Монсудар хэвлэлийн газраас хэвлэгдэн гарсан "Алдагдсан зүйлийн жагсаалт" бүтээл Герман улсын Мерк компани ба Гёте институтээс хэрэгжүүлж буй “Хамтын орчуулга” төслийн 2 дахь бүтээл болон уншигчдын хүртээл болоод буй билээ. Эл бүтээлийн тухай шинэ оны өмнөхөн The Guardian мэдээллийн сайтад нийтлэгдсэн сэтгүүлч, зохиолч Жон Сэлф-ийн тэмдэглэлийг орчуулан хүргэж байна.
Уран зургаас авхуулаад кино жүжигчин, живсэн арал гээд алдагдаж үгүйрсэн зүйлсийн тухай гүн бодрол гэлтэй эл номд бодит түүх, төсөөлөл ба уран чамин шигтгээг гайхалтай хослуулжээ.
“Бүх зүйлд төгсгөл ирнэ гэж итгэх, эс бөгөөс энэ орчлонд юу ч төгсөхгүй мөнхөд үргэлжилнэ гэх бодлын аль нь илүү аймшигтай вэ?” хэмээн энэ ном танаас асууна. Мөнх бус, мөхөл төгсгөл, орших хийгээд эс оршихын зааг зэрэг сэдвүүд Германы зохиолч Юдит Шаланскийн хувьд салахын аргагүй татах увдистай зүйл аж. Англи хэлтэн уншигчид “Алслагдсан арлуудын атлас” нэртэй, харах нүд хийгээд тархи оюуны аль алийг баясгах гайхамшигт бүтээлээр нь Шаланскийтай анх танилцсан билээ. Яг л кофены ширээний ард суугаад уншмаар гоёмсог тэрхүү ном газрын эвдрэл, хөдөлгөөний улмаас алгуурхан живсээр буй Такуу шүрэн арал, оршин суугчдынхаа гарт сүйдэж буй Пасха арал гэхчлэн хэн хүний мэддэггүй орхигдсон ганцаардмал газруудын тухай өгүүлнэ. Харин англиар орчуулагдсан удаах ном болох “Анаашны хүзүү” роман эхний номын амжилтад хараахан хүрээгүй боловч мөн л бултаж зайлах аргагүй төгсгөлийн тухай, нэг үгээр бол Дарвины хувьслын онолын яг эсрэг тал буюу “бүх зүйл эцэстээ хэрхэн мөхдөг” тухай өгүүлсэн юм.
“Алдагдсан зүйлийн жагсаалт” түүвэр ямар ч төрөл жанрын номд дуртайгаас тань үл хамааран хэн бүхний сэтгэлд нийцэх бүтээл гэж хэлэхэд хилсдэхгүй. Учир нь бодит түүхээс санаа авч, төсөөллөөрөө биежүүлж, уран яруу өгүүлэмжийг шүр сувд мэт шигтгэсэн төдийгүй зохиолын тодорхой төрөлд огт баригдаагүй нь тун онцлог. Эн тэнцүүхэн хэмжээтэй 12 өгүүллэгээс бүрдэх тун ч чамбай бүтэцтэй энэхүү номоос уран зохиолын шинэлэг арга барилтай танилцах болно. Зохиолч Шаланский та биднээс алдарч одсон газар нутаг, мэдлэг, хүмүүс, амьтад хийгээд урлагийн бүтээлүүдээс ургуулан өгүүллэг, дурсамж, коллаж эвлүүлэг бүтээжээ. Эхний өгүүллэгт 1843 оны үед болсон газар хөдлөлтөөр далайн гүнд живсэн хэдий ч газрын зураг дээр сүнс сүүдэр мэт оршиж 30 жилийг элээсэн “Туанаки” хэмээх “хуурмаг” арлын тухай өгүүлнэ. Уг арлыг живэхээс өмнө соёлт ертөнцөөс нэг аялагч хөл тавих аж. Хөлгийн ахмад уугуул иргэдээс биеэ хамгаал гэж түүнд илд өгч явуулсныг сонсоод, арлын удирдагч өөрсдөөс нь ийн айсанд ихэд гайхаж “Бид яаж хүн хөнөөхийг мэдэхгүй. Харин яаж бүжиглэхийг л мэднэ” хэмээн хариулна.
