30 000 жилийн өмнөх хүний гарын мөр Францын өмнөд хэсэгт орших Шове-Пон-д’Арк агуйн хананд хадгалагдан үлджээ. Хэн нэгэн “Би энд байсан юм шүү” гэж хэлэх гэсэн бололтой.


БАЙДАГ Л НЭГ АМЬТАН.

Ойролцоогоор 13.5 тэрбум жилийн өмнө Их тэсрэлт хэмээн бидний нэрлэдэг тэрхүү үйл явдал болж матери, энерги, цаг хугацаа, орон зай бий болжээ. Бидний оршин буй орчлон ертөнцийн тулгуур болсон эдгээр хүчин зүйлсийн түүхийг физикийн шинжлэх ухаан судалдаг.

Матери, энерги хоёр бий болсноосоо хойш 300 000 орчим жилийн дараа нийлмэл бүтэц үүсгэн нэгдсэнээр атом бий болж, улмаар атомууд нь нийлж молекулыг үүсгэжээ. Атом, молекул болон тэдгээрийн харилцан үйлчлэлийн түүхийг химийн шинжлэх ухаан судалдаг.

Дэлхий хэмээх гараг дээр 3.8 тэрбум жилийн өмнө зарим молекулууд нийлэн амьд организм хэмээх онцгой том, маш нарийн төвөгтэй нэгдмэл бүтцийг бий болгожээ. Амьд бие, организмын түүхийг биологийн шинжлэх ухаан судалдаг.

Homo sapiens хэмээх зүйлд хамаардаг амьд организмууд 70 000 орчим жилийн өмнө анхдагч соёл иргэншил хэмээх маш нарийн бодож боловсруулсан бүтцийг үүсгэж эхэлжээ. Хүний тэрхүү анхдагч соёл иргэншлийн цаашдын хөгжлийг түүхийн шинжлэх ухаан судалдаг.

Түүхийн чиг голдрилыг Танин мэдэхүйн хувьсгал, Хөдөө аж ахуйн хувьсгал, Шинжлэх ухааны хувьсгал хэмээх гурван чухал хувьсгал тодорхойлсон юм. Хүн төрөлхтний түүх анх 70 000 орчим жилийн өмнө Танин мэдэхүйн хувьсгалаар эхэлжээ. Ойролцоогоор 12 000 жилийн өмнө эхэлсэн Хөдөө аж ахуйн хувьсгал нь энэ түүхийн үйл явцыг улам хурдасгав. Харин ердөө 500 жилийн өмнөөс эрчээ авсан Шинжлэх ухааны хувьсгал хүн төрөлхтний түүхийг төгсгөж, огт өөр, үзэгдэж дуулдаагүй үйл явдлын эхлэл болж ч магадгүй харагдаж байна. Энэ гурван хувьсгал хүмүүст хийгээд тэдний ойр тойрны амьд биетэд хэрхэн нөлөөлсөн талаарх түүхийг энэхүү номд өгүүлэх болно.


Түүхээс бүр өмнө ч хүмүүс оршсоор иржээ. Орчин үеийн хүнтэй нэлээд төстэй амьтан анх 2.5 сая жилийн өмнө бий болсон юм. Гэвч тэд тоо томшгүй олон үеийн турш хамт оршин буй бусад үй олон амьд биесээс ялгарч чадахгүй л байлаа. Хоёр сая жилийн өмнөх Дорнод Африк руу аялбал та хүмүүсийн онцлог шинж болсон дараах танил ахуй байдалтай тааралдаж магадгүй байлаа: Нялх үрээ тэвэрсэн, сандарч түгшсэн ээж, шаварт хутгалдан тоглох томоогүй хүүхдүүд; омгийнхныхоо шахалт дарамтад унтууцсан омголон өсвөр үеийнхэн; амар тайван амьдрахаас өөр ямар ч хүсэх зүйлгүй ядарч доройтсон хөгшид, гоо бүсгүйн сэтгэлийг эзэмдэхийг хичээн цээжээ дэлдэх чийрэг эрс; энэ бүхнийг хэдийн үзэж туулсан, омгийг тэргүүлэгч цэцэн мэргэн эхчүүд. Тэдгээр балар эртний хүмүүс хайрлаж дурладаг, тоглож нааддаг, хоорондоо ойртож нөхөрлөдөг, нийгмийн байдал хийгээд эрх мэдлийн төлөө тэмцэлддэг байжээ. Гэхдээ шимпанзе, бабуин мич, заан зэрэг амьтад ч мөн ийм үйлдэл хийдэг шүү дээ. Тэгэхээр балар эртний хүмүүст амьтдаас онцгойрч ялгарах зүйл бараг байсангүй. Хэн ч, тэр тусмаа балар эртний хүмүүс, хэзээ нэгэн өдөр үр хойчис нь саран дээр мөрөө гаргаж, атомыг задалж, удамшлын кодыг тайлж, түүхийн ном бичнэ гэж төсөөлж байгаагүй л болов уу. Түүхийн өмнөх үеийн хүмүүсийн талаар бидний мэдэж авах хамгийн гол зүйл бол тэд хүрээлэн буй орчиндоо горилла бич, гэрэлт цох, далайн мөгөөрснөөс илүү нөлөөгүй, ач холбогдол багатай ердийн л нэг амьтан байсан явдал юм.

