Эрдэмтэн судлаачидтай хийж буй цуврал ярилцлагын ээлжит зочноор Түүхийн ухааны доктор Д.Анхбаярыг урьж ярилцлаа. Түүний хувьд Турк улсын Анкарагийн их сургуульд докторын зэргээ хамгаалсан бөгөөд Монголын эзэнт гүрний үе, тэр дундаа Ил хаант улс, Цагадайн хаант улсын үеийн түүхийн чиглэлээр амжилттай ажиллаж буй эрдэмтэн юм. Тэрбээр өнөөдөр Монгол улсын их сургуулийн Түүхийн тэнхимийн багшаар ажиллахаас гадна Монгол улсын их сургуулийн Түрэг судлалын хүрээлэнгийн захирлаар ажиллаж байна. Ингээд түүний судалгааны арга барилтай танилцахаас гадна түүхийн салбарт өрнөж буй үйл явдлын тухай ярилцсанаа хүргэе. 

1. Та судлаач хүний хувьд өөрийн ажлын арга барилаас хуваалцахгүй юу?
Би Турк улсын Анкарагийн их сургуульд түүхийн ухааны докторын зэргээ хамгаалсан. Тухайн үед суралцах явцад миний багш, манай тэнхимийн сургалтад Францад нэлээд хүчтэй хөгжсөн Анналын дэг сургууль гэдгийг баримталдаг байсан. Энэ нь юу вэ гэхлээр аливаа түүхэн үйл явдал, улс төр, шинэчлэлийн явцад эдийн засгийн талаас судлахыг зорьдог. Тийм ч учир миний судалгааны чиглэл энэ талтай холбогддог. Тэгэхдээ энэ бол туйлын зөв арга зүй гэж хэлэхгүй. Энэ бол асуудлыг харах зөвхөн нэг л өнцөг. 
 Мөн судалгаа хийх явцад хамгийн чухал нь эх сурвалж. Нэг үеэ бодоход манайд сурвалжид тулгуурласан судалгааны арга зүй эрчимтэй хөгжиж байна. Өмнө нь хуучин хийсэн судлаачдын судалгааны үр дүнг хэлэлцэх, шүүх байдлаар ханддаг түүх бичлэг дэлгэрэнгүй байлаа. Харин өнөөдөр сурвалжид тулгуурласан судалгааны арга зүй эрчимтэй хөгжиж байна. 


2. Таны судалгааны чиглэлийн онцлог тал юу вэ?
Би Монголын эзэнт гүрэн, тэр дундаа Ил хаант улс, Цагадайн улсын талаар түлхүү судалгаа хийдэг. Энэ үеийн хамгийн онцлог тал нь тухайн бүс нутаг дахь өнөөгийн Иран, Турк, Гүрж, Азербайжан, Армян зэрэг улсын түүхийг судлах шаардлагатай. Учир нь дан ганц монголчуудын түүхээс гадна бусад улсын түүхийг судлах шаардлага тулгардаг. Яагаад гэхлээр өмнө нь эдгээр улс ямар байдалд байсныг монголчууд ямар байдалд хүргэсэн гэдгийг тодруулах шаардлага тулгардаг. 
Үүний дараагаар сурвалжийн хэл маш чухал. Хамгийн түрүүнд Перс хэл, Араб хэл, Цагадай хэл, Армян хэл зэргийг сурахгүйгээр энэ үеийг судлах боломжгүй болдог.  Мөн энэ чиглэлээр судалгаа хийхийн тулд тухайн бүс нутаг буюу Иран, Ирак, Турк улсуудад буй өв соёл, нутгийг үзэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл анх Марко поло, Ибн Батута зэргийг уншиж байхад эдгээр хүмүүсийн аяллын маршрутаар явахыг их хүсдэг байлаа. Тэр үеийн нийгмийн байдлын тусгал өнөөдөр хэр уламжлагдаж үлдсэн байна. Тэнд гарч буй дурсгалууд өнөөдөр ямар байдлаар оршиж байна гэх мэтээр харьцуулж үзэх нь хүнд номын санд олон боть ном уншихаас илүүтэй зураглалыг буулгаж өгдөг давуу талтай.

