Монсудар хэвлэлийн газраас Орхан Памукийн “Шинэ амьдрал” романыг орчуулсан хүний хувиар сэтгэгдлээ бичнэ үү хэмээн хүсэлт тавьсны хариуд би энэ сэтгэгдлийг бичихээр шийдлээ. Гэхдээ романы талаар шүүмж бичихээс илүүтэйгээр, уншигчдад сонирхолтой байх болов уу гэж бодсондоо энэ номыг анх хэрхэн уншсанаа, яагаад орчуулахаар шийдсэнээ, хэрхэн орчуулснаа бичих нь зөв байх гэж бодов.

Нобелийн шагналт Орхан Памукийн 1994 онд бичсэн уг постмодерн роман зохиолчийн хамгийн их уншигдсан, хамгийн их маргаан дагуулсан ном гэдгээрээ алдартай. Би “Шинэ амьдрал”-ыг Истанбулын их сургуульд суралцаж байхдаа буюу 2003 оны зун уншсан юм. Туркээс Монголд ирэх зардал өндөр гардаг байсан учир жил бүр гэртээ ирдэггүй, зарим зун Туркэд өнждөг байлаа. Тэр зун би Истанбулаас холгүй, Мраморын тэнгисийн өмнөд эрэг дээрх Бандырма хотод их сургуулийн найзындаа амарч байхдаа “Шинэ амьдрал”-ыг анх олж харсан юм. Хамгийн анхны хэвлэл нь байсан болов уу. Өмнө нь би Памукийн “Чимээгүй амьдрал”, “Хар судар” хоёрыг уншсан байв. Памукийн романууд Туркэд харьцангуй өндөр үнэтэй зарагддаг учир их сургуулийн оюутан би тэр бүр авч уншиж чаддаггүй байлаа. Ингээд “Шинэ амьдрал”-ыг уншихад шууд л ховсдуулчих шиг л санагдсан.

Өдөржин унтаад, орой сэрүү орохоор орондоо тухалж аваад номоо уншдаг байлаа. Урьд өмнө ийм өвөрмөц ном уншиж байгаагүй тул сэтгэл соронзонлогдон татагдаж байв. “Чимээгүй амьдрал” роман олон хүүрнэгчтэй, ухамсрын урсгалын хэв маяг давамгайлсан модернист роман, “Хар судар” роман нууцлаг аллагын тухай “детектив” ч юм уу гэмээр постмодерн роман, аль аль нь гайхалтай бүтээлүүд байсан ч миний хувьд, “Шинэ амьдрал” Гардиан сонины хэлсэн шиг “онцгой үзэгдэл” байлаа. Хамгийн анх уншсан энэ гурван романаа би Памукийн уран бүтээл гурван ноён оргил гэж боддог. Би “Шинэ амьдрал”-ыг анх уншихдаа л бүрэн ойлгож чадахгүй байгаагаа, угаас хэзээ ч бүрэн гүйцэд ойлгох боломжгүйг мэдэрсэн. Аян замын роман ч гэж хэлж болох, наманчлалын роман ч гэж хэлж болох энэ романыг анх унших үедээ би өөрт нь хайргүй хүний сэтгэлийг татах гэж хичээсээр амьдралаа сүйрүүлсэн залуу эрийн гунигт түүх гэж харсан. Угаас зохиолын нэг хэсэгт гол дүрийн оюутан залуу романд дурдагдаж буй тэр номыг өөрт таалагдсан хөөрхөн охиныхоо барьж явахыг хараад, тэр охинтой холбоо тогтооход хэрэг болж магад гэсэндээ уншиж эхэлснээ өөртөө илчилдэг. “Гуниг”-ийн тухай турк зохиолчид, тэдэн дундаас Орхан Памук хамгаас сайн бичиж чадах юм шиг надад санагдсан. Сонирхолтой нь, киноны хувьд, Туркийн алдарт найруулагч Зэки Дэмиркүбүзийн “Гэмгүй сэтгэл” (Masumiyet, 1997), “Хувь тавилан” (Kader, 2006) кинонуудыг үзээд мөн төстэй сэтгэгдэл надад төрсөн. Нөгөөтэйгүүр яруу найрагт тун ойр, тансаг хэмнэлтэй урт урт өгүүлбэрүүд нь надад таалагдсан.

