Өнөөдөр 3 дугаар сарын 8-ны өдөр. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр. Энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх болсон нь 1910 онд Копенхаген хотноо болсон Олон улсын эмэгтэйчүүдийн хоёрдугаар бага хурал дээр Германы социалист хөдөлгөөний зүтгэлтэн Клара Цеткины гаргасан саналаас эхтэй. Үүнээс нэг жилийн өмнө АНУ-ын социалист намын эмэгтэй гишүүд “Эмэгтэйчүүд сонгуульд санал өгөх эрхийн төлөө тэмцэх үндэсний өдөр” тэмдэглэсэн нь К. Цеткинд ийм санаа сэдэл, урам зориг өгсөн аж. Энэ санаачилга нэн амжилт олж, улмаар эмэгтэйчүүдийн эрхийн асуудалд дэлхий нийтийн анхаарлыг хандуулахын тулд жил бүр эмэгтэйчүүдийн өдөр тэмдэглэх санаа төрсөн түүхтэй. Харин жил бүрийн 3 дугаар сарын 8-ны өдөр хэмээн 1921 онд Москва хотноо шийдвэрлэсэн бөгөөд Петербургийн ажилчин эмэгтэйчүүд 1917 оны 3 дугаар сарын 8-ны өдөр ажил хаялт зарлан, гудамжинд гарч жагсан, ингэснээрээ хожмоо “2 дугаар сарын хувьсгал” хэмээн нэрлэгдсэн тэмцэл хөдөлгөөнийг эхлэхэд нэмэр түлхэц болсон үйл явдлыг санан дурсахаар энэ өдрийг сонгон авчээ.
Олон улсын эмэгтэйчүүдийн өдрийг тэмдэглэх болсон түүхийг товч өгүүлэхэд ийм ажээ. Энэ онцгой өдрийг тохиолдуулан бид Монсудар Утга зохиол цувралд багтсан, XX ба XXI зууны уран зохиолын түүхэнд ихээхэн нөлөөгөө үзүүлж, зарим нь одоо хэр нөлөөлсөөр буй таван эмэгтэй зохиолчдын бүтээлийг танилцуулж байна.
No. 5: Виржиниа Вүүлф –Өөрийн гэсэн өрөө
Виржиниа Вүүлф 1882 онд Лондон хотноо төржээ. XX зууны эхэн хагас үеийн хамгийн гол зохиолчдын нэг төдийгүй бүхий л цаг үеийн эмэгтэй зохиолчид дундаа томоохонд тооцогддог билээ. Тэрээр олон өөр өнцгөөс өгүүлж, хүний ухамсрыг дүрслэх шинэ арга барилаа туршсан Хатагтай Дэллоуэй (1925) болон Гэрэлт цамхаг тийш (1927) өгүүллэгээрээ анх нэрд гарчээ. Гэвч өнөөгийн өнцгөөс харахад Өөрийн гэсэн өрөө (1929) хэмээх эсээ нь уншигчдад хүрсэн үр нөлөөгөөрөө эдгээр зохиолуудыг даван гарсан гэлтэй. Энэ эсээ нь феминизм, эмэгтэйчүүдийн эрхийн хөдөлгөөний тухай гол чухал бүтээлд тооцогддог бөгөөд 2016 онд монгол хэлээр анх хөрвүүлэгдэн уншигчдын хүртээл болсон юм.
No. 11: Элис Манро– Сайн бүсгүйн хайр
1931 онд Канадын Онтариа мужийн нэгэн жижиг хотын ажилчин гэр бүлд төрсөн Элис Манро бол өнөө цаг үед зохиол бүтээлээ туурвиж буй Канад зохиолчдын хамгийн гол төлөөлөгч юм. “Контемпорари богино өгүүллэгийн гарамгай мастер” [D1] гэх үндэслэлээр Манро 2013 онд Нобелийн утга зохиолын шагнал хүртжээ. Тэрээр тэртээх 1950 онд утга зохиолын ертөнцөд хөл тавсан боловч Жаргалтай сүүдрүүдийн бүжиг хэмээх анхны өгүүллэгийн түүврээ 1968 онд хэвлүүлсэн юм. Тэр цагаас хойш түүний урын санд өгүүллэгийн бие даасан 13 түүвэр нэмэгдэж, шилмэл бүтээлийн болон шинэ эмхэтгэл ч олон янзаар гарчээ. Сайн бүсгүйн хайр хэмээх энэ бүтээл анх 1996 онд The New Yorker сэтгүүлд хэвлэгдэж, хоёр жилийн дараа бие даасан ном болон хэвлэгдсэн. Энэ зохиолыг Элис Манрогийн бүтээлүүдээс хамгийн ээдрээтэй нууцлаг бөгөөд тун ч олон янзын өнцгөөр тайлбарлаж болохуйц зохиолын нэг гэж үздэг аж. Түүнийг зөвхөн богино өгүүллэг төдийгүй хүүрнэл зохиолын өөр, томхон төрлөөр ч гарамгай бичих чадвартайг батлан харуулдаг.

