Энэ романыг бичсэн хоёр жил бол амьдралын минь дүүрэн аз жаргалтай цаг мөчүүд юм. Бодсон бүхэн минь бүтэмжтэй сайхан байсан. Хүмүүс хэрхэн яаж амьдрах учиртайгаа эргэцүүлсээр амьдралаа дуусгадаг. Энэ тухай анд нөхдөөсөө асуухад минь яв цав мэдэх хүн нэг ч гараагүй. Харин одоо бол надад юм бүхэн тодорхой болсон.гэж Колумбын нэрт зохиолч Габриэль Гарсиа Маркес нэгэн ярилцлагадаа дурдсан байдаг. Дэлхий дахинд алдаршсан “3уун жилийн ганцаардал” гэх шидэт реализмын суут бүтээлээс ялгаатай нь магадгүй өөрийнх нь нэгэнтээ хэлснээр “гашуун реализм”-ын гайхалтай бүтээл нь юм. Чухамдаа байж болшгүй гэмээр хайрын түүхийг өгүүлснээрээ “сондгой” зохиол гэж хэлж болно. Хайр сэтгэл, гэр бүлийн тухай уламжлалт романуудаас нийтлэг бусаараа, тухайн хувь хүн рүү чиглэсэнээрээ онцгой байж мэднэ.

 “Тавин нэгэн жил, есөн сар, дөрвөн өдөр...”хайртай хүнээ хүлээсэн хүний тухай. Тавь гаруй жил бус яг сар өдөртэй нь яв цав хэлж байгаа нь уншигчдад гарцаагүй үнэн бодит гэж харуулах зохиолчийн арга барилаас гадна тэр хүлээгчийн хувьд цаг хугацаа, мөч хором бүхэн ямар их үнэ цэнтэй вэ гэдгийг мэдрүүлж байгаа юм. Уран зохиолд “хүлээгч”-ийн тухай дүрүүд бишгүй нэг бий. Хэзээ ч ирэхгүй Годог хүлээх, үрэгдсэнийг хүлээх, үхлийг хүлээх гэх мэтээр. Харин зохиолын баатар Флорентино Аризагийн хувьд “хайрыг хүлээгч” өвөрмөц нэгэн юм. Өсвөр насанд нь тохиосон тэр тахал мэт хайр нь насан туршийнх нь хүлээлт болж хувирч байна. Хайр гэдэг цэцэг дамжин нисэх эрвээхэйн зугаа мэт хөнгөн хийсвэр зүйл бус хүний сэтгэлийн гүнд орших цэвэр тунгалаг булаг шиг нандин, бас ширгэшгүй ундрагатай юм аа гэдгийг үзүүлэхийг зорьжээ. Ганц л хормын доторх хайрын гялбаа хүний насан туршийн амьдралын утга учир болон хувирна гэдэг байж болшгүй мэт санагдах нь бид хайрыг өнгөцхөн үнэлдгээс болж далд мөн чанарыг олж үздэггүй мэт.

Эр эмийн хайрыг секс, үр хүүхэд, гэрлэлт гэсэн мөчлөгүүдийн шат дамжлага гэж үзэн, ямар нэг юмны барьцаа болгох, нөхцөл болзол тулгах гэдэг маань хайрыг өмчилж байгаа нэг хэлбэр юм.  Харин “Хайрын тахал” туссан Флорентина Аризагийн хувьд хайр түүний оршихуй болон хувирч байна. Тэр хайртай хүнтэйгээ хамт байх тэр мөчийг үзэхийн тулд залхаж халширмаар урт хугацааг тэсэж тэвчин хүлээжээ. Гэхдээ энэ нь найдваргүй хүлээлт. Учир нь тэр өөрөө нас нөгчиж болно, магадгүй хайртай бүсүй нь түрүүлж өнгөрвөл талаар болно. Гэвч тэр хүлээнэ. Учир нь амьдрал утга учиргүй, абсурд, урьдаас юуг ч төлөвлөж болдоггүй  гэдгийг бодож үзвэл түүний хүлээлт нэг талаар утга учиртай юм. Тэр хайраас урваагүй гэсэн ганц л том шалтгаанаар өөрийгөө цагаатгаж чадах юм. Тиймээс түүний хүлээлт “хайр” өөрөө юм. Чухам дурлалт бүсгүй нь түүнийг хүлээн зөвшөөрөхийн даваан дээр эргэж буцдаг нь хачирхамаар хэрэг явдал ч хожим хойно эргэн дурсахдаа:

