- Казүо Ишигүро - Намайг бүү явуулаач
"Намайг бүү явуул" гэх дуу надад онцгой их таалагдана. Энэ дуу л хуурцгийг эрхэмлэж нандигнах гол шалтгаан байсан юм. Дуу удаан хэмнэлтэй: шөнө оройн цаг, Америк ... Жюди дуулж байхдаа нэг хэсгийг нь олон давтдаг. "Намайг бүү явуулаач...хонгор минь дээ, хонгор минь...Намайг бүү явуулаач..." Би тэр үед арван нэгэн настай, нэг их хөгжим сонсоод ч байдаггүй байсан. Гэхдээ энэ дуу намайг үнэхээр эзэмдсэн дээ. Би боломж гармагц л дуугаа сонсохын тулд хуурцгийг нэлээд гүйлгэж байгаад нөгөө дуун дээрээ тааруулж тавьдаг байв."
"Намайг бүү явуулаач" номын 96-р хуудас
Романы гол баатрууд болох хүүхдүүдийг "колонийн" аргаар бүтээсэн,зөвхөн донор төдий гэх боловч Кэтийн энэхүү "зүрх" сэтгэлээ уудлан, дурсамжаа хуваалцах хэсгийг уншаад тэр дороо энэ дууг хайж сонсож байсан юм. 20 настай залуу явахдаа зохиолч Казүо Ишигүро рок од болохыг хүсдэг байсан гэдэг. Тэр мөрөөдөл нь нэг л урагшгүй байх үед өөрийн бичгийн авьяасыг хөгжүүлэхээр шийдсэнээр өдгөө Нобелийн шагнал хүртсэн, шинэ үеийн уран зохиолд өөрийн их хувь нэмрээ оруулж буй зохиолчдийн нэг юм.
Сонирхуулахад, Judy Bridgewater хэмээх дуучин нь бодит хүн биш бөгөөд зохиолч түүнийг болон "Намайг бүү явуулаач" дуу нь зохиолын нэг хэсэг төдий байжээ. Хожим 2010 онд уг романаас сэдэвлэн бүтээгдсэн ижил нэртэй кинонд зориулан бүтээж, Хейлшимийн хүүхдүүдийн зүрх сэтгэлийн илэрхийлэл болсон энэ дуу сая биелэлээ олсон ажээ.
2. Мишель Уэльбек - Тулааны талбарын тэлэлт
Заримдаа чи ганцаардаж, хүнд хэцүү шаналгаатай үедээ зүгээр л хамт суугаад ярилцах хүнээр дутагдаж байсан уу ? Хажууд чинь тийм хүн байхгүй, байх ч боломжгүй үед гомдол төрж хамаг бие чинь зарсхийж өөр хэнийг ч ойртуулахгүй өргөстэй мэт болдог уу ? Ёроолгүй хар ангал сэтгэлийг эзэгнээд, өдөр өнгөрөх тусам улам ганцаардаж, сэтгэлээ дүүргэх зүйл хайж, гансарч байсан уу ? Бусдаар хайрлагддаггүй юм аа гэхэд хэн нэгнийг хайрлах хүсэл төрж байсан уу? Тэр нь эсрэг хүйстэн, найз нөхөд, хамаатан садан гээд хэн ч байж болно. Гэтэл хэн нь ч хайр даахгүй тохиолдол гарч байсан уу? Жаргалтай царай гаргахыг хичээх тусламж бусдад шоолуулж, доромжлуулж байсан уу ?
Хэн ч чамайг сонсохгүй, ойлгохгүй, ойлгодоггүй юм аа гэхэд зүгээр байгаагаар чинь хүлээн зөвшөөрөөд урам өгөх хүн байхгүй байна гэдэг гунигтай. Энэ бол “Тулааны талбарын тэлэлт” номын өчил.
Нийгмийн амьдрал дундах залуу хүний ганцаардалыг маш сонирхолтойгоор хүүрнэсэн энэхүү номын гол баатартай хамт доорх дууг сонсонгоо аялаарай.
3. Юваль Ной Харари - Sapiens: Хүн төрөлхтний товч түүх
Зуун мянган жилийн өмнө дэлхий дээр хамгийн багадаа зургаан төрлийн хүн амьдарч байв. Харин өнөөдөр ердөө нэг л зүйлийн хүн үлдсэн нь бид буюу Хомо Сапиенсууд. Бусад төрлийн хүмүүст юу тохиолдсон бэ? Бидэнд бас юу тохиолдох вэ?
