Зохиолч Жефф Киннигийн “Дүрсгүй жаалын өдрийн тэмдэглэл” цувралын XIII дэвтэр “The Meltdown” хэвлэгдэн гарсан тухай Guardian сайтад мэдээлжээ. Түүнчлэн, зохиолчийн зүгээс хүүхдийг хэрхэн номд дуртай болгох талаар өөрийн туршлагаасаа хуваалцсан байна.

Ном уншсанаар хүүхэд бусдыг ойлгох чадвартай болдог тул эцэг эхчүүд, багш нар хүүхдүүдэд таалагдсан юуг ч болов уншуулж байх хэрэгтэй гэж Жефф Кинни үздэг. Тиймээс ч ном унших дургүй уншигчидтай холбогдож, тэдний оронд өөрийгөө тавьж үзэхийг чухалчилдаг байна. “Дүрсгүй жаалын өдрийн тэмдэглэл” цуврал уншихдаа хойрго ханддаг хүүхдүүдийн анхаарлыг татаж чадсан тухайд тэрээр, “Бичсэн түүхээс маань хүүхдүүд ном унших ч бас хөгжилтэй байж болдог гэдгийг ойлгож аваасай гэж би хүсдэг” хэмээв.
Би хүүхдүүддээ та нарт ном авч өгөхөөс хэзээ ч татгалзахгүй гэж хэлдэг.
Ялангуяа унших дургүй хүүхдүүдэд аудио ном сонсгох юм уу, уншиж өгснөөр хүүхэд өөрөө бие дааж уншаад төдийлөн ойлгохооргүй зохиогчийн зорьсон санааг дууны өнгө, хэмнэлээр дамжуулан илэрхийлж болно. Хүүхэд эцэг эх, томчуудаар ном уншуулж байхдаа уншихын сайхныг илүүтэй мэдэрдэг.
Мөн түүнийхээр хойрго уншигчдыг номын зохиолчтой биечлэн уулзаж болох арга хэмжээнд дагуулан очих хэрэгтэй аж. “Ингэснээр тэд ном бичих үйл явц жинхэнэ гэдгийг ойлгоод зогсохгүй өөрсдөө ч бас түүх бичиж болно гэдгийг ухаарна.”
Киннигийн эцэг, эх багш мэргэжилтэй байсан бөгөөд хүүхэд байхаас нь ээж нь түүнд хамгаас илүүтэй нөлөөлжээ. Тэр өнөөгийн боловсролын жишгийн талаар “Багш нарт, сургуулиудад тайлан тооцоо чухал байдгийг ойлгож байна л даа. Гэвч тэд шалгалт, хяналтын ажилд хэтэрхий төвлөрөхийн оронд илүү бүтээлч зүйлсийг хийж байгаасай гэж би хүсдэг. Сурагч байхад надад лав урлагийн хичээл сургуулийн маань хамгийн чухал хэсэг гэж санагддаг байсан. Олонх хүүхдүүдийн хувьд урлагийн болон хөгжмийн хичээл аврал болсон гэж хэлж болно. Урлагийн хичээл ордоггүй сургууль бол сурагчдынхаа хэрэгцээнд нийцэж чадахгүй байгаа хэрэг” гэлээ.
Киннигийн “Дүрсгүй жаалын өдрийн тэмдэглэл” цувралын XIII дэвтэр “The Meltdown” 10 дугаар сарын 30-ны өдөр хэвлэгдэн гарсан ба гол дүр Грег Хэффлигийн хөгжилтэй адал явдлыг үргэлжлүүлэн өгүүлэх ажээ. “Грег бол өөрийн нөөц бололцоогоо бүрэн ашигладаггүй хүүхэд. Тэр ухаалаг боловч бага зэрэг залхуу, түүний адил олон хүүхэд байдаг шүү дээ” гэж Кинни хэлсэн юм.