Гарз хохирол гэдэг заавал гэнэт ирдэг юм биш. Швейцарын жирийн нэгэн албан хаагч Арманд Шультесс хөдөө эдлэндээ, ой моддын дунд үлдсэн амьдралаа өнгөрүүлэхээр 1951 онд ажлаасаа гарна. Тэрээр эдлэнгийнхээ моддыг хүн төрөлхтний мэдлэгийн санг жагсаан бичсэн мянга мянган төмөр самбараар дүүргэн, нэг ёсондоо ойн дундах нэвтэрхий толь бүтээсэн ч нас барсных нь дараа түүний гэр бүл, төрөл төрөгсөд энэ ажлыг нь устгасан түүхтэй. Тэдгээрийн дунд “бэлгийн амьдрал” сэдэвт хамаарах, гараар бичсэн 70 гаруй ном байсан тухай баримтыг олж мэдээгүй сэн бол ойн дундах нууц оромждоо эмэгтэйчүүдийг урхидахаар улайрч буй эрийн тухай зохиолчийн төсөөллөөр бүтсэн жихүүцэм хүүрнэл, тайлал бидэнд дэндүү хэтийдсэн санагдана. Уг санг үгүй хийхдээ ихэнхийг нь шатаасан бөгөөд ерөөс гал гэдэг нь ор мөргүй устгах сонгодог арга гэдгийг “Алдагдсан зүйлийн жагсаалт”-аас бид эрхгүй анзаарна. Тухайлбал, эвлүүлж зүйж барьсан хэдий ч сүрлэг сайхан харагддаг байсан Фон Бээрийн шилтгээн, 1931 онд 3000 уран зургийн хамт сүйдсэн Мюнхений шилэн музей, түүнчлэн Каспийн бар гэх мэт. Үй олноор нь хоморголон агнаснаас энэ бар нэгэнтээ устсан бол зохиолчийн шулуухан хэлсэнчлэн үлдсэн чихмэлүүд нь 1960-аад оны үед гарсан музейн түймэрт шатаж, хоёр дахиа устсан юм. Яг л “мөхлийн биелэл болсон туурь балгасыг ч мөхөл тойрдоггүй юм” хэмээсэн эртний Ромын яруу найрагч Луканы үгийг сануулах мэт.

Зохиолч тухайн сэдэв, баримтдаа нийцүүлэн өгүүллэг бүрээ өөр найруулга, өнгө аясаар бичжээ. Уран бүтээлийн өв сангаас нь ердөө цор ганц бүтэн шүлэг, цөөнгүй тасархай үгс л үлдэж хоцорсон яруу найрагч “Сапфогийн хайрын дууллууд” өгүүллэгийн тухайд уг онцлогийг нь шингээн богинохон догол мөрүүдээр бичсэн байх жишээтэй. Түүнчлэн Сафпогийн шүлгийн баларч үрэгдсэн хэсгүүд дэх хоосон зайг үггүй, анир чимээгүйн илрэл, ижил хүйстэн бүсгүйчүүдийн сэтгэлийн холбоог өнгөлөн далдлах, баллаж бүдгэрүүлэх хэрэглүүр болгосон зэрэг нь нэн сонирхолтой. Түүгээр ч зогсохгүй өм цөм дутсан эл шүлгүүд хүмүүс бид аливааг ойлгож ухаарахад “алдагдах, үгүйлэгдэх” гэдэг ямар чухал үүрэгтэйг илтгэх мэт. Аливаа зүйлсийн тухай мэдэж авснаар тэдгээр нь бүрэлдэх бол мэдэхгүй байх нь биднийг амар амгалан байлгадаг. Үнэндээ “огтхон ч баларч үрэгдээгүй Сапфогийн шүлэг байж гэмээ нь эртний уран баримлыг элдэв өнгөөр эрээлж будсантай агаар нэг байх буй за”. Гарз хохирол тэгэхээр бас олз, ашиг байх нь.
