Арьсны өнгөөр ялгаварлах үзэл, шүүхийн шударга бус тогтолцоог шүүмжилсэн төлөвшлийн роман болох “Гургалдайг хөнөөхүй” улс даяар явуулсан судалгааны үр дүнд америкчуудын хамгийн дуртай романаар шалгарчээ.

Америкийн Олон нийтийн телевизийн “PBS” сувгийн “Америкчуудын хамгийн дуртай ном” судалгааны үр дүн 2018 оны аравдугаар сарын 23-ны мягмар гарагт тодорхой болсон аж. Харпер Лийгийн 1960 онд бичсэн “Гургалдайг хөнөөхүй” роман, шидтэнүүдийн тухай Ж.К.Роулингийн “Харри Поттер”, цаг хугацааны аяллын тухай Диана Габалдоны “Харийн хүн”, Ж.Р.Р.Толкины “Бөгжний эзэн”, Жейн Остины “Бахархал ба бардамнал” романуудыг ардаа орхиж уг жагсаалтыг тэргүүлсэн байна. 

Зургаан сарын туршид дөрвөн сая хүний саналыг асуусан уг судалгааны үр дүнд уншигчдын хамгийн дуртай зуун номын нэр тодорчээ.

Уг судалгаа бүр анх эхлэхэд л “Гургалдайг хөнөөхүй” бусад өрсөлдөгчдөөсөө тасарч түрүүлсээр энэхүү өргөмжлөлийн эзэн болсон аж. Уг романаар Бродвейн жүжиг найруулж буй зохиолч Аарон Соркин шагнал гардуулах ёслолын үеэр “Номд өгүүлсэн зүрх шимшрэм шударга бус явдал одоо ч үргэлжилсэн хэвээр. Хамгийн гол нь энэ зохиол дахь ёс суртахуун, сайхан сэтгэл, хүн байхын учир утга биднийг яах аргагүй алмайруулж бишрүүлдэг” хэмээжээ.

“Guardian” сэтгүүлийн бүх цаг үеийн шилдэг зуун роман гэх мэт нэр хүндтэй жагсаалтуудад цаг ямагт багтдаг “Гургалдайг хөнөөхүй” роман дэлхий даяар 40 сая хувь борлогдсон төдийгүй улс орнуудын уран зохиолын хичээлийн хөтөлбөрт ордог бүтээл юм.

Уг зохиол 1930-аад онд АНУ-ын өмнөдөд амьдрах өмгөөлөгч Финч, түүний хүү охин хоёрт голлон төвлөрнө. Цагаан арьст эмэгтэйг хүчирхийлсэн хэмээн хилс буруутгагдаж буй хар арьст эрийг Финч өмгөөлнө. 

Энэ шүүх хурал, түүнтэй холбоотой өрнөх бусад үйл явдлуудаас Скаут охин амьдралын үнэн төрхийг харж, сайн мууг ялгаж сурна.

Англи, Америкийн зохиолчдын бүтээл давамгайлсан уг жагсаалтад Австралийн зохиолч Маркус Зусакийн “Номын хулгайч” 14 дүгээр байрт, Ф.Скотт Фицжеральдын “Агуу Гэтсби” 15 дугаар байрт, Жорж Орвеллийн “1984” роман 18 дугаар байрт, Ж.Д.Сэлинжерийн “Хөх тарианы талбайн харуул” дугаар байрт, Маргарет Этвүдийн “Шивэгчний өчил” дугаар байрт, Жорж Р.Р.Мартины “Хаан ширээний тоглоом” дугаар байрт, Фёдор Достоевскийн “Гэмт хэрэг ба ял шийтгэл” дугаар байрт тус тус жагсжээ.

Дашрамд дурдахад Харпер Лийгийн “Гургалдайг хөнөөхүй” романыг Монсудар хэвлэлийн газраас анх удаа албан ёсны эрхтэйгээр эрхлэн гаргаад байна.

Эх сурвалж: www.pbs.org


СЭТГЭГДЭЛ

Your email address will not be published. Required fields are marked *

/