“Монсудар” хэвлэлийн газрын “Жангар” хүүхдийн номын редакцаас эрхлэн гаргасан нэгэн сонирхолтой номын нээлт өчигдөр (9 дүгээр сарын 26) боллоо. Сургуулийн өмнөх боловсролын мэргэжилтэн Кимико Такахаши манай улсад амьдарч, багшлахын зэрэгцээ хүүхдийн хэл ярианы хөгжлийг дэмжих, хэл ярианы бэрхшээлийг засахад зориулсан “Авиан зөв дуудлагыг хөгжүүлэх цуврал” номоо ийнхүү Монголын хүүхэд багачуудад зориулсан нь энэ. Номын нээлтийн танилцуулгын үеэр Кимико Такахаши номынхоо талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, эцэг эхчүүдэд уг номтой хэрхэн ажиллах, хүүхдээ хэрхэн уйдааж залхаалгүйгээр авиа дуудах, хэл зүгшрүүлэх дасгалуудыг хийлгэх талаар зөвлөгөө өгсөн юм.
Хүүхэд нэг нас хүрэх үедээ авиа дуудаж, улмаар үг хэлж сурснаар хэл яриа нь хөгжиж эхэлдэг. Энэ үед авиа дуудах, үгсийг зөв хэлүүлж сургах зэргээр хүүхдийн хэлний хөгжлийг дэмжихэд эцэг эхийн хандлага, оролцоо хамгаас чухал. Гэвч хүүхдийн хэл ярианы хөгжилд аливаа бэрхшээл тулгарахад эцэг эхчүүд яахаа мэдэхгүй тулгамддаг. Мөн дөнгөж хэлд орж буй хүүхэд үгийг буруу хэлэх, авиа сольж дуудах нь түгээмэл. Энэ үед хүүхдээ өхөөрдөж, хэлээ хазан “буруу” ярих нь хүүхдийн хэл ярианы хөгжилд сөргөөр нөлөөлдөг байна. Харин насны онцлогт тохирсон хэл яриа хөгжүүлэх дасгал бүхий зурагт ном товхимолыг хамтдаа үзэх, хэл заслын мэргэжилтнээс зөвлөгөө авах зэргээр хүүхдийнхээ хэл ярианы хөгжлийг дэмжих нь зөв юм гэдгийг Кимико Такахаши багш хэлж байв.
Авиан зөв дуудлагыг хөгжүүлэх цуврал “Хамт тоглоё”, “Юуны чимээ вэ?”, “Идэцгээе”, “Муур, туулай хоёрын нэг өдөр”, “Гол дагаад явцгаая” гэсэн 5 номтой. Ном тус бүр 1-5 хүртэлх насныхны онцлогт тохирсон зураг, дүрслэл, өгүүлэмжтэйгээс гадна авиа дуурайсан үгсийн дуудлага, үгсийг зөв дуудаж сурахад зориулсан зурагт дасгалуудтай. Мөн бага насны хүүхдийн анхаарал төвлөрөх хугацаа богино байдагтай уялдуулан хялбар, хөнгөн, уйдахааргүй агуулгатай байлгахыг чухалчилжээ.
Цувралыг эрхлэн гаргасан “Жангар” хүүхдийн номын редакцынхан эцэг эхчүүдэд хүүхдийнхээ хэл ярианы хөгжилтэй холбоотой бэрхшээлийг хялбар аргаар, цаг алдалгүй шийдэхэд Кимико багшийн номууд тусална гэдгийг онцолж байв.
Авиан зөв дуудлагыг хөгжүүлэх цуврал:
Хэрээ, шар шувуу, тоншуул, болжмор, ямаа, гахай, зөгий, нохой зэрэг хүүхдийн хамгийн сайн мэдэх амьтдын гаргадаг дуу авиаг гурван янзаар бичсэн хайчилбар зургуудтай энэхүү сонирхолтой номд гарч буй авиа дуурайсан үгс нь хүүхдийн хэл яриаг хөгжүүлэх анхны дасгал болох юм. Тиймээс зарим авиа дуурайсан үгс нийтэд хэлж дадсанаас арай өөрөөр бичигдсэн бөгөөд хуудас бүрийн доод хэсэгт бичсэн хувилбаруудаас та хүүхдийнхээ түвшин, онцлогт тохируулан хэлүүлж, хамтдаа давтаарай.
“Байз, байз! Энэ юуны чимээ вэ?
Хүү-хүү-хүү!
Уруулаа хагас цорвойлгоод үлээцгээе.
Салхи салхилж байна шүү дээ.
Хүү-хүү-хүү! гэх мэтээр сонирхолтой, хөгжилтэй зургууд үзэнгээ янз бүрийн авиа дуудаж дасгал хийгээрэй. Энэхүү дасгалууд авиаг буруу дуудах бэрхшээл, хүндрэлийг засахад тусална.
Зургуудыг нь гараар урж хийсэн ном уншиж байсан уу?
Идэцгээе
Алим идэцгээе
Алим жижигхэн болохоор амаа жаахан л ангайя.
Одоо зайрмаг идэцгээе.
Зайрмаг долоож байгаа юм шиг хэлээ хөдөлгөе.
Энэ номд олон төрлийн амттан идэх сонирхолтой дасгалууд бий. Зургууд нь хүүхдийн сонирхлыг татаж, тоглонгоо авиан зөв дуудлагад суралцахад тусална.

Гурваас дээш насны хүүхдэд зориулсан сайн найзуудын нэг өдрийн адал явдлыг өгүүлэх энэхүү зурагт ном нь хөгжилтэй зургууд болон үр өгөөжтэй дасгалуудтай. Энэ номд муур, туулай, хашаа, мөөг, сармагчин, могой зэрэг олон үгс багтсан бөгөөд үг тус бүрдээ дасгалтай.

Энэ номыг уншсанаар олон адал явдалтай таарах болно. Гурваас дээш насны хүүхдэд зориулсан энэхүү зурагт ном нь сонирхолтой зураг болон дасгалуудтай. Мэлхий, загас, усны үхэр, аварга загас зэрэг үг бүрт холбогдох дасгалыг хүүхэд дуртай хийх болно.
СЭТГЭГДЭЛ