Өрнийг даган дуурайх, дараа нь ер өөрийн онцлоггүй гэж буруутгагдах. Европчууд шиг сэтгэж сурахаар хичээх, дараа нь энэ дуурайх хүсэл эрмэлзэлдээ гэмших. Ийм л хоёрдмол чанар турк хүмүүсийн ихэнхэд бий. Орхан Памук
Турк улс. 1982 он.
Орхан Памукын “Чимээгүй байшин” романы гол дүрүүдийн нэг, түүхч Фарук Дарвыноглу Гэбзэ хотын хуучин архивт юу ч юм эрж хайн, ухаж төнхөж явтал нүдэнд нь нэгэн ном өртөх нь тэрээ. Элдэв хуучин ном, тоосонд дарагдсан бичиг цаас дундаас хөвөө ирмэгээр нь жижигхээн толгойтой хүмүүс зурсан хөх бидэр хээтэй гоёмсог хавтастай нэгэн ном түүнийг урин дуудах ажээ. Хуудас нэг бүрийг нь хичээнгүйлэн гараар бичсэн, хуучны түүхтэй холбоотой хачин сонин явдлаар дүүрэн тэр ном сэтгэлийг нь гойд эзэмдэнэ. Дэлгэн уншаад хачин их таалагдсан учир тэр номыг дэлсэж орхижээ.
Ахин дахин уншсаны эцэст Фарук зохиогчийг нь олохоор шийдэж. Оньс түлхүүрийг нь олж тайлахыг хичээж. Сэжүүр болгоных нь араас сэтгэл тавин нэхэж. Италийн их сургуулиуд руу ил захидал хүртэл илгээж. Сүүлдээ бүр оршуулгын газруудаар сүнс сүүдэр шиг хэсүүчлэн булшны чулуун дээрээс ч болтугай зохиогчийн нэрийг олох гэж оролдож. Эцэст нь энэ бүх эрэл хайгуулаа зогсоогоод мөнөөх гар бичмэлийг өөриймшүүлэн ахин бичиж: бичихдээ утга агуулгыг нь улам бүр баяжуулан, өнөөгийн түүхтэй илүү ойртуулах гэж өөр шинэ зүйлсийг ч нэмжээ. Ингэж л та бидний ярилцах гэж буй “Цагаан цайз” роман “Чимээгүй байшин” романы түүхч Фарук Дарвыноглугийн гараар бичигдсэн хэрэг. Тодруулан хэлбэл Фарукын архиваас туучихсан “Хөнжил оёгчийн хүү” нэртэй хөх бидэр хээтэй ном бол өдий төдий далд утга, өч төчнөөн ёж санаагаар дүүрэн “Цагаан цайз” роман билээ.
Османы эзэнт гүрэн. XVII зуун.
Орхан Памук уг романдаа IV Мэхмэт султаны үеийн, 1642-1693 оны түүхийн зарим нэг үйл явдал, бодит дүрүүдийг багтаасан ч романаа ном доторх ном маягаар зохиомжилж, эхлэл төгсгөлийг нь өмнөх зохиолынхоо дүрээр (Фарук Дарвыноглу. “Чимээгүй байшин” 1983.) бичүүлсэн нь түүхэн романы өнгө аясыг өөрөөсөө аль болох холдуулж, үнэн түүхэнд баригдахгүй хэмээн гөжсөнийх болов уу.
Цагаан цайз. “Цагаан” хэмээх энэ үг Памукт онцгой ач холбогдолтой үг байх шүү. Учир нь тэрээр “ЦАГААН цайз” романыхаа дараа өөрийн мастерпис бүтээл “ХАР ном”-оо, түүний дараа бас нэгэн шедевр “Миний нэр УЛААН” номоо хэвлүүлсэн байдаг. ЦАГААН, ХАР, УЛААН.
Памукын бодож олсон өнгөний трилоги, өвөрмөц гайхалтай санаа... Эдгээр номуудын үйл явдал бүгд эртний Константинопольд, эсвэл одоогийн Истанбул хотод өрнөнө. Энэ гурван романдаа тэрээр ард түмнийхээ зовлон жаргалыг хамгийн тодоор дүрслэн бичсэн билээ. Өөр олон зүйлээр ижилсэн солонгордог ч энэ бүхнийг үл нуршин гол зүйлдээ орцгооё.
