чадахгүй байсан. Тэрээр маш сайн тогооч бөгөөд чадварлаг нэгэн байсан. Аавын минь Журад өнгөрөөсөн цаг хугацаанд тэрээр ямар чухал хүн болохоо хүлээн зөвшөөрдөггүй” хэмээжээ.

Оруэлл үүний дараа л номоо эхлүүлсэн байх. 1947 оны тавдугаар сарын сүүлчээр өөрийн хэвлэн нийтлэгч Фред Варбургт “Би бүдүүн баараг нооргийнхоо бараг гуравны нэгийг биччихлээ. Миний бичихээр төлөвлөж байсан хэмжээнд хүрсэнгүй. Учир нь энэ жилийн нэгдүгээр сараас эхлэн миний эрүүл мэндийн байдал /уушги/ тун тааруу байлаа” гэж илгээжээ. Өөрийн хэвлэн нийтлэгч шинэ зохиолыг нь тэвчээр муутай хүлээж буйд “Мэдээж хар ноорог эцсийн үр дүнтэй харьцуулахад үргэлж л эмх замбараагүй байдаг ч бүхий л хэсэг нь цөм нь юм” хэмээн нэмжээ. Тийм хэдий ч үргэлжлүүлэн зүтгэсээр аравдугаар сард дуусах “хар нооргоо” долдугаар сарын сүүлчээр дуусгана хэмээн төлөвлөж байлаа. Үүний дараа хэвлэхэд зориулж текстийг нь янзлахад ахин зургаан сар хэрэгтэй гэжээ. Гэвч үүний дараа гай дарав.

Журад бага насны хүүтэйгээ хамт, гадуур зугаалах, загасчлах, арлыг судлах, завиар аялах дуртай байсан нь тэндэх амьдралын нэгэн таашаал нь байжээ. Наймдугаар сарын зуны нэгэн тааламжтай өдөр ОруэллРичардАврил гурав далайн эргээс жижиг моторт завьтай буцаж яваад усны эргүүлэгт живэхээ шахсан байна.

Ричард Блэйр “Ус цус царцам хүйтэн байсан” хэмээн дурсаж, тус явдал найз нөхөд нь байнгын санаа зовдог байсан Оруэллийн уушгинд сайнаар нөлөөлсөнгүй. Хоёр сарын дараа тэрээр хүндээр өвджээ.

Гэвч цуцашгүй “Европын сүүлчийн хүн”-тэй үргэлжлүүлэн “ноцолдсоор” байлаа. 1947 оны аравдугаар сарын сүүлч гэхэд Оруэлл “эрүүл мэндийн шалтгаанаар” түүний зохиол нь “аймшигтай, эмх замбараагүй” хэвээр буйгаа хүлээн зөвшөөрсөн юм. Эл зохиолын гуравны хоёр хувийг ахин бичих хэрэгтэй болно гэв.

Тэрээр халуурч байсан ч бичиж л байв.  Бранхиллд зочлогсод дээд давхарт түүнийг бичгийн машинаа цохих чимээ л гардаг хэмээн дурдаж байлаа. Дараа нь арваннэгдүгээр сард Аврилийн асрамжид байсан тэрээр “уушгины хатгалгаагаар” ухаан алдан унаж, найз Коестлерт “бие нь үнэхээр муу байна” гэжээ. “Ажиглагч” сониныхондоо Зул сарын баярын өмнөхөн бичсэн захидалдаа айж байсан аймшигт мэдээг нь дуулгажээ. Түүнийг сүрьеэгээр өвдсөн хэмээн оношилсон байна.

Хэдэн өдрийн дараа Ланакширийн зүүн Килбрайд мужийн Хайрмайрес эмнэлгээс Астор руу захидал илгээхдээ “Би үхлийн өвчтэй хэвээр байна. Ус руу унасныхаа дараа би тэнэг хүн шиг эмнэлэг рүү явахгүй гэж шийдсэн юм. Би бичиж буй номоо дуусгахыг хүссэн юм” гэжээ. 1947 онд сүрьеэгийн эсрэг эмчилгээ байдаггүй байлаа. Эмч нар цэвэр агаар, хоолны дэглэм барихыг зөвлөсөн бөгөөд удалгүй зах зээлд стрептоматин хэмээн сүрьеэгийн эсрэг туршилтын шинэ эм гарч ирэв. Астор тэр эмийг АНУ-аас эмнэлэг рүү явуулахаар тохиролцсон байна.

