“Та мэднэ дээ... би тийм удаан ‘шинэ маягийн’ (моодны) байхгүй биз. Тэд намайг мэдээд авчихна... Ямар ч ‘шинэ маягийн’ биш зүйлсэд... хүмүүст дуртайг минь мэдчихнэ. Би шатны гишгүүр дээр суух, хайтан цэцэг авчирдаг эмгэнтэй ярилцах, донсолсон жижиг вагоноор зугаалах, дулаан орой үдшийн цагаар цэцэрлэгт хөгжим тоглохыг сонсох, усан онгоцны ахмадтай ярилцах, үнэндээ хаа сайгүй хүн бүртэй ярилцах дуртай [...] Би амьдралд хайртай, бүр аймшигтай хайртай”[1] гэж Кэтрин Мэнсфилд 1921 оны арван нэгдүгээр сард англи зохиолч Уильям Герхардид (1895–1977) бичсэн захидалдаа дурдаж байснаас хойш бараг зуун жил өнгөрч, түүний уран бүтээл гуч орчим хэлнээ хөрвүүлэгдэн, сая сая уншигчийн хүртээл болоод байна.

Шинэ Зеландын энэ гайхалтай зохиолчийн шилмэл 12 өгүүллэг бүхий “Гадаа үдэшлэг” түүвэр Монсудар-Утга зохиол цувралын 23 дугаар ном болж хэвлэгдэн гарчээ. Банкны ажилтан чинээлэг гэр бүлээс гаралтай Мэнсфилд амьдралынхаа эхэн хагасыг Шинэ Зеландад, үлдсэн хагасыг Их Британид өнгөрүүлж, 1923 оны нэгдүгээр сарын есөнд Францын Фонтенбло хотноо ердөө 34 настайдаа хорвоог орхисон юм. 

Үдлэх зуурын амьдралдаа богино хүүрнэл зохиолоор дагнаж, нийтдээ 100 гаруй өгүүллэг (бараг гуравны нэг нь дуусаагүй) бичсэн энэ бүсгүйн бага насаа өнгөрүүлсэн, аялж очсон бүхий л улс орнууд, амьдралын орчнууд өгүүллэгүүдэд нь шууд тусгалаа олсон учир шүүмжлэгчид үүнийг чухалчилж үздэг.

Мэнсфилд, Веллингтоны баруун захын хөдөөх маягийн Карори дүүрэгт эгч дүү нартайгаа  хамгийн аз жаргалтай мөчүүдээ өнгөрүүлсэн нь хожим “Удиртгал” өгүүллэгээ бичих сэдлийг өгсөн төдийгүй эндхийн шинэ гэр, сургууль, орчин нь түүний хамгийн их уншигдсан “Хүүхэлдэйн байшин”, “Гадаа үдэшлэг” өгүүллэгүүдийнх нь суурь болжээ. Түүнчлэн Лондонд богем маягийн амьдралд хөл тавьж, олон хүнтэй замбараагүй гэмээр харилцаа үүсгэн, эцэст нь өөрөөсөө 11 насаар ах дууны багш Жорж Баудентэй гэрлээд хуримын оройгоо түүнээс зугтаж, төд удалгүй үр зулбасан амьдралын гунигт үедээ “Герман дэн буудалд” хэмээх егөөдөлт өгүүллэгийн түүврээ бичсэн юм.

 “Брилл авхай”, “Je ne parle pas français”, “Дэндүү их аз жаргал” зэрэг өгүүллэгүүдэд нь Европын орнуудын ялангуяа Францын уур амьсгал илт мэдрэгддэг. Чеховын тэмдэглэл, захидлуудыг англи хэлнээ хөрвүүлэхэд Орост төрсөн британи орчуулагч Самуил Соломонович Котелянскийтай (1880–1955) хамтарч ажилласан нь ч “À la mode гэрлэлт”, “Аяга цай” өгүүллэгүүдээ бичихэд нь нөлөөлсөн байж магад.

Одоо зохиолчийн намтрын тухай өгүүлэхээ азнаад, “Гадаа үдэшлэг” түүвэртээ оръё. Түүвэрт шилдгийн шилдэг 12 өгүүллэг багтжээ. Эмэгтэй хүний сэтгэлийн шаналал (“Брилл авхай”, “Паркер эхийн амьдрал”, “Кино”), гэр бүлийн амьдралын ээдрээ (“À la mode гэрлэлт”, “Режиналд Пикокийн нэг өдөр”, “Дэндүү их аз жаргал”), хүүхдийн гэмгүй сэтгэл (“Гадаа үдэшлэг”, “Хүүхэлдэйн байшин”) гэх Мэнсфилдийн үндсэн гурван сэдвийг голдуу хөндсөн өгүүллэгүүдийг түүвэрт бичигдсэн цаг хугацаагаар нь дараалуулсан аж.