Зохиолч өмнө нь сонин хэвлэлд шог зураг зурдаг байсан тул өөрийн зохиолуудаа хөгжилтэй зургуудаар тодотгодог онцлогтой. Сурагч байхдаа тэрээр номын бичвэрүүдийг зурагт буулгаж чаддаг бол мөн догь оо гэж боддог байжээ. Зохиолын санааг илэрхийлэх зураг гэдэг бол шагнал, басхүү амралттай л адил зүйл. Тиймээс ч тэр уншигчид өөрийнх нь ном дахь бяцхан шагналуудад урамшиж, цааш унших хүсэл нь улам бүр бадраасай гэж хүсдэг. “Зурагт ном нь унших дадлыг маш сайн хөгжүүлдэг. Хүүхдүүдийн хувьд ногоо идсэний хариуд чихрээр шагнуулахтай л адил, сайхан зургуудтай өнгө алагласан ном нь уншихын хөгжилтэй тал хийгээд номын сайхныг мэдрүүлэх болно. Харин унших дуртай болсных нь дараа зураггүй ном санал болгож болно шүү дээ. Ихэнх хүүхдүүд зураггүй номыг эргүүлж тойруулж харснаа ‘магадгүй би унших дургүй бололтой’ гэж боддог шүү дээ” хэмээн зохиогч хэлэв.
National Literacy Trust-аас явуулсан судалгаагаар номонд дуртай хүүхдийн унших чадвар 14 нас хүрэх үедээ ижил насны унших дургүй хүүхдүүдээс 3.3 жилээр түрүүлж явдгийг тогтоожээ. Мөн судалгаагаар дундаас дээш түвшний унших чадвартай хүүхдүүд насандаа тохирсон унших чадварт суралцаагүй хүүхдүүдээс оюуны чадамжийн хувьд даруй гурав дахин илүү байгаа нь батлагдсан байна.
Киннигийнхээр, ном унших нь амьдралыг өөр өнцгөөс харах боломж олгож, бусдын оронд өөрийгөө тавьж үзэхэд сургадаг. “Тиймээс ч бусдыг ойлгон үзэх байдал ховордсон энэ цаг үед хүүхдүүдийг унших дуртай болгох нь миний үүрэг гэж боддог” хэмээв.
“Дүрсгүй жаалын өдрийн тэмдэглэл” дэлхий даяар 200 сая хувь борлогдож, уг зохиолоос сэдэвлэсэн дөрвөн ч кино бүтээгдсэн амжилтаараа хүүхдүүд юу унших дуртайг тодорхой харуулсан билээ.
Хүүхдэд зориулсан бүтээлдээ зохиолч тэдний нөхцөл байдал болон сэтгэл мэдрэмжийг нь тодорхой өгүүлж, хүүхдэд ганцаараа биш гэдгийг нь мэдрүүлж чаддагаараа олон уншигчаас талархал хүлээсэн юм. Киннэйн өөр нэг туршлагаас хуваалцахад, тэрээр 8-12 насны уншигчдын бие даасан байдлыг дутуу үнэлэхгүйг, түүнчлэн ямар зан ааш гаргах талаар нь зааж сургахгүйг хичээдэг байна. “Хүүхэд ч бас егөөдлийг ойлгож чадна” гэж зохиолч үзнэ. Тэрээр түүхүүдээ албаар бүтэл муутай байдлаар бичдэг бөгөөд “Хүүхдүүд өөрсдөөсөө бага зэрэг ‘тиймхэн’ байгаа хүмүүсийн талаар унших дуртай. Энэ нь тэдэнд яг л өөрсдийнх нь тухай яриад байгаа юм шиг мэдрэмж төрүүлдэг юм” гэжээ.
Дашрамд дурдахад “Дүрсгүй жаалын өдрийн тэмдэглэл” цувралыг эрхлэн гаргадаг "Цэнхэр гүзээлзгэнэ" хэвлэлийн газраас 9, 10 дугаар дэвтрийг удахгүй гаргах гэж байгааг дуулгахад таатай байна.
СЭТГЭГДЭЛ