Ричард Блэйр тухайн үед аав нь шинэ эмийг хэт их тунгаар өгсөн гэж үздэг байна. Гэвч тус эмийн гаж нөлөө нь их байлаа. /Хоолой нь шархлах, аманд нь цэврүү гарах, арьс нь хуулрах, хөлийн хуруу хумс нь хугарах гэх мэт/ 1948 оны гуравдугаар сар гэхэд гурван сарын курс эмчилгээний дараа сүрьеэгийн шинж тэмдгүүд арилж эхэлжээ. “Одоо бүх зүйл дуусаж, бүх эмчилгээг хийсэн нь тодорхой байна” хэмээн хэвлэн нийтлэгч рүүгээ бичжээ. “Энэ эмчилгээ нь хархаас салахын тулд усан онгоцыг живүүлэхтэй л адил юм. Гэхдээ үр өгөөжөө өгсөн” гэв.

Эмнэлгээс гарахаар бэлдэж байсан Оруэлл хэвлэн нийтлэгчээсээ хариу захидал хүлээн авлаа. “Энэ бол үнэхээр чухал. Хэрэв энэ сарын сүүлчээр дуусгавал сайн байна” гэж бичжээ.

Оруэлл Бранхиллийн байшиндаа эргэн ирж, гар бичмэлийнхээ засварын ажилд шимтэж, “Арванхоёрдугаар сарын эхээр” хүлээлгэн өгөхөөр амлаж, Журагийн байшиндаа намрын зэврүүн цаг агаарыг үдэж байлаа. Аравдугаар сарын эхээр Асторт “Би орондоо бичихдээ дассан болохоор ингэж бичихийг илүүд үзэж байна. Гэхдээ мэдээж ингэж шивэх нь амаргүй л дээ. Би энэ шаналант номын сүүлчийн хуудсуудтай тэмцэж байна. Атомын дайныг эцэслэн шийдээгүй бол учирч болох нөхцөл байдлын тухай” хэмээв.

Энэ бол Оруэллийн сэдвээсээ эшлэсэн маш ховор тохиолдлын нэг юм. Тэрээр олонх зохиолчийн адил дуусаагүй номынхоо талаар ярих нь золгүй явдлыг дууддаг гэж итгэдэг байлаа. Хожим нь Энтони Паулд “Роман хэлбэрээр бичигдсэн утопи” хэмээн өөрөө тодорхойлсон байдаг. “Европын сүүлчийн хүн” хэмээн нэрлэж байсан номоо өөрөө ахин хуулбарлах бичсэн явдал Оруэллийн номтойгоо хийсэн ахин өөр нэгэн тулаан юм. “Итгэмээргүй муу” ноорог бүтээлээ найруулж, засах тусам зөвхөн өөрөө уншиж, тайлбарлаж чаддаг баримт бичиг болж буй мэт санагддаг байж. Өөрийн нийтлэгчдээ “Маш урт, бүр 125 мянган үгтэй” гэж хэлж байв. “Би номондоо сэтгэл хангалуун биш байгаа ч сэтгэл дундуур биш байна. Үүнийгээ сайн санаа гэж бодож байна. Гэхдээ энэ номыг сүрьеэ өвчтэй бичиж байснаас цаазаар авахуулсан нь дээр санагдсан” гэв.

Мөн гарчгийн талаар сүүлчийн байдлаар шийдээгүй байсан бөгөөд “Би үүнийг “1984” эсвэл “Европын сүүлчийн хүн” гэж нэрлэнэ” гэж нэмжээ. “Гэхдээ боломжтой бол дараа долоо хоногт өөр зүйлийн талаар бодно” гэлээ. Аравдугаар сарын сүүлчээр тэрээр энэхүү бүтээлийнхээ ард гарлаа гэж итгэж байв. Одоо түүнд энэ бүхнийг буулгах хурдан бичээч л хэрэгтэй байлаа.


