ОЮУН БИЛГИЙН ОХЬ ЗАЛГАМЖ 

(“Монголын нууц товчоон /хүүхдэд зориулав/” номын тухайд)

“Монгол нууц товчоон” ба нэгдмэл үнэт чанар

Монголчууд бид сонгодог нүүдэлчин амьдралын соёл иргэншилтэй үндэстэн. Энэхүү соёл нь дэлхий дээрх нүүдэллэн, хэрэн амьдардаг бусад ахуй амжиргаанаас эрс ялгаатай буюу бие даасан тогтолцоотой өвөрмөц монгол иргэншлийн тогтсон хүчирхэг хэлбэр билээ. Сонгодог гэж бардам хэлж болох энэ соёл иргэншлийн үлгэр, ахуйн ялгаамжтай загвар нь өөртөө ертөнцийг дүрслэн үзүүлэх, байгаль хийгээд хүмүүний бодол сэтгэл, хувьсал уяралыг харуулахдаа ямагт гүн ухааны үүднээс хандаж үзүүлдэг сэтгэлгээ, уран сайхан, оюуны соёлын цөмийг тээж ирснийг бид монгол үндэсний түүх, соёл, урлагийн бүхий л салбараас харьцуулан харж болдог. Энэ бүхнийг харин угсаатны түүх болоод соёл урлагийн нэгдмэл ойлголтоор хүлээн авах цор ганц л язгуур хэлхээ буй нь “МОНГОЛЫН НУУЦ ТОВЧООН” билгүүн судар дамжиггүй мөн.

Улмаар нүүдлийн соёлоороо суурьшмал иргэдийг байлдан дагуулж дэлхийн түүхнээ хамгийн уудам орон зайд төр улсаа нэгтгэн цогцлоон, монгол үндэстнийг бий болгосон суу зальт Чингис хаан, түүний түүхэн бахархалт амьдрал тэмцлийг тэмдэглэсэн энэ бүтээл бидний үндэсний ижилслийн дархлал, эрхэмлэн дээдлэх итгэл үнэмшлийн охь залгамжаа ажгуу. 

“Дөрвөн цаг” шүлгийн төлөвлөгөөн дэх түлхүүрүүд

1935 онд Д.Нацагдорж зохиолч маань “Дөрвөн цаг” шүлгээ туурвисныг өдгөө мэдэхгүй хүн ховор биз. Хамгийн сонирхолтой нь шүлгийн төлөвлөгөө болгож зурсан зураг шүлгээсээ ч илүү анхаарал татдаг. Д.Нацагдорж судлаач, доктор Ч.Жачин өгүүлэхдээ:  

Энэхүү хүрдэн зургийг дөрвөн тойрогт, түүнийгээ дөрвөн хэсэгт, нийт 16 хуваасан байгаа. Баруун дээд өнцөгт нь ЦАГ, ХҮН, МАЛ гэсэн үгийг бичсэн. Энэ бол бичих сэдэв нь...Хавар хонь, зун адуу, намар үхэр, өвөл тэмээ гэж хуваасан. Тэгээд түүнтэй холбоотой зүйлсийг мөн дагалдуулан бичсэн. Хүний насыг хүүхэд, залуус, идэр, хөгшид гэж хуваасан бий. Эндээс хамгийн сонин зүйл бол яагаад зунд адуу, намарт үхэр гэх зэргээр ямар онцлог шинжээр нь оноов гэдэг асуулт гарна...Эдгээрийг бичихдээ юунд тулгуурлаж бичих вэ гэдгээ Д.Нацагдорж хүрдний доод талд мөн бичсэн. “ТҮҮХЭН УХАМСАР”, “ҮНДЭСНИЙ МЭДРЭХҮЙ” гэсэн үгсийг орос, германаар товчлон тэмдэглэсэн байгаа юм. Энэ хүрднээс гарч ирсэн хамгийн чухал зүйл нь доод буланд байгаа “ЗУУН МЯНГАН ЖИЛ” гэсэн бичиг. Энд Д. Нацагдорж хүний амьдралын түүхийг нэг насаар хэмждэг тогтсон ойлголтоос гарч чадсан юм. Шүлэг эхлэхэд мянга мянган хавар гэж эхлээд, дуусахад “өтгөсийг үдэн, нялхсыг угтан баясаж мянга мянган жил өчүүхэн ч чөлөө завгүй” гэж дуусдаг” гэжээ.  