Биологичид амьд организмуудыг төрөл зүйлд хувааж ангилдаг. Хоорондоо эвцэлддэг, улмаар цаашид үржих чадвартай үр төл гаргадаг амьтдыг нэг зүйлийн (species) амьтад гэнэ. Жишээ нь, адуу илжиг хоёр гарал үүсэл нэгтэй, гадаад төрхөөрөө ч ойролцоо. Гэвч тэдний бие биеэ шохоорхох бэлгийн сонирхол бага. Адуу илжиг хоёрыг эвцэлдүүлбэл тэдний дундаас үр төлөө үлдээх чадваргүй луус төрдөг. Илжигний мутацид орсон ДНХ адуунд, адууны мутацид орсон ДНХ илжигт шилждэггүй учир цааш үржилд ордоггүй аж. Тэгэхлээр адуу илжиг хоёрыг хувьслын (эволюц) өөр өөр замаар явсан хоёр тусдаа зүйл гэж үзэх нь зүйн хэрэг. Гэтэл бух нохой, спаниель хав хоёр харахад ихээхэн өөр боловч тэдний ДНХ-ийн сан нь адил тул эд нэг зүйлд хамаардаг. Тэд хялбархан эвцэлдэхээс гадна тэдний дундаас гарсан гөлөгнүүд нь өсөж том болоод бусад ноходтой эвцэлдэн гөлөглөх боломжтой. Нэг ерөнхий өвгөөс гаралтай зүйлүүдийг нэг “төрөл”-д хамааруулдаг. Арслан, бар, цоохор ирвэс, үчимбэр нь Panthera төрөлд хамаарах өөр өөр зүйлийн амьтад юм. Биологичид амьд организмыг нэрлэхдээ төрөл ба зүйлийг илэрхийлсэн хоёр латин үгээр тэмдэглэдэг. Жишээ нь арсланг Panthera leo гэнэ. Panthera нь төрлийн нэр, харин leo нь зүйлийн нэр. Тэгэхлээр энэ номыг уншиж буй Homo sapiens та Хомо (хүн) төрлийн сапиенс (ухаант хүн) зүйлийн амьтан болж таарах нь.

Хомо сапиенс дэлхийн бөмбөрцгийг эзэлсэн нь...

Төрлүүдийг цааш нь овог болгон бүлэглэдэг. Жишээ нь: муурын овог (арслан, үчимбар, үчимбэр гэрийн муур), нохойн овог (чоно, үнэг, цөөвөр чоно), зааны овог (заан, арслан заан, мастодонт) гэх мэт. Овгийн гишүүн бүр нь тухайн нэг анхдагч амьтнаас гаралтай байна. Жишээ нь, гэрийн жаахан муужгайнаас авхуулаад догшин арслан хүртэлх муурын овгийн бүх амьтад 25 сая жилийн өмнө оршин байсан муурын төрлийн нэг л өвөг амьтнаас гаралтай.

Хомо сапиенс ч мөн овогт хамаардаг. Өмнө нь энэхүү сэтгэл зовмоор баримт түүхийн хамгийн чухал нууцуудын нэг байлаа. Хомо сапиенсууд удаан хугацааны туршид өөрсдийгөө бусад амьтдаас тусдаа, ямар нэг гэр бүлд харьяалагддаггүй, ах дүүгүй, үеэл хаяалгүй, хамгийн гол нь эцэг эхгүй гэж үзэхийг чухалчилсаар иржээ. Гэвч энэ нь үнэнээс хол зөрнө. Учир нь, таалагдах үгүй нь хамаагүй, хүмүүс бид “хүн дүрстэн” гэдэг өнөр бүлийн гишүүд юм. Шимпанзе, горилла, орангутанг бол бидний хамгийн ойрын төрлүүд билээ. Ердөө л 6 сая жилийн тэртээ нэг эм бич хоёр охинтой байсны нэг охин нь бүх хүн дүрст бичнүүдийн өвөг дээдэс болсон бол харин нөгөө нь бидний элэнц эмээ болсон ажээ.

