Карaмазовын хөвүүд роман өнөөг хүртэл алдартай, дуулиантай, хүршгүй оргил мэт санагдаж байгаагийн учир юу вэ? гэж эргэцүүлэн бодож үзлээ. Дараа үеийнхээ олон мундаг зохиолчдод нөлөө үзүүлсэн, философич, сэтгэгч нарт гүн гүнзгий сэтгэгдэл үлдээсэн, уран зохиолын цоо шинэ зам нээсэн, оршихуйн философийн үндэс суурийг тавьсан гэгдэхийн учир юу билээ гэж гайхшран сууна.
Бодгаль сэтгэл судлалын эцэг гэгддэг Австрийн нэрт сэтгэл судлаач Адлер “Хүний зовлон бол хүн хоорондын харилцааны зовлон “ гэж тодорхойлсон байдаг нь яахын аргагүй үнэн. Харин түүнээс өмнө оросын сэтгэгч, зохиолч Достоевский хүний зовлон бол хүний дотоод зөрчил юм аа гэдгийг уран зохиолоор нээн үзүүлснээрээ илүү гүн гүнзгий дотоод гүн рүү нь шургаж чадсан байна. Достоевский хүний дотоод ертөнцөд нэвтэрч, сэтгэлзүйг нээснээрээ өрнийн уран зохиол болон философи сэтгэлгээнд том нөлөө үзүүлсэн сэтгэгч юм.
Уран зохиолын дүрүүд сайн муу баатрууд гэсэн хоёр туйлтай тэдний хоорондох зөрчлийг үзүүлдэг байсан тэр уламжлалыг Достоевский үгүй хийсэн юм. Юуны түрүүнд хүн дотоод сэтгэлдээ өөртэйгээ зөрчилдөнө, түүнээс улбаалж хүн хоорондын харилцааны зөрчил үүснэ. Өөрөөр хэлбэл хүний дотоод сэтгэл хэмээх мөсөн уулын ёроолыг тэмтэрч, онгичиж үзсэн хэрэг. Өв хөрөнгө, хүүхэн шуухан булаалдсан , гэмт хэрэг, адал явдлын роман гэхээсээ илүү сэтгэл зүйн сонгодог триллер юм. Энэ бол зөвхөн нэг тал нь. Түүний цаана хүний оршихуйг хөндсөн философи эргэцүүлэл, шашны талаарх мэтгэлцээн, нийгмийн тогтолцоог шүүмжилсэн эрс дуу хоолой, ирээдүйг зөгнөсөн зөн совин нуугдан буй.
Бурхан бий юу үгүй юу? Гэсэн асуултыг зохиолын баатрууд өөр өөрийнхөөрөө эргэцүүлж, гарц гаргалгаа хайж байна. Зохиолын эцэст бурхныг шүтэгч гүн сүсэгтэй нь бурхныг эсэргүүцдэг шашингүйн үзэлтэй нь ч нэг л зүйл дээр санаа нэгдэж байна. Бурхан байхгүй ч хүн түүнийг өөрөө бодоод л олчихно. Тэгэхээр бурхан гэдэг бол хүний дотоод сэтгэл, далд ухасмарт орших итгэл үнэмшил гэсэн гаргалгаанд хүрч байна. Достоевскийн цөм санаа бол хүн өөрийгөө нээх ёстой. Хүн бол өөрөө өөртөө бурхан гэсэн оршихуйн философийн үүдэл санаа юм. Зохиолд хамгийн садар самуун, завхай, залилан мэхлэгч, муу муухайн үүр уурхай болсон дүр болох эцэг Феодор Карамазов юу гэж хэлдэг гээч “Хэрэв бурхан байдаг л юм бол би гэдэг буруутан шийтгэлээ хүлээнэ, хэрэв байхгүй юм бол чиний лам нары хэрэг гэж байгаа юм уу? Хөгжил дэвшилд саад болж байгаа учраас тэдний авахад ч багадна. Энэ л сэтгэлийг минь дотроос нь зовоон шаналгаж байна, гэвэл чи итгэх үү, Иван?” гэж дунд асуудаг нь тун хоржоонтой хэрэг шүү. Хамгийн гүн сүсэгтэй, шашны итгэл үнэмшилд гүн автсан, түүгээр амьдралынхаа зорилго , зам харгуйг болгосон бага хүү Алёша нь “ Би бурхныхаа эсрэг боссон юм биш, зүгээр л түүний ертөнцийг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэж хэлдэг нь зохиолчийн өөрийнх нь бодол санаа, тэрс үг юм. Гэгээрсэн хутагт, зөнч мэргэн Зосима даяанч Алёшаг бараг л хийдээс хөөж явуулдаг нь шашны догма сургаалийг шүтэж суух биш хүмүүсийн дунд, амьдрал дунд орж жинхэнэ үнэнийг эрж хай гэсэн сануулга дохио байсан буйза. Эцгийгээ хөнөөсөн ялд унаж буй том хүү