“Түүнийг хайрлахад саад болж байсан далд шалтгаан энэ үед л Фермина Дазагийн толгойд зурсхийжээ. “Тэр бол хүн биш зүгээр л сүүдэр байж” Үнэхээр  тийм л байж дээ. Тэр хүн хэнд ч хэзээ ч танигдаагүй хэн нэгний сүүдэр байж.”х-277\ гэсэн үг дотор сэрхийлгэнэ. Яагаад , юуны учир?Тэр зүгээр шохоорхон дурласан хүн бус хайрын тахалд нэрвэгдэж, өөр юуг ч олж харахаа байсан сүг сүүдэр аятай болжээ. Бүсгүйн зөн совин үүнийг л айхтар анзаарч мэдэрсэн байна. Даза Фермина бүсгүйд  ухаангүй дурласан Флорентина Аризагийн шинж төрхийг :  Хайр дурлалын шинж тэмдэг нь тахлынхтай яг адилхан байдгийг дахин нэг батлахын тулд эхлээд өөрөөс нь, дараа нь ээжээс нь сонжсон байцаалт авахад л хангалттай байлаа. гэсэн өгүүлбэр нотолно. Бүсгүй өөрөө хайр дурлалын гайхамшигтай учирч амжаагүй байсан болохоор “хайрын тахал” туссан тэр залуу түүнд ” сүнс сүүдэр” мэт санагдах нь тийм ч гайхмаар зүйл биш аж. Өөрөөр хэлбэл бүсгүй тийм тахал мэт хайрыг хүлээж авах сэтгэл зүйн бэлтгэлгүй байжээ гэсэн үг. Хайр сэтгэлээр холбогдож , үр хүүхэдтэй болсон олон гэр бүлүүд юуны учир салж сарниж, зарим нэгнийнх нь амьдрал там болон хувирдагийг эргэцүүлэн бодож үзэхэд энэ ном тустай юм. Хүмүүс сэтгэл зүрхний хайрыг  үр хүүхэд, эд хөрөнгө, тохь тухь, ажил амьдрал гээд олон зүйлтэй хольж хутган хөсөр хаядагаас “хайр”-аасаа төөрч, төсөөрч сэтгэлийн гүн дэх  гялбаагаа олж хардаггүй, ойшоож үздэггүйгээс “хайр” гэдэг хоорондын харилцаа төдий л санагдах болтлоо үнэлэмж нь буурдаг бололтой.

Даза Фермина түүний нөхөр Хувенал Урбино хоёрын үлгэр жишээ гэр бүлийн амьдралын дүгнэн бичихдээ:  “Он жилийн уртад хоёул өөр маягаар хамт амьдрах боломжгүй, нэг нэгнээ өөрөөр хайрлах бүр ч боломжгүй, энэ дэлхий дээр хайр шиг хэцүү зүйл байхгүй гэсэн мэргэн дүгнэлтэд өөр өөрийн замаар явж хүрсэн байлаа гэжээ. “Хайр шиг хэцүү зүйл байхгүй” гэж зохиолчийн үзэж буй нь хайрын төлөө шаналж амьдарсан тэр “хүлээгч”-ийн зовлон гунигийг эргэцүүлэн хэлсэн биз ээ. “...Хувенал Урбиног өөд болох үед түүнд дөнгөж арван дөрвөн нас хүрсэн ганцхан, цорын ганц амраг үлдсэн байв...” Нөхрийг нь өөд болохоор бүсгүйтэй гэрлэнэ гэж байж боломгүй, гаж солиотой гэмээр андгай тавьсан Флорентино Аризагийн сэтгэлийн шархыг  бээлий шиг солих нууц амрагууд, урин тачаангуйг эзэмшсэн янхнууд аль нь ч эдгээж чадсангүй.

“Хайрын тахал”-ыг секс, бэлгийн дур таашаалаар “эмчлэх” гэж тоймгүй олон бүсгүйтэй энгэр зөрүүлсэн Флорентно Аризагийн садар самуун гэмээр түүхийг бичихдээ хайр бол цэвэр сэтгэл зүрх, дур хүсэл бол бие махбодийн хэрэгцээ гэсэн зааг ялгааг тов тодорхой харуулах гэсэн үзэл санаа юм. Хайр хэмээх эр эм хүмүүний үлэмж дээд сэтгэл зүрхний цэнгэлийг ахуйн балчигтай хольж хутгахгүй гэсэн зохиолчийн эрс шийдэмгий үзэл бодол зохиочийн турш хөтөлж байгаа юм. Зохиолч Маркес: Би зохиолынхоо төгсгөлийг олж харсан учраас надад бичихэд амар хялбар байсан гэж” өгүүлсэн нь хайр бол өнө мөнхөд орших гэгээн ариун зүйл гэдгийг харуулах, уншигчдаа тайтгаруулахын тулд насан зүг болсон хоёрыг учруулсан биз ээ. 

"Тахлын үеийн дурлал” роман кино болох уу? гэсэн асуултад:

Магадгүй. Латин Америк кино л байвал миний зүгээс татгалзах зүйл үгүй. Өөрөөр хэлбэл, латин америк хүн найруулж, Латин Америкийн орчин нөхцөлийг нэвт тусгаж, бидний дүр төрх, амьдралын хэв маяг, нийгмийг харуулах хэрэгтэй гэсэн үг. Учир нь энэхүү түүхийг тодорхойлж буй зүйлс нь тэр. хэмээн зохиолч эрс шулуун хариулсан нь зохиолын нэг том онцлогийг харгалзан үзсэн хэрэг. Энэ бол Карибын тэнгис орчмын хүн ардын ёс заншил, аж төрөл, өвөрмөц онцлог юм.

