Хэзээ ч юм хаа нэгтээ хэн ч юм шургуулганд хийгээд мартсан нэгэн лаа байжээ. Тэрээр харанхуй бүгчим тэр газартаа хэчнээн ч удсан юм бүү мэд. Лаа өөрийгөө чухам хэн бэ гэдгээ яах гэж төрснөө ч мэддэггүй байлаа. Харин нэг удаа тэрээр бяцхан хайрцагтай чүдэнзтэй уулзжээ. Чүдэнз өөрөөсөө гал гаргадаг гэдгээ хэлэв. Өнөөх хуучин лаа чүдэнзний асаасан галд хүрч үзсэний дараа л өөрийгөө өрөө тасалгааг гэрэлтүүлэх тийм их хүчтэй гэдгээ мэдсэн юм.

Данийн үндэсний архиваас зуу гаруй жилийн дараа олдсон “Лаа” хэмээх нэртэй энэхүү үлгэрийг зохиолч бүр Еврейн сургуульд сурч байхдаа бичжээ. Магадгүй Андерсений анхны зохиол нь болох энэ үлгэрийн үйл явдал зохиогчийнхоо хожмын амьдралыг зөгнөн тодорхойлжээ гэж хэлж болох юм. Сэтгэл зүрхэндээ мөнхөд асан дүрэлзэх их галтай жаал хүү ядуу гуталчны оромжид яг л шүүгээний шургуулганд хийгээд мартагдсан лаатай адил байсан хэрэг. Хожим нэгэн өдөр тэрээр чухам юуны тулд тэр их авьяасын галыг өвөртлөн төрсөн болохоо ухан ойлгож, орчин тойрноо, хүний ертөнцийг хайр энэрэл, ухаарал гэгээрлийн гэрлээр мөнхөд жаргалтайяа гэрэлтүүлсэн билээ.

Хүнд хүчир ажил хөдөлмөрт нухлагдсан ч хүсэл мөрөөдөл дүүрэн 14 настай залуу хүү бие даасан амьдралын нэн чухал шийдвэр гарган жүжигчин болохоор нийслэл Копенгагеныг зорив. Юуны учир явж буйг нь лавлаж асуусан ээждээ “Алдар цуутай хүн болно доо” гэж хариулжээ.

Андерсены үлгэр-зохиол жирийн нэгэн шидэт адал явдлын тухай өгүүлдэггүй. Хүний амьдралын, ерөөс оршин тогтнохуйн утга учрын тухай гүн гүнзгий бодрол бясалгал, нарийн тансаг мэдрэмжийг хэн ч олж харж, ойлгож мэдэрч болох шидэт үлгэрийн энгийн хэлээр өгүүлсэн байдаг. Ямар үйлийг сайн сайхан үйл хэрэг хэмээдэг болох, түүнийг хэрхэн яаж бүтээж, бий болгож, бас хайрлан хамгаалж болдог тухай, тэр сайн сайхны, ерөөс эгэл амьдралын үнэ цэнийн тухай ч өгүүлнэ. Түүний үлгэрүүдэд гэгээн ухаарал, харуусал, хайр энэрэл, бас хөнгөн мэт атлаа гүн утгатай хошин шоглолууд нягт сүлэлдэнэ. Үлгэр бүр нь хүн бүхний сайтар мэддэг тийм л амьдралын тухай хүүрнэж буй мэт байна. Хүний дотоод сэтгэлийн гоо сайхан нь орчин тойрны эгэл жирийн ширээ сандал, шаахай, эсвэл шумуул зэрэгтэй хэрхэн яаж уусан нэгдэж буй тухай өгүүлэх билээ. Андерсений шидэт үлгэрүүд нь нэг талаас ардын аман зохиолын онцгой шинжийг агуулдаг ч нөгөө талаар сонгодог уран зохиолд илэрдэг олон нарийн мэдрэмж, гүн агуулгуудаар нэн баялаг юм. 

