Хайлтын ном гэж юу вэ?
Урт хугацааны олон нийтийг хамарсан хорио цээр, сургууль цэцэрлэгүүд хаалгаа барьсан энэ цаг үед бяцхан үрс тань гэртээ уйдан сууж байгаа эдгээр өдрүүдэд бид та бүхэнд хүүхэдтэйгээ цагийг сонирхолтой, халуун дулаан, үр бүтээлтэй өнгөрүүлэхэд тань тус болох нэгэн сонирхолтой цуврал номыг танилцуулъя. Энэ бол хүүхдийн төсөөлөн бодох чадвар, ой тогтоолт хийгээд танин мэдэхүйг нь дэмжих бичвэргүй зурган өгүүлэмжтэй “хайлтын ном” юм.
Хайлтын номыг хэрхэн “унших” вэ?
Энэ номын эхний хуудаснаас эхлээд таны өмнө Улаанбаатар хотын амьдрал өрнөж эхэлнэ. Чингис хаан онгоцны буудлаас эхлэн явсаар Хүннү худалдааны төвөөс худалдаан авалт хийж, алдагдсан гөлгийг хайж, хотоор гүйж, дасгал хийж, тэмцээнд оролцон явсаар Сүхбаатарын талбай дээр урлагийн тоглолт үзнэ. Нэг удаа үзээд ханамгүй ямар баялаг өгүүлэмж вэ.
Энэ бүгд түм түжигнэж, бум бужигнасан Улаанбаатар хотын амьдрал жилийн дөрвөн улиралд хэрхэн өөр өөрөөр өрнөдгийг харуулсан Хайлтын номуудад багтаан харуулсан билээ.
Энэхүү хайлтын ном нь олон янзын үйл явдал, нөхцөл байдлыг харуулсан ба тодорхой дүрүүдээр дараагийн хуудас болон цувралуудад үйл явдал нь үргэлжлэн өрнөдөг. Ном дээр гол баатар гэж байхгүй бөгөөд бүгд л дор бүрээ ямар нэгэн зүйл хийж, өөрсдийн түүхийг өгүүлнэ. Хэн нэг нь номын дэлгүүрээс ном худалдан авч байхад, цайны газар хүмүүс хооллон, сургуульдаа явж буй жаалууд инээлдэн алхаж буй дүрүүдийг олж харж болно. Уншигч аль ч дүрийг сонгон авч түүнийг даган номын хуудсаар аялах боломжтой.
Хүүхэд юунд хамгийн ихээр дуртай вэ? Тэдэнд газар суугаад том зурагтай, баялаг өгүүлэмжтэй номоос маш олон таних, танихгүй зүйлийг олж мэдэх нь л хамгийн сайхан байдаг шүү дээ.
Харин хайлтын ном нь бичвэргүй, хүүхэд өөрөө түүх зохион өгүүлэх боломжтой ба ингэснээр хүүхдийн хэл яриа, сэтгэн бодох чадвар хөгждөг. Мөн ажиглалт, ой тогтоолтыг сайжруулдаг. Хайлтын номоос хүүхэд ямар нэгэн шинэ содон зүйлийг байнга олж мэддэг бөгөөд томчууд хүртэл хүүхэдтэйгээ хамт үзэхэд тун сонирхолтой.
Яагаад хайлтын ном гэж?
Яагаад гэвэл бичвэргүй, том дэлгэмэл нүүр дүүрэн зургуудаас хүүхэд дүр тус бүрийг хуудас дамнуулан хайн олж өөрсдөө түүх зохион ярьж, шинэ нээлт, аялал хийх болно. Номд хүүхдийн сайн мэдэх нийслэл Улаанбаатар хотын байшин барилга, гудамж талбай, орчныг дүрсэлснээр таньдаг, мэддэг газраа хараад таны хүүхэд хуудас бүрээс олж харсан бүхэндээ урамшин баярлах болно.
Гурваас дээш насанд хүүхэд юмсыг ажиглан, таних, нэрлэх, нуугдаж тоглох, эрж хайх сонирхол нь эрс нэмэгддэг. Энэ төрлийн номуудыг үзсэнээр хэл яриа нь хөгжиж, юмсын хоорондын уялдаа холбоог ойлгож, ажиглалт, ой тогтоолт сайжирч, бусадтай чөлөөтэй харьцах чадвартай болдог. Мөн зузаан хуудастай учир эдэлгээ удаантай байх болно.
Улирал бүрийн онцлог, тэрхүү улиралд тохиодог томоохон үйл явдал, баяр наадам гээд олон адал явдал ном дээр өрнөдөг тул тэр бүхний талаар хүүхэдтэйгээ хамт ургуулан бодож, хуудас бүр дээр баялаг яриа өрнүүлэх боломжтой юм шүү.
Цувралын хамгийн эхний ном бол Өвөл, харин төгсгөлийн ном нь Намар. Номон дээрх үйл явдлууд нь хоорондоо уялдаа холбоотой, жишээ нь өвөл шинэ цэцэрлэгийн барилгын ажил эхэлж байхад намар нь шинэ цэцэрлэгийн нээлт нь болдог гэх мэт. Эцэст нь та хүүхэдтэйгээ Улаанбаатар хотын тухай юу мэддэг бас юу мэддэггүйгээ ярилцаж, хотын иргэн ямар байх талаар хүүхдэдээ зааж өгөөрэй.
СЭТГЭГДЭЛ