Германы найруулагч Мурнау 1919 онд бүтээсэн ч үрэгдэн алга болж, хэсэг бусаг хэдэн кадр үлдсэн “Хөх хувцастай хөвгүүн” хэмээх киноны тухайд Шаланский бүр тэс хөндлөн алхам хийжээ. 1941 онд 36 настайдаа зав чөлөөгүй бужигнасан кино урлагийн ертөнцөөс гарч, жүжигчний замналаа орхисноороо кино урлагийн түүхэн дэх сайн дураараа сонгож авсан хамгийн агуу сүйрлийн эзэн болсон Грета Гарбогийн дуу хоолойгоор нэгэн түүхийг өгүүлжээ. Энэ гайхалтай монологоос бид 1952 онд Нью-Йоркийн гудамжаар баярлах, бухимдах зэрэгцэн алхаж яваа алдарт Гарбог олж харна. “Хараал идсэн энэ царай! Надад гай удсан жинхэнэ дайсан бол энэ. Цаана нь юу нуугдаж байгааг олж мэдэх гэж бүгд үхэлдэнэ. Үнэндээ цаана нь юу ч байхгүй шүү дээ. Бүр юу ч байхгүй!” Харин зураач Каспар Давид Фридрихийн “Грайфсвальд боомт” нэртэй уран зурагт зориулан зохиолч Шаланский зурагт дүрслэгдсэн газарт биеэрээ очиж, тэр нутгийн ургамал, амьтныг нэгд нэггүй, нягт нямбай зураглажээ. Хэрвээ уран зураг дүрсэлсэн зүйлийнхээ амин сүнсийг илтгэж чаддаг юм бол, тэр зүйл эргээд мөнөөх бүтээлийг үүтгэж чадах уу? Мянган үг нэг зурагтай дүйцэх үү? Зохиолч эл өгүүллэгээрээ ийн асуусан болов уу.
Түүвэрт багтсан өгүүллэгүүд дундаа баримтаас аль болох чөлөөлөгдөж, барьцгүй, мэдэшгүйг хамгийн их дүрсэлсэн өгүүллэгүүд нь хамгийн амттай. Түүврийн хамгийн сүүлд Готтрийд Адольф Кинаугийн зурсан (мөн л галд шатаж устсан) сарны гадаргын зургийн тухай нэгэн өгүүллэг буй. Зохиолч тэдгээр зургаас ургуулан төсөөлж, саранд ухаангүй дуртайн учир эцэстээ эхнэр хүүхдээ орхин, саран дээр амьдрахад хүрсэн нэгэн эрийн түүхийг өгүүлжээ. “Ер нь хэн ч бай, хүмүүн бид эцсийн босгыг алхан гарахдаа бүхнийг орхих учиртай шүү дээ.” Энэ өгүүллэг эцэстээ гунигтай гэхээсээ амгалан тайван аясаар нэгэн гайхам дүгнэлтэд хүргэнэ. “Нэгэнт алдагдсан бол эвлэрэх ёстой”. Гэхдээ энэ ном хар бараан, гунигтай ном биш гэдгийг хэлэх нь зүйтэй. Этгээд содон нэрийг нь харсан ч, өмнөх үгээс нь ёжтой хөнгөн аяс мэдрэгдэх буй за. “Өнгөрсөн цаг үеийн ой санамжийг бүхэлд нь устгаж, амьдралыг цоо шинээр дахин эхлэхийн тулд Лондоны цамхаг дахь архивыг шатаах тухай асуудлыг 17 дугаар зуунд Британийн парламент нухацтай авч хэлэлцсэнийг” хүртэл мэдэж авна гээч. “Лав л Хорхе Луис Борхес ингэж эшилсэн байдаг ч яг аль зохиолын хаана гардгийг би олж чадаагүй юм” гэж Шаланский бичжээ.
2020.12.04. Жон Сельф
Эх сурвалж: https://www.theguardian.com/bo...

Юдит Шаланский зохиолч 1980 оны 9 сарын 20-нд Грефсвальд хотноо төржээ. Тэрээр зохиолч төдийгүй номын дизайнер, хэвлэн нийтлэгч юм. Шаланский Германы утга зохиолын олон шагнал хүртэж, “Stiftung Buchkunst” сангаас шалгаруулдаг ‘Хамгийн үзэсгэлэнтэй ном’ шагналын эзнээр хоёр ч удаа тодорч байв. Түүнчлэн зохиолч бээр урлагийн түүх болон график дизайны салбарт зэрэг хамгаалсан билээ. Сонирхуулахад, 2011 онд 95247 Schalansky хэмээх астероидыг (бага гараг) түүний нэрээр нэрлэж байжээ.
СЭТГЭГДЭЛ