ҮЛГЭР ЯРЬЖ ӨГЬЕ: ВИСКИ, НАВЧИН ТАМХИНЫ НӨЛӨӨНД МАНСУУРАХУЙ

Швейцарийн Кур хэмээх жижиг хотоос хөдөлсөн машинд чөлөөндөө гарсан цагдаагийн дарга доктор Х гэгч дүнсгэр эр болон гэмт хэргийн сэдэвтэй романы зохиогч (Фридрих Дюрренматт мөн гэдгийг би амлаж чадахгүй ч үгүйсгэх хүсэл мөн л алга) гэх хоёр эртэй хамт сууснаар нэгэн гайхамшигтай бөгөөд аймшигтай аялал маань эхэлсэн юм. Гуравдугаар сарын наран ёоз муутай ээж, мөстөж гилүүртсэн замаар машин маань алгуурхнаар урагшилж, залхмаар уйтай цаг хором өнгөрч байлаа. Зохиогч бээр уусан вискиндээ шартан, нойрны эмний үйлчлэлд дүйнгэтэн суух нь намайг улам бүр залхаана. Би яг энэ мөчид номоо хамхиад өөр зүйл хийхээр шийдээд байтал доктор Х шатахуун түгээгүүрийн өгөрч муудсан нэгэн байшингийн өмнө ирж зогслоо. Хоёр эрийг дуртай дургүй дагаж байшинд орсноор адал явдал ч эхэлж, би ч ном руугаа эргэж буцалтгүй татагдан оров оо.

Тийм ээ, дөнгөж сая таны бодсончлон би жинхнээсээ Швейцариар аялсан юм биш, харин Швейцарийн детектив зохиолч Фридрих Дюрренматтын “Амлалт” романыг л уншсан хэрэг л дээ. Виски ууж, навчин тамхи татсан ч юмгүй, зохиогчийн виски болон нойрны эмний комбинацийн дүрслэлд дотор муухайрсан л төдий. Энэ романыг шуудхан л адал явдалд дуртай хэн бүхэн унших зохиол мөн байна аа гээд хэлчихмээр байвч би тэгж чадашгүй нь. Яагаад гэдгийг доор тайлбарлах гээд оролдъё. Романыг уншихаар шийдсэн уншигчдад муу муухайтай тулах ЗОРИГ ХЭРЭГТЭЙ!

ТОМЧУУД ҮЛГЭР СОНСООД АЙХ ҮЕД ТЭР ҮЛГЭР НЬ АМИЛЖ БАЙДАГ 

Нэрийг нь л сонсож асан төдий, Швейцарийн зохиолч Фридрих Дюрренматтын бүтээлтэй “Амлалт” романаар нь Монсудар, орчуулагч Б.Ундрахын ачаар ийнхүү танилцаад байна. Анхаарал, ой ухаан минь хаашаа ч алдуурсангүй гурван цаг эзнийхээ захиргаанд байсныг энд цохон тэмдэглэе.  Өчнөөн амттай зохиол уншиж цэнгэж жарган, зовж шаналж байсан ч яг энэ тохиолдол шиг алмайран сууж байсан удаагүй юмдаг. Энд би үнэнээ хүлээхэд, гэмт хэргийн шинжтэй роман учраас л ингэж шимтсэн нь гарцаагүй. Тийм ээ, тийм. Таны зөв. Хүмүүс бид үргэлж л нууцлаг, “муу” зүйлсэд өөрийн мэдэлгүй татагдаж байдаг шүү дээ. Ядаж л аймшгийн кинонд дурлагчид миний юу хэлэх гээд буйг ойлгоно гэж найдна.  

Зохиол хоёр өгүүлэмжтэй. Кур хотоос хөдөлсөн машины жолооч буюу чөлөөндөө гарсан цагдаагийн дарга доктор Х, гэмт хэргийн сэдэвтэй бүтээл туурвигч эрд нэгэн хачирхалтай түүхийг ярьснаар зохиол доторх зохиол өрнөнө. Доктор Х өөрөө насаараа цагдаагийн алба хашсан хүний хувьд детектив зохиолчдыг эрс үгүйсгэж явдгаа нуулгүй хэлж, яагаад үгүйсгэдэг шалтгаанаа ч ний нуугүй тоочсоноос улбаалан нэгэн гайхалтай хэрнээ аймшигтай нууцлаг түүхийг хүүрнэж эхэлдэг. 