Шүлгийнхээ далд санаа болгож дэвсгэрлэн тэмдэглэсэн “түүхэн ухамсар”, “үндэсний мэдрэхүй” хэмээх ойлголтуудыг зохиолч санамсаргүй таталсангүй. Хойчийн хүүхэд залууст үндэсний соёл уламжлал, түүхэн замнал, угсаатны ухамсар мэдрэхүй, ертөнцийг үзэх өөрсдийн үзлээ залгамжлуулах гэсэн гүн сэтгэлгээ оршино. Орчин цагийн нийгэм соёл, түүх, хүн судлалын салбаруудад дурьдагддаг үндэстний соёлын ой санамж, түүхэн ухамсар, үндэсний мэдрэхүй, үндэсний ижилсэл, угсаатны нэгдсэн ой санамж зэрэг үзэл хандлагууд чухам дээр өгүүлэн буй асуудалтай ижилсэж байна. Энэ асуудлаар доктор Д.Баярсайхан “Дундад зууны монголчуудын амжилтын үндэс буюу тэдний ой санамж” өгүүлэл бичсэн буй. Тиймээс “Дөрвөн цаг” шүлгийг ягштал цээжлүүлж уншуулахаас гадна дээрх зураг, төлөвлөгөөг ойлгомжтой тайлбарлаж өгвөл шүлгийг ойлгож мэдрэх өгөөж нь хавь илүү байх нь тодорхой юм. 

“Монголын нууц товчоон”-оо ч мөн адил ийм түлхүүрээр түлхүүрдэж хүүхдүүдэд ойлгуулж таниулах нь зүй билээ.

Хүүхдэд зориулсан “Монголын нууц товчоон”-ыг бүтээсэн нь

Улаан хавтастай, дотроо мөн улаан хар өнгө эрээлжилсэн сүрдэж бишрэм хайчилбар зургуудтай “Монголын нууц товчоон”-той анх танилцаж байсан минь 2000 он шиг санагдана. Жаахан хүүхдэд зургууд нь хараа булаахаас биш “толгой эргэм” олон хүний содон нэрс, сонин үг хэллэгүүд, урт хугацааны үйл явдал дундаас тогтон үлдэж, орой руу орсон нь цөөхөн байсан. Одоо өмнө минь харин 2020 гэсэн огноотой, хүүхдэд зориулав хэмээн онцолсон “Монголын нууц товчоон” ном дэлгээтэй байна. Ярианы хэлэнд ойр, богино өгүүлбэрээр хүүхдэд зориулж хялбар тайлбар, хөнгөн товч гаргалгаа дүгнэлттэйгээр товчилсон учир маш амархан уншигдсан. Амархан гэдэг нь ойлгомжтой гэсэн үг. Хүүхдэд зориулахдаа түүхийн нүсэр агуулга, далайцтай үйл явдал, эргэлзээ маргаантай асуудлын голчийг ардын зүйр үг, мэргэн үгсийн санд ойртуулан жишиж хураангуйлсан нь сонирхолтой хувилбар, уншин шимтүүштэй найруулгыг өгөхөөр болжээ. Хураангуйлсан буюу түүвэрлэн авсан агуулгуудынхаа дагуу хүүхэд залуус хошуурч сонирхом зургууд дагалдуулсан нь мөн “Монголын нууц товчоон”-ыхоо чинад утгад хүрэх шинэлэг нэгэн түлхүүр мэт. Хүүхэд залууст хандсан уг бүтээлийн сорчлон авсан гол түлхүүр онцлогуудыг тоймлож үзвэл Чингис хааныг хувь хүний зан чанар, хатуужил төлөвшил, эрхэмлэж үздэг бодол зарчим, ончтой шийдвэр “нүүдлүүдийг” түлхүү товойлгосон. Ялангуяа эв эеийг хичээх, ач санаж, алсыг бодох, андгай тангараг, анд нөхөрлөлд шүтэх, арга ухааныг тунгаан сийлэх гэх мэт. 

