- Тэд өөрөө аливаа зүйлийг аажмаар сурдаг гээд орхих уу? Эсвэл та сурахад нь дэмжлэг өгч туслах уу?
Хүүхэд эхээс мэндэлмэгц “өөрийгөө бүтээх” гэсэн нэгэн том ажлын өмнө ирдэг тул түүнийг хөгжихөд нь бид юу хийж, яаж тусалж чадах вэ гэдгийг бодолцох хэрэгтэй.
Хүүхэд өсгөх гэдэг урсгалаар өнгөрөөд, аяндаа том болчихдог хялбар асуудал огтоос биш. Харин ч ухаан шаардсан, алхам тутамдаа түүний хөгжилд хэрхэн холбогдох вэ гэдгийг бодолцсон, хариуцлагатай бас сонирхолтой ажил.
Бид хүүхдийнхээ хөгжлийг түргэвчлэхэд бус харин хөгжилдөө хүрэхэд нь туслах хэрэгтэй. Хүүхдээ хэт эрхлүүлснээр бэрхшээлтэй нүүр тулахаас айдаг нэгэн болгох бол, хэт хорьж хязгаарласнаар хүүхдийнхээ идэвх оролцоог мохоож, өөрийгөө хянаж сурах боломжийг нь үгүй хийдэг.
Хүүхдийн хүмүүжилд томчууд хүүхдийн итгэлцлийн харилцаа маш чухал. Та хүүхэдтэйгээ ярилцдаг, хүүхдээ сонсдог бол хүүхэд тань бодсон санасан зүйлээ чөлөөтэй илэрхийлнэ. Ингэж хүүхэдтэйгээ итгэлцлийн харилцаатай байх нь хүүхдээ таньж, хүүхдээ дэмжих, түүнд туслах боломжийг бидэнд олгодог. Харин эсрэгээрээ хүүхдэдээ хэт хатуу байдаг бол айснаасаа болоод хэлэхгүй байсан нь дээр гэж нуухад хүргэнэ. Ямар нэгэн хэрэг таривал юу болсон талаар нь сонсохгүй шууд загнадаг, зандардаг магадгүй бүр гар хүрдэг бол эргээд хүүхдэд тань ямар нэгэн асуудал гарвал худал хэлэх, нуух гэх мэт буруу эсвэл дулимаг шийдвэр гаргаж ч мэднэ.
Харин багштайгаа, аав ээжтэйгээ итгэлцлийн харилцаатай хүүхдийн санаа сэтгэл нь амар тайван байдаг бөгөөд “Багш маань, ээж аав маань миний бодол санааг сонсдог, ойлгодог. Би өөрийгөө илэрхийлж чаддаг” гэсэн итгэлтэй болно

Мөн та яарснаасаа эсвэл аюултай гэж үзээд хүүхдийнхээ сонирхож хийе гэсэн бүхнийг үргэлж “үгүй, болохгүй” гээд хориод байвал хүүхэд тань аймхай, аливааг хийе гэсэн хүсэл эрмэлзэлгүй нэгэн болдог.
Бид тэднийхээ чадварт бүрэн дүүрэн итгэж чадахгүй байгаагаас болж тэднээс холдож чадахгүй зууралдсаар л байдаг. Харин та хүүхдэдээ итгэдэг, хүүхэд тань танд болон өөртөө итгэдэг бол бодсон санасан зүйлээ чөлөөтэй илэрхийлдэг, би чадна гэсэн итгэлтэй, зоригтой нэгэн болох юм.
Бидний гаргадаг бас нэг алдаа бол хүүхдийнхээ сониуч зан, танин мэдэх хүслийг унтраах явдал юм. Хүүхдийн сонирхсон асуултад хариулахгүй байх, “цаашаа” гэж цааргалах, тэднийг үл тоох гэх мэт. Хүүхдийн сониуч, идэвхтэй зан гэдэг хожмоо аливаад суралцах аргаа олж чаддаг, бүтээлч сэтгэхүйтэй, идэвхтэй хүн болохын эхлэл гэж болох тул хүүхдийнхээ асуусан “Яагаад?” гэсэн асуулт бүрд хариулж, мөн сонирхсон зүйлийг нь шууд хэлээд өгөх биш өөрөө олж харах, бодох боломж олгож байгаарай.
Үнэндээ 3 нас хүрсэн хүүхдийнхээ гадуур хувцсыг өлгөж өгнө гэдэг бол таны хүүхэд өсгөх, хүмүүжүүлэх талаар ойлголт муу байгаагийн илрэл. Үүний оронд та хүүхдийнхээ өндөрт тохирсон өлгүүр хийж өгөхөд л болно. Хүүхдийн эмх цэгцийн мэдрэмж 0-3 насанд суудаг тул энэ үед нь л гутал, аяга, сойз зэргийг байрлуулдаг хүүхдийн өндөрт тохирсон газрыг бий болгоход л болно.
- “Монтессориг эхнээс нь” номоос

СЭТГЭГДЭЛ