Зохиолын гол дүр, комиссар Маттей ясны мөрдөгч хүн. Энгийн хүмүүсийн хүсдэг амьдралаар тэр замнаагүй, гэр бүл үр хүүхэдтэй болъё гэж зориогүй, эд хогшил хурааж ахуй амьдралаа төвхнүүлье ч гэж оролдоогүй. Нэг үгээр бол тэр “цагдаагийн робот” байлаа. Хоёр улсын Засгийн газрын гэрээгээр Иордан руу томилолтоор явж, тэндхийн цагдаагийн албыг тохинуулахад гар бие оролцох үүрэг аваад удаагүй байхад үлдсэн амьдрал тужид нь шаналгаж байх учиртай нэгэн хэрэг явдал тохиолдсон юм.  Албаа хүлээлгэж өгөх сүүлийн өдөр нь бага насны охины амь насыг бүрэлгэсэн хэрэг гарч, хэргийн газарт очиж амьгүй болсон охины зэрэмдэглүүлсэн биеийг харчихаад эцэг эхэд нь дуулгах хүндхэн үүрэг тохогдоно.  Швейцарийн нэгэн бөглүү тосгоноос 15 минутын зайд аав ээжтэйгээ аж төрдөг, хүн бүрийн хайрыг татсан бяцхан охин ойн чөлөөнд хэрцгийгээр алуулсан байх нь, сагсан дахь прицель жигнэмэг нь хэргийн газраар нэг тарсан байх нь, амиа алдсан үедээ улаан банзал өмссөн байх нь, эсэн мэнд хүрэх газраа очсонсон бол эмээдээ сагстай жигнэмгээ хүлээлгэн өгөх байсан нь та бидний багадаа уншиж байсан “Улаан малгайт” үлгэрийн өгүүлэмж мөн байв. 

Шарль Пьерро, Ах дүү Гримм нарын гээд аль ч хувилбараар бай, “Улаан малгайт”-ыг яах аргагүй гэмт хэргийн шинжтэй туурвил гэж үзэж болно. Хэвтэрт буй эмээдээ жигнэмэг хүргэхээр ойгоор явж байсан улаан малгайтай бяцхан охиныг чоно отож хүлээж байгаад яриа өрнүүлж аргандаа оруулж хохирогч болгодог шүү дээ. Тэгвэл Фридрих Дюрренматт уг өгүүлэмжийг романыхаа үндсэн шугам болгон сонгоод орчин үеийн хүний үг, үйлдлээр баяжуулжээ. Энэ тохиолдолд “чоно” болох гэмт хэрэгтнийг сэтгэцийн өөрчлөлттэй, гаж донтой этгээдээр төлөөлүүлсэн байна. Ингэхдээ гэмт хэрэгтний сэтгэл зүйн байдлыг анагаах ухааны үндэстэйгээр тайлбарлаж, ийм төрлийн мазохистуудын ерөнхий хэв шинжийг маш ойлгомжтой таниулж, яагаад ийм болдгийг ч мэдүүлсэн байна билээ. Хууран мэхлэгч гэмт этгээд бяцхан охид дээр  үлэмж биетэн, шидтэний дүрээр очин, итгэлийг нь олж улмаар амь насыг нь хөнөөнө. Яг л үлгэрт гардаг чонын арга барилаар жигшүүрт хэргээ үйлддэг. Үлгэр амьдралаас урган гардаг, үлгэрийг томчууд зохиодог. Бид харин тэрхүү үлгэрүүдийг хүүхдийнхээ оюун ухаанд нийцүүлэн, эцэг эхийн хайр элбэрлийг шингээн ойлгуулж байх нь чухал юм. 