Түүвэр модернист хэв маягтай бусад өгүүллэгээс өөр, сонгодог хэв маягтай “Мухлагийн хүүхэн” өгүүллэгээр эхэлнэ. Мэнсфилдийн хувийн амьдрал, уран бүтээлд хамгийн их нөлөөтэй эрчүүдийн нэг “Ритм” сэтгүүлийн эрхлэгч Жон Мидлтон Марри 1912 онд түүний сэтгүүлд хэвлүүлэхээр анх явуулсан өгүүллэгийг нь голж, илүү ноцтой, хүнд өгүүллэг бичихийг санал болгосноор “Мухлагийн хүүхэн” тус сэтгүүлд хэвлэгдсэн анхны өгүүллэг нь болжээ. Нууцлаг аллага, сэтгэцийн өвчний тухай өгүүлдэг “триллер” гэж хэлж болохуйц энэ бүтээлийг Марри “Ритм” сэтгүүлд хэвлүүлэхээр илгээсэн хамгийн сайн өгүүллэг хэмээн үнэлсэн нь бий. Кэтрин Мэнсфилдээр дагнан мэргэшсэн судлаач, шүүмжлэгч Силвиа Беркманы “Ер бусын ололт... нарийн бодсон үйл явдал... Ямар ч тал бариагүй хүүрнэл. Ямар нэг нэмэлт дүгнэлтгүйгээр үйл явдал өрнөж, дүрүүд ярьж хөдөлж, орчин бүрэлдэнэ”[2] хэмээн магтсан “Мухлагийн хүүхэн” өгүүллэг сайтар тунгаасан үйл явдал, гэнэтийн эргэлттэй төгсгөл, учир битүүлэг уур амьсгалтай.

Түүнчлэн Кэтрин Мэнсфилд зохиолын хүүрнэлийн орчныг үүсгэхэд өнгө, гэрэл, сүүдрийн дүрслэлийг маш сайн ашигладаг нь энэ өгүүллэгээс илт харагддаг. “Мухлагийн хүүхэн” өгүүллэгийн эхний “Бүхэл өдрийн турш нохой гаслам халуу шатлаа. Салхи газраар наалдан үлээж, өвст сондуулуудын хажуугаар шургалж, зам дагуу мөлхөлсөөр, наанги цагаан тоос шүүлтүүрээр шигшигдэж буй аятай нүүр өөд пургиж, яр гарах гээд загатнах хуурай арьсыг санагдуулна” (x.23) гэсэн хоёр өгүүлбэрээс л уншигчийн нүдэнд өгүүллэгийн үйл явдал өрнөх орчин шууд төсөөлөгдөнө.

Энэ өгүүллэгийн хувьд бусдаасаа ялгаатай нь, илүү сонгодог гэмээр хэв маягтай учир нарийн тайлал хэлэх, ухаж унших шаардлага төдий гарахгүй. Уншихад хавьгүй хөнгөн энэ бүтээлээр түүврээ эхэлсэн нь үнэхээр нүдээ олсон алхам болсон байж магад. Түүнийг нас барсны дараа Марри урьд ном болж хэвлэгдээгүй бүтээлүүдийг нь засаж эмхэтгэн хэвлүүлсэн 1924 оны “Хүүхдэрхүү зан ба бусад өгүүллэг” хэмээх түүвэрт нь уг өгүүллэг багтжээ.

Frederick Carl Frieseke, Lilies, 1911

Дараагийн гурван өгүүллэгийг 1920 онд хэвлэгдсэн “Дэндүү их аз жаргал ба бусад өгүүллэгүүд” түүврээс нь сонгожээ. Мэнсфилд энэ түүврээрээ зохиолчийн хувьд олноо хүлээн зөвшөөрөгдсөн юм. Мэнсфилд бүтээлдээ аливааг шууд өгүүлэхээс илүүтэй далд санаа, битүүлэг учиг дохио, бэлгэдэл ашигладгаараа алдартай. Хамгийн их хэлэлцэгдсэн бэлгэдлүүд нь “Ялаа” өгүүллэг дэх ялаа, “Дэндүү их аз жаргал” өгүүллэг дэх лийрийн мод, “Хүүхэлдэйн байшин” өгүүллэг дэх бяцхан дэнлүү байж магад.

