Тулааны талбарын тэлэлт бүтээл 1994 онд анх хэвлэгдэн гарсан даруйдаа “Утга зохиолын үндэсний Гран При” (Grand Prix National de Lettres) болон анхны романд олгодог “Флор цом” (Prix de Flore) хэмээх Францын утга зохиолын хоёр чухал шагналыг хүртсэн байдаг. Мишель Уэльбек хэмээх эрхэм өөрөө орчин цагийн Францын хамгийн их уншигдаж тэр хэрээрээ хамгийн их маргаан дагуулсан зохиолч билээ.

Энэхүү романыг сэтгэл гутралд автсан, зожиг, гуч орчим насны, нэр нь үл мэдэгдэх “би” хүүрнэгч хүүрнэнэ. Гол баатар маань “хүн хүндээ чоно болсон”, өөрийн амьдарч буй нийгмээ жигшин зэвүүцэж, дотроо эргэцүүлэхийн зэрэгцээ түүнийгээ ёжлол, егөөдөл, хошин марзан жишээ болон доромж утга агуулга бүхий ёс бус үгээр илэрхийлнэ. Мань эр байгаль, нийгэм хоёрын аль алиных нь “өөдгүй” тоглоомын золиос болсон бөгөөд эмэгтэйчүүдэд гологдсон, хайрлах, хайрлуулах хувь тавилангүй нэгэн аж. Уг номд “би” хүүрнэгчийн дотоод сэтгэлээс гадна түүнтэй хамтран ажиллагч Тиссеран хэмээх 28 настай, аргаа ядсан, азгүй, зандан залуугийн тухай бас өгүүлэх болно. Тэрбээр царай муутай, загварын мэдрэмжгүйгээсээ болж эмэгтэй хүнтэй ойртож дотносож үзээгүй нэгэн. Үүндээ цаг, хором тутамд шанална. Ингээд гол баатар маань зовлон нэгт анддаа эр хүний арвангурван мэхээсээ зааж зөвлөх хэрэгтэй болно. Гэтэл түүний арга барил, үзэл бодол, гаргалгаа шийдвэрүүд Тиссеранд хэт хурцдах нь тэр. Жишээ нь нэгэн үзэсгэлэнт бүсгүйтэй баарнаас цуг гарч буй царайлаг хар арьст залууг хөнөөх, хүчирхийллийн шинж чанартай үйлдэл рүү Тиссераныг хөтөлдөг...

Уг зохиолыг зарим нэг хүмүүс дэндүү өдөөн турхирсан, хараалын үг ихтэй, ёс суртахуунгүй хэмээн зэвүүцдэг бол нөгөө хэсэг нь түүний өвөрмөц бодол, өнөө цагт ноёрхож буй харгис нийгмийн шүүмжлэлт сэтгэлгээ, үзэл санааны нугалаа, согогийг олж харсан хурц хараа, нарийн мэдрэмжийг нь биширдэг билээ.

Ямартаа ч зохиолч Уэльбек өнөөгийн нийгмийн эрээн барааныг тэр чигээр нь дүрслэн харуулж, өөрийн хүүрнэх философийн ухагдахуунуудыг хошин марзан бөгөөд элдэв нялуун үггүй шууд утгаар нь ёс бус үгсээр, хэнд ч ойлгомжтой байдлаар илэрхийлжээ. Аливаа нийгмийн шүүмжийг гомдож тунирхсан үг, уянгын халил, сонгодог уран зохиолын байдлаар бус харин хурц хатуу үг, алиа марзан жишээнүүд, бага зэрэг хараал ёжлолоор илэрхийлж байж залуу хүмүүст илүү тод буудаг талтай ч байж болох юм. Саяхан цэнхэр дэлгэцээр гарсан “ОННЦ ДҮМД” цуврал үүнийг гэрчилж байх шиг.

Эцэст нь би энэхүү зохиолыг өнөөгийн нийгмийн ялгаварлан гадуурхалт, хөрөнгө мөнгө, албан тушаал, эрх мэдэл, гаднах үзэмж дээр тогтсон хүмүүсийн хуурамч хандлага, амьд бус харилцаа, атаа жөтөө, ёс суртахууны доройтол, шударга бус байдал, хэзээ ч дуусахгүй сэтгэлийн шаналал, ганцаардал, хүмүүсийн сэтгэлгээний хямрал зэргийг хошин хэр нь дотор хөндүүрлэтэл харуулж чадсан бодит бүтээл хэмээн дүгнэх байна.

СЭТГЭГДЭЛ

Your email address will not be published. Required fields are marked *

/