Тухайн зурагт ном хэчнээн шагнал хүртсэн бай, хэчнээн сайхан зурагтай ч гэсэн уншихгүйгээр хадгалж орхивол зүгээр л тоосонд дарагдсан цаас болж хувирна. Зурагт номын, ерөөс номын гайхамшиг уншиж эхлэх үед л ил гардаг билээ.

Зарим эцэг эхчүүд зурагт номыг жаахан хүүхдийнх гэж үзэж, хүүхдээ хүчилж яаруулан зураггүй ном уншуулах гэдэг. Учир нь тэд хуудас дүүрэн бичигтэй номууд л хүүхдүүдийн унших болоод ойлгох чадварыг нэмэгдүүлж чадна гэж эндүүрдэг ажээ. Гэтэл зурагт ном ахлах, дунд ангийн хүүхдүүдийн сонирхлыг ч татаж чадна. Тиймээс хүүхэд тань том болсон хэр нь ээ, зурагт ном сонирхож байвал бүү буруутгаарай.

Хүүхдийг унших дуртай болгоно, хэдийгээр хараахан уншиж сураагүй байсан ч уншиж сурах хүсэлтэй болгодог ажээ. Жишээ нь: “Би хүүхэд байхдаа ямар ч хамаагүй сэтгүүл олдох л юм бол хуудаснуудыг нь эргүүлж, анхаарлыг маань татсан юуг ч болов ажиглан суудаг байлаа. Тухайн үед би уншиж сураагүй байсан л даа, гэхдээ тэр бол миний хувьд уншиж байгаа хэрэг байсан юм. Хүүхдүүд анх тэгж л зурагтай, дүрслэлтэй холбон уншиж сурдаг байх, харин эцэг эхчүүд үүнийг ойлгодоггүй. Учир нь тэд бичсэн үг унших нь л чухал болохоос, зураг, дүрслэлийг ажиглах нь огт хэрэггүй зүйл гэж боддог.”

Харилцааг лавшруулна – Зурагт номын агуулга, зураг тус бүр дээр аав ээж хүүхдүүд харилцан ярилцах боломжтой. Энэ нь хүүхдэд хуудсан дээрх зургийг хараад сэтгэгдлээ хэлэхэд нь дөхөм болж, өөртэй итгэлтэйгээр үзэл бодлоо хуваалцаж сурахад нөлөөлнө. Аав ээж нар ч мөн тэвчээртэй сонсож, дэмжиж байгаагаа илэрхийлэх боломжтой. Нэгэнт үүссэн яриаг хааш нь чиглүүлж, юуг голчлохыг томчууд сайн мэднэ шүү дээ.

Төсөөлөн бодох чадварыг нэмэгдүүлнэ – Зургууд уншиж байгаа зүйлээ ойлгоход нь тусална. Хэрэв уншихдаа тааруухан бол, уншаад бүрэн ойлгоогүй зүйлсийг зураг нь нөхөн тайлбарлаж, цааш ургуулан бодоход хөтөлнө. Харж буй зүйлээ, сонсож байгаа зүйлтэйгээ холбог бодох нь хамгийн анхан шатны төсөөлөл юм.

Сонсож сурахад тустай - Хүүхдүүд анхаарлаа төвлөрүүлэн сонсож сурна. Хожим аливаа зүйлийг тэвчээртэй сонсож, дүгнэлт хийж чаддаг чухал чадвар хүүхдэд тань суусан байх болно.

Өөрийгөө болон хорвоо ертөнцийг танин мэдэхэд тусална - Ямар сэдэвтэй, юун тухай өгүүлснээс үл хамааран хүүхэд аливаа зүйлийн тухай анхны ойлголтыг зурагт номуудаас авах бүрэн боломжтой.

Хөгжилтэй – Зурагт ном унших нь зураггүй ном уншихаас хавьгүй хөгжилтэй. Хэрэв хүүхдийнхээ анхны унших номыг буруу сонгочихвол цаашдаа ном унших хүсэлгүй болчхож мэднэ шүү дээ.

Унших болоод бичих дадлыг суулгана - Зурагт номууд балчир уншигчдыг сайн сонсогч, сайн сонсогчийг сайн уншигч, цаашлаад сайн уншигчийг сайн зохиолч болоход хөтөлдөг байна.

 


Ц. Оюумаа

СЭТГЭГДЭЛ

Your email address will not be published. Required fields are marked *

/