Дмитрий яагаад хийгээгүй хэргээ хүлээн зөвшөөрөх болов? Тэр шүүхийн өмнө гэм буруугүй гэж мэтгэлцэж байгаа ч дотоод сэтгэлдээ бол “эцгээ хөнөөх “ юмсан гэж бодож явсан гэм нүглээ хүлээн зөвшөөрч өөрийгөө зовлон зүдгүүрт туулах үйлтэй хүн гэж үзэж байна. Үүгээрээ юу хэлэх гэсэн бэ гэвэл хүний гэм нүглийг бурхан цайруулахгүй, хүн өөрөө гэмээ хүлээж нүглээ наманчилж чадвал гэсгээл шийтгэлээ өөрөө өөртөө оноож чадвал аврал тэр гэсэн үг. Тиймээс Дмитрий би “миний дотор шинэ төрлөө” хэмээн уулга алдаж байна. Эцгийгээ хөнөөхийг далдуур дэмжсэн дунд хүү Иван , нуувар эцгээ хөнөөсөн зарц Смердяков бүгд өөрсдийн гэм нүглийг илчилж өөрөө өөртөө аврагч болж буй тийм л сэтгэл зүйг харуулж байна. Ерөөс зохиол бүхэлдээ хүний сэтгэлийн дотоод гүн гүнзгий зөрчилд суурилж, зохиолын үйл явдлууд философийн маргаан мэтгэлцээн дунд өрнөж, нийгмийн тогтолцооны талаарх эргэцүүлэл, ёс суртахууны хэлэлцүүлэг дунд хөвөрч байгаа юм. Бурханд гүн сүсэгтэй Достоевский бурхныхаа эсрэг, түүний шударга бус байгаад эгдүүцэн эрүү шүүлт тулгаж байна. Тэр хүний итгэл үнэмшилд орших бурхныг зайлшгүй байх ёстой, хүний сэтгэлийг хайр, энэрэл нигүүлслээр дүүргэх ёстой гэж үзэж байна. “Гэмгүй хүн өөр нэгний өмнөөс зовж шаналах ёсгүй, тэр тусмаа гэмгүй жаахан хүүхэд!” Бурхан шударга бус байгаад тэрээр эгдүүцсэн хэрэг. Ирээдүйн сайн сайхан нийгмийн тухай төсөөлөхдөө бүгд тэгш шударга, бурхны хайр ивээлийг дотроо агуулж байгаасай гэж хүссэн хэрэг. Түүнээс биш социализмыг мөрөөдсөн хэрэг биш. Нийтийн аз жаргалын төлөө нэгжийг золиослохыг огтхон ч хүлээн зөвшөөрөхгүй. Гэмгүй балчир хүүхдийн нулимс урсаж байвал тийм нийгмийг , тийм бурхныг хүлээж авахгүй гэдгээ шуудхан хэлсэн юм.
Зохиолын дүрүүдийг шууд тодорхойлж байгаа тэр үнэлэлт дүгнэлтүүд зохиолын явцад өөрчлөгдөн хувирч байна. Энэ нь дүрүүдийнхээ дотоод сэтгэл зүйг нээн харуулж буй тэр мөчөөс эхэлнэ. Садар самуун гэгдэх эцэг Феодор Карамазов орос хүнийг хайрлах хэрэггүй, харин орос эх орныг чин зүрхнээсээ хайрлана гэж хэлж байна. Оросын харанхуй бүдүүлэг , хоцрогдсон ард түмнийг ташуурдах хэрэгтэй гэж үзэж байна. Тийм ээ хүн бол түр зуур оршино, эх орон мөнхөд байх болно гэсэн санаа биш үү? Дмитрий шунал тачаалаасаа болоод эцэгтэйгээ эд хөрөнгө, хүүхэн булаалдсан хэрэг үү? Үгүй дээ, тэр Грушенька хэмээх тасдаж үл болох анхил сарнайг садар өвгөнд бузарлуулахгүй гэхээс л амь тавин зүтгэж байна. Орос хүний нийтлэг дүр, зан авир, үзэл бодол, ааш араншинг төлөөлж байгаа дүр бол Дмитрий юм. Тэр үрэлгэн, наргиан цэнгээнд дуртай, зодоон цохион хийж явдаг овилогогүй нэгэн. Гэтэл түүний дотоод сэтгэл цайлган цагаан, хүн ёсны жудаг хэвээр байгааг түвэггүй мэдэж болно. Харин дунд хүү Иван тухайн үеийн шинэчлэгч үзэлт сэхээтнүүдийн төлөөлөл юм. Тэрээр “амьдралыг хайрлах хэрэгтэй” гэсэн үзэлтэй бага дүүдээ “Амьдралыг хайрлахаасаа өмнө утга учрыг нь олох хэрэгтэй“ гэж хэлдэг. Оршихуйн хамгийн түвэгтэй асуулт болох “Амьдралын утга учир юу вэ” гэсэн эрэл хайгуулд зүдэж яваа хүн юм. Тэрээр хүний хувь заяаг шийдэгч бурхан бус, хүн өөрийнхөө хувь заяаг тодорхойлно гэсэн оршихуйн философийн үр хөврөлийг тээж яваа дүр.