Ганцхан жишээ авахад гурвантаа анд бололцсон тал нутгийн баатар эрс болох Тэмүжин, Жамуха хоёрын нөхөрлөл, өрсөлдөөн, түүхэн замнал “Монголын нууц товчоон”-д маргаантай болоод сонирхолтой туссан байдаг. Ялангуяа Жамухын бодол сэтгэл, эрх сүр, овжин сүйхээг судлаачид олон өнцгөөс тайлбар дэвшүүлсэн нь бий. Тэгвэл хүүхдэд зориулсан энэхүү нууц товчоонд энэ зангилаа асуудлыг “Жамуха урьдын тулаанд мөн л Ван хан болон хүү Сэнгүмийнх нь зүрх зориг, чадал мөхөс болохыг Чингис хаанд сануулж байсан удаатай. Энэ бүхэн нь хүчирхэг нэгний хүчийг ашиглан өөрийн эрх сүрийг тунхаглах гэсэнтэй холбоотой. Гэвч Чингис хааны өөдөөс босох хүчирхэг нэгэн Жамухад ийнхүү олдоогүй юм”  гэж товч тодорхой гэгч нь шулуухан хэлжээ. Үүнд түүхийг хялбаршуулан өөрчилсөн ч юм уу, нэг талд нийцүүлэн гуйвуулж бичсэн зүйл огтоос алга. Харин ч номын өнөөх амархан бөгөөд ойлгомжтой өгүүлэмж нь энэ юм. Монголын түүхийн чиглэлээр сүүлд хэвлэгдсэн номоос тулган эшэлж үзвэл тун тодорхой харагдана.“Жамухын эвслийн гол зорилго бол эсрэг өрсөлдөгчөө нэн даруй цэрэглэн дарах явдал байсан тул хэрэв энэ зорилго нь бүтэлгүйдэхэд хүрвэл хялбар задрах аюултай байлаа”

Номын зургийн тухайд цөөн үг хэлмээр байна. Задгай зохиомж дээр чөлөөтэй дүрсэлдэг уламжлалт монгол буюу хавтгай зургууд зонхилжээ. Хавтгай зургийн онцлог нь олон үйл явдал, утга санааг багтаахын зэрэгцээ хийсвэрлэн төсөөлөх боломжоор баялаг байдаг. Номын зургуудыг ажвал үйл явдал, бодит дүр дүрслэлийг буулгахаас илүүтэй тодорхой нэгэн дүр, өгүүлэмжийн цаадах утга санааг тээн амилуулсан, агуулга санааг цолгоруулсан бэлгэдэлт дүрслэл, хийсвэр илэрхийлэл, шидлэг төсөөллийн хэв төрх ихтэй. Жишээ нь зургууд дахь үүлний дүрслэл анхаарал татна. Зурагт дүрслэгдэх дүрүүд үүлтэй ижил хэм хэмжээ, орон зайд зүйрцэн хоршиж илэрхийлэгдэнэ. Үүлийг хувьсал хөврөл, орон зай, алсын бодол хүсэл, нүүдэл хөдөлгөөн тэргүүтнийг илтгэх уран сайхны цогцоол гэж мэдэрвэл мөнх тэнгэрт сүсэглэн орших тал нутгийн өндөрлөг дэх нүүдэлчид болоод тэдний оюун санаа, суу залийн өндөрлөгийг давхар бэлгэдэн байх шиг сэрэгднэм.    

Төгсгөлд нь хүүхдэд зориулсан “Монголын нууц товчоон”-ыг цаг үеэ олсон санаачилга, эх түүх соёлдоо шинэ хандлагаар эргэн хандсан бүтээлч үйлс хэмээн үзэж байна. Бид өөрсдийн уугаль сэтгэлгээ, уран сайхан, үнэт зүйлс бүхнийхээ чинагуухь ончроо, чинхүү төрхөт үндэстний мэдрэхүйн ижилгүй орон зай, түүхэн нэгдэлт ухамсар, тал нутгийн нүүдэлчдийн гоцгойрсон хэл соёлын ой санамж, суу залиан улам нэхэн нээж тэмтрэх зорилгыг дор бүрнээ эрхэмлээсэй гэж хүснэ. 

СУИС-ийн багш, утга зохиол судлаач Х.Чойдогжамц

СЭТГЭГДЭЛ

Your email address will not be published. Required fields are marked *

/