ШҮҮГЭЭН ДЭХ АРАГ ЯСНУУД

Хомо сапиенс үүнээс ч илүү сэтгэл түгшим нэгэн баримтыг чандлан нууцалж байв. Юун түрүүнд, одоо бидэнд соёлжиж иргэншээгүй өчнөөн олон үеэл, хаяалууд байна. Хоёрдугаарт, эрт цагт бидэнд тун цөөн тооны ах эгч нар байсан. Сүүлийн 10 000 жилийн турш ойр хавьд маань биднээс өөр хүмүүс үнэхээр байгаагүй учраас бид өөрсдийгөө цорын ганц хүн төрөлтөн гэж боддог болчихжээ. Хүн төрөлхтөн анх, ойролцоогоор 2.5 сая жилийн өмнө Дорнод Африкт, Australopithecus буюу “Өмнөдийн бич” гэж нэрлэгддэг эртний нэгэн төрөл бичнээс үүсжээ. Хоёр сая орчим жилийн өмнө балар эртний тэдгээр эрчүүд, бүсгүйчүүд Хойд Африк, Европ, Азийн өргөн уудам нутгаар аялж, тархан суухаар эх нутгаа орхин гарсан байна. Хойд Европын цаст ойд тэсэж амьдрах, Индонезийн манан будан савссан халуун орны ширэнгэн ойд амьд үлдэхэд өөр өөр онцлог шинжүүд шаардах учраас эх газраар тархан суурьшсан хүмүүс хэд хэдэн чиглэлд хувьсан өөрчлөгдсөн байна. Үүний үр дүнд хэд хэдэн зүйлийн хүн үүссэн бөгөөд эрдэмтэд тэдэнд тус бүрд нь гоёмсог латин нэр оноожээ.


Европ, баруун Ази дахь хүмүүс Homo neanderthalensis (Неандер хөндийн хүн) болж хувирсан юм. Тэднийг ихэнхдээ зүгээр л “неандерталчууд” гэдэг. Өнөөгийн сапиенстай харьцуулахад неандерталчууд мөстлөгийн үеийн баруун Евро-Азийн хүйтэн уур амьсгалд илүү дасан зохицсон биерхүү, булчинлаг хүмүүс байжээ.

Бидний ах дүүс. Таамаглалд түшиглэн дүр төрхийг нь сэргээн босгосон байдал: Homo neanderthalensis (Европ болон баруун Ази)

Тэндээс зүүн тийших Азийн бүс нутгуудаар Homo erectus буюу “Босоо явагч хүн” суурьшсан бөгөөд тэд хоёр сая гаруй жил буюу, хүн төрөлтний дундаас хамгийн урт хугацаанд оршин байсан зүйлийн хүмүүс юм. Тэдний энэ дээд амжилтыг манай сапиенс зүйл ч эвдэх эсэх нь эргэлзээтэй. Хомо сапиенс зүйл дахиад мянган жил оршин байх эсэх нь эргэлзээтэй байхад хоёр сая жил гэдэг үнэхээр санах ч юм биш.

Бидний ах дүүс. Таамаглалд түшиглэн дүр төрхийг нь сэргээн босгосон байдал: Homo erectus (Зүүн Ази)

Индонезийн Ява арлын халуун уур амьсгалд дасан зохицсон Homo soloensis буюу “Соло хөндийн хүмүүс” амьдарч байжээ. Индонезийн Флорес хэмээх өөр нэг жижиг арал дээрх балар эртний хүмүүсийн бие жижгэрч тэндхийн давжаа хүмүүс бий болсон байна. Флорес аралд анх хүмүүс очих үед тэнгисийн ус маш гүехэн, эх газраас арал руу хүрэхэд тун хялбар байжээ. Харин далайн түвшин эргээд дээшлэхэд тэрхүү идэш тэжээлээр ядмагхан арал дээр байсан хүмүүс занганд оров. Том биетэй, хоол хүнс их хэрэглэх шаардлагатай хүмүүс нь түрүүлэн үхэж үрэгдэж, жижиг биетэй хүмүүс нь амьд үлдлээ. Ийнхүү Флорес арлын хүмүүс үе улирах тусам улам жижгэрч давжаарчээ. Нэг метр хүрэхтэй үгүйтэй өндөр, хорин таван килограмм гаруйхан жинтэй тэрхүү өвөрмөц зүйлийн хүмүүсийг эрдэмтэд Homo floresiensis гэж нэрлэсэн юм. Гэлээ ч тэд чулуун зэвсэг хийдэг байснаар барахгүй заримдаа заан хүртэл агнадаг байсан гээд бод доо. Гэхдээ, тэр аралд оршин суугчдын нэгэн адилаар тэндхийн заан ч тухайн аралдаа зохицож, давжаарсан төрөл зүйл байсан нь үнэн л дээ.