Дэлхий даяар Х.К. Андерсений төрсөн өдөр буюу 4-р сарын 2ны өдрийг Дэлхийн хүүхдийн номын өдөр болгон тэмдэглэж байна. Энэ өдрийг угтан Монсудар хэвлэлийн газраас зохиолч, сэтгүүлч Б. Номинчимэдтэй ярилцсан юм.

Б. Номинчимэд: Би арваад насандаа Андерсентай танилцсан. Б. Ренчин гуйн орчуулгаар далаад онд гарч байсан. Тэрийг уншаад л ид шидийн ертөнцөд живээд орчихсон. Андерсенийг яагаад дэлхий нийтээрээ үлгэрийн хаан хэмээн нэгэн дуугаар хүлээн зөвшөөрдөг шалтгаан нь хүүхдийн дотоод ертөнцийн тухай тод томруун үнэнээр тусгадагт байгаа юм. Мөн Андерсений үлгэрүүдийг уншсан, сонссон хүүхдүүд нэг зүйлийг маш хүчтэй мэдэрдэг. Хайр гэдэг зүйлийг.  Хайрын тухай бичээгүй байсан ч хайрлах мэдрэмжийг мэдрүүлж чаддаг нь түүний үлгэрүүдийн бас нэгэн онцлох шинж юм уу даа. Эцэг эхчүүд хүүхдэдээ ямар ном уншуулах вэ гэж асуухад би хамгийн түрүүнд Андерсенийг санал болгодог юм. 


Ер нь Андерсенийг уншилгүйгээр, түүний үлгэрүүдийн гайхамшгийг таньж мэдэлгүйгээр хүүхэд насыг өнгөрөөнө гэдэг харамсалтай санагддаг. Андерсений үлгэрүүд дотор дандаа сайн муугийн зөрчил явагдаж байдаг нь сонирхолтой. Мөн түүний үлгэрүүдэд өөрийнх нь бага насны хүнд бэрх амьдрал түүнээс ойлгосон үргэлжид сайн сайхны төлөө гэсэн санаа бас их илэрдэг. Бид нар брэнд гэдэг зүйлийг сайн мэднэ. Утга зохиолд хүртэл брэнд гэж байдаг. Хүүхдийн уран зохиолд хамгийн дээд зэргийн брэнд бол Андерсен юм. Хэрвээ гэрэл гэгээ, сайн санааны тэнгэр бурхан гэгч үнэхээр байдаг аваас тэр бурхнаас хүн төрөлхтний сэтгэл зүрхэнд бүүдийн унтарч байсан сайн сайханд итгэх итгэл найдварыг галыг сэргээж өгөхөөр илгээсэн элч нь Андерсен юм гэж хэлж болно. Учир нь Андерсены үлгэрийн ертөнц бол бүхэлдээ гэрэл гэгээний, хүсэл мөрөөдлийн, сайн сайхан ухаарал, тэмүүллийн, танин мэдэхүйн дээд ертөнц юм.


Зохиолчийн хамгийн алдартай үлгэрүүдийн нэг бол “Чүдэнз зардаг охин”. Тэр үлгэрт зул сарын өмнөх орой чүдэнз зарахаар гарсан охин өвлийн хүйтэнд даарахдаа хайрцаг чүдэнзээ нэг нэгээр зурж асаасаар, чүдэнз асаж дуусах хэдхэн хоромд хайртай эмээтэйгээ уулзсан юм шиг  санагддаг тухай өгүүлдэг. Магадгүй амьдрал гэдэг заримдаа өвлийн орой шиг хахир хүйтэн, өршөөлгүй харанхуй мэт боловч хүн болгоны дотор орчлонг сайн сайхнаар гэрэлтүүлэх бяцхан лаанууд оршсоор байдаг нь лавтай. Түүнийг асаахад ганцхан чүдэнз л хангалттай мэт. Харин хүүхдийн дотор тэр лаанууд үргэлж асаалттай байдаг. Тэр лааг нь улам асааж, урам зоригоор дүүргэх эсвэл зүгээр л унтраах эсэх нь томчууд бидний сонголт билээ. 

СЭТГЭГДЭЛ

Your email address will not be published. Required fields are marked *

/