Сайн зохиолын эхлэл үлгэр шиг хүүхдэрхүү байх учиртай. Дунд хэсэг нь аймшигтай, төгсгөл нь хагацаж дууссан хайрын түүх шиг өрөвдөм байвал зохино. Орхан Памук
Венецээс Неаполийг зорин явж байсан усан онгоц Туркийн усан флоттой халз тулан олзлогдож, нэгэн Венеци иргэн Истанбул хотод боолын дүрээр ирэн улмаар гянданд хоригдоно. Венецид шинжлэх ухаан, урлагт суралцсан энэ хүн одон орон, математик, уран зургийн тодорхой хэмжээний мэдлэгтэй. Бүгдээс ухаантай, хосгүй авьяастайдаа итгэдэг, биеэ тоосон ердийн л нэг залуу билээ. Энэ залуу гянданд амьд үлдэх арга саам болгоныг алдахгүйг хичээсээр өөртэй нь зүс царайгаараа усны дусал мэт адилхан, одон орон, физик, алхимийн ухаанд сонирхолтой нэгэн турк эрийн боол болон очно. Товчхондоо “Цагаан цайз” бол өөр шашин шүтлэг, соёл иргэншилтэй ч өөр хоорондоо ялгагдах юмгүй хоёр эрийн тухай түүх юм.
Би Өрнө, Дорно хоёрын төстэй хийгээд ялгаатай талыг харахын зэрэгцээ үндэстний, хувь хүний чухам хэн болохыг халхалсан хуурмаг төрхийг тодруулж, хоёр соёлын харилцан ашигтай байдлыг онцолсон. Гэхдээ хүн төрөлхтнийг, соёлыг нь өөр хооронд нь ялгах гэж гаргасан Өрнө-Дорно хэмээх ангилал бодит байдалд нийцэж байгаа эсэх нь “Цагаан цайз”-ын сэдэв биш. Орхан Памук
Турк соён гэгээрүүлэгч эр итали боолын хамт физикийн ухаан, одон орон, алхими гээд өөрсдийнхөө олж авсан өрнө дорнын мэдлэгээ нэгтгэн ихэс дээдсийн таалалд нийцэх элдэв зүйлийг бүтээнэ. Эхэндээ өрнө дорнын соёл, мэдлэг, үнэт зүйл өөр болохыг ойлгож эцэстээ бие биенээ таних гэж оролдов. Толины тусгал мэт ижилхэн хоёр эр нэг нэгнээ таних тусам өөр хоорондоо нүдээ сольсон мэт бүх зүйлийг өөрөөр харж эхлэх нь тэр: Турк эр өөрийгөө, шашинтай холбоотой сул талаа, ард түмнийхээ бүдүүлэг харанхуй байр байдлыг өрнийн хүний нүдээр анх удаа харжээ. Хүн өөрийгөө үнэн мөнөөр нь таних, итгэж үнэмшиж ирсэн зүйлсдээ эрүүл саруулаар эргэлзэх, үнэт зүйл нь өөр нэгний хувьд өчүүхэн дорой болохыг хүлээн зөвшөөрнө гэдэг үнэхээр хэцүү ажээ.
Тэд мулгуу учраас дээр нь байгаа оддыг харж бодлогоширдоггүй;
тэд мулгуу учраас ямар нэг юм сурахаасаа өмнө юунд хэрэгтэйг нь лавладаг;
тэд мулгуу учраас нарийн ширийнийг биш ерөнхий санааг л сонирхдог;
тэд мулгуу учраас өөр хоорондоо төстэй...
Мулгуу амьтад оддыг тоож үздэггүй шиг, одод ч мулгуу амьтдыг
хялайж хардаггүй. /Цагаан цайз. х75, 86/
Турк эр харанхуй бүдүүлэг ард түмнээ соён гэгээрүүлэхсэн, ядахнаа ихэс дээдсийнхээ толгойд ч болтугай эрдэм мэдлэгийн үрийг суулгахсан хэмээн хүсэх болов.
Удалгүй тахал дэгдэхэд энэ бүх мухар сүсэг, сохор итгэл ямар арчаагүй дорой, яасан бүдүүлэг ичгэвтэр зүйл болохыг уншигч илүү тодоор мэдрэх болно. Гэтэл бас эрдэм мэдлэгийн шимийг хүртэн боловсорч, аливааг эрүүлээр харж саруулаар бодож сэтгэдэг нэг хүн эмх цэгц, эрэмбэ дараатайгаар бодож тунгааж гэмээ нь хүн ардаа хамгаалж, хот улсынхаа ирээдүйг өөрчлөн тохинуулж болдог гэдгийг ч харах болно.