ЮУ Ч ХИЙХЭЭС БУЦАХГҮЙ ГЭХ ОЙЛГОЛТООС ДАВСАН ЮУГ Ч ХИЙХЭЭС БУЦАХГҮЙ БАЙНА ГЭДЭГ АЙМШИГ 

Үр хүүхдээ алдана гэдэг магад хамгийн аймшигтай тарчлаан байдаг биз. Төсөөлөхөөс хамаг биеийн хүйтэн хөлс чихармаар, хамгийн үзэн ядам, нүгэлт нэгэнд ч хүсэхээргүй тийм л амьдын там байх учиртай. Яг ийм нөхцөл байдалд орсон хөөрхий эхэд мөрдөгч маань өөрийн мэдэлгүйгээр “Алуурчинг заавал олно” хэмээн сүнсээрээ тангараглаж орхино. Удахгүй Иордан нисэх гэж байгаа хэрнээ тэднийхээс л холдохын түүс болохдоо юу ч бодолгүйгээр ингээд амлачихдаг. Ийнхүү амлаж зогсохдоо үхэн үхтэл нь дагах биегүй хоосон хар сүүдрийг бүтээж байгаагаа Маттей яаж ч мэдэхэв. Бяцхан охиныг алсан гэмтэнг амьсгал хураатлаа отон хүлээж, хүлээлт нь цөхрөл болж, цөхрөл нь эрүүл ухааныг нь үгүй хийж, хөөрхийлөлтэй амьтан болж хувирахаа төсөөлөх ч үгүй.

Мань эр энэ бүхний учрыг тайлах гэхдээ, хөөрхий эхэд амласан амлалтаа биелүүлэх гэхдээ бүхнээс татгалзаж, аймшигтай золиос гаргаж, санаанд оромгүй алхмуудыг хийж, нягт төлөвлөн шантралгүй эрж хайсаар эцэст нь өөрийгөө үрэн таран хийчихдэг нь харамсалтай. Маттейн хийсэн үйлдлүүдийг уншиж байхад шар үс босч, алганд хүйтэн хөлс дааварлаж байгаа нь мэдэгдээд байв. Хүн цагаа тулахаар юу ч хийхээс буцахгүй гэдэг ч юу ч хийхээс буцахгүй гэх ойлголтоос давсан юуг ч хийхээс буцахгүй байна гэдэг аймшигтай. Хэн нэгний төлөө хийж буй үйлдэл эргээд хэн нэгний эсрэг хийгдэж байдаг гэдэг хатуу үнэнийг Маттейгийн үйлдлүүд нотолно. 

Мөрдлөгийг хэрхэн явуулах, ямар саад бэрхшээлтэй тулгарах, сэжигтэн, хохирогчийн сэтгэл зүйн байдал гээд зохиол бүхэлдээ дарамт, айдас, түгшүүр бас хүлээлтээр дүүрэн өрнөнө. Детектив зохиолын гол шинж чанар нь дээрх зүйлс гэдэг нь угаас маргаангүй. Эндээс хамгийн сонирхолтой санагдсан нь сэтгэл судлаачийн гаргалгаа, таамаг, дүгнэлт байсныг хэлэх хэрэгтэй. Талийгч охины нас барахаасаа 7 хоногийн өмнө зурсан зургийг тайлан уншиж байгаа хэсэг нэн сонирхолтой. Хүүхдийн зурсан зургаар тухайн үеийн сэтгэл санааны байдлыг нь уншиж болдог гэж өмнө нь мэргэжилтнээс сонсож, киноноос ч үзэж байлаа. “Амлалт”-ын тухайд яг л тэр зургийг нь гартаа барьж байгаа юм шигээр дүрсэлж бичсэн нь өр өвтгөж, зүрх шимшрүүлж байв.  Энэчлэн нарийн ширийн, чимхлүүр зүйлсийг алдалгүй тооцон, яг л надтай хамт мөрдлөгийн ажиллагааг явуулсаар өрнөл туйлдаа хүрэхэд харамсалтай нь бид ямар ч нотлох баримтгүй, таамаглалууд маань бүгд ор үндэсгүй байж ч мэдэхээр болж, бүгд гутарч, цухалдаж, ичгэвтэр байдалд ороотохлоо. Хамгийн зивүүн нь, алуурчин одоо ч сул чөлөөтэй холхиж байгаа гэх таамаг. Гэмтэн этгээд мөрдөгч Маттейгийн тавьсан дэгээг үмхэж тавиад үмхэж тавиад байсан нь хэчнээн жихүүцмээр байв даа. Яах бол, яах бол, яах бол гэж түгших нь надад бас давхар зовлон болно. 

