Монсудар хэвлэлийн газрын хүүхдийн номын Жангар редакц английн ДК хэвлэлийн газрын албан ёсны эрхтэйгээр Олжмэд! цувралын зургаан номыг эрхлэн гаргаж уншигчдадаа хүргэж байна. Энэхүү цувралд Инженерчлэл, Кодчилол, Шинжлэх ухаан, Амьтад, Ой мод, Чулуун зэвсгийн үе гэсэн зургаан ном багтсан бөгөөд уншигчид эдгээр номуудаар дамжуулан өөрийн сонирхдог сэдвээрээ мэдлэгийн хүрээгээ тэлж, таньж мэдсэнээ бататган, ирэээдүйн мэргэжлээ ч сонгож болох юм. Дунд сургуулийн ихэнх сурагчид тухайн нэг ажил мэргэжлийн талаар тодорхой ойлголтгүй байдаг учир мэргэжлээ сонгох, дур сонирхолтой зүйлээ олох, улам гүнзрийрүүлэн судалж, цэгцтэй мэдлэг өгөх энэ төрлийн танин мэдэхүйн номууд туйлын хэрэгцээтэй байдаг. 


Эдгээр зургаан номоос

  • Амьтад - түүн дотор шоргоолжноос эхлээд заан хүртэлх бүх л амьтдын тухай, амьтны аймаг, төрөл зүйлүүд, идэш тэжээлийн гинжин хэлхээний тухай...
  • Ой мод - түүний бүхий л төрлүүд, ойн давхарга, ойн түймэр, ой устах болон түүнийг хамгаалах, ойн амьдрал, ургамлын төрлүүдийн тухай...
  • Чулуун зэвсгийн үе - тэр үеийн хүмүүс хэрхэн, хаана амьдарч байсан, мөстлөгийн үеийн тухай, чулуун зэвсгийн үеийн амьтад, арслан зааны тухай, багаж хэрэгслээ хэрхэн урладаг, чоныг хэрхэн гаршуулсан, тэр үеийн хувцас, сүсэг бишрэл, агуйн сүг зураг, анхны фермерүүдийн тухай...
  • Шинжлэх ухаан - өглөө сэрэхээс үдэш унтах хүртэл бидний хийж байгаа бүх зүйл, бидний эргэн тойрны бүх юмс, үзэгдлийг шинжлэх ухаанаар тайлбарласныг...
  • Кодчилол - програм хангамжийн түүхэн дэх гайхамшигт нээлтүүд, бүх тоон төхөөрөмжид ашиглах хоёртын тооллыг бүтээсэн Готфрид Лейбниц, анхны компьютер болох аналитик хөдөлгүүр дээр ажиллах кодуудыг бүтээсэн Ада Лавлейсийн тухай...
  • Инженерчлэл - Эйфелийн цамхаг хэр өндөр вэ, Леонардо Да Винчи нисдэг машин зохион бүтээсэн гэж үнэн үү, инженерүүд ирээдүйн хоол хүнсний талаар ямар төсөөлөлтэй байдаг юм бол, ямар материал цахилгаан дамжуулдаг тухай олон мэдлэгийг олж аваарай.

Жишээ болгон Инженерчлэл номоос онцлоход, Инженерчлэл гэж юу болохыг, инженерүүд юу хийдгийг мэдмээр байна уу?

Тэгвэл энэхүү номд инженерчлэлийн ертөнцийн талаар, галзуу хулгана хэрхэн ажилладаг, инженерүүд сансарт юу хийдэг тухай өгүүлжээ. Инженерүүд л Пирамидын зураг төслийг хийж, барьж байгуулж, iPad, нисэх онгоцыг зохион бүтээсэн. Бидний өдөр тутамдаа хэрэглэдэг бүхий л зүйлс энгийн нэг санаанаас эхэлдэг бөгөөд үе үеийн агуу сэтгэгч, инженерүүд сайжруулан боловсруулж, шинэ нээлтүүд хийсээр энгийн технологиос эхлээд тэнгэр баганадсан барилгууд, роботууд зохион бүтээж дэлхий ертөнц улам хөгжсөөр байна. Тэд өчүүхэн жижиг эд ангиас эхлээд тэнгэр баганадсан барилгуудыг барихдаа математик, шинжлэх ухаанд үндэслэн тооцоолж, боловсруулдаг. Инженерүүд хаа сайгүй л ажилладаг. Хэрэв чи адал явдалд дуртай бол энэ ажил үнэхээр сайхан шүү. Асар том тийрэлтэт хөдөлгүүрт салхин сэнсний орой дээр, далай доор тэр ч байтугай сансарт ажилладаг. Хэрэв чи энэ мэргэжлийг эзэмшмээр байвал ахлах сургуулиа төгсөөд математик болон шинжлэх ухааны хичээлүүдээр шалгалт өгч их сургуульд элсэн ороорой. Гэхдээ хамгийн чухал нь аливаа асуудлыг шийдэх, шинэ арга замуудын тухай үргэлж бодож, эрж хайж, мөрөөддөг бүтээлч сэтгэлгээтэй байгаарай. Инженерчлэлийн он цагийн товчоон болон төрлүүд, анхны инженерүүд ямар хүн байсан, машин техник, тийрэлтэт хөдөлгүүр, нанотехнологи, био инженерчлэлийн тухай олон сонирхолтой мэдээлэл ч бий. “Мэргэжилтэнтэй танилцана уу” хэсгээс Их британийн мэргэшсэн инженер доктор Люси Рожерсын ярилцлагыг уншаарай. Тэр ч байтугай алдарт Мона Лизаг зурсан зураач мөн гайхалтай зохион бүтээгч Леонарда да Винчитэй хийсэн эвлүүлэг ярилцлага ч бий.

Уг цувралын ном тус бүрд мэдлэг сорих асуулт хариулт, он цагийн товчоон, агуу нээлтүүд, амьтан, ургамлын төрлүүдийг багтаасан зураган хүснэгт болон олж мэдсэн зүйлсээ бичих хуудас бий. Мөн “мэргэжилтэнтэй танилцана уу” хэсгээс салбар бүрдээ мэдлэг чадвараараа манлайлж буй судлаач, мэргэжилтнүүдийн ярилцлагыг уншиж тэдний ажил мэргэжлийн онцлогийн талаар мэдэж аваарай. Сонирхолтой гэрэл зураг болон зураг чимэглэлүүд, түлхүүр мэдээллүүдээр дамжуулан хүүхдийн сонирхолыг татаж, үргэлж олж мэдэх хүсэх эрмэлзлэлийг нь өдөөх болно.
Олжмэд! Цувралтай хамт дэлхий ертөнцийг таньж мэдэцгээе!

СЭТГЭГДЭЛ

Your email address will not be published. Required fields are marked *

/