“Дэндүү их аз жаргал” өгүүллэг дэх лийрийн модны тухайд, “цагаан даашинз, хаш ногоон сондор, ногоон шаахай, оймс” (x.50) өмссөн Берта яг л лийрийн модыг санагдуулам харагддаг. Түүнчлэн Берта яг л сар шиг мөнгөлөг хувцастай Фалтон авхайд татагдах зуур, лийрийн мод “сарны гэрэлд одоо мөнгөлөг өнгөтэй” болсноос лийрийн мод Бертаг төлөөлж байна гэсэн санаа гарч болно. “Санаанд нь харин өнөөх л лийрийн мод. Хөөрхий хонгорхон Эддигийн хэлсэн сарны гэрэлд одоо мөнгөлөг өнгөтэй болсон биз. Дотроос нь тун чиг цонхигор гэрэл гарч байгаа мэт туранхай хуруутай алгандаа мандарин эргүүлэх Фалтон авхай шиг мөнгөлөг” хэмээн зүйрлэсэн лийрийн модыг өгүүллэгийн төгсгөлд Фалтон авхай үнэхээр анзаарах шиг болж, хэдэн мөч [Бертагийн] гарыг нь атгаад: “Таны энэ дур булаам лийрийн мод!” гэж шивнэх ч өдрийн турш бялхаж ядсан дэндүү их аз жаргал нь хэдийн замхран оджээ. Берта урт цонх руу шууд гүйж хүрээд: “Үгүй ээ, одоо яах болж байна?” гэж [хашхирах зуур] лийрийн мод бүхий л цэцгээ дэлгээд урьдын адил хөдөлгөөнгүй, дур булаам харагдана. (x.64–65)

Мэнсфилд өгүүллэг, дүрүүдийн санаагаа хэрхэн олсныг шүүмжлэгчид багагүй сонирхон судалж иржээ. 

Улс төр огт сонирхдоггүй түүний хувьд өдөр тутмын амьдрал ахуй уран бүтээлийн онгодыг нь хөглөдөг байсан бололтой. 

“Дэндүү их аз жаргал” өгүүллэгийнхээ тухайд, “Бурхан минь! Надад үүнийг бичих таалагдсан. Өдөржингөө л баяр хөөртэй байлаа. Чи зарим хүмүүсийг нь ‘таних’ байх. Эдди мэдээж хэрэг Гарсингтоны цөөрмөөс гарсан загас, Харрид У.Л.Ж нэлээдгүй шингэсэн. Харин Фалтон авхай бол бүхэлдээ миний бүтээл”[3] гэж 1918 оны хоёрдугаар сарын 28-нд Ж.М.Маррид бичсэн захиандаа дурдсан байна.

Үүний дараагийн “Ноён Режиналд Пикокийн нэг өдөр” өгүүллэгийг эрэгтэй гол дүртэйгээс гадна Мэнсфилдийн бичих дуртай хөгжмийн хичээл, хөгжмийн багшийн тухай сэдвийг хөндсөн учир түүвэрт сонгожээ. Энэ өгүүллэгийн хувьд хамгийн анхаарал татах зүйл нь өгүүлэмжийн давтамжаас гадна хэлэх гэсэн санаандаа гайхалтай алгуур дөхөж буй хэмнэл юм. Өд сөдөөрөө гайхуулах дуртай эр тогосноос нэрээ авсан ноён Пикок гэр бүлдээ, эхнэртээ төдий анхаарал хандуулахгүй, харин өөрийн шүтэн бишрэгчид, сурагч бүсгүйчүүд, дээд зиндааныхны хүлээн авалтыг (товчхондоо дээгүүр зиндааны амьдралыг) чухалчилна. Энэ талаас харвал “A la mode гэрлэлт” өгүүллэгийн “a la mode” (фр. “шинэ маягийн”) амьдралд хөл нийлүүлэх гэж хичээн нөхрөө үл ойшоож буй Изабель бүсгүйтэй төстэй. Ноён Пикок сурагч бүсгүйчүүдээрээ, шүтэн бишрэгчдээрээ магтуулж шагшуулан үүлсийн дунд хөвсөөр орой гэртээ ирж газар дээрх бодит амьдралтайгаа нүүр тулж гутарна. Орондоо унтах эхнэрээ харах үедээ хэлэх үг олдохгүй, өдрийн турш сурагч охид бүрдээ хэлсэн “Хонгорхон хатагтай минь, надад харин ч таалагдана” хэмээн үг нь амнаас өөрийн мэдэлгүй унах ч уг өгүүлбэр утгаа бүрэн гээгээд, ёстой л улиг болж хувирсан байх аж.