Энэ бол цаг хугацаатай тэмцэх цөхрөлтгүй уралдаан байжээ. Оруэллийн бие муудаж, “итгэмээргүй муу” гар бичмэлийг дахин бичих шаардлага тулгарч, арванхоёрдугаар сарын сүүлчийн хугацаа дуусах дөхжээ. Тэрбээр Варбург болон төлөөлөгч нь түүнд тусална гэж амласан нь ч тэрээр өөрөө бичихээр шийдсэн байна.

Арван нэгдүгээр сарын дундуур орон дээрээ өнжиж, бичгийн машин дээрээ шивэх хүндхэн ажлыг эхлүүлжээ. Кофе, өтгөн цай, парафин халаагуурын халуун дулаанаар тэжээгдэж, үргэлжлүүлэн зүтгэв. 1948 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдөр бэлэн болжээ.

 Оруэлл агентдаа “Энэ бол шуугиан тарихаар үнэ цэнэтэй зүйл биш. Энэ бол намайг удаан хугацаанд босож суулган залхааж байна. Би цэвэрхэн шивж чаддаггүй болохоор өдөрт олон хуудсыг бичиж чадахгүй байна. Мөн бичээчид ямар гайхалтай алдаа гаргах байсан нь сонирхолтой байсан бөгөөд уг номонд неологизмын тухай маш олон бэрхшээл бий” гэжээ.

Жорж Оруэллийн хамгийн сүүлчийн романы хэвлэгдсэн хувилбар амласан ёсоор арванхоёрдугаар сарын дундуур Лондон хотод хүрч иржээ. Варбург болон олон хүмүүс эл бүтээлийг “Миний урьд уншиж байсан хамгийн аймшигтай номуудын нэг” хэмээн  үнэлсэн байдаг. Хэрэв бид эл номыг 15-20 мянган хувь зарж чадахгүй бол бид устгах ёстой” гэжээ.

Үүний дараа Оруэлл Журагийн арлаас явж, Котсуолдс дахь сүрьеэгийн сувилалд хэвтэн эмчлүүлжээ. “Би хоёр сарын өмнө л ингэх ёстой байсан” гэж Асторт хэлээд “Гэхдээ би тэр шаналант номыг дуусгах ёстой байсан юм” хэмээсэн гэдэг.

“1984”-ын тухай цуу тарж эхлэхэд, Астор “Ажиглагч” сонинд түүний танилцуулгыг бэлдэж эхлэв. Оруэллийн биеийн байдал муу байсан ч романаа хэвлэхээс өмнө үйл ажиллагаанд оролцжээ. Тэрээр Асторт “Хэрэв миний танилцуулгыг эмгэнэл болгон өөрчлөхөд гайхах зүйл алга” хэмээн наргиж байв.

“1984” зохиол  1949 оны зургадугаар сарын 8-нд хэвлэгдсэн бөгөөд бүх нийтээрээ гайхамшигтай бүтээл гэж хүлээн зөвшөөрсөн байдаг. Тэр ч атугай Уинстон Черчилль эмчдээ эл романыг хоёр ч удаа уншсан гэж хэлжээ. 1949 оны аравдугаар сард Их сургуулийн коллежийн эмнэлгийн өрөөнд байхдаа Соня Браунеллтай гэрлэсэн  явдал амьдралынх нь ахархан хэдий ч аз жаргалтай үе байжээ. Гэвч 1950 оны нэгдүгээр сарын 21-ны өдөр их хэмжээний цус алдаж, ганцаар нас баржээ.

Түүний таалал төгссөн мэдээг маргааш өглөө нь “BBC” агентлаг олон нийтэд мэдээллээ. Бранхиллийн байшинд амьдарч байсан Ричард, Аврал хоёр энэхүү эмгэнэлт мэдээг радиогоор хүлээж авав. Ричард тэр өдөр хүйтэн, эсвэл халуун байсныг санаагүй ч эл мэдээнд цочирдож байснаа санадаг аж. Аав нь 46 насандаа хорвоог орхижээ.

Дэвид Астор Жорж Оруэллийг Саттон Куртеней дахь сүмийн хашаанд оршуулах ажлыг зохион байгуулсан  бөгөөд өдгөө Х.Х Асквит болон цыгануудын нутгийн хооронд түүний дурсгал оршиж байна.

СЭТГЭГДЭЛ

Your email address will not be published. Required fields are marked *

/