Ингээд “Шинэ амьдрал”-ыг орчуулахаар энэ романы тухай бичсэн зүйлсийг судалж байхдаа Еылдыз Эжэвитийн “Орхан Памукийг унших нь: толгой нь эргэсэн уншигч ба модерн роман” (Orhan Pamuk'u okumak: kafası karışmış okur ve modern roman) хэмээх “Шинэ амьдрал”-д голлон төвлөрсөн шүүмж судалгааны номыг олж уншсан. 272 хуудастай энэ ном өнөөг хүртэл Памукийн романыг судалсан хамгийн чухал бүтээлд тооцогдсоор байна. Үүнээс гадна Памукийн бүтээлүүдийн тухайд хүмүүсийн бичсэн нийтлэлүүд нэгтгэсэн “Орхан Памукийг ойлгох нь” (Orhan Pamuk'u anlamak) хэмээх ном бий. Эжэвит “Шинэ амьдрал”-ын нууцад нэвтрэхээр шийдэж, тоо, өнгөний бэлгэдлүүдийг тайлбарлаж, уг романыг суфизм, буддизм гэх зэрэг шашинтай холбож судалсан байв. Зарим тайлал нь, жишээ нь, Жанан гол төлөв ягаан, хөх ягаан өнгийн хувцас өмсдөг нь  хүний биеийн аурагийн хамгийн гадна талын хоёр өнгөтэй холбоотойг, түүнчлэн 13 дугаар бүлэгт аллага үйлдэгдэж байгаа нь тооны бэлгэдэлтэйг өгүүлсэн нь надад жаахан хэтрүүлэгтэй ч юм шиг санагдсан. Гэхдээ романыг ингэж нарийн уншдаг юм уу гэж гайхсан. Харин роман гэрлээр эхлээд, гэрлээр дуусаж буй “гэрлэн” аяллын тухай өгүүлдэг гэдгийг Орхан Памукийг хамгаас сайн судалсан шүүмжич, “Орхан Памукийн бүтээлүүд дэх бичгэн наманчлал” (Orhan Pamuk'ta Yazıyla Kefaret) номын зохиолч Жалэ Парлагийн шүүмжээс олж мэдэж, санал нэгдсэн. 

Орчуулгадаа утгыг зөв гаргавал уншигч энэ мэт тайллыг өөрөө гаргаад ойлгочих учир би юу юунаас илүүтэй уран яруу, тансаг байдлыг нь алдагдуулахгүйг, мөн шаардлагатай тайлбаруудыг хийхийг хичээж орчуулав. Романд сэтгэлийг минь хамгаас их татсан зүйл нь энэ “лирик” шинж чанар байсан учир ингэхээс аргагүй. Нууцлаг шүлгэрхүү байдал хадгалагдаж байна уу хэмээн шалгаж өгүүлбэрүүдээ чангаар дахин дахин уншиж орчуулж байлаа. Үүнээс өмнө орчуулагдсан Памукийн хоёр романы орчуулга надад тун сайн болсон шиг санагдсан. Тэднээс дордуулахгүйн тулд маш их хичээх учиртай санагдаж байв. Орхан Памукийг монгол уншигчдад таниулах ажилд хэвлэлийн газрууд бүгд нэгэн үзүүрт зорилгоор далдхан нэгдсэн мэт, би энэ гайхалтай төслийн нэг хэсэг болж буй мэт тун сайхан сэтгэгдэл төрж байлаа. Үүнээс өмнө би Памукийн анхны постмодерн роман гэж тодорхойлогддог “Цагаан цайз”-ыг орчуулсан байв. Харьцангуй амар хэллэгтэй, түүхэн сэдэвтэй “Цагаан цайз”-тай харьцуулахад “Шинэ амьдрал” яах аргагүй сорил шиг санагдсаныг хэлэх юун. Энэ зуур “Цагаан цайз” романыг “Монсудар - Утга зохиол” цувралд багтаах саналыг тавьж, дэмжсэн төслийн зөвлөх Александр Шнорбушид талархал илэрхийлье.

Хамгаас дуртай “Шинэ амьдрал” романыхаа талаар бичээд байвал огтхон ч дуусахгүй шиг санагдаж байна. Ингээд эцэст нь, энэ гайхалтай романыг монгол хэлнээ хөрвүүлж хэвлэх саналыг дэмжих зоригтой шийдвэр гаргасан Монсудар хэвлэлийн газар, орчуулгыг минь шүүж ариутгасан Ө. Уянга, П. Сарангарав, эхийг бэлдэж, хавтасны зургийг зурсан С. Батжаргал нарт чин сэтгэлээс талархаж буйгаа илэрхийлье.


Г. Сугиррагчаа

СЭТГЭГДЭЛ

Your email address will not be published. Required fields are marked *

/