No. 15: Надин Гордимер– Зургаан тохой газар
Надин Гордимер 1923 онд Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын Трансвааль мужид, Иоханнесбургээс холгүйхэн орших Спрингс хэмээх уурхайчдын бяцхан хотноо цагаач еврей айлын гэр бүлд мэндэлжээ. 15 настайдаа нэгэн сонинд анхны өгүүллэгээ нийтлүүлсэн гэдэг. 1949 онд анхны өгүүллэгийн түүвэр, дөрвөн жилийн дараа анхны романаа хэвлүүлэв. Тэрээр 1975 онд Байгаль хамгаалагч хэмээх романаараа нэр хүндтэй Бүүкэрийн шагналыг хүртсэнээр олон улсад алдаршжээ. Улмаар 1991 онд "of very great benefit to humanity" гэх үндэслэлээр Нобелийн утга зохиолын шагнал хүртэв. Нийт 15 роман, өгүүллэгийн 16 түүвэр, нэг жүжгийн зохиол, олон арван эсээ, улс төрийн нийтлэл туурвисан Надин Гордимер бол Өмнөд Африкийн хамгийн гол зохиолчдын нэг яах аргагүй мөн юм. Зургаан тохой газар хэмээх энэ өгүүллэгийн түүврийг нь 1982 онд Penguin хэвлэлийн газар эрхлэн гаргасан билээ. Энэ түүвэрт Н.Гордимерийг нийгэм, улс төрийн асуудлыг хөндсөн зохиол туурвидаг Африкийн утга зохиолын хамгийн том төлөөлөгч гэдгийг тод томруун харуулах шилдэг өгүүллэгүүд нь багтсан юм.
No. 23: Кэтрин Мэнсфилд- Гадаа үдэшлэг ба бусад өгүүллэгүүд
1888 оны 10 дугаар сарын 14-нд Шинэ Зеландын Вэллингтон хотноо төрсөн Кэтрин Мэнсфилд бол XX зууны эхэн хагас үеийн англи хэлтний уран зохиолд Виржиниа Вульфийн зэрэгцээ тодорсон хамгийн нөлөө бүхий эмэгтэй зохиолч юм. 34-хөн насалсан богинохон амьдралдаа тэрээр зуу гаруй өгүүллэг бичиж үлдээсэн нь өдгөө модернист урсгалын сонгодог бүтээлүүдийн тоонд маргаангүй орж, эрс тэс ялгаатай олон зохиолчдод нөлөөлсөн нөлөөллийн зах зухаас дурдвал Скотт Ф.Фицжеральд, Т.С.Элиот, Симон дө Бовуар нарыг нэрлэж болно. Уламжлалаас тэс ондоо бөгөөд нэн сонирхолтой өгүүллэгүүдээрээ Мэнсфилд Английн уран зохиолд шинэ урсгалыг үндэслэсэн юм. Мэнсфилдийг сүрьеэ өвчнөөр цэл залуугаараа нас нөгчихөд түүнтэй найз нөхөд явсан Виржиниа Вульф өдрийн тэмдэглэлдээ “Түүний бичих чадварт би атаархдаг. Миний атаархаж үзсэн цорын ганц зохиолч”[D2] хэмээн бичсэн байдаг. Гадаа үдэшлэг хэмээх энэ түүвэрт Мэнсфилдийн хамгийн их алдартай, шилдэг өгүүллэгүүд багтсан тул модернизмын энэ том төлөөлөгчийн зохиол бүтээлийн тухай тун бодитой төсөөллийг өгөх болно.
No. 29: Жумпа Лахири: Эмгэг зовуурийн хэлмэрч
Жумпа Лахири бол АНУ-д орчин үеийн уран зохиолд ул мөрөө тод үлдээж яваа эмэгтэй зохиолчдын нэг юм. Тэрээр 1967 оны 7 дугаар сарын 11-нд энэтхэг-бенгал гаралтай айлын охин болж төрсөн бөгөөд түүнийг хоёр настай байхад нь гэр бүлээрээ АНУ-ын Рөүд Айланд мужийн Кингстон хэмээх жижиг хот руу нүүжээ. Түүний эцэг Рөүд Айландын их сургуульд номын санчаар ажиллах болж, Жумпа ч хүүхэд ахуй болон өсвөр насаа тэнд өнгөрүүлжээ. Түүний анхны бүтээл Эмгэг зовуурийн хэлмэрч нь 1999 онд хэвлэгдсэн даруйдаа олон шагнал, тэр дундаа 2000 онд Пулитцерийн шагналыг авчирч, олон улсын бэстсэллэр болсон юм. Энэхүү түүвэрт хоёр өөр ертөнцийн дундах амьдрал, цагаачлал, соёлын ялгааны тухай сэтгэлийн утсыг хөндөм хүүрнэн өгүүлсэн есөн өгүүллэг багтана. Зохиолч өөрийнхөө үзэж туулсан амьдралаасаа санаа сэдэл авч, шингээн бичсэн нь олон өгүүллэгээс мэдрэгддэг. Анхны энэ түүврээсээ хойш Лахири өгүүллэгийн нэг түүвэр, хоёр роман, эсээний хэд хэдэн түүвэр болон итали хэлнээс орчуулгын хоёр бүтээл олны хүртээл болгожээ. Энэ бүхний дүнд тэрээр өдгөө орчин цагийн уран зохиолын ертөнцөд ялгаран товойсон шилдэг эмэгтэй зохиолчдын нэгд хэдийнээ тооцогдох болсон билээ.
СЭТГЭГДЭЛ