Их Британийн зохиолч Ж.К.Роулингийн шидтэн хүүгийн тухай өгүүлсэн дэлхийд алдартай зохиолыг Монголын хүүхэд, залуучуудад зориулан Монсудар хэвлэлийн газар, зохиогчийн эрхийн агент болох “The Blair Partnership”-ээс өгсөн албан ёсны зөвшөөрлийн дагуу 7 ботийг цувралаар орчуулан гаргаж байгаа билээ. Энэхүү цувралын эхний хоёр дэвтэр болох “Харри Поттер ба Философийн чулуу”, “Харри Поттер ба Нууцат өрөө” нь 2017 оны 11 дүгээр сард хэвлэгдэн гарсан бол энэ удаад "Харри Поттер ба Азкабаны хоригдол'' хэмээх гурав дахь ном нь уншигчдад хүрлээ. Дээрх цувралыг, дэлхийд алдартай шилдэг бэстселлер "Хаан ширээний тоглоом" болон "Хосолмол" цувралуудаараа уншигчдын талархлыг хүлээгээд байгаа орчуулагч Н.Энхнаран орчуулсан бөгөөд "Харри Поттер ба Азкабаны хоригдол'' номын нээлтийн ажиллагаа энэ сарын 25-нд Интерномын төв салбарт боллоо. Нээлтийн ажиллагааны үеэр Харри Поттер цувралын уншигч фэнүүд цугларан, уралдаан тэмцээн зохиож нэгэн оройг хамтдаа өнгөрүүллээ.
Үе үеийн хүүхэд, залуусын хамгийн дуртай баатруудын нэг Харри Поттерийн түүх эхлээд аль хэдийн 20 жил өнгөрчээ. Уг түүхийг бүтээгч Роулинг 12 хэвлэлийн компаниас татгалзсан хариу авсны эцэст "Харри Поттер ба Философийн чулуу" нэртэй эхний дэвтрээ ердөө 500 хувь хэвлүүлсэн нь дэлхийн уран зохиолын түүхэнд тодоор бичигдэх агуу аяллын эхлэл болсон юм. 7 цуврал нь дэлхий дахинд 500 сая гаруй хувь борлогдон рекорд тогтоож, 89 орны хэлээр орчуулагдсан "Харри Поттер" брэнд 25 тэрбум доллараар үнэлэгдэж байгаа бөгөөд одоог хүртэл цар хүрээгээ тэлсээр байгаад нь гайхах зүйлгүй. XX зууны сүүл, XXI зууны эхэн үеийн утга зохиолын ертөнцөд "хувьсгал" хийж, үе үеийнхнийг байлдан дагуулсаар буй шидтэн хүүгийн түүхийн энэхүү дэвтэр таныг шинэ сонин адал явдлаар аялуулах болно.
Хүлэг баатрын автобус харанхуйд Харри Поттерын урд ирж зогсоход түүний Хогвартс сургуульд өнгөрөөх ахин нэг ер бусын жил эхлэх нь тэр. Харанхуйн эзэн лорд Волдимортын ойрын туслах гэгдэж, нэгэн хүчтэй хараалаар нэг дор арван гурван хүний амийг хөнөөсөн хэргээр Сириус Блэк гэгч зартай зандалчин Азкабаны аймшигт цайзад арван хоёр жил хоригдсоны эцэст оргожээ. Түүний нуугдсан газрыг олох хоёр л сэжүүр байсан бөгөөд Азкабаны цайзын хуягууд түүнийг зүүдэндээ “Тэр Хогвартст байгаа’’ хэмээн ярихыг сонсжээ. Ингээд түүнийг Харри Поттерын араас явж буй гэх цуу яриа дэгдэнэ. Харри Поттер одоо шидтэний сургуулийнхаа өндөр хана хэрэм дотор, найз нөхдийнхөө дунд байсан ч аюулаас зайлах аргагүй боллоо. Хичээлийн шинэ жилийн мэргэ төлгийн анхны хичээл дээр профессор Трелони Харригийн цайны навчнаас үхлийн зөнг олж харах аж. Гэвч энэ бүхнээс хамгийн аймшигтай нь ''Үнсэлт''-ээрээ хүний сэтгэл зүрхийг сордог гэгддэг ДЕМЕНТОРУУД оргодол, гэмт хэрэгтнийг барихаар Хогвартс сургуулийг манах болжээ.
Анх Ж.К.Роулингийг 1990 онд Манчестерээс Лондоны Кингс Кросс хүрэх галт тэргэнд явж байх үед Харри Поттерын тухай бичих санаа төрсөн гэдэг. Дараагийн таван жилийн туршид тэрбээр цувралын бүх номын ерөнхий дүр зургийг гаргажээ. Тэмдэглэлүүд нь ихэвчлэн гар бичмэл бөгөөд ихэнх нь жирийн ноорог цаас дээр бичигдсэн байдаг. Зохиолч Ж.К.Роулинг (1965 онд төрсөн) хүүхдийн уран зохиолд оруулсан хувь нэмрээрээ “Ханс Кристиан Андерсений шагнал”-аас эхлэн Францын “Хүндэт Легионы одон” зэрэг олон шагналыг хүртсэн. Тэрбээр орчин үеийн хамгийн амжилттай зохиолчдын нэг төдийгүй энэрэнгүй үйлсийн төлөөх олон буяны үйлсийг дэмжигчдийн нэг юм.
Номын эхний дэвтэр 1997 онд Их Британи улсад анх хэвлэгдэн, удалгүй дэлхийн хамгийн шилдэг борлуулалттай ном болсон түүхтэй.
Хорин жилийн өмнө анх дэлхийн өнцөг булан бүрт суугаа уншигчид Ж.К.Роулингийн бичсэн гайхамшигт ''Харри Поттер ба Философийн чулуу'' зохиолтой танилцаж байсан бол өдгөө дэлхий даяар арван таван хүн тутмын нэг нь Харри Поттерыг уншжээ. Ная гаруй хэлээр орчуулагдсан энэхүү цувралыг Монсудар хэвлэлийн газар монгол уншигчдадаа албан ёсны эрхтэйгээр орчуулан хүргэсээр байна.
Ташрамд өгүүлэхэд Харри Поттерын адал явдлуудыг өгүүлэх долоон боть номын гурав дахь нь болох ''Харри Поттер ба Азкабаны хоригдол'' нь уншигчдын хамгийн дуртай боть юм.
СЭТГЭГДЭЛ