Амьдрал бол хүлээлт биш, харин амтыг нь хүртэх учиртай зүйл. Цагаан цайз.
Тэд одоо хуучных шигээ байхаа больжээ. Итали эр одоо нутгаа санан мөрөөдөгч боол биш, элдэв наадам цэнгээн хэссээр ичгүүрээ гээсэн; яг л амьдралдаа, өөрсөддөө сэтгэл хангалуун байдаг өнөөх мулгуу амьтад шигээ харц нь амар амгалан болжээ.
Харин турк эр одоо ард түмэндээ ертөнцийг өрнө зүгээс харуулж, шинжлэх ухаанаар байлдан дагуулна гэж зүтгэхээ больж ард түмэн, улс орныхоо ирээдүйд итгэх хүсэл итгэлийн гал нь ч бөхжээ. Ердөө л Истанбулыг Венец болсноор төсөөлөн, ард олноо чухам тэндхийн хүмүүс шиг болсноор мөрөөднө. Хожа өрнийн соёл, шинжлэх ухааныг даган дуурайхыг хүсэж байсан бол хаад ноёд нь европыг хүчээр байлдан дагуулах аян дайнд мордов. Харин ихэр ах дүүс мэт ижилхэн дүр төрхтэй хоёр эр хэнийг ч өмнөө сөхрүүлэх хүчирхэг зэвсэг зохион бүтээх даалгавар авчээ.
Цагаан арьстнуудыг эзлэн түрэмгийлж өрнө зүг нэвтрэн урагшилсаар их цэрэг нэгэн ихэр цайзад тулан иржээ. Ихэр цайз. Цагаан цайз. Өндөрлөгт сүндэрлэх цайз. Үл эзлэгдэх цайз. Хүрч чадахгүй зүйлээ хүн зүүдэндээ харах мэт хөшиглөн зэрэглээтэх цайз. Өөр хүмүүсийн, өрнийн хүмүүсийн арьсны өнгө мэт цагаан цайз. Турк эрийн адилхан болох гэж хичээдэг хэрнээ дуурайж байгаагаасаа ичдэг хүмүүсийн цайз. Энэ цайзыг яаж ч хичээгээд эзэлж чадсангүй ээ.
Ингэхэд ялагдал, сүйрэл гэж чухам юуг хэлэх вэ? Эзэнт гүрэн эзлэн авсан, өөрийн мэдлийн улс орон, газар нутгаа нэг нэгээр нь алдахыг хэлэх үү? Аль эсвэл сүйрэл гэдэг нь ард иргэд нь итгэл үнэмшил, үнэт зүйлээ гээж өөрчлөгдөн хувирахыг хэлэх үү? Магадгүй энэ л турк зохиолчийн үгээр зүйж дэлгэн тавьсан хэн ч хариулахгүй асуулт бизээ.
Ингээд дууслаа. Эцэст нь хэлэхэд тэр ард түмнээ хайрласан юм шүү. Өрөвдөн хайрласан, зовнин хайрласан, авч биш өгч хайрласан:
Өөрийн аргагүйдсэн, хөөрхийлөлтэй дүрээ зүүдлээд өрөвдөн хайрлах шиг; энэ дүрийн ичих сэтгэл, уур хилэн, гэм нүгэл, уйтгар гунигт боомилогдох шиг; гунигласаар амь тавих зэрлэг амьтныг хараад ичиж зовох шиг; хүүгийнхээ ичгүүргүй занд уурлах шиг; өөрийгөө мунхгаар зэвүүцэн, баясан таних шиг би түүнийг хайрладаг байсан. Гэхдээ магадгүй хамгаас илүүтэйгээр: гар хөлөө шавж хорхой шиг дэмий савчиж сурсан шигээ; өрөвдмөөр биеэс минь гарах чийгийн өвөрмөц үнэрээ, ядруу үсээ, муухай амаа, үзэг барих ягаан гараа таньдаг шигээ хайрладаг байсан биз. /Цагаан цайз. х240/
СЭТГЭГДЭЛ