Флорентина Аризагийн “улангассан” дурлал,  барагдашгүй дур тачаалыг Фройдын психоанализаар идэр залуу насандаа олсон сэтгэлийн шархных нь “сүүдэр” гэж хялбархан оношилж болох ч аналитик философич Юнгийн “Хүйсний зөн совин гэдэг бол байгалийн асар олон функцийн ердөө л ганц нь юм. Түүнд хэтэрхий их ач холбогдол өгөх ч, ер хэрэгсэхгүй байх ч шалтгаан үгүй” \Г.Аюурзана “Орчин цагийн агуу сэтгэгчид” 144х\ гэсэн үгийг бодож үзвэл “хамтын ухамсаргүй” буюу архетипаар тайлбарлагдах учиртай болж байна. Хүний төрөлх зөн совингоор хийгдэж буй зүйл бол санамсаргүй сонголт бус энэ нь анхнаасаа өгөгдсөн байдаг тухай “ Домог зүй, төрөх үхэх тухай ойлголт, эцэг эх болох тэмүүлэл, бэлгийн дур хүсэл энэ бүхэнд архетипууд л илрэн гардаг”\Г.Аюурзана\  гэсэн дүгнэлтээс ургуулан бодоход Флорентина Арзизагийн дүр бол “Карибын тэнгис “ орчмын хүн ардын өвөрмөц шинжийг агуулж буй “төлөөлөл дүр” гэж үзэж болно. Тиймээс л агуу зохиолч  маань “Латин Америк” гээд онцлоод байсан хэрэг.

Зохиолоо бичихдээ: “Нарны элч буурахаар гадагш гарч, зохиолынхоо дүрүүдийн байх газар очиж, хүмүүстэй ярилцаж, романыхаа ерөнхий үг хэллэг, орчныг сонгоно. Тэгээд маргааш нь гадаа гудамжнаас олж авсан шинэ материалтайгаа сэрнэ шүү дээ...” гэж \ Би Тахлын үеийн дурлал романаа бичиж байсан үеийнх шигээ л амьдармаар байна\ ярилцагадаа дурдсанаас үзвэл нягт нямбай судалгаатай, өөрөө дүрд нь орж , сэтгэл зүрхээ зориулан бичсэн болохыг төвөггүй мэдэж болно.


“Тахлын үеийн дурлал” хэмээх нэр бол хайрын метофор юм. Хайр дурлал хэзээд оршсоор ирсэн, харин жинхэнэ хайр дурлалд автсан хүн “тахал” туссан мэт сэтгэл зүрх нь нэрвэгдэж байна , түүнийг эмчлэх арга нь “хайр” өөрөө юм, хүмүүний оршин ирсэн цаг хугацааны туршид “хайрын тахал” халдварласаар байгааг дам өгүүлж байна.

 Дэлхийн уран зохиолд тод томруун ул мөрөө үлдээсэн Габриэль Гарсиа Маркесийн олон бүтээлийг Монголын уншигчид шимтэн уншсаар ирсэн. Зохиолууд нь Англи, Орос хэлнээс дам орчуулагдаж байсан бол зохиол бичигдсэн Испани хэлнээс шууд орчуулна гэдэг сайхан хэрэг юм. Зохиолчийн хэлэх гэсэн санаа, бичлэгийн хэв маяг, хэл найруулга, өгүүлэмжийг тэр хэвээр хадгалж буулгана гэдэг орчуулгын нэг том олз юм. Испани хэлний орчуулагч Б.Нямдорж урьд нь “ Гунигт янхнуудаа дурсахуй”, “Зарлагдсан үхлийн товчоон” зэрэг нэртэй бүтээлүүдийг нь хөрвүүлж байсан туршлагадаа дулдуйдан энэхүү романыг уншууртай сайхан орчуулсан гэдгийг хэлэх нь зүйтэй. Уг номын Орчуулгын редактор Н.Жавхлан уг бүтээлийг орос орчуулгатай  тулган, харгуулан үзэж , хянан нягталсан гэхээр их ач холбогдол өгч хүч хөдөлмөр, ур ухаанаа зарцуулсан байна гэж сайшаах нь зүйтэй. Нэрт орчуулагч  О.Чинбаяр: “Хэрэвзээ “Үлисс”-ийн бичлэгийн хэв маягийг өөрчлөөд, өөрийн зохиол мэт болгоод орчуулчихвал Ж.Жойсийн сүнс лав намайг амар тайван байлгахгүй дэг ээ. Зарим орчуулагчид аливаа зохиолыг орчуулахдаа хэт их монголчилж, өөрийн бичсэн зохиол шиг болгох гээд байдаг. Үүнийг буруу гэж би боддог.гэж нэгэн ярилцлагадаа дурдсан байдаг. “Тахлын үеийн дурлал” -ын монгол хөрвүүлэг Габо өвөөгийн сүнсийг баясгана гэдэгт би эргэлзэхгүй байна.

Тэмдэглэлийг бичсэн Хөх Толбот Д.Төмөр-Очир

СЭТГЭГДЭЛ

Your email address will not be published. Required fields are marked *

/