Бритиш Колумбиагийн их сургуулийн Лиллиан Бетел Грийнвүдийн 1961 онд бичсэн “Кэтрин Мэнсфилдийн бичлэгийн техник” гарчигтай магистрын ажилд энэ өгүүллэг дэх цэцэгсийн бэлгэдлийг онцгойлжээ. Гэрээр хичээл заадаг дууны багш энэ эрхэм сурагч бүрээ цэцэгтэй зүйрлүүлж, “Бриттл авхайг алаг нил цэцэг шиг дуулахад” магтаж (x.90), гүнгийн авхай Вилковскагийн энгэртээ наасан нил цэцэгт анхаарал хандуулж (x.92), Инони Феллтэй ярихад “Режиналдын хариу үгс харилцуур утас руу цэцэгс шиг л асгаран унах” ч (x.96) зөвхөн эхнэрээ л “цэцэггүй” орхиж буй нь Грийнвүдийн анхаарлыг татсан байна.[4]

Энэ зуур уншигчдадаа сонирхуулахад Мэнсфилдийн “Салхилсаар” (“Wind Blows”) хэмээх өгүүллэгийг “Ноён Режиналд Пикокийн нэг өдөр”-ийн нөгөө өнцгөөс харж бичсэн хувилбар гэж үздэг. Үнэхээр ч салхитай өдөр гэрээсээ гараад, хөгжмийн хичээлдээ ирж, багшаа бахархан бишрэнгээ сэтгэлээ барьж дийлэлгүй уйлж орхидог Матилда охины дүр “Ноён Режиналд Пикокийн нэг өдөр”-ийн Мэрион Морроу авхайг яах аргагүй санагдуулна. Нөгөөтэйгүүр “Салхилсаар” өгүүллэгийн салхины хэмнэлд хөтлөгдөж буй хүүрнэлийг “Брилл авхай” өгүүллэгийн дагшаа найрал хөгжмийн хэмнэлтэй хөг нийлүүлэх өгүүлэмжтэй адилтгах нь ч бий.

Уг түүвэрт Мэнсфилдийн уран бүтээлийн оргилд тооцогддог “Гадаа үдэшлэг ба бусад өгүүллэг” (1922) хэмээх амьд ахуйд нь хэвлэгдсэн сүүлчийн түүврээс нь “Гадаа үдэшлэг”, “Талийгч хурандаагийн охид”, “Паркер эхийн амьдрал”, “À la mode гэрлэлт”, “Брилл авхай” хэмээх таван өгүүллэгийг сонгожээ.

Баян чинээлэг Шериданы гэр бүлийн Лора охин үхэл гэж юу болохыг цухас ойлгохоос гадна, анги давхаргын ялгааг, хэн болохоо ухаарч буй тухай “Гадаа үдэшлэг” өгүүллэг энд тэндхийн түүвэрт бишгүй багтдаг сод бүтээл билээ. Хөршийн Скот нэртэй залуу тэрэгчин мориноос унаж нас барсныг дуулаад Лора гадаа үдэшлэгээ цуцлах гээд бүтэхгүй, аргагүйдэхдээ “Ээж ээ, бид ер өрөвдөх сэтгэлгүй юм аа, тийм ээ?” (x.115) гэж асууна. Гэхдээ талийгчийнд үдэшлэгээс үлдсэн жигнэмэг, хачиртай талхыг хүргэж өгөөд буцаж ирэхдээ, “амьдрал” гэгч ямар учиртайг бага ч болов ухаарна: ‘Лора мэгшсээр: “Үгүй. Их гайхалтай байсан. Гэхдээ Лори...” гэснээ зогсосхийгээд, ах руугаа харлаа. “Амьдрал яг л...” гээд түгдэрлээ, “Амьдрал яг л...” Гэхдээ амьдрал яг ямрыг хэлж чадахгүй байв. Хамаагүй дээ. Ах нь түүнийг ойлгосон’ (x.126) хэмээх төгсгөл энэ бүх ухаарлыг бүрэн илтгэх буй за.