3. Тэгвэл бэрхшээлтэй тал нь юу байдаг вэ? 
Ерөнхийдөө эрдэм сурахад таардаг бэрхшээл бол бэрхшээл биш шүү дээ. Гэхдээ сурвалжийн хэл сурах, мөн өндөр түвшинд суралцахын тулд тухайн оронд нь очих хэрэгтэй юм болов уу гэж боддог. Гэвч манай чиглэлээр тэтгэлэг олдох гэдэг ихэд хүндрэлтэй байдаг. Ийм ч учир залуучуудад бол тэтгэлэг олох гэдэг хамгийн гол бэрхшээл тулгарна.

  
4. Монголд өнөөдөр эрдэм шинжилгээний шүүмж хэр зэрэг хөгжиж байна?
 Манайд энэ салбар бол үнэхээр хөгжөөгүй дутагдаж буй салбар. Ялангуяа түүхийн салбарт шинэ тутам хэвлэгдэж буй бүтээл, мөн орчуулгын номууд дээр шүүмжлэл үнэхээр үгүйлэгдэж байна. Тэр дундаа эрдэм шинжилгээний буюу академик шүүмж хөгжих хэрэгтэй. Чин үнэнийг хэлэхэд манайд шинээр ном гарлаа гэхэд нийгмийн сүлжээгээр ном гаргасан хүний танил тал, фракцынхан нь магтаж, дэмжээд өнгөрөхөөс өөр хэлэлцүүлэг, шүүмж огт өрнөдөггүй ийм л хандлагатай байна.   


5. Судлаачид тогтмол шинэ судалгаатай танилцаж тасралтгүй өөрийгөө хөгжүүлэх шаардлагатай тулгардаг. Та судалгааны ажлын хажуугаар өөрийгөө хэрхэн хөгжүүлдэг вэ? 
Миний судалгааны чиглэл буюу Ил хаант улс, Цагадайн улсын тухай судалгаа бол Монголд шинэ сэдэв. Үүнтэй холбоотойгоор судалгааны сэдэв олдохгүй байх, хомсдох зовлон байхгүй салбар. Судлах бүр, унших тусам шинээр асуудлууд гарч ирээд байдаг салбар. Харин өөрийгөө хөгжүүлэх тал дээр сурвалжийн хэл сурах талаар л анхаарч ажиллаж байна. Ялангуяа миний судалгааны чиглэлд сурвалжийн хэл их чухал. Энэ ташрамд залуучуудаа хэлэхэд тухайн судалж буй асуудалтай чинь холбоотой сурвалжийн хэлтэй байх хамгийн чухал.

6. Таны нийгмийн сүлжээнд бичдэг зүйлсээс харвал олон нийтийн түүхийн боловсрол, болон түүхийн салбартай холбоотой асуудлуудад ихээхэн шүүмжлэлтэй ханддаг нь анзаарагдсан. 

Ер нь судлаач хүн гэдэг бол өөрийн мэддэг, мэргэшсэн салбартаа л судлаач байх хэрэгтэй. Жишээлбэл миний хувьд Манжийн үе, 1921 оны хувьсгал эсвэл Хүннүгийн үеэр би юм ярьж  чадахгүй тэр талаар хичээл заах  хэмжээний л мэдлэгтэй болохоос эрдэм шинжилгээний өгүүлэл бичээд судлах хэмжээнд биш. Яагаад гэвэл сүүлийн 10 гаруй жил судалгаа хийсэн салбар бол Монголын эзэнт гүрний үе шүү дээ.  

