Жорж Р.Р. Мартины домогт Гал мөсний дуун цувралын 5-р боть болох “Луут бүжиг” ном Монгол хэлээр орчуулагдан, Интерном номын дэлгүүрт худалдаалж эхэлсэнтэй холбогдуулаад энэхүү номын товч анализ бичихээр шийдлээ.

Луут бүжгийн үйл явдал нь 4-р боть болох “Хэрээний найр”-тай зэрэг өрнөдөг бөгөөд Хэрээний найр дээр гараагүй гол дүрүүд болох Daenerys Targaryen, Jon Snow болон Tyrion Lannister-т тулгарах үйл явдлууд нь энэ номын үндсэн өрнөл юм. Энэхүү ботийн хугацаанд гол гурван дүр маань ямар хүн болох ёстой юм бэ гэсэн асуултанд хариулахын тулд мөн чанар болон сэтгэл зүйн сөргөлдөөнийг туулдаг билээ. 

Шинэхэн Lord Commander болсон Jon Snow нь удирдагчын үүргээ гүйцэтгэхдээ өөрийнхөө дотоод сайн сэтгэлд автагдаж хүн болгонд туслахыг хичээх үү, эсвэл олон нийтийн сонирхлыг урдаа тавьж, дотор буй хүнлэг сэтгэлээ нуун дарагдуулах уу гэсэн энэ хоёр бодлын хооронд хэлбэлзэх атал далайн цаана эзэгнэн суух Daenerys Targaryen нь газар нутгийг эзлэх шиг амархан зүйл үгүй, ард түмнийг захирах шиг хэцүү зүйл үгүйг ухаарсны үндсэн дээр нигүүлсэнгүй удирдагч байх уу, хэрцгий дарангуйлагч байх уу гэсэн асуултанд хариулахаар зэхнэ. Энэ хооронд Долоон Хаант Улсаас зугтаж буй Tyrion Lannister нь аялалынхаа турш урьд байснаасаа илүү хэрцгий, хорон санаатай, үзэн ядалтандаа идэгдсэн хүн болж хувирах аж. Гэр бүлээ хамгаалахын төлөө улс төрийн тавцан дээр хичээнгүйлэн зүтгэдэг байсан Tyrion маань амьдралынхаа утга учрыг алдаж, сэтгэл гутралд нэрвэгдсэн тулдаа юуны төлөө үргэлжлүүлэн амьдрах ёстой юм бэ гэсэн зорилго хайж буй талаар харуулдаг. Энэ гурваас гадна Cersei, Theon, Melisandre, Bran, Arya, Jaime, Barristan гэсэн дүрүүдийн өнцгөөс үйл явдлыг харуулсан байдаг бөгөөд Quentyn Martell, Victarion Greyjoy, Kevan Lannister гэх мэтийн урьд өмнө нь төдийлөн гарч байгаагүй дүрүүд нь боть үргэлжлэх тусам илүү ач холбогдолтой болж ирдэг билээ.

Миний хувьд "Луут бүжиг" номын хамгийн таалагдсан зүйл гэвээс Гал мөсний дуун хэмээх энэхүү зохиолын хамрах хүрээг илүү өргөнөөр тэлж өгсөнд байдаг. Урьд номон дээр гарсан Старк, Ланнистер, Таргариен, Барафеоны гэр бүлүүдээс гадна Грейжой, Мартелл, Болтон хэмээх гэр бүлүүд Вестеросын улс төрд илүү том байр суурь эзлэн, тив хамарсан улс төрийн сөргөлдөөн хэмээх ойлголт нь хэр гүнзгий бодлоготой, хэр өргөн хүрээтэйгээс гадна хэр сонирхолтойг харуулсанд сайшаалтай байна. Луут бүжгийн бас нэгэн сонирхолтой зүйл гэвээс Хаан Ширээний Тоглоом цуврал дээр маань огт гараагүй тоотой хэдэн гэнэтийн бэлэг буюу твистүүд байдаг билээ. Цувралаа шимтэн үздэг бид ямар ихээр спойлер сонсох дургүйг мэдэж байгаа учраас миний бие энэхүү твистүүдээс дурдахгүй байх болно оо.

Эцсийн эцэст энэ номын гол утга санаа нь “Хүмүүс нь эргэн буцашгүй өөрчлөлтөд хэрхэн дасан зохицож байна вэ?” хэмээх асуултад оршдог гэж үзэж байна. Вестерос тивийн нөхцөл байдлыг оронгоор нь эргүүлсэн Таван хааны дайн аль хэдийнээ өндөрлөсөн билээ. Дайны үр дүнд хүний амь маш их хэмжээгээр үрэгдэж, олон тооны дүрүүд өөд болон, амьд үлдсэн хэд маань хэзээ ч урьдын амьдралдаа буцан очих боломжгүй болсон. Ийм нөхцөлтэй яаж эвлэрч, яаж дасан зохицож байгаа нь энэ номын гол санаа юм болов уу хэмээн өөртөө бодлоо. 

Та бүгд Луут бүжиг номыг шимтэн уншина гэдэгт итгэл өндөртэй байна. Гал мөсний дуун цувралын эхний гурван боть нь шатрын тоглоомтой адилхан юм. Шатраа тоглож дууссан хэд нь ширээгээ орхин одсоны дараа шинээр тоглох хүсэлтэй хүмүүс шатрын хөлгөө нэг нэгээр нь өрж сууж байгаа тэр зураглал нь Хэрээний найр болон ялангуяа Луут бүжиг номыг илэрхийлэх билээ.

Тэмдэглэл бичсэн: Б.Идэрсайхан 

СЭТГЭГДЭЛ

Your email address will not be published. Required fields are marked *

/