ҮЛГЭР БОЛГОН АЗ ЖАРГАЛТАЙ ТӨГСДӨГГҮЙ ГЭДГИЙГ ХҮҮХДЭДЭЭ ОЙЛГУУЛЧИХВАЛ АМЬДРАЛ ИЛҮҮ ХЯЛБАР БОЛОХ БОЛОВ УУ?

Фридрих Дюрренматт бол маш залирхаг зохиолч юм даа гэж дүгнэснээ хэлмээр байна. Гэмт хэргийн сэдэвтэй зохиол хэтэрхий төгс бүтэцтэй, алдаа мадаггүй, нягт уялдаатай үйл явдлуудын дэс дараалсан хөврөл шинжтэй бичигддэг гэж доктор Х зохиолын эхэнд шүүмжилсэн. Бодит амьдрал дээр хэрэг мөрдөнө гэдэг та хэдэн зохиолчийн уран сайхны сэтгэлгээ шиг өрнөчихдөг бол хэчнээн амар байх билээ гэж халагласан. Үүгээр дамжуулж зохиолч нэг талаас өөрийгөө хайр найргүй шүүмжилж буй мэт боловч нөгөө талаас маш ухаалгаар өөрийгөө зөвтгөж байгаа хэрэг юм. Давхар бас уншигчийг хөнгөхөөн чадчихаж байгааг нь харахад урамтай санагдсаныг нуухгүй.  Доктор Х-гийн шүүмжилсэнчлэн гэмт хэргийн сэдэвтэй зохиол үнэхээр л яв явсаар эцэстээ учиг нь тайлагдах нь тодорхой, төгсгөл нь барин тавин тэмтрэгдэж байдаг нь үнэн шүү дээ. Хэрэгтэн нь олдохгүй бол тэр хэрэг хэний сонирхлыг татна гэж. Хэргээ илрүүлж чадаагүй золгүй мөрдөгч детектив зохиолын хэв шинжит дүр болж угаас чадахгүй нь тодорхой. Тэгэхээр детектив зохиолчийн хувьд хэргийн учгийг заавал ч үгүй тайлах л ёстой болж байгаа юм. Дээр өгүүлсэнчлэн “Амлалт” бол хоёр өгүүлэмжтэй зохиол бөгөөд энэ хоёр өгүүлэмжийн нийлэмж дээр зохиолч тоглолт хийж, цог залиа харуулсан байна. Тодорхой хэлбэл, ерөнхий өгүүлэмжийн хувьд хэрэгтэн эцэст нь илчлэгдэж, гэмт хэргийн сэдэвт зохиолын жинхэнэ зорилго биелнэ. Харин дотоод өгүүлэмжид бүх зүйл бүрхэг байсаар дуусдаг, гэмт хэрэгтэн хэн байсан бэ гэдэг нь нууц хэвээр үлдэж, комиссар Маттейн даалгавар бүтэлгүйтнэ гэсэн үг. Өөрөөр бол, ерөнхий өгүүлэмжид зохиолч уран сайхны төсөөллөө хайр найргүй гаргаж байх ч дотоод өгүүлэмжид харин бодит байдалд нийцүүлж байх шиг л аяглажээ.  Доктор Х-гийн шүүмжийн өөдөөс зохиолч ийнхүү өөрийнхөөрөө хариу барьж байгааг заль гэхгүй өөр юу гэх вэ. Энэ заль нь ч мөн зохиолын хэсэг болоод, бүр тайлал болоод орчихож байгааг юу гэх вэ. Зохиолын бүтцийн хувьд маш ухаалаг, сонирхолтой, логиктой, ер нь л төгс. Сэдвийн хувьд хамгийн бараан, жигшүүртэй, увайгүй. Дээр нь нэмэхэд, аливаа зохиол бүтээлийн төгсгөл санаанд нийцэхгүй байх нь өөрөө уран сайхан, гоо зүй юм даа гэх бодлоо улам л зузаатгалаа гэж хэлэх байна. Бахдалтай байна.

А.МӨНХЗУЛ

СЭТГЭГДЭЛ

Your email address will not be published. Required fields are marked *

/