Манайд одоо ийм нэг байж болохгүй хандлага гарч ирээд байна. Энэ нь эрхлэн хэвлүүлэгч буюу доод албан тушаалтнуудаараа ном бүтээл хийлгэчхээд зөвхөн өөрийнхөө нэрийг тавьчихдаг дарга нар байдаг. Тэгээд өөрийнх нь судалгааны чиглэл Манжийн үе, гол бүтээл нь ч энэ үетэй холбогдох байж, Археологийн малтлага, салбарт ч оролцоод, Монголын эзэнт гүрний үеийн судалгаанд ч явж байх шиг. Тэгснээ шинэ үеэр, түүхэн хүмүүсийн намтартай холбогдох түүхэн ном гаргаад ч явж байх мэтийн. Ийм учир л хүмүүс зүгээр л мэддэг салбараа ярьж, оролцох хэрэгтэй байгаа юм. 
Ер нь манайд зарим мэргэжлийн байгууллагууд ойн ангууч болчхоод байгаа шүү дээ. Хаа хамаагүй нэг их хурлын гишүүн, сайд дарга нарт гүйж очиж наалдаад орон нутгийн жалга довын үзлийг хөөргөдсөн хувьдаа байгаа нэг ноён, түүхэн хүний фото зураг материалыг катологи, ном  болгоод хэвлүүлчихдэг. Түүн дээрээ том том мэргэжлийн байгууллагын лого, тэмдэг, нэрийг очиж наагаад  ямар ч эрдэм шинжилгээний боловсруулалт байхгүй хэцүүхэн юм гаргачхаад дараа нь эрдэм шинжилгээний бүтээлийн жагсаалтдаа оруулаад Академич авчихсан хүн хүртэл байна шүү дээ. Үүнийг би тун буруу гэж үзэж байгаа учраас тодорхой хэмжээний эсэргүүцэл өрнүүлээд явж байна.Мөн сүүл үед олны анхаарлыг татаад буй Чингис хааны музей бол монголын эзэнт гүрний судлаачдыг доромжилсон үйлдэл болсон гэж би хувьдаа үзэж байгаа.

7. Та яг ямар шалтгаануудын улмаас ингэж бодож байгаа вэ? 

Нэгдүгээрт эрдэмтийн зөвлөлд багтсан хүмүүсийг харж болно. Эрдэмтдийн зөвлөлийн дарга нь химич мэргэжилтэй хүн. Утга зохиолч, яруу найрагч, лам, археологич, сургуулийн захирал хүмүүс цуглачихсан. Гэхдээ би эдгээр хүмүүсийн монголын нийгэмд гүйцэтгэсэн үүрэг, оруулсан хувь нэмрийг үгүйсгэхгүй.  Харин ч дэмжинэ. Гэхдээ чаддаг, мэддэг салбартаа л байх нь чухал.
Хоёрдугаарт музейн үзэл баримтлал нь мэргэжлийн түүхчид хийгээд музей судлалын мэргэжлийн хүмүүсийн санал, оролцоогүйгээр батлагдсан. Засгийн газрын 2019 оны 7-р сарын 3-ны тогтоолоор уг музей нь Чингис хаан, Монголын эзэнт гүрний түүхийг сурталчилна гэж заачихсан атал мэргэжлийн бус хүмүүс зөвлөлд нь орсноос болж бодвол музейг хэрхэн дүүргэх вэ гэдгээ шийдэж чадаагүй бололтой. Одоо болохоор Монголын түүхээр зангидаад явчих юм яриад Хүннүгээс Богд хаант Монгол Улс хүртэл бүх үзмэрийг багтаана гэж яриад байх юм.    
Өнөөдөр л бид хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдэж байгаа болохоос есөн давхар музейн барилгын зөвхөн хоёр давхар нь л Монголын эзэнт гүрэн, Чингис хаантай холбоотой. Үлдсэн нь Хүннү гүрнээс эхлээд ХХ зууны эхэн үе хүртэлх түүхийн тухай байх юм шиг байна. Тэгвэл Үндэсний түүхийн музей, Төрийн түүхийн музей байх ямар хэрэг байна. Монголд Чингис хаан, монголын эзэнт гүрэнтэй холбоотой 9 давхар музейг дүүргэчих олдвор, дурсгалууд бий шүү дээ. 

8. Дараагийн зочноор хэнийг оролцоосой гэж хүсэж байна
Шинэ үеийн түүхээр сурвалжид үндэслэсэн судалгаа хийх гэж зорьж буй Алтантөгс багшийг л санал болгох байна даа. 

СЭТГЭГДЭЛ

Your email address will not be published. Required fields are marked *

/