Бидний ах дүүс. Таамаглалд түшиглэн дүр төрхийг нь сэргээн босгосон байдал: Homo rudolfensis (Зүүн Африк)

Эрдэмтэд 2010 онд Сибирьт, Денисовын агуйд малтлага хийх үед хүний хурууны чулуужсан яс олсноор бидний бас нэг ах дүү ор тас мартагдахаас аврагдсан түүхтэй. Тэрхүү хурууны ясанд хийсэн генетикийн судалгаагаар энэхүү яс урьд өмнө мэдэгдээгүй зүйлд хамаарах нь тодорхой болж, тэр шинэ зүйлээ эрдэмтэд Homo denisova гэж нэрлэсэн байна. Өөр бусад хэчнээн агуй, арал, газар нутагт манай төөрч орхигдсон ах дүүс илэрч нээгдэхээ хүлээн, он цагийг үдэж байгааг хэн мэдлээ. Европ, Азид шинэ зүйлийн хүмүүс бий болж байх зуур Зүүн Африкт ч хүний хувьсал хөгжил явагдсаар байжээ. Хүний төрөлх голомт болсон Африк тив маань Homo rudolfensis (Рудольф нуурын хүн), Homo ergaster (Ажилч хүн) болон бид өөрсдийгөө сайрхан нэрлэсэнчлэн Homo sapiens (Ухаант хүн) зэрэг хүний олон шинэ зүйлийг өлгийдөн авав.

Зарим зүйлийн хүмүүс бадриун том, зарим нь одой жижиг биетэй байв. Тэдний дотор махан тэжээлтэй догшин анчид, өвс ургамлаар хооллодог номхон дөлгөөн зүйлүүд ч байжээ. Зарим нь зөвхөн ганц арал дээр амьдарч, бусад нь эх газраар хөндлөн гулд тархсан байв. Гэвч тэд бүгд Homo төрөлд хамаарна. Тэд бүгдээрээ хүн төрөлтнүүд.

Эдгээр зүйлүүд нь тодорхой нэг шугамын дагуу, өөрөөр хэлбэл, эргастер нь эректус, эректус нь неандертал, неандертал нь бид буюу хүн төрөлхтөн болох гэх мэтээр биеэ биеэсээ хувьсан өөрчлөгдөж үүссэн гэж ойлгодог нийтлэг төөрөгдөл бий. Энэхүү шугаман загварчлал нь цаг хугацааны тодорхой мөчид дэлхий гараг дээр ердөө нэг л төрлийн хүн оршин байсан бөгөөд хүний эртний төрөл зүйлүүд нь ердөө л бидний хуучны хувилбар юм байна гэж бодогдохуйц алдаатай ойлголтыг бий болгодог. Үнэндээ бол дэлхий дээр ойролцоогоор хоёр сая жилийн өмнөөс арван мянган жилийн өмнөхийг хүртэл нэгэн зэрэг нэлээд хэдэн төрлийн хүн амьдарч байсан юм. Яагаад тийм биш гэж? Өнөөдөр ч үнэг, баавгай, гахай зэрэг амьтдын олон зүйл байж л байна шүү дээ. Зуун мянган жилийн өмнө наад зах нь зургаан өөр зүйлийн хүн энэ гараг дээгүүр алхаж явжээ. Тиймээс ч өнгөрсөн үед дэлхий дээр олон зүйлийн хүмүүс амьдарч байсан нь биш, харин ч одоо бид ердөө ганц зүйл үлдсэн нь онцгой, бүр цаашлаад халагламаар хэрэг юм. Гэхдээ сапиенст ах дүү нарынхаа талаарх ой дурсамжаа арчин хаях ноцтой учир шалтгаан байгааг бид удахгүй ойлгоно.

Юваль Ной Харари "САПИЕНС: Хүн төрөлхтний товч түүх" номын хэсгээс...

СЭТГЭГДЭЛ

Your email address will not be published. Required fields are marked *

/