Зохиолч, түүхч Юваль Ной Харари хүн төрөлхтний түүхийг маш энгийн бөгөөд гайхалтайгаар тайлбарлаж, дээрх асуултуудад өгөх хариултаа Pink Floyd хамтлагийн "Time" дуутай уялдуулсан нь үнэхээр сэтгэл хөдлөм байсан шүү.
Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр бурхан мэт хүч чадалтай болсон хүмүүсийг харин маргааш ямар ирээдүй хүлээж байгаа бол?
4. Мишель Обама - Becoming: Миний түүх
Мишель Обама бол Цагаан ордныг урьд хожид байгаагүйгээр олонд нээлттэй, хүн бүрийг хүлээн авахад бэлэн газар болгож хувиргахын сацуу АНУ болон дэлхий дахины охид бүсгүйчүүдийн эрхийг хамгаалах үйлст алив бүхнээ зориулаад зогсохгүй, айл өрхүүдэд илүү эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг сурталчлан түгээж, хамгаас хэцүү цаг мөчүүдэд Америк улсыг удирдан чиглүүлэхэд нь нөхөртөө түшиг тулгуур болсон гайхалтай эмэгтэй юм.
Мишель болон Обама-ын гэр бүлийн хөшигний цаадах бодит амьдрал дунд эгшиглэж байсан дуугаа хуваалцсан байсныг хүргэж байна.
5. Орхан Памук - Шинэ Амьдрал
Хэдэн сарын өмнө шинэхэн танил маань дуртай ном чинь юу вэ гэсэн асуултанд "дуртай номоо олтол олон ном уншаагүй явна" гэж хэлсэн нь санаанд маш тод үлдсэн юм. Турк хэлтний уран зохиолын энэ цаг үеийн хамгийн том төлөөлөгч, Нобелийн шагналт зохиолч Орхан Памукийн энэхүү шинэ номоос гойд хүлээлтгүй байсан ч энэ номын гарчиг бас Edvard Munch-ын "The Scream" зургийг санагдуулам, хамбан мэт хачин гоё хавтасанд нь өөрийн эрхгүй татагдаад авчихсан.
Номыг нээхэд хамгийн эхэнд бичигдсэн миний дуртай философич Новалис-ын эшлэл, зохиолын эхний өгүүлбэрт нь эзэмдүүлээд, маш хурдан уншаад дууссан. Шинэхэн танилын маань тодорхойлсоны дагуу би лав дахин нэг дуртай номоо олсон нь энэхүү ер бусын нууцлаг бас хачин жигтэй "шидэт" ном байлаа. Зохиолын гол баатар "шинэ амьдрал"-ын эрэлд аялаж явах зуур цаг яг ингэж дугарсан гэж хэлснийг сонирхуулья.
6. Э. Л. Жеймс - "Fifty shades of Grey" цуврал
Холливүүдийн дэлгэцийн уран бүтээл нь нэлээн дуулиантайгаар үзэгчдийн хүртээл болсон цагаас хойш New York Times bestseller энэхүү цувралыг шимтэн уншигчдийн тоо багасах биш эсрэгээрээ хэд дахин нэмэгдсэн билээ. Энэ цувралаас уншиж байгаагүй ч гэсэн цувралын туршид хэд хэдэн дуунууд дурдагдсан гэдгээс алдарт Frank Sinatra-ын нэгэн дууг сонирхуулж байна. Уг цувралын тухай хүмүүс янз бүрийн бодолтой байдаг ч өөрийн таньж мэдээгүй зүйлийн талаар үг хэлэх гэлтгүй харин сайхан дуу сонсоод өнгөрсөн нь дээр байх гэж бодлоо.
7. Мүраками Харүки - Эрэг дээрх Кафка
Зохиолч Мүраками хөгжимд маш их хайртай бөгөөд хувийн цуглуулгад нь 10,000 гаруй пянз байдаг. Зохиол бичиж эхлэхээсээ өмнө жазз кафе ажиллуулдаг байсан түүний хөгжмийн мөн урлагын гойд онцгой мэдрэмжийг сэтгэл татам хийгээд сэрдхийлгэм үйл явдалтай бүтээлүүдээс нь харж болно.
Түүний номуудад маш олон дуунууд дурдагдсан байдгаас манай уншигчдад танил бүтээлүүдээс нь тус бүр нэг дууг онцлон хүргэж байна.
8. Мүраками Харүки - "1Q84" цуврал
9. Мүраками Харүки - Өнгөгүй Тазаки Цүкүрү ба түүний эргэлийн он жилүүд
СЭТГЭГДЭЛ