”Эцгийнхээ үхлийг хүсэхгүй хэн байх билээ?” гэж шүүхийн танхимд хэлж буй түүний үг эцгийнхээ аллагын тухай гэхээс илүү гүн гүнзгий утга агуулж байна. Энэ бол бүтээгчийг эсэргүүцэж байгаа, хувь тавилангаа хүн өөрөө шийдэх ёстой гэсэн далд санаа юм.
Зохиолын дүрүүд нэн өвөрмөц, өөрсдий бие даасан үзэл бодолтой, хувь хүний онцлог шинжээрээ эрс ялгарна. Эцэг хүү хоёрыг дайсагнуулагч Грушенька бол өсвөр залуу үеэсээ бусдад хууртаж, ашиглуулж, амьдрах итгэлээ алдсан, дээдсийн хүрээний янхан нэртэй нэгэн боловч үнэндээ сэтгэлд нь хургасан гомдол хорслоо яаж тайлахаа мэдэхгүй бусдаар тооглоом тохуу хийхээр шийдсэн нэгэн боловч дотоод сэтгэлд нь үлэмж гэгээн тунгалаг үр хөврөл нуугдаж байсныг зохиолын төгсгөлд л олж мэднэ. Эцгийнхээ нэр төрийг аврахын төлөө бусдын өмнө өвдөг сөгдсөн Катя бүсгүй тэр хүнийхээ төлөө өөрийгөө золиослон аз жаргалынх нь ивээс болох тангараг тавьж байгаа нь ёстой л хүн ёсны жудаг юм даа. Феодор Карамазовын нуувар хүү “өмхий Лизавета”-аас төрсөн Смердяковын дүр гаднаасаа мулгуу, аймхай хулчгар, сул дорой нэгэн санагдана. Хүн бүхэнд дорд үзэгдэн гадуурхагдсан тэр залуу дотроо бол өөрийгөө бүхнээс илүү гэж боддог, өөрөөсөө өөр хүнд хайргүй, эх орондоо хайргүй ч , зориг зүрх, бодох сэтгэх гэж аймаар өчүүхэн-агуу хүн байсныг хэн ч үл гадарлана.
Достоевскийн зохиолуудын үүдэл санаа “Газар дороос бичсэн тэмдэглэл” нэрт зохиолос эхлэлтэй. Түүний зохиолын баатрууд ганцаардмал, дотоод зөрчлөөр дүүрэн, тэгсэн мөртлөө юунд ч үл дарагдах, ямар ч зовлон бэрхшээлийг даван туулж, ялан гарч чадах хүчирхэг бие хүний дүрүүд байдаг. “Хүн дотоод сэтгэл, ёс суртахуунаас гадна гоо зүйн доромжлогдож гутаагдсан мэдрэмжид зайлшгүй автдаг” гэсэн эшлэл бол зохиолын баатруудад тохиолдож байгаа, тэднийг хайрлан өрөвдөх, үзэн ядах сэдлийг төрүүлэх сэтгэл зүйн онцлогууд юм.
Хоёр зууны өмнө бичигдсэн зохиол өдгөө хүртэл үнэ цэнтэй, хүүрнэл зохиолын оргилд тооцогдсоор байгаагийн учир нь хүний дотоод сэтгэлийн зөрчлийг ийм гүн гүнзгий дэлгэн харуулсан, философи, шашин, нийгэм гээд өргөн цар хүрээгээр үлэмж дэлгэр авч үзсэнд оршиж байна.
Карамазовын хөвүүд болон Достоевскийн зохиолуудыг уншихын учир нь амьдралын утга учрыг эрэн хайх, эргэцүүлэх, бодож сэтгэхийг гайхмшигт эргүүлэгт татан оруулж чаддагт оршино. Хүний аз жаргал болоод , хүний зовлон гуниг хүний дотоод сэтгэлд оршиж байдаг учраас өрөө өөрийгөө олох, нээх, амьдралын үнэнийг танин мэдэхэд үлэмж тустай юм.
Эцэст нь хэлэхэд: Монсудар хэвлэлийн газраас эрхлэн гаргасан Карамaзовын хөвүүд” романы хоёрдахь \Ц.Батбуян\ орчуулга маш сайн болжээ. Үгийн сонголт, найруулга, ур чадвар үнэнхүү мундаг байна. Дээр нь орчуулгын редактор, уран сайхны редактор гээд ариутган шүүгч нар чамбай сайн ажилласан нь анзаарагдлаа. Ер нь дэлхийн сонгодог туурвилууд, мөнхийн бүтээлүүдийг олон хүн орчуулж, дахин хэвлэх тусам орчуулгын чанар чансаа сайжирч улам л чамбай болох нь дамжиггүй. Зарим нь сайн бүтээлийг орчуулах гэж “оршуулчихдаг” учраас уншигчийн урам хугарч , цааш унших хүсэл төрдөггүй. Тиймээс сонгодог зохиолуудыг орчуулах нь хүнд хүчир ажил тул нэг хүний гэхээсээ хамтын бүтээл өөр аргагүй юм.

СЭТГЭГДЭЛ