АНУ-ын тэргүүн хатагтай асан Мишель Обамагийн намтар, дөнгөж худалдаанд гараад буй “Becoming” ном энэ оны хамгийн өндөр борлуулалттай ном болжээ. Арваннэгдүгээр сарын 13 буюу өнгөрсөн мягмар гарагт худалдаанд гарсан энэхүү ном Америк, Канад улсуудад ганцхан өдрийн дотор 725,000 гаруй хувь зарагдсан байна. Түүнчлэн гарсан долоо хоногийнхоо турш бэстселлерийн жагсаалтыг тэргүүлж байгаа аж. “Becoming”-ийг эрхлэн гаргаж буй, дэлхийн хамгийн том хэвлэлийн газар Penguin Random House-ын 2018 онд нэг өдрийн дотор хамгийн олон тоогоор зарагдсан ном болоод байгаа ажээ.
Мөн Barnes & Noble номын дэлгүүр тус номын талаар, 2018 онд гарсан бүтээлүүд дотроос худалдаанд гарсан долоо хоногтоо хамгийн өндөр борлуулагдсан ном, өнгөрсөн гурван жилийн хугацаанд шинээр гарсан номуудаас эхний долоо хоногтоо хамгийн олон хувиар зарагдсан номоор шалгарсан хэмээн зарлаад байна. Хэдийгээр тус номын дэлгүүр тодорхой тоо өгөөгүй боловч “Becoming” номын эхний долоо хоногийн борлуулалт Боб Вүүдвардын “Айдас: Трамп Цагаан Ордонд” номын 1.1 сая хувь зарагдсан дээд амжилтыг эвдсэн тухай мэдээлсэн юм.
“Becoming” анхны хэвлэлтээрээ нийт 1.8 сая ширхэг хатуу хавтастай хэвлэгдсэн хэдий ч Penguin Random House дахин 800,000 хувь нэмэн нийт 2.6 сая хувь гаргахаар зэхэж байгаа аж. Номыг цахим болон биет хэлбэрээр авах боломжтой төдийгүй дэлхий даяар 31 хэлээр орчуулагдаж байгаагаас испани хэлээрх орчуулга нь мөн энэ өдрүүдэд хэвлэгдэн гарсан байна.
“Бид энэ номыг хамгийн их шуугиан тарьсан номуудын нэг болно гэж мэдэж байсан. Харин одоо 2018 оны эхний долоо хоногтоо хамгийн олон хувь зарагдсан ном, Barnes & Noble-ийн түүхэн дэх хамгийн хурдан зарагдсан номуудын нэгээр тодроод байна” гэж Barnes & Noble номын дэлгүүрийн худалдааны ахлах мэргэжилтэн Лиз Харвелл мэдэгдэлдээ дурдаж байлаа.
Ташрамд сонирхуулахад, Боб Вүүдвардын дээр дурдсан ном 2018 оны эхний долоо хоногийн борлуулалтаараа хоёрт жагсаж байгаа бөгөөд гуравт Жеймс Корнигийн “A Higher Loyalty: Truth, Lies, and Leadership” ном орж байгаа билээ.
Өөрөөр хэлбэл 2018 оныг улс төрийн баримтат зохиолууд эзэгнэж байгаа гэж хэлэхэд болохоор байна. Үүнийг уран зохиолын номын борлуулалт буурч буйгаас гадна (Америкийн Хэвлэн Нийтлэгчдийн Холбооноос гаргасан мэдээллийн дагуу 2013-2017 оны хооронд 16%-иар буурсан) улс төрийн нөхцөл байдалтай холбон тайлбарлаж болох юм. Харин Мишель Обамагийн “Becoming” ном улс төрийн холбогдолтой бүтээлүүдийг сонирхогчид одоо ажиллаж байгаа Засгийн газар, улс төрчдөөр хязгаарлагдахгүй болохыг баталж байна.
Эх сурвалж: Forbes.com
СЭТГЭГДЭЛ