“Талийгч хурандаагийн охид” өгүүллэгийн тухайд Мэнсфилд: “Энэ өгүүллэгийг бичиж байх үедээ би үүний л төлөө амьдарч, уншигч миний юу хэлэх гэснийг ойлгоно гэж найдаж байснаа хэлэх нь зүйтэй болов уу. Гэвч маш цөөхөн уншигч намайг ойлгосон. Тэд үүнийг “хэрцгий” өгүүллэг, намайг Жаг, Кон хоёрыг егөөдөж байна гэж бодсон. Түүнчлэн сүүлчийн догол мөрд намайг хөөрхийсөөр бүр доог тохуу хийж байна гэж ч хэлсэн. Буруу ойлгогдоно гэдэг ямар аймшигтай вэ. Би энэ өгүүллэгийнхээ санааг анх олохдоо эгч, дүү хоёрыг гайхалтай гэж бодсон; гэхдээ улам гүн рүү нь хараад тэдний амьдралын нууцлаг гоо үзэсгэлэнгийн өмнө мэхийн ёсолсон... Мэдээж хэрэг энэ бүхэн, цэцэггүй эгч дүүс хоёр маань нар луу бүрэгхэн харж буй сүүлчийн догол мөр тийш хөтлөх ганц л зорилготой. […] Эцэст нь надад тэд ч бас эцэг шигээ нас барчихсан санагдсан” гэж англи зохиолч Уильям Герхардид (1895–1977) 1921 оны зургаадугаар сарын 23-нд бичсэн захиандаа дурджээ.

Түүнчлэн Мэнсфилд ‘Өнөөг хүртэл сэтгэлд минь бүрэн хүрсэн цор ганц өгүүллэг бол “Талийгч хурандаагийн охид”. “Je ne parle pas français” зарим талаар сэтгэлд минь хүрсэн. Гэхдээ энэ хүртэл би ямар урт зам туулсан гээч’ хэмээн Уильям Герхардид бичсэн өөр нэг захиандаа өгүүлсэн нь бий.

Мэнсфилдийн бичлэгийн хэв маягийг хамгийн тод тусгасан энэ өгүүллэгт үйл явдал гэхээс илүүтэй орчин чухал. Аав нь нас барсны дараа үйлчлэгч, аавынхаа сүнс, хэрмэл баг бишгүүрч, хамба лам, аавын үлдээсэн өв гэх мэт бүхнээс айж түгшин яах учраа олохгүй буй эгч, дүүсийн аргагүйдсэн дүр төрхийг гаргахыг, үүнийг улам бүр хүчээ нэмэх хэмнэлээр дамжуулан хүргэхийг л тэр зорьжээ. Хошин юм шиг хэр нь цаанаа гарцаагүй эмгэнэлтэй, бараг бэсрэгхэн туужийн дайтай  энэ өгүүллэг магад “Гадаа үдэшлэг” түүвэр дэх сор туурвил биз дээ.

Ганцаардсан цэвэрлэгч эмгэний тухай “Паркер эхийн амьдрал” өгүүллэг бодлын урсгалын хэв маягийг тун чадварлаг ашигласнаараа, ялангуяа өнгөрсөн, одоо хоёрын хооронд гайхалтай шилжин хүүрнэснээрээ алдартай. Зовлон бүхнийг туулсан Паркер эх утга зохиолч эрхмийн гэрийг цэвэрлэх хугас өдрийнхөө туршид бүхий л амьдралаа бодно. Эцэст нь хүүрнэгч “Үгүй дээ, ганцаар хүссэнээрээ байж, өөрт нь саад болох хүнгүй, өрөөл бусдад ч саад болохгүй газар түүнд үгүй юм санж уу? Эцэст нь нэг байдгаараа цурхиран уйлъя гэхэд уйлчих газар энэ хорвоод ер үгүй юм гэж үү?” (x.175) гэж уншигчаас асууна. Сентименталь аястай боловч гайхалтай хүүрнэл, өгүүлэмжээрээ энэ өгүүллэг яах аргагүй онцгой бүтээл ажээ.

Мэнсфилдийг нас барсны дараа урьд хэвлэгдээгүй өгүүллэгүүдээс нь сонгон эмхэтгэсэн хоёр түүврийн нэг буюу “Тагтааны үүр ба бусад өгүүллэг”-ээс (1923) сонгосон “Хүүхэлдэйн байшин”, “Аяга цай”, “Ялаа” хэмээх гурван өгүүллэгээр уг түүвэр төгсөнө.

“Хүүхэлдэйн байшин” өгүүллэгийн хувьд, хүүхэлдэйн байшин доторх бяцхан дэнлүүний бэлгэдэлд шүүмжлэгчид ихээхэн анхаарал хандуулдаг. Уран зохиол дахь бэлгэдлийн талаар төдийлөн мэдлэггүй уншигч ч тэр бяцхан дэнлүү ямар нэг зүйлийг бэлгэдэж буйг ойлгоно. Үгүйдээ л бяцхан Кезиа үүнийг анзаарсан ч түүний эгч Изабель болон бусад найз нар нь огт тоохгүй байгаа нь уншигчийн анхаарлыг татах буй за.

Энэ өгүүллэгт уншигчид анги давхаргын ялгаа, хүүхдүүдийн хэрцгий зан гэсэн хоёр сэдвийг юун түрүүнд анзаарна. Өгүүллэгийн туршид баян чинээлэг Бёрнеллийнхны охид “цэвэрлэгч хүүхэн, шоронгийн хадаас хоёрын хүүхэд гэсэн үг” (x.211) хэмээгдэх Лил Кэлви, Элс хоёрыг дорд үзэж гадуурхах аж. “Бёрнеллийнхэн Келвигийн охидын өмнүүр хамраа сөхөөд өнгөрнө, сургууль дээр хэнд хэрхэн хандах хэрэгтэйг Бёрнеллийн охид тодорхойлдог учир бусад хүүхдүүд ч Келвигийнхнээс зайгаа барина. Тэр бүү хэл Лил Келви ичиж зовмоор энгийн баглаа цэцэг барьсаар ширээ рүү нь дөхөхөд багш ч тэдэнд өөр дуугаар ярьж, бусад хүүхдүүд рүү өөр маягаар инээмсэглэнэ.” (x.210)

Хүүхдүүд энэ жигшмээр ялгаварлагч занг томчуудаас сурчээ. Эцэст нь сургуулийн бүх хүүхэд Бёрнеллийнхны хүүхэлдэйн байшинг үзсэний дараа бяцхан Кезиа охин Келвигийнхэнд хүүхэлдэйн байшингаа үзүүлээд, Берил нагацдаа "Чи Келвигийн хүүхдүүдийг хашаанд оруулж яаж зүрхэлж байна вэ! Тэдэнтэй ярих ёсгүй гэдгээ чи мэдэхийн дээдээр мэдэж байгаа биз дээ.” (x.217) гэж зэмлүүлнэ. Гэхдээ Кезиа охины хамгаас их дурлаж, хүн бүрд гайхуулах сан гэж хүссэн бяцхан дэнлүүг анзаарч харсан цор ганц хүн нь огтхон ч ам нээж ярьдаггүй манай Элс байж таарна: “Би тэр жижигхэн дэнлүүг харсан!” (x.219) Хэний ч тоогоогүй дэнлүүг Кезиа, Элс хоёр бахдан биширсэнд л бэлгэдлийн гол учир нуугдаа болов уу.

Уран бүтээл нь гүн гүнзгий судлагдаж, хэлэлцэгдсэн энэ агуу модернист зохиолчийн тухай, уг түүвэрт багтсан шилдгийн шилдэг өгүүллэгүүдийн тухай энэ мэтээр хэчнээн ч өгүүлээд барамгүй. Таалал төгсөхөд нь “Атаархал төрүүлдэг цорын ганц зохиолч минь нас барсны дараа одоо зохиол бичих ямар ч утга алга, Кэтрин үүнийг уншихгүй шүү дээ” гэж Виржиния Вүүлфийн хувийн тэмдэглэлдээ бичсэн энэ зохиолчийн шилмэл өгүүллэгүүд монгол хэлт уншигчдад хүрч байгаад бид бүхэн баярлаад ханашгүй.

[1] The Collected Letters of Katherine Mansfield, Volume 4, ed. O’Sullivan and Scott, Oxford 1996, pp. 320.

[2] Sylvia Berkman, Katherine Mansfield: A Critical Study.

[3] “Гарсингтоны цөөрөм” гэж Английн утга зохиолын Блүмсбери бүлгийнхний зочилдог асан Гарсингтоны буудлыг хэлжээ. Харин У.Л.Ж хэмээн товчилсон нь англи зохиолч Уолтер Лайонел Жорж (1882–1926) бололтой.

[4] https://open.library.ubc.ca/me...

СЭТГЭГДЭЛ

